Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2016/0349

 

А.Чулуунсүрэнгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Баатархүү, ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, А.Чулуунсүрэнгийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Чулуунсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”... Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/330 дугаар захирамжийн иргэн А.Чулуунсүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/9 дүгээр захирамжаар Дархан сумын 3, 5, 7, 11, 12, 13, 14 дүгээр баг Мангирт хэсгийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа зохион байгуулах, дуудлага худалдаа явуулах газрын байршил, хэмжээ, анхны үнийг хавсралтаар баталж, дуудлага худалдаа зохион байгуулах бүрэлдэхүүнийг томилсон. Үүнд захирамжийн хавсралтын 4 дэх хэсэгт Дархан сумын 13 дугаар баг Техникийн их сургуулийн хойд талд үйлчилгээний зориулалтаар 600 м.кв газрыг /нэгж талбарын дугаар 04/ 6120000 төгрөгөөр дуудахаар тогтоож, дуудлага худалдааны зарыг хэвлэл мэдээллээр зарласан ба 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 14 цагт аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт нээлттэй явагдахаар зарлагдсан.

2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дуудлага худалдааны бичмэл тайлангаас үзэхэд 7 нэгж талбарт техникийн шаардлага хангахгүй болж дуудлага худалдаа явуулах боломжгүй болсон. Иргэн А.Чулуунсүрэн нь дуудлага худалдааны анхны үнийг төлж, дээрх газрыг авах хүсэлтийг 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гаргаж, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр анхны дуудлага худалдааны үнэ 6120000 төгрөгийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дансанд тушаасан байна.

Аймгийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/303 дугаар захирамжаар 13 дугаар баг, Шүүхийн шинжилгээний албаны урд талд оюутны түрээсийн байрны зориулалтаар 600 м.кв газрыг иргэн А.Чулуунсүрэнд 5 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ. Ингэж эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 ”энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах замаар шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ж.Мөнх-Эрдэнэ, ерөнхий архитектор нар аймгийн Засаг даргад мэдэгдэлгүй дур мэдэж иргэн А.Чулуунсүрэнд газар олгох амлалтыг өгсөн нь газрын дуудлага худалдааны анхны үнэ 6120000 төгрөгийг төлсөн баримт болон аймгийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн газар эзэмшүүлэх тухай А/303 дугаар захирамжийн 2 дахь заалт /дуудлага худалдааны үнийг төлүүлэх/-аар нотлогдож байна. Иймд А.Чулуунсүрэнд дуудлага худалдааны анхны үнийг төлсөн 6120000 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй гэж үзэж байна. Газрын анхны үнийг төлснөөр газар эзэмших эрх олгоно гэсэн хууль эрх зүйн зохицуулалт байхгүй ба холбогдох инженерийн байгууллагуудын дүгнэлтээр техникийн шаардлага хангахгүй байсан.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 187 дугаар захирамжаар С.Насанбатыг аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас огцруулж, 188 дугаар захирамжаар А.Энхболдыг Дархан-Уул аймгийн Засаг даргаар томилсон байхад С.Насанбат нь мөн өдөр “Газар эзэмшүүлэх тухай” А/303 дугаар захирамжийг гаргасан байдаг.  Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг дарга С.Насанбат нь бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон байхад дээрх захирамжийг гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж А/330 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д “Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ” гэж заасны дагуу түүний бүрэн эрх Засаг даргын орлогчид бүрэн шилжсэн болно.

Иймд А.Чулуунсүрэнгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.   

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан иргэн А.Чулуунсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/330 дугаар захирамжийн А.Чулуунсүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн A/9 дүгээр захирамжаар Дархан сумын 3, 5, 7, 11, 12, 13, 14 дүгээр баг Мангирт хэсгийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа зохион байгуулах, дуудлага худалдаа явуулах газрын байршил, хэмжээ, анхны үнийг хавсралтаар баталж дуудлага худалдаа зохион байгуулах бүрэлдэхүүнийг томилсон. Үүнд захирамжийн хавсралтын 4 дэх хэсэгт Дархан сумын 13 дугаар баг Техникийн их сургуулийн хойд талд үйлчилгээний зориулалтаар 600 м.кв газрыг /нэгж талбарын дугаар 04/ 6120000 төгрөгөөс дуудахаар тогтоосон. Дуудлага худалдааны зарыг хэвлэл мэдээллээр зарласан ба 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 14 цагт аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт нээлттэй явагдахаар зарлагдсан.

2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дуудлага худалдааны бичмэл тайлангаас үзэхэд 7 нэгж талбарт техникийн шаардлага хангахгүй болж дуудлага худалдаа явуулах боломжгүй болсон. Үүнд Дархан сумын 13 дугаар баг, Техникийн их сургуулийн хойд талд байрлах үйлчилгээний зориулалттай 600 м.кв газар холбогдох инженерийн байгууллагуудын дүгнэлтээр техникийн шаардлага хангахгүй болсон учир дуудлага худалдаанаас хасагджээ.

Иргэн А.Чулуунсүрэн нь дуудлага худалдааны анхны үнийг төлж дээрх газрыг авах хүслийг 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гаргасан байна. Улмаар 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр газрын дуудлага худалдааны анхны үнэ 6120000 төгрөгийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дансанд тушаасан байна. Аймгийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/303 дугаар захирамжаар 13 дугаар баг Шүүхийн шинжилгээний албаны урд талд оюутны түрээсийн байрны зориулалтаар 600 м.кв газрыг иргэн А.Чулуунсүрэнд 5 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.

Иргэн А.Чулуунсүрэнд дээрх газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ж.Мөнх-Эрдэнэ, ерөнхий архитектор нар аймгийн Засаг даргад мэдэгдэлгүй дур мэдэж иргэн А.Чулуунсүрэнд газар олгох амлалтыг өгсөн нь газрын дуудлага худалдааны анхны үнэ 6120000 төгрөгийг төлсөн баримт болон аймгийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн газар эзэмшүүлэх тухай А/303 дугаар захирамжийн 2 дахь заалт /дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх/-аар нотлогдож байна. Иймд иргэн А.Чулуунсүрэнгээс дуудлага худалдааны анхны үнэд төлсөн 6120000 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй гэж үзэж байна. Газрын анхны үнийг төлснөөр газар эзэмших эрх олгоно гэсэн хууль эрх зүйн зохицуулалт байхгүй ба холбогдох инженерийн байгууллагуудын дүгнэлтээр техникийн шаардлага хангахгүй байсан.

Иргэн А.Чулуунсүрэнгийн өргөдөл, хүсэлтийн дагуу Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 тоот тушаалын 1 дүгээр  хавсралтаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 5 дахь хэсэг “өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийх” үйл ажиллагааны 5.2.5 дахь хэсэгт заасны дагуу “Инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын бүстэй давхцаж буй эсэхийг шалгах” үйлдлийг хийж зөрчлийг илрүүлэн мөн журмын 5 дахь хэсгийн 5.4 дэх заалтын дагуу зөрчилдөж буй тул энэ талаар хүсэлт гаргагчид мэдэгдэж, өргөдлийг хаасан гэж үзэж байна.

Иймд аймгийн Засаг даргын 2015 оны А/330 дугаар захирамжаар мөн оны А/303 дугаар захирамжийг хүчингүй болгосон ба тухайн захирамжийн үндэслэл хэсэгт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалт буюу “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийн аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэснийг үндэслэнэ.

Шүүхээс хэрэг маргааныг шийдвэрлэхдээ аймгийн Засаг даргын 2015 оны А/330 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгтэй нийцэхгүй нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн гэж үзсэн ба хариуцагч тал нийцэж байгаа гэж үзэж байна. Шүүх хангалттай нотлох баримт байхад үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Засаг дарга нь 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/330  дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 32 дугаар зүйлийн 32.7, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг баримтлан “Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 187 дугаар тогтоолоор С.Насанбатыг Засаг даргын үүрэгт ажлаас огцруулж, 188 дугаар захирамжаар А.Энхболдыг Дархан-Уул аймгийн Засаг даргаар томилсон байхад С.Насанбат нь мөн өдөр “Газар эзэмшүүлэх тухай” А/303 дугаар захирамжийг батлан гаргасан байна” гэсэн үндэслэлээр иргэн А.Чулуунсүрэнгийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгч А.Чулуунсүрэн нь “Энэ газрыг Газрын тухай хуулийн дагуу шударгаар эзэмшсэн. Гэтэл аймгийн Засаг дарга өөрчлөгдсөн даруйдаа үндэслэлгүйгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6 дахь заалтуудыг зөрчиж байна” гэсэн үндэслэлээр дээрх маргаан бүхий актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч А.Чулуунсүрэнгийн “дулааны шугам зайлуулах зардлыг өөрийн хөрөнгөөр шийдвэрлэж, газар эзэмших тухай” хүсэлтийг хүлээн авч, 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/303 дугаар захирамжаар дуудлага худалдааны анхны үнийг төлүүлж, маргаан бүхий газар болох Дархан сумын 13 дугаар баг, Шүүхийн шинжилгээний газрын урд талд байрлах 600 м.кв газрыг оюутны түрээсийн байрны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх ба улмаар 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгожээ.

Хариуцагчаас “С.Насанбат нь Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон байхад нэхэмжлэгч А.Чулуунсүрэнд газар эзэмшүүлсэн байна” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Тодруулбал,

Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Засаг даргын үүрэгт ажлаас огцруулах тухай” 187, “Засаг даргаар томилох тухай” 188 дугаар захирамжууд нь Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ирсэн бөгөөд С.Насанбат нь 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Кёнги аймагт айлчилж, 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ажил хүлээлцсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана”, 43.2-т “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж тус тус зааснаас үзэхэд Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатын А.Энхболдод ажлаа хүлээлгэн өгсөн 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг үүрэгт ажлаас халагдсан өдөр гэж үзэхээр байх тул маргаан бүхий 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/303 дугаар захирамжийг Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон байхад гаргасан гэж үзэх боломжгүй юм.

Мөн хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхээ буруу хэрэгжүүлсэн байна. Учир нь, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж зааснаар иргэнд газар эзэмшүүлсэн шийдвэр нь хууль зөрчсөн байхаас гадна бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх нөхцөлийг агуулсан байна. Тухайн тохиолдолд, маргаан бүхий 600 м.кв газрыг А.Чулуунсүрэнд эзэмшүүлсний улмаас бусад газар эзэмшигч, ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн талаарх үйл баримт тогтоогдоогүй байна.

Түүнчлэн хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа болон давж заалдах гомдлын үндэслэлээ “Маргаан бүхий газар техникийн шаардлага хангахгүй болж дуудлага худалдаа явуулах боломжгүй болсон учир дуудлага худалдаанаас хасагдсан. А.Чулуунсүрэнд газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн” гэж тодорхойлон маргах боловч маргаан бүхий захиргааны актад нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг “С.Насанбат нь Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон байхад нэхэмжлэгч А.Чулуунсүрэнд газар эзэмшүүлсэн байна” гэх үндэслэлээр хүчингүй болгосон атлаа захирамжид заагаагүй шалтгаан, үндэслэлийг нэмэгдүүлэн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь хариуцагч захиргааны байгууллагын газрын төлөв байдалд дүгнэлт хийж, дулааны шугам зайлуулах зардлыг өөрийн хөрөнгөөр шийдвэрлэх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, дуудлага худалдааны үнийг төлүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрт нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/330  дугаар захирамжийн А.Чулуунсүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

           Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

            ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

            ШҮҮГЧ                                                          Н.ХОНИНХҮҮ

            ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА