Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 444

 

Сүхбаатар аймгийн Ардчилсан намын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгч Ж.Батсуурь, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун, хариуцагч Б.Гансүх, хариуцагчийн өмгөөлөгч Д.Одонтунгалаг, Б.Цолмон, гуравдагч этгээд З.Энхтөр, Ш.Мандахнар, Э.Өлзийтогтох, Т.Мөнхболд, О.Балжинням, И.Батсүх, Ш.Батбилэг, Д.Хосбаяр, С.Ганбат, Ц.Энхбаатар, Д.Амарбаясгалан нарыг оролцуулан хийж, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 14 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2016/0647 дугаар магадлалтай, Сүхбаатар аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй, тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “анхдугаар хуралдааныг хүчингүй болгуулах, хуралдаанаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах ”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанаас гарсан 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” 01, “Тооллогын комисс байгуулах тухай” 02, “Тогтоолын төсөл хянан боловсруулах комисс байгуулах тухай” 03, “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 04, “аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 05, “аймгийн засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2016/0647 дугаар магадлалаар: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн, гуравдагч этгээд З.Энхтөрийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагч Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Гансүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар захирамжаар Д.Болдбаатарт төлөөлөгчийн түр үнэмлэх олгохыг Сонгуулийн хороонд даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, захирамжид гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн ба 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан хуралдахад дээрх захирамж шүүхээс албажиж хуралд хүргэгдсэн байсан.

Шүүхийн хүчин төгөлдөр болсон 10 дугаар захирамжийг үндэслэн Д.Болдбаатар анхдугаар хуралдаанд оролцож төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлсэн байхад шүүх “Болдбаатарыг оролцуулан тухайн хурлын нийт төлөөлөгчдийн олонх хүрэлцэн ирсэн гэж үзэж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдааныг хийсэн нь хуульд нийцээгүй байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Сонгуулийн тухай хуулиар Төлөөлөгчийн түр үнэмлэх олгох үүрэгтэй байгууллага нь зөвхөн Сонгуулийн хороо бөгөөд аль нэг нам, эвсэл, нэр дэвшигч, төлөөлөгч олгохоор хуульчлаагүй. Гэтэл Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.3-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгогдсон нэр дэвшигчид орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх олгоно” гэсэн заалтыг зөрчиж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар захирамжийг үл биелүүлж, Д.Болдбаатарт төлөөлөгчийн түр үнэмлэхийг санаатайгаар олгоогүй. Сонгуулийн хорооны хууль хэрэгжүүлээгүй, үүргээ биелүүлээгүй энэ буруутай үйлдлийг Д.Болдбаатарыг төлөөлөгчийн түр үнэмлэх аваагүй гэж буруутгах, анхдугаар хуралдаанд төлөөлөгчийн олонхи оролцоогүй байна гэж дүгнэн анхдугаар хуралдааныг хүчингүй болгох үндэслэл болгосон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар магадлалаар Д.Болдбаатарыг сонгуулийн хууль, тогтоомж зөрчсөн зөрчил гаргасан болохыг тогтоож, захиргааны хариуцлага хүлээлгэсэн гэж дүгнэн 10 дугаар магадлалыг шийдвэрийн үндэслэл болгосон. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон Д.Болдбаатарыг гэм буруутайд тооцсон 10 дугаар магадлал нь хууль зөрчсөн болохыг шүүх анхаарч үзээгүй.

Шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 44 дүгээр шийтгэвэрээр Д.Болдбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.4-д заасныг зөрчсөн гэж дүгнэж, түүнд захиргааны шийтгэл ногдуулсныг Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар магадлалаар “...анхан шатны шүүх 70 дугаар зүйлийн 70.1.4-т заасныг зөрчсөн гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, шийдвэрлэснийг нь зөвтгөж, “сонгогчдын саналыг татах зорилгоор бусдад архи задалж өгснийг эд зүйл тараасан”-тай адилтган Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасан зөрчлийг гаргасанд тооцсугай” гэсэн нэмэлт оруулж шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн хэрэглэсэн 70.1.4-д заасан зөрчлийг хэрэгсэхгүй болгоогүй, хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхигдуулсан. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн зөрчлийн хүрээнд шийдвэрлэх байтал анхан шатны шүүхийн хэрэглээгүй 70.1.1-д заасан заалтыг хэрэглэж, зөрчил гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэн.

Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байхад Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 10 дугаар магадлалыг Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс шийдвэр, магадлалын үндэслэл болгосон нь хууль бус болох үндэслэл болж байгаа юм. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул хяналтын шатны шүүх доорх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь “...Монгол Ардын намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар тойрогт нэр дэвшигч Д.Болдбаатар нь “...Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн..” талаарх үйл баримтыг нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлээ болгож, “...нэр дэвшигчийг хуралдаанд оролцуулж, ирцэд тооцсон нь буруу...” гэж үзэж, 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр болсон Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар Хуралдааныг хүчин төгөлдөр бусад тооцуулах, энэ хуралдаанаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.

Шүүхүүд цаг хугацааны хувьд дээрх маргаан бүхий хуралдаанд хамааралгүй нотлох баримт бүрдүүлж, хуралдаанаас хойш гарсан шүүхийн шийдвэр болон эрх бүхий захиргааны байгууллагаас гаргасан захиргааны актуудад үндэслэн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүх цуглуулах, 32.6 дахь хэсэгт шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй нотлох баримтыг нотлох баримтаас хасахаар тус тус заасантай нийцээгүй байна.      

Тодруулбал, нэр дэвшигч Д.Болдбаатарт түр үнэмлэх олгохыг зөвшөөрсөн хариуцагч аймгийн Сонгуулийн хорооны зөвшөөрлийг баталсан захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож хэргийг ердийн журмаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тус шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тогтоол, Д.Болдбаатарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр тогтоол, мөн өдрийн 20 дугаар тогтоолоор Дарьганга сумын 3 дугаар тойрогт дахин сонгууль зарласан, Монгол Ардын нам болон Ардчилсан нам аль аль нь оролцох хүсэлтээ ирүүлсэн, нэр дэвшигчид тодорсон зэрэг шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болсон нотлох баримтууд нь 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн анхдугаар Хуралдаан хууль ёсны эсэхийг дүгнэхэд хамааралгүй, эдгээр баримтыг үнэлж, дүгнэх шаардлагагүйг шүүхүүд анхаараагүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамааралтай хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар Хуралдаан товлогдсон 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нэр дэвшигч Д.Болдбаатарыг “нэрийн жагсаалтаас хассан” эрх бүхий байгууллага буюу Сонгуулийн хорооны шийдвэр гараагүй байсан, харин нэр дэвшигч Д.Болдбаатарт түр үнэмлэх олгохыг хойшлуулсан 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, нэр дэшигчид түр үнэмлэх олгохыг зөвшөөрсөн хариуцагч аймгийн Сонгуулийн хорооны зөвшөөрлийг баталсан захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар захирамж хүчин төгөлдөр байжээ.

Иймээс хариуцагч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор...” гэж хуулиар тогтоосон хугацаанд багтааж, 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр анхдугаар хуралдааныг хуралдуулсан, уг хуралдаанд нэр дэвшигч Д.Болдбаатар нь төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэн оролцсон, 33 төлөөлөгчийн 17 буюу олонхи ирсэн гэж үзсэн нь энэ хуулийн 23.7-д заасныг зөрчөөгүй байна.

Тухайн үед эрх бүхий Сонгуулийн хорооноос Д.Болдбаатарыг нэр дэвшигчээс хасах шийдвэр гаргаагүй байхад нэхэмжлэгч нь “... зөрчлийг хэлэлцэх шүүх хуралдаанаар маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан...” хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй.

Нэр дэвшигч нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэрийн үндсэн дээр түүнийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах шийдвэрийг зөвхөн сонгуулийн байгууллага гаргахаар Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т тодорхой зохицуулсан ба ийм шийдвэр гаргаагүй байхад шүүхийн шийдвэр нь анхдугаар хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүйгээс гадна 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сонгуулийн хорооноос Д.Болдбаатарыг нэр дэвшигчийн  нэрийн жагсаалтаас хассан шийдвэр гаргасан нь үүнээс өмнө болсон анхдугаар хуралдааныг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл биш юм.

Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч нь түр үнэмлэх авсанаас хойш нэрийн жагсаалтаас хасагдсаны үр дагаварыг Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлээр тусгайлан зохицуулсныг шүүхүүд анхаараагүй нь буруу байна.   

Иймд Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан хуульд заасан хугацаанд хуралдсан, ирцийн хувьд мөн хуулийн шаардлагыг хангасан, хэлэлцсэн асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргасан зэргээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5, 23.6, 23.7, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2-т заасныг зөрчөөгүй байх тул  тухайн  хуралдааныг хүчин төгөлдөр бусад тооцох, гарсан тогтоолуудыг хүчингүй болгох үндэслэлгүй.

 Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хангасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгуулах тухай хариуцагч Б.Гансүхийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин Сонгуулийн тухай хууль зөрчсөнөөс шийтгэл ногдуулсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг  захиргааны хэргийн шүүх дүгнэх боломжгүй.

Иймээс “...Д.Болдбаатарыг гэм буруутайд тооцсон 10 дугаар магадлал хууль зөрчсөн...”, “Сүхбаатар аймгийн Эрүү, Ииргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгчид нь “ашиг сонирхлын зөрчилтэй байсан....” гэх хариуцагчийн гомдол энэ маргаанд хамааралгүй, “... хэргийг хууль ёсны бүрэлдэхүүнтэйгээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэх түүний гомдолд дурдсан хэсэг үндэслэлгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 14 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2016/0647 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.7, 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн анхдугаар Хуралдааныг хүчин төгөлдөр бусад тооцох, тус хуралдаанаас гаргасан “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” 01, “Тооллогын комисс байгуулах тухай” 02, “Тогтоолыг төсөл хянан боловсруулах комисс байгуулах тухай” 03, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 04, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 05, “Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай Сүхбаатар аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Л.АТАРЦЭЦЭГ