Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2017/01361

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч тоотод оршин суух, ХП64031506  регистрийн дугаартай, Мөр овогт Цэндийн Ариунтунгалаг,

Нэхэмжлэгч: Х оршин суух,  ХП65102061 регистрийн дугаартай, Мөр овогт Цэндийн Ариунтуяа   нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч тоотод оршин суух, ХБ65070408 регистрийн дугаартай, Харалган овогт Ёндонгийн Цэцгээ,

Хариуцагч: Б  оршин суух, ЧЗ75081705 регистрийн дугаартай, Боржигон овогт Эрэмгийдоржийн Болдмаа нарт  холбогдох,

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2-р дөчин мянгат, 16 дугаар байр, 23 тоотод байрлах 2 өрөө орон сууцны хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, улсын бүртгэлд зохих бүртгэл хийхийг даалгах, 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцэл”-ийг гэрчилсэн Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Э.Болдмаагийн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах  тухай иргэний хэргийг  2017 оны 04 дүгээр сарын 13-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ариунтунгалаг, Ц.Ариунтуяа, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагч Э.Болдмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.  

                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Ц.Ариунтунгалаг, Ц.Ариунтуяа нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Эх Ш.Цэнд нь 2 охинтой бөгөөд нэхэмжлэгч бид нар юм. Манай ээж уг байранд ганцаараа амьдарч байгаад  нас  барсан.  Бид  Ё.Цэцгээ  гэдэг  хүнийг   танихгүй,  бид нартай хамаатан

садан төрлийн  болон таньдаг хүн биш. Ээжийн маань ажил явдлын үеэр энэ хүнийг анх харсан. Гэтэл энэ хүн уг байранд миний өмч гэж маргасан. Бид ажил явдал дууссаны дараа ээжийнхээ бичиг баримтыг цэгцэлж байхад уг байрны гэрчилгээ огт байгаагүй, одоог хүртэл эх хувь гэрчилгээг үзээгүй байсан. Ё.Цэцгээ нь 2013 оноос хойш шүүхэд биднийг хариуцагчаар татаж, уг байрны талаар маргалдаж байгаа билээ. Өмнөх хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд манайхаас 3 баримтыг гаргаж өгсөн. Шинжээчийн дүгнэлт гарахад дүгнэлттэй санал нийлэхгүй байна гээд Ё.Цэцгээ нь дахин шинжээч томилуулсан, тэр дүгнэлтээр мөн гарын үсэг биш гэж баталж өгсөн.  Манай ээж уг байрыг худалдаж авсан, баримтууд нь байгаа. Ээжийг маань өөрийгөө асарч чадахгүй, дорой гэсэн тайлбарыг хэлсэн байсан. Гэтэл манай ээж тийм асаргаанд орсон хүн биш. Бид ээж дээрээ өдөр бүр очдоггүй ч гэсэн утсаар ярьж, асуудаг, байнга холбоотой байсан юм. Бид өөрсдөө боломжийн амьдралтай учраас ээжийг байр, мөнгөө юунд яаж байгааг хянаж цагддаггүй. Ээж маань өөрөө ч боломжийн амьдралтай, гадаад дотоодод явсан баримтууд, мөн хадгаламжийн дэвтэртээ мөнгөн хадгаламжтай байсан. Ээж маань хойшоо явах гээд виз хөөцөлдөж байх үедээ хариуцагч Ё.Цэцгээтэй танилцсан юм шиг байгаа юм. Нөхөр нь байрны зээл авахдаа манай ээжийг хуурч, байрыг нь  барьцаанд тавьсан байдаг. Шинжээчийн дүгнэлтэд авагдсан баримт дээр манай ээжээс мөнгө зээлж авсан байдаг боловч буцааж төлсөн талаар баримт байгаагүй. Тэгэхээр энэ хүнийг мөнгөний сонирхолтой, залилан хийсэн гэж үзэж байна. 2017 оны 04 дүгээр сард Нотариатчдын танхим дээр бичиг авах гээд очтол эгч бидний өргөдөл гаргаснаас сарын дараа хариуцагч Ё.Цэцгээ нь тухайн байрыг өмчлье гэсэн өргөдөл гаргасан байсан. Өөрөөр хэлбэл 2 хүүхэд нь амьд байгаа гэдгийг мэдсэн мөртлөө өргөдөл гаргасан үйлдлийг хууль бус гэж үзэж байна. Бидний зүгээс 2010 оны 12 дугаар сарын 08-нд орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл гэрчлэхэд ээж Ш.Цэндийг нотариатч дээр очоогүй гэж үзэж байна. Яагаад гэвэл шинжээчийн дүгнэлтээр манай ээжийн зурсан гэх гарын үсэг нь таарахгүй байсан. Нотариатч нь баримт бичгийг гэрчлэхдээ ямар нэгэн өргөдөл, баримт авч, мөн хүүхдүүд нь байдаг эсэх талаар тодруулах баримт бүрдүүлээгүй, дутуу баримтыг бүрдүүлж хэлцлийг гэрчилсэн нь хууль бус болсон. Энэ хүн эдийн засгийн асар их ашиг сонирхолтой байна гэж үзэж байна. Үүнэс болж орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ 2 хүний нэр дээр гарсан байдаг. Хариуцагч Ё.Цэцгээ гэдэг хүн нь Ш.Цэндтэй  хамт очиж  хэлцэл хийсэн гэдгийг зөвшөөрсөн эсхүл үгүйсгэсэн тайлбар өгөөгүй учир нэхэмжлэлийг зөвшөөрсөн  гэж ойлгож байна. Иймд бидний 2 өрөө орон сууцны хууль ёсны өв залгамжлагчаар тогтоож, зохих бүртгэл хийхийг хариуцагчид даалган, хамтран өмчлөгчөөр Ё.Цэцгээг нэмж оруулсан хэлцлийг гэрчилсэн Э.Болдмаагийн үйлдлийг хүчингүйд тооцон бидний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Э.Болдмаа, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн нараас шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Э.Болдмаа миний бие 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцэл”-ийг Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааварт нийцүүлэн үнэн зөвөөр гэрчилсэн. Иргэн Ш.Цэнд нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар дөчин мянгатын 16 дугаар байрны 23 тоот 27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болох тухай 1998 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн  8351 гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн 2202003675 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг авчирсан ба Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7.-д заасан “...Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бусдад шилжүүлэх  гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ уг хөрөнгийн эрх нь  тухайн этгээдийн хууль ёсны өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг нотлох эрхийн баримт бичгийг, хуулийн этгээдийн хувьд үүсгэн байгуулах гэрээ, дүрмийг үндэслэл болгоно...” гэснийг баримтлан дээрх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн эсэхийг шалгаж үзсэний үндсэн дээр түүний өөрийнх нь хүсэлтийн дагуу хэлцлийг гэрчилсэн.  Тухайн үед Ш.Цэнд нь нотариатч дээр ирэхдээ Ё.Цэцгээ гэх эмэгтэйг дагуулж ирсэн бөгөөд “...Ё.Цэцгээ намайг харж ханддаг ганц хүн байгаа юм, ийм учраас би өөрийн байрны хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хүсэлтэй байгаа юм...” гэж хэлж байсан бөгөөд нотариатч дээр өөрийн биеэр иргэний үнэмлэхтэйгээ ирж нотариатын үйлдэл хийлгэсэн, хэлцэл, нотариатын бүртгэлийн дэвтэр зэрэгт өөрөө хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, хууль бус нотариатын үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм. Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.-д “...Нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэх бөгөөд итгэмжлэл,  төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эрх зүйн чадамжтай эсэхийг шалгаж, шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, эсхүл тухайн хүнийг таних хоёр гэрчээр тодорхойлуулан тогтоож болно...” гэж заасны дагуу тухайн үед Ш.Цэнд, Ё.Цэцгээ нарын иргэний бичиг баримтыг үндэслэн нотариатын үйлдэл хийсэн бөгөөд нотариатын хувийн хэрэгт тухайн этгээдүүдийн бичиг баримтыг хувилан хадгалсан. Түүнчлэн Ш.Цэнд нь 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл”-д өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэгээ зурж баталгаажуулсан, маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр Ё.Цэцгээ гэх эмэгтэйг нэмж оруулах хүсэл сонирхолтой байсан. Энэ нь нотариатын бүртгэлийн дэвтрийн 759 дугаарт бүртгэгдсэн бүртгэлээр нотлогдох бөгөөд уг нотариатын бүртгэлийн дэвтэрт Ш.Цэнд, Ё.Цэцгээ нар гарын үсгээ зурж баталгаажуулсан нь Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д “...Нотариатч баримт бичиг, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж түүнд нотариатчийн хийсэн нотариатын үйлдлийг он, сар, өдрийн дарааллаар нь үнэн зөв, засваргүй, гаргацтай, тодорхой бичнэ... гэж заасан хуулийн шаардлагад нийцэж байгаа болно. Мөн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл, нотариатын бүртгэлийн дэвтэр, мөнгөний тасалбар зэрэгт Ш.Цэнд болон Ё.Цэцгээ нар гарын үсэг зурсан бөгөөд энгийн нүдээр харьцуулан харахад дээрх баримтуудад зурагдсан Ш.Цэндийн гарын үсэг нь өөр хоорондоо ижилхэн байгаа нь нэхэмжлэгч нарын эх Ш.Цэндийн гарын үсэг биш гэдгийг үгүйсгэж байна. Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Э.Болдмаа миний бие 2010 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хэлцлийг нотариатын үйлдэл хийх заавар, нотариатын тухай хуульд заасан холбогдох журмын дагуу хуульд нийцүүлэн үнэн зөвөөр гэрчилсэн тул нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах гэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Ё.Цэцгээгээс шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие тус дүүргийн шүүхэд Ц.Ариунтунагалаг, Ц.Ариунтуяа нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа бөгөөд...өмгөөлөгчийг авч оролцох хүсэлттэй байна...Шинээр гаргаж өгөх баримтгүй...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр нь нэгэнт нийтэд илэрхий болсон тул дахин нотлохгүй гэсэн байдаг. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэсэн... гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ариунтунгалаг, Ц.Ариунтуяа нар нь хариуцагч Ё.Цэцгээ, Э.Болдмаа нарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар дөчин мянгат, 16 дугаар байр, 23 тоотод байрлах 2 өрөө орон сууцны хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, улсын бүртгэлд зохих бүртгэл хийхийг даалгах, 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцэл”-ийг гэрчилсэн Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Э.Болдмаагийн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах  тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч нар эс зөвшөөрч, 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хэлцлийг нотариатын үйлдэл хийх заавар, Нотариатын тухай хуульд заасны дагуу, хуульд нийцүүлэн үнэн зөвөөр гэрчилсэн, Ш.Цэнд нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар дөчин мянгатын 16 дугаар байрны 23 тоот 27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2202003675 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдсон, Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7.-д заасныг баримтлан дээрх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн эсэхийг шалгаж үзсэний үндсэн дээр түүний өөрийнх нь хүсэлтийн дагуу хэлцлийг гэрчилсэн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт нийтэд илэрхий болсон үйл явдлыг дахин нотлохгүй тул шинжээчийн дүгнэлтүүд нотлох баримт болохгүй гэж тайлбарлан маргасан.

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч Ц.Ариунтунгалаг, Ц.Ариунтуяа нар нь 2011 оны 10 дугаар сарын 28-нд нас барсан талийгаач Шагдарсүрэнгийн Цэндийн төрсөн хүүхдүүд мөн болох нь 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний баримтын архивын хэлтсийн 113/019772 тоот ХААТР-1 маягтын лавлагаа, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын  Улсын бүртгэлийн төв архивын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 102/004458 тоот нас барсны бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар зэргээр нотлогдсон, энэ талаар зохигчид маргаагүй байна.

2.Хэрэгт авагдсан 1998 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр олгогдсон 8351 тоот үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ, 2003 оны Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны “Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр” зэргээр нэхэмжлэгч нарын төрсөн эх талийгаач Ш.Цэнд нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар дөчин мянгатын 16 дугаар байрны 23 тоот 27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдэн, нас барах хүртлээ уг орон сууцандаа амьдарч байсан ба  тэрээр 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр орон сууцны хамтран өмчлөгчөөр хариуцагч  Ё.Цэцгээг орон сууцны гэрчилгээнд нэмж бүртгүүлсэн нь Ш.Цэнд, Ё.Цэцгээ нарын нэр дээр 2010 оны 12 дугаар сарын 15-нд олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000124634 тоот гэрчилгээ,  2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Ш.Цэнд болон Ё.Цэцгээ нарын хооронд байгуулсан “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл”, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1770 тоот албан бичиг зэрэг баримтуудаар нотлогдсон байна.

3. 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Ш.Цэнд болон Ё.Цэцгээ нарын хооронд байгуулсан “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл”-ийг мөн өдөр Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Э.Болдмаа бүртгэлийн 759 дугаарт бүртгэн гэрээний үнэн зөвийг гэрчилсэн нь дээрх хэлцэл, бүртгэлийн дэвтрийн хуулбар, Ш.Цэндийн нэр дээрх 1998 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр олгогдсон 8351 тоот үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ, Ш.Цэнд, Ё.Цэцгээ нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Монголын нотариатчдын танхимын мөнгөний тасалбар зэрэг баримтаар нотлогдсон байна.

4.Нэхэмжлэгч тал нь Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан гэрчлэх гэрээ, хэлцэлд орон сууцны өмчлөлд  хамтран өмчлөгч нэмж оруулах тухай энэ хэлцэл хамаарахгүй, нотариатч үйлчлүүлэгчийнхээ хувийн байдлыг тогтоохгүйгээр иргэний үнэмлэхийн гарын үсэг, гэрээн дээрх гарын үсэг зөрүүтэй байхад гэрчилсэн нь хууль зөрчсөн, хэлцэлд бичигдсэн гарын үсэг нь талийгаач  Ш.Цэндийн гарын үсэг биш болох нь 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон, Ш.Цэнд хэлцэл гэрчлүүлэхэд өөрөө биеэр очоогүй болох нь нотлогдсон гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлон мэтгэлцсэн.

Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.-д “Нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг...-г үндэслэх...”,  46 дугаар зүйлийн 46.7.-д “...үл хөдлөх эд хөрөнгө, эрхийг бусдад шилжүүлэх, гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ хөрөнгө, эрх нь тухайн этгээдийн хууль ёсны өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг нотлох баримт бичгийг...үндэслэл болгоно”, 46.9.-д “Үл хөдлөх эд хөрөнгийн баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах...гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, аж ахуйн нэгж байгууллагын зөвшөөрлийг үндэслэнэ” гэж тус тус заасан бөгөөд үүний дагуу нотариатч Э.Болдмаа нь 2010 оны 12 дугаар сарын 08-нд хэлцэл хийгч 2 иргэн болох Ш.Цэнд, Ё.Цэцгээ нарын иргэний үнэмлэх, мөн Ш.Цэндийн өмчлөлд бүртгэлтэй 8351 тоот үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг шалган хуулбарлаж, баримтад хавсарган Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл”-ийг гэрчилсэн нотариатын үйлдэл  нь дээрх хуулийн заалтыг болон Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын 5.3, 5.4, 5.5-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаагийн дээр уг хэлцлийг гэрчлэхэд Ш.Цэндийг байлцуулаагүй гэх үйл баримтыг нэхэмжлэгч нотлоогүй байна.

5.Нөгөөтэйгүүр Ш.Цэнд болон Ё.Цэцгээ нарын хооронд байгуулсан  2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн  “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл”-д зурагдсан гарын үсэг нь Ш.Цэндийнх биш болох тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 218 тоот, 2016 оны 3560 тоот шинжээчийн дүгнэлтүүдийн талаар дүгнэн, нэхэмжлэгч нарын дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай Ё.Цэцгээд холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1134 дугаар шийдвэр хэрэгт авагдсан ба уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал үүнийг дахин нотлохгүй” гэж заасан ба дээрх 2 удаагийн  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 218 тоот, 2016 оны 3560 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

6. Ш.Цэнд 2011 оны 10 дугаар сарын 28-нд нас барснаар Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1.-д зааснаар өв нээгдсэн ба Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1.-д “нас барагчийн ...төрүүлсэн...хүүхэд...” нь хууль ёсны өвлөгч бөгөөд адил хэмжээгээр өвлөх эрхтэй ба нэхэмжлэгч нар нь талийгаач Ш.Цэндийн хууль ёсны өвлөгч байна.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2.-т “ ...өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу...нотариат...-д өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж заасан ба маргааны зүйл болох орон сууцны өв хүлээн авах тухай хүсэлтийг нэхэмжлэгч Ц.Ариунтунгалаг, Ц.Ариунтуяа нар 2011 оны 11 дүгээр сарын 16-нд Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатчид хандан гаргасныг нотариатч бүртгэж гэрчлэн Монголын Нотариатчдын танхимын өвийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн болох нь Монголын Нотариатчдын танхимын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 149 тоот лавлагаагаар нотлогдсон.

Үүнээс үзэхэд дээрх 2 өмчлөгчтэй орон сууцны нэг өмчлөгч болох талийгаач Ш.Цэндэд оногдох хэсгийн өвийг нэхэмжлэгч нар хүлээн авсан гэж үзнэ.

7. Монголын Нотариатчдын танхимын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 149 тоот лавлагаанд хариуцагч Ё.Цэцгээ нь дээрх 2 өрөө орон сууцны өв хүлээн авах тухай хүсэлтийг Чингэлтэй дүүргийн  тойргийн нотариатчид гарган 2011 оны 12 дугаар сарын 28-нд Монголын Нотариатчдын танхимын өвийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн тухай тодорхойлсон байна.

Хариуцагч Ё.Цэцгээ нь дээрх орон сууцны хамтран өмчлөгч мөн боловч Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1. дугаар зүйлд болон 522 дугаар зүйлийн 522.1.-д заасан  талийгаач Ш.Цэндийн хууль ёсны өвлөгч эсхүл гэрээслэлээр өвлөгч биш байх тул Чингэлтэй дүүргийн  тойргийн нотариатчид орон сууцны өв хүлээн авах тухай хүсэлтийг гаргаж бүртгүүлсэн нь нэхэмжлэгч нарын, төрсөн эх Ш.Цэндэд оногдох хөрөнгийн өв хүлээн авах эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Ариунтунгалаг, Ц.Ариунтуяа нар нь төрсөн эх талийгаач Ш.Цэнд болон хариуцагч Ё.Цэцгээ нарын дундын өмч болох 2 өрөө орон сууцны Ш.Цэндэд оногдох хэсгийг өвлөх эрх зөрчигдсөн гэж үзэж хууль ёсны өвлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй болно.

8. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1., 15.2.-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага буюу улсын бүртгэгч бүртгэх эрхтэй бөгөөд хариуцагч Ё.Цэцгээ нь улсын бүртгэл хийх эрхгүй тул нэхэмжлэгч нарын улсын бүртгэлд зохих бүртгэл хийхийг даалгах тухай хариуцагч нарт холбогдох шаардлага үндэслэлгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн нэхэмжлэгч нарыг Ё.Цэцгээ, Ш.Цэнд нарын нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202003675 дугаарт бүртгэлтэй,  Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар дөчин мянгатын 16 дугаар байрны 23 тоот 27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны, төрсөн эх талийгаач Ш.Цэндэд оногдох хэсгийг буюу 50 хувийг өвлөх эрхтэй, хууль ёсны өв залгамжлагчаар тогтоож, нэхэмжлэлээс орон сууцны үлдэх хэсэг буюу хариуцагч Ё.Цэцгээд оногдох хэсэг болох 50 хувийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, улсын бүртгэлд зохих бүртгэл хийхийг даалгах, 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцэл”-ийг гэрчилсэн Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Э.Болдмаагийн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах  тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.Цэцгээгээс 70 200 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь хуульд нийцнэ.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хариуцагч Ё.Цэцгээд  2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гардуулан өгч, түүнд зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгсөн баримт хэрэгт авагдсан байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 02, 12-ны өдрүүдэд товлогдсон шүүх хуралдаанд биеэр оролцсон атлаа хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй  болохыг дурдах нь зүйтэй.  

Мөн хариуцагч Ё.Цэцгээд 2017 оны 06 дугаар сарын 12-нд шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байх боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т заасныг баримтлан харуцагч Ё.Цэцгээгийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйпийн 115.2.2., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1.,  Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Мөр овогт Цэндийн Ариунтунгалаг, Мөр овогт Цэндийн Ариунтуяа нарыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  Ү-2202003675 дугаарт бүртгэлтэй,  Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар дөчин мянгатын 16 дугаар байрны 23 тоот 27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны төрсөн эх талийгаач Ш.Цэндэд оногдох хэсгийг буюу 50 хувийг өвлөх эрхтэй, хууль ёсны өв залгамжлагчаар тогтоож, нэхэмжлэлээс орон сууцны үлдэх хэсгийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, улсын бүртгэлд зохих бүртгэл хийхийг даалгах, 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцэл”-ийг гэрчилсэн Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Э.Болдмаагийн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах  тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.Цэцгээгээс 70 200 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.   

                                     ДАРГАЛАГЧ                       Ж.БАЙГАЛМАА