Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 451

 

 

 

 

 

 

 

 

 

 “Ёнжин глобал ложистик” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                           иргэний хэргийн тухай       

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2016/06040 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Ёнжин глобал ложистик” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Глобал ложистик” ХХК-д холбогдох,

2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр байшуулсан төлбөр барагдуулах гэрээний гүйцэтгэлийг хангуулж, “Глобал Ложистик” ХХК-иас түрээсийн үлдэгдэл төлбөр 10 900 ам доллар буюу нийт 23 646 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ганбат

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Ихбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат шүүхэд болон шүүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “Глобал Ложистик” ХХК-тай 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлэг түрээслэх гэрээ байгуулан ажилласан. Ингээд гэрээнд заасны дагуу хариуцагч компани 2016 оны 2 дугаар сараас эхлэн графикийн дагуу түрээсийн төлбөрөө төлөхөөр тохиролцсон боловч гэрээний хугацаанд 200 000 төгрөг төлсөн. Үүнээс хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй. Иймд “Глобал Ложистик” ХХК-аас түрээсийн үлдэгдэл төлбөр болох 10 900 ам.доллар буюу нийт 23 646 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ихбаяр шүүхэд бичгээр гаргасан тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч тал манай компанитай 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээнээс үүдэлтэй нэхэмжлэл гаргасан байна. Бид юу нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Одоо манай төлөх төлбөр бол 2 880 ам.доллар байгаа гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 318.4-т зааснаар нэхэмжлэгч Ёнжин глобал ложистик ХХК-д хариуцагч Глобал ложистик ХХК-д холбогдуулан гаргасан чингэлэгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 10 900 доллар буюу 23 646 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ёнжин глобал ложистик ХХК-ний Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 276 180 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат давж заалдах гомдолдоо: “...Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлах эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заасан байна. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшил, ашиглалтанд ямар хөрөнгийг, ямар хугацаатай, ямар хөлс төлбөртэйгээр шилжүүлж байгаа, түрээслэгч төлбөрийг хэдий хугацаанд хэрхэн барагдуулах талаар тохиролцсон нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл талуудын хооронд бичгээр хийгдсэн гэрээ байхгүй, энэ талаар ямар нэгэн баримтгүй, чингэлэгийн түрээсийг шаардах эрх хууль болон гэрээний дагуу үүсээгүй, графикийг дагуу төлнө гэсэн хүсэлтийг хууль зүйн үр дагавар бий болгох хэлцэл гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь түрээсийн гэрээг бичгээр байгуулах хэдий ч хариуцагч нь хүсэл сонирхолоо сүүлд илэрхийлж буюу 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр /хх-11/ 11 000 ам.долларыг төлөхөөр бичгээр хүсэлт гаргасан нь чингэлэгийн түрээсийн төлбөр төлөх ёстой гэдгээ илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж болох юм. Нөгөөтэйгүүр чингэлэг бол үл хөдлөх эд хөрөнгө биш тул үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлага байхгүй, түрээсийн гэрээний хугацаа, төлбөрийг хэрхэн барагдуулах талаар нарийвчлан тусгасан түрээсийн гэрээ байхгүй хэдий ч дээр дурдсан 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хариуцагчаас бичгээр гаргаж өгсөн хүсэлт нь, мөн графикийн дагуу төлбөрөө төлөх барагдуулах талаарх хариуцагчийн албан тоотууд нь төлбөрийн дүн болоод хугацааг нарийн заасан тул түрээсийн гэрээ хэрэгт байхгүй ч хүчин төгөлдөр гэж үзэж шийдвэрлэх боломжтой байсан.

Түүнчлэн түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөрөө хариуцагч төлөх тухай бичгээр гаргаж өгсөн бичгийн хэлбэр бүхий хүсэлтээс харахад хариуцагч нь түрээсийн төлбөрийн төлбөр, хугацааны хувьд маргаагүй болох нь тодорхой харагддаг бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 2880 ам долларыг төлнө гэж ярьж байсан нь өөрөө хэлцэл хийгдсэн, тодорхой үйл баримт болсныг нотолж байгааг анхаарч үзэх нь зүйтэй. Мөн түрээсийн төлбөрийг төлж удаа дараа мөнгө болон хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж байсныг анхаарах нь зүйтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч “Ёнжин глобал ложистик” ХХК нь хариуцагч “Глобал ложистик” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 900 ам.доллар буюу 23 646 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “манай төлөх төлбөр 2 880 ам.доллар байгаа” гэж маргажээ.

            Хэрэгт Ким Ок Жинээс “Глобал ложистик” ХХК-ийн захирал Д.Оюунгэрэлд 2009 оны 06 дугаар сарын 27-ны өдөр илгээсэн захидал, “Ёнжин глобал ложистик” ХХК-ийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газраас “Глобал ложистик” ХХК-д хүргүүлсэн 2009 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 091215/1 тоот албан бичиг, “Глобал ложистик” ХХК-иас “Ёнжин глобал ложистик” ХХК-д хүргүүлсэн “төлбөрийг барагдуулах тухай 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгүүд, зохигчдын хооронд 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах тухай хэлцэл”, “Глобал ложистик” ХХК-иас “Ёнжин глобал ложистик” ХХК-д хүргүүлсэн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн түрээсийн үлдэгдэл төлбөр барагдуулах хуваарь зэрэг нотлох баримт авагдсан байна. /хх 11, 24, 28, 29, 56-62/

            Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт “Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь  үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино” гэж заажээ.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч түрээсийн төлбөр төлөх талаар нэхэмжлэгчид хүргүүлж байсан албан бичиг, төлбөр төлөх хуваарь зэрэг хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтаар зохигчдын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан, хариуцагчаас түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 10 900 ам.доллар буюу 23 646 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

            Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс гадна Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг залруулах боломжтой байна.

 

            Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг ханган өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2016/06040 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Глобал ложистик” ХХК-иас чингэлэгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 10 900 доллар буюу 23 646 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ёнжин глобал ложистик” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...үлдээсүгэй...” гэснийг “...үлдээж, хариуцагч “Глобал ложистик” ХХК-иас 276 180 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ёнжин глобал ложистик” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганбатын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276 180 төгрөгийг буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

                            ШҮҮГЧИД                                                  Г.ДАВААДОРЖ

 

                                                                                               Д.ЦОГТСАЙХАН