Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 60

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                               Я.Туул

Шүүгчид                                            Ц.Амаржаргал

                                                          Б.Манлайбаатар                            

Прокурор                                          Н.Дуламсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж шийдвэрлэсэн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 171 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ын Б-д холбогдох эрүүгийн 1818000900186 тоот, 166/2018/0153/Э индекстэй 1 хавтас хэргийг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б- овогт Б-ын Б- /РД: **********/, урьд ял шийтгэлгүй,

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 5.7 дугаар байрны 10 тоот гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч Д.Б-тэй маргалдан эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 171 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Б- овогт Б-ын Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Шүүгдэгч Б.Б- нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Б- нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Б.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

-Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,

-Шүүгдэгч Б.Б-ийн ХААН банк дахь ******* тоот дансанд байгаа 590.295 /таван зуун ерэн мянга хоёр зуун ерэн тав/ төгрөгийг битүүмжилсэн Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Улсын яллагч Н.Дуламсүрэн давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ:

“...171 тоот шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангийн заасан торгуулийн нэгжтэй тэнцэх хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгуулийн ял гэнэ” хуульчилсан байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” талаар тусгахаар заасан байхад 171 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчид оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг ямар хугацаанд, ямар хэмжээгээр төлж барагдуулах, тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй бол хорих ялаар солих талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг тусгаж өгөөгүй,

Мөн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаар тусгаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул зөвтгүүлэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 171 тоот шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр зохих өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Н.Дуламсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Анхан шатны шүүх 450.000 төгрөгийн торгох ялыг ямар хугацаанд, хэр хэмжээгээр төлөхөөр дурдаж өгөөгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд торгох ялыг ямар хугацаагаар, хэр хэмжээгээр төлөхөөр өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн зүгээс эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлээ дэмжиж байна” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ийг 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 5.7 дугаар байрны 10 тоот гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч Д.Б-тэй маргалдан эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллагдагчаар татан шалгаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Б- нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Б- нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Б.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлахад шүүгдэгч нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь нотлогдсон, энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Б.Б- нь хохирогч Д.Б-ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, үйлдэл нь хохирогч Д.Б-,  гэрч Б.*******, Б.******* нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Б.Б-ийн өөрийнх нь мөрдөн байцаалт, шүүхэд мэдүүлсэн мэдүүлгүүд, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №207 дугаартай дүгнэлт, хэрэгт цугларсан бусад баримтуудаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхээс хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, шүүх хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шийдвэрлэж, үйлдэгдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн хэдий ч шүүгдэгч Б.Б-д 450.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулсан 171 тоот шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” талаар заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5-д  зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 171 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 31 заалт нэмсүгэй.

“31. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5-д заасныг журамлан шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногооор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж өөрчлөлт оруулж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

 

 

                                                ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                    ШҮҮГЧИД                                        Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                             Б.МАНЛАЙБААТАР