Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0099/З |
Дугаар | 270 |
Огноо | 2019-05-06 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 270
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Д.Х
Хариуцагч: НИТХ-ын ААД бөгөөд ИТХ НБД
Нэхэмжлэлийн шаардлага: “НИТХ-ын нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 12-ны Б/57 тоот тушаалыг хүчингүй болохыг тогтоох, НИТХ-ын ажлын албанаас төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж гаргуулан олгох”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Х шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би 1962 оноос төрийн захиргааны албанд 32 жил ажилласан бөгөөд ардчилсан холбоо намын гишүүн гэсэн шалтгаар хоёр удаа ажлаас чөлөөлөгдөж, 2012-2016 онд НИТХ-ын ажлын албанд зохион байгуулагчаар ажилласан 2016 онд төрийн алба хаах насны дээд хязгаараас давсан тул өргөдөл өгч ажлаас халагдахдаа төрийн албан хаагчийг өндөр насны тэтгэвэрт гарах үед нь олгохоор хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгож өгөхийг хүссэн.
Эхний удаа өгсөн хариундаа: Та улс төрийн албан тушаалтан байсан тул олгох боломжгүй гэсэн бөгөөд хоёрдох хариундаа 2010 онд тэтгэврээ тогтоолгосон тул нөхөн олгох боломжгүй гэжээ.
Би 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргахдаа Төрийн албаны хуульд заасан насны дээд хязгаарт хүрсэн тул Төрийн албаны хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгон ажлаас чөлөөлж өгөхийг хүсч байна гэж тодорхой дурдсан.
Төрийн албаны тухай хуулийн 24.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө 24.1.1 тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн; 24.1.2 төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн; 24.1.3 өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж заагаад мөн хуулийн 30.2-т Энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж маргахын аргагүй заалт байсаар байтал намайг ажлаас чөлөөлөх тушаалаа 24.1.3-ийг үндэслэн гаргаснаа буцалтгүй тусламж олгохгүй байх нөхцөл гэж үзэж байгаа нь Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7.1.3, 7.1.4, 7.1.6 дах хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 24.1.2-ийг тус тус зөрчсөн.
Би НИТХ-ын Ажлын албанд ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 7.1.11 дэх хэсэгт заасан ...НИТХ-ын ажлын албаны гүйцэтгэх албан тушаалд ажиллаж Засгийн газрын 2007 оны 354 дугаар тогтоолд зааснаар төрийн захиргааны албан тушаалын 6-р зэрэгт хамаарагдаж, засгийн газрын 2012 оны 78-р тогтоолоор тогтоосон цалингийн сүлжээгээр сард 589075 төгрөгийн үндсэн цалинтай байсан бөгөөд миний төрийн албанд ажилласан хугацаа, Төрийн албаны тухай хуулийн 30.2 дахь хэсэгт зааснаар НИТХ-ын Ажлын албанаас 36 сарын буюу 21 206 700 төгрөг авах эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
...Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаа буцалтгүй тусламж олгох журмын 10 дугаар зүйлд Өндөр насны тэтгэврээ албан ёсоор тогтоолгож ажил олгогчид өргөдөл гаргасных нь дараа энэ журамд заасны дагуу буцалтгүй тусламж олгоно гэсэн нь төрийн албанд ажилласан жинхэнэ албан хаагч нь төрөөс нэг удаа буцалтгүй тусламж авах эрхтэйг заасан заалт гэж ойлгож байгаа бөгөөд тэтгэвэр тогтоолгосон бол өргөдөл гаргасных нь дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор заасан бөгөөд тэтгэвэр тогтоолгосноос хойш хэдий хугацаанд гаргах тухай заагаагүй нь нөхөн олгохгүй тухай ойлголт болох үндэслэлгүй гэж үзэж байна.
НИТХ-ын ААД , төрийн жинхэнэ албанд олон жил үнэнч шударгаар зүтгэсэн иргэн надад төрийн бодлого, хуулиар тогтоосон буцалтгүй тусламж олгохгүй чирэгдүүлж, улс төрийн үзэл бодлоор ялгаварлан гадуурхаж байгаа нь Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээг ноцтой зөрчиж байна. НИТХ-ын ажлын алба улс төрийн албан тушаалтан гэж нэг хэлтэс байгуулсан гэж хэлж байна. Гэвч энэ нь хууль зөрчсөн. Учир нь НИТХ-ын ажлын алба нь төрийн жинхэнэ алба байхаар Төрийн албаны тухай хуульд заасан байна. Иймд хуулийн холбогдох хэсгийг зөрчиж, шийдвэр гаргасан гэдгийг хэлэх нь зүйтэй.
2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр бичсэн миний өргөдөл байна. Үүний хүсэлт хэсэгт ...миний нас төрийн алба хаах дээд хэмжээг давсан байх тул ажлаас чөлөөлж өгнө үү. Төрийн албанд сүүлд ажилласан 4 жилийг тооцвол 38 жил ажилласан боловч өөрийн гэсэн гэр оронгүй, хувийн ямар нэгэн өмч хөрөнгө, эзэмшил газаргүй байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 405, 2017 оны 338 дугаар тогтоолыг үндэслэн нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгон, амьдралд минь гүн туслалцаа үзүүлнэ үү... гэж тодорхой дурдсан байгаа бөгөөд буцалтгүй тусламж олгохыг л хүсч НИТХ д ажилласан.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“ НИТХ-ын 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Хурлын ажлын албаны бүтэц, зохион байгуулалтын тухай” 2/07 дугаар тогтоолоор Ажлын албаны бүтцийг баталсан. Энэ бүтцээр иргэний оролцоо, шууд ардчиллыг хөгжүүлэх, иргэний танхимын үйл ажиллагааг тогтмолжуулахаар иргэний оролцооны хэлтэс шинээр байгуулагдсан.
Д.Х нь 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын Б/17 дугаар тушаалаар Иргэний оролцооны хэлтсийн ажилтнаар томилогдож, мөн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын Б/57 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байна.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 338 дугаар тогтоолд “, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн жинхэнэ албан хаагчийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн хэмжээг тухайн албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн сүүлийн гурван жилийн дунджаар тооцож тогтооно” гэж заасан байна.
Иймд Д.Х нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосон мөн төрийн жинхэнэ албан хаагч биш байх тул дээрх буцалтгүй тусламжийг нөхөн олгох хууль зүйн үндэслэлгүй байна.
...2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 146 дугаар тогтоолуудаар НИТХ-ын ажлын албаны бүтцийг баталсан. Энэ бүтцээр иргэний оролцоо, шууд ажилчдыг хөгжүүлэх, иргэний танхимын үйл ажиллагааг тогтворжуулахаар улс төрийн албан тушаалтнуудыг томилж ажиллуулсан Иргэний оролцооны хэлтэс гэж шинээр бий болсон. Нэхэмжлэгчийн хувьд 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын Б/17 дугаар тушаалаар Иргэний оролцооны хэлтсийн ажилтнаар томилогдож, 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын Б/57 дугаар тушаалаар, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Х нь тус шүүхэд “НИТХ-ын нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 12-ны Б/57 тоот тушаалыг хүчингүй болохыг тогтоох, НИТХ-ын ажлын албанаас төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж гаргуулан олгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс “...ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргахдаа Төрийн албаны хуульд заасан насны дээд хязгаарт хүртсэн тул Төрийн албаны хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгон ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.
Хариуцагч “...Д.Х нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосон мөн төрийн жинхэнэ албан хаагч биш байх тул дээрх буцалтгүй тусламжийг нөхөн олгох хууль зүйн үндэслэлгүй” гэж маргаж байна.
НИТХ-ын нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 12-ны Б/57 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж үзсэн болно.
Учир нь нэхэмжлэгч Д.Х НИТХ-ын нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 12-ны Б/57 тоот тушаалаар төрийн албан хаагчид олгох 1 удаагийн тэтгэмж олгоогүй талаар 2016 оны 9 дүгээр сарын 13-нд НИТХ-ын Ажлын албанд 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдөр Төрийн албаны зөвлөлд, 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр мөн НИТХ-ын Ажлын албанд хандан 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хариу авч тус шүүхэд 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Д.Х НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/17 дугаар тушаалаар НИТХ-ын ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн ажилтнаар 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилогдсон бөгөөд уг тушаалаар түүний цалинг төрийн захиргааны албан хаагчийн ТЗ-6 зэрэглэлтэй дүйцүүлж, бусад нэмэгдлийг тооцож олгохоор шийдвэрлэжээ.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар Д.Хгийн хүсэлтийг үндэслэн мөн өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон.
Нэхэмжлэгч Д.Хд Төрийн албан зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1103 дугаар албан бичгээр “...НИТХ-ын Ажлын албаны Эрх зүйн шинэтгэл, иргэний оролцооны хэлтсийн ажилтнууд Төрийн захиргааны албаны ТЗ-6 ангилалд хамаарахаар байна.” гэсэн хариу өгсөн боловч НИТХ-ын 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2/07, 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 146 дугаар тогтоолоор тус тус Хурлын ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг баталсан бөгөөд 146 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Хурлын ажлын албаны орон тоог батлахдаа Иргэний оролцооны хэлтсийн мэргэжилтнүүдийг улс төрийн албан хаагч байхаар тогтоож, цалинг ТЗ-6 ангилал, зэрэглэлтэй дүйцүүлж олгохоор шийдвэрлэжээ.
Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “Хурлын Тэргүүлэгчид ажлын албатай байх бөгөөд түүний орон тоо, цалингийн санг Төсвийн тухай хуулийн 10.1.2-т заасан тухайн жилийн төсвийн хязгаарт багтаан Тэргүүлэгчид өөрөө тогтооно.” гэж заасантай нийцэж байгаа бөгөөд нэхэмжлэгч Д.Хг ажиллаж байх хугацаанд гарсан 2015 оны гарсан 8 дугаар сарын 27-ны өдрийн 146 дугаар тогтоолыг Д.Х мэдэж байсан гэж үзэхээр байна.
Мөн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Д.Х улс төрийн албан хаагчийн 30 хувийн онцгой албаны нэмэгдэл цалин авч байсан.” гэх тайлбар нь нэхэмжлэгчийн авч байсан цалингийн хүснэгтийн “Онцгой албаны нэмэгдэл” хэсгээр нотлогдсон бөгөөд мөн үүнтэй нэхэмжлэгч маргаагүй болно.
Түүнчлэн Д.Х нь дээрх албан тушаалд томилогдохоос өмнө 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн өндөр насны тэтгэврийн хувийн хэргээр нотлогддог.
Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.” гэж,
Монгол улсын Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын /Монгол улсын Засгийн газрын 2015 оны 338 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт орж, 2019 оны 7 дугаар тогтоолоор хүчингүй болсон./ 1-д “Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө.”, 9-т “Төрийн жинхэнэ албанд хууль тогтоомжийн дагуу томилогдсон эсэхийг нь хянаж үзсэний үндсэн дээр төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудлыг шийдвэрлэнэ.” гэж тус тус зохицуулжээ.
Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд хариуцагч НИТХ-ын ажлын албанаас “... Д.Хгийн эрхэлж байсан албан тушаалыг улс төрийн албан хаагчийн ангилалд хамааруулсан тул нэг удаагийн буцалтгүй тусламж олгох боломжгүй.” гэх тайлбар үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч Д.Хгийн “НИТХ-ын нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 12-ны Б/57 тоот тушаалыг хүчингүй болохыг тогтоох, НИТХ-ын ажлын албанаас төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж гаргуулан олгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 30 дугаар зүйлийн 30.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Хгээс НИТХ-ын ажлын албанд холбогдуулан “НИТХ-ын нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 12-ны Б/57 тоот тушаалыг хүчингүй болохыг тогтоох, НИТХ-ын ажлын албанаас төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж гаргуулан олгох”-оор гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Хг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН