Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2015/0305/З |
Дугаар | 221/МА2016/0075 |
Огноо | 2016-01-22 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2016/0075
"З х" ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ж нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн 679 дүгээр шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу "З х" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 526 м.кв газрыг хог, шороо дүүрсэн гуу жалгыг өөрсдийн хүч хөдөлмөрөөр цэвэрлэн хүсэлт гаргаж, газрын төлбөрт 1400000 төгрөг төлж, эзэмших эрхтэй болсон. Гэтэл дүүргийн Засаг дарга 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/14 тоот захирамжаар эзэмших эрхгүй болгосон тул уг захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ..."З х" ХХК-д дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/429 дүгээр захирамжаар тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт "З х" ХХК-д 526 м.кв газрыг цэцэрлэгийн зориулалтаар эзэмшүүлсэн.
Ингэхдээ Газрын тухай хуулийн 33.1.2-д заасныг хэрэгжүүлээгүй, мөн төсөвт байгууллагад зайлшгүй эзэмшүүлэх байршилд /хорооны өрхийн эмнэлэг баригдах/ газар эзэмших эрхийг баталгаажуулсан тул дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/14 дүгээр хүчингүй болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн 679 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч "З х" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн А/14 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолдоо: ...Үндэслэл-1
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзэхэд Чингэлтэй дүүргийн 12 хороо, Булаг 19-918 тоотод оршин суух иргэн С.Б нь дүүргийн Засаг даргад: "12 хорооны Булгийн 19 гүний худгийн хажуу талын хашаанд цэцэрлэг барих хүсэлтэй байгаа тул тухайн газрыг олгох" тухай хүсэлтийг 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гаргасан гэх боловч энэхүү хүсэлтийг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасан журмын дагуу "газар эзэмших хүсэлт гаргасан" гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн ""З х"" ХХК нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хамаарагдах газар нутгаас ямар нэгэн газар эзэмших тухай хүсэлт гаргаагүй байхад дүүргийн Засаг дарга 2014 оны 12 сарын 10-ны өдөр А/429 дүгээр захирамжаар ""З х"" ХХК-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 32.3 дахь заалтыг зөрчсөн.
Мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/429 дүгээр захирамжийн 2 дахь заалтаар газар эзэмших эрх нь баталгаажигдсан иргэдтэй газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох асуудлыг шийдвэрлэсэн атал газар эзэмших хүсэлт гаргаагүй аж ахуйн нэгж болох ""З х"" ХХК-тай 2014 оны 12 сарын 30-нд "Газар эзэмших гэрээ" байгуулж, "Газар эзэмших эрх"-ийн 000305504 дугаар гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх заалтыг зөрчсөн.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт: "...""З х"" ХХК нь анх Газрын тухай хуульд заасан журмын дагуу хүсэлт гаргаж энэ газрыг эзэмших эрхтэй болсон, эрх бүхий захиргааны байгууллагаас газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ хийсэн зэргээс үзэхэд дүүргийн Засаг дарга нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүлээн зөвшөөрч байсан гэж үзэхээр байх бөгөөд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчин газар олгосон гэж үзвэл нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл биш юм..." гэж дүгнэж шийдвэрлэсэн нь ЗХХШТХ-ийн 70 дугаар зүйлийн 70.3-д заасан шаардлагыг хангаагүй байна.
Үндэслэл-2
Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн 2014 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд зориулан 12 дугаар хорооны 20 дугаар гудамжинд барилга байгууламж барихаар 0,1 га газар төлөвлөгдсөн ба Чингэлтэй дүүргийн ИТХ-ын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 04 тоот тогтоолоор "Дүүргийн газар зохион байгуулалтын 2014 оны төлөвлөгөө"ний хэрэгжилтийг дүгнээд дээрх газрыг 0,053 га болгон талбайн хэмжээг багасгаж 2015 оны төлөвлөгөөнд тусгасан байдаг.
Энэхүү газар нь 2014, 2015 оны дүүргийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд тусгайлан төлөвлөгдсөн тул төсвийн биш ""З х"" ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн А/429 дүгээр захирамжаа дүүргийн Засаг дарга хүчингүй болгож, 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр А/14 дүгээр захирамж гаргасан нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт нийцсэн гэж үзэж байна.
Үндэслэл-3
ЗХХШТХ-ийн 16 дугаар зүйлийн 16.2-д: "Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь захиргааны хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн төлөөлүүлж буюу өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж буй этгээд мөн" гэж заажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О нь хүндэтгэн үзэх нөхцөл байдал буюу ээлжийн амралттай байсан тул шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлтийг хариуцагч талаас гаргасан боловч шүүх хүлээж аваагүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь ЗХХШТХ-ийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан эрхийнхээ дагуу төлөөлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж "...шүүх хуралдаанд оролцох" эрхийг хязгаарлаж хууль зөрчсөн гэж үзэж байна.
Иймээс Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 679 дугаар шийдвэр нь ЗХХШТХ-ийн 70.3, ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/429 дүгээр захирамжаар тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт "З х" ХХК-д нэгж талбарын 57/5087 дугаар бүхий 526 м.кв газрыг цэцэрлэгийн зориулалтаар, 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулан гэрчилгээ олгожээ.
Харин Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/14 дүгээр захирамжаар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмшүүлсэн, уг хорооны өрхийн эмнэлэг баригдах буюу төсөвт байгууллагад зайлшгүй эзэмшүүлэх газрыг олгосон гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамжаа хүчингүй болгосон байна.
Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн 2014, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнүүдээс үзэхэд тус дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжинд 2014 онд 0.1 га, 2015 онд 0.053 га газрыг төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд цэцэрлэгийн зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөжээ.
Гэтэл төрийн болон төсөвт байгууллага бус "З х" ХХК-д газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д /энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах/-д заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн маргаан бүхий газар нь дээрх газар зохион байгуулалтын төлөвлөгөөний аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэхээр заасан хэсэгт дурдагдаагүй байна.
Иймд хариуцагч хууль зөрчиж, "З х" ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэрээ хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 61.1 дэх хэсэгтэй нийцсэн байхад анхан шатны шүүхээс газрыг хуулийн дагуу эзэмших эрхтэй болсон, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан зэргээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
Түүнчлэн анхан шатны шүүх 700 м.кв газраас илүү хэмжээтэй газар эзэмшүүлсэн тохиолдолд дуудлага худалдааны зарчмаар шийдвэрлэхээр заасан гэж Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, "З х" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн 679 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг баримтлан "З х" ХХК-ийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/14 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР