| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Наранцогт |
| Хэргийн индекс | 182/2017/01581/и |
| Дугаар | 1404 |
| Огноо | 2017-06-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 1404
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 16-р хороо, согоотын 59 гудамж, 690 тоотод оршин суух, Цорос овогт Чимэдийн Оюунбилэгийн хамтын амьдралтай байсныг тогтоолгох хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Ч.Оюунбилэг шүүхэд гаргасан хүсэлтэдээ: “Би Төмөрбаатар овогтой Гансүхтэй 2007.12.14-нд сууж хамтран амьдарч эхэлсэн. 2008.10.27-нд хүү Г.Тэмүүжинг төрүүлсэн. Тэр цагаас хойш бид хамтран амьдарч байгаад нөхөр Т.Гансүх маань 2017.04.12-нд өвчний улмаас нас барсан. Хүү Г.Тэмүүжинд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул 2007.12.14-нээс 2017.04.12 хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү. Миний бие Т.Гансүхтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан юм. Иймд намайг байлцуулахгүйгээр хэргийн материалтай танилцан шийдвэр гаргаж өгнө үү.” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ НЬ:
Ч.Оюунбилэг нь Т.Гансүхтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Ч.Оюунбилэг, Т.Гансүхтэй 2007 оны 12 дугаар сарын 14-ны өдрөөс гэр бүл болж, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамтран амьдарч байх хугацаандаа 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүү Тэмүүжинг төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, гэрч Т.Ганбатын “Дүү Гансүх нь Ч.Оюунбилэгтэй 2007 оноос эхлэн...2017.04.12 өдөр хүртэл хамтран амьдарсан юм. Энэ хугацаанд 2008.10.27-нд хүү Гансүхийн Тэмүүжин төрсөн. Одоо 9 настай. Тэд гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтын амьдралтай байсан нь үнэн...” гэх тодорхойлолт, гэрч Т.Мөнхсайханы ”Гансүх нь Ч.Оюунбилэгтэй 2007 оноос эхлэн 2017 оны 04 дүгээр сарын 12-ний өдөр хүртэл амьдарсан юм. Энэ хугацаанд 2008 оны 10 дугаар сарын 27-нд хүү Г.Тэмүүжин төрсөн. Тэд нар гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтын амьдралтай байсан нь үнэн...” гэх тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 7, 8, 9, 23 дахь тал/
Т.Гансүх нь 41 настайдаа 2017 оны 04 дүгээр сарын 12-ний өдөр нас барсан болох нь нас барсны гэрчилгээгээр тогтоогдсон байна./хх-ийн 5 дэх тал/
Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно” гэж зааснаар 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Тэмүүжинг бүртгэж Т.Гансүхээр овоглож төрсний гэрчилгээ олгож, эцгийг захиргааны журмаар тогтоосон байна./хх-ийн 9 дэх тал/
Иймд хүсэлт гаргагч Ч.Оюунбилэг нь Т.Гансүхтэй 2007 оны 12 дугаар сарын 14-ны өдрөөс гэр бүл болж, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хамтран амьдарч байсныг тогтоох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14. дэх хэсэгт зааснаар Чимэдийн Оюунбилэг нь Төмөрийн Гансүхтэй 2007 оны 12 дугаар сарын 14-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.НАРАНЦОГТ