Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/159

 

 

 

 

 

 

2022         02          08                                      2022/ШЦТ/159

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч Т.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Хд холбогдох 2106 02220 2573 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Орхон суманд 1992 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, краны механикч мэргэжилтэй, “Мах импекс” ХХК-д ачигч ажилтай, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатар хайрхны 5 дугаар гудамжны 1134 тоотод оршин суух, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1 дүгээр зүйлд зааснаар 1 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Төмөр-Очрын Х /РД /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

 

Т.Х нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатар хайрхны 1134 тоотод иргэн П.Отгонсувдтай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж хамар ясны хугарал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Хүрэлтулгын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх.07/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Отгонсувдын өгсөн: “... 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр манай найз Хонгорзулын төрсөн өдөр болж Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн шинэ эцэст байрлах гэрт нь ирж, хашаан дотор нь майхан барьж ... пиво ууж, виски задалж ... бид хоёр маргалдаж байгаад Х надад хандан “би чамайг нүцгэн байхыг чинь хармаар байна” гэж хэлсэн, тэгэхээр нь би гараараа Хүрэлтулгын нүүр орчимд 1 удаа алгадсан, тухайн үед Х миний үснээс зулгааж, миний зүүн шанаа орчимд гараараа 1 удаа цохиод намайг газар унасны дараа гараараа хамар орчимд 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.15-16/,  

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ойнбаярын өгсөн: “... би согтоод майхны хажуу талын тасалгаа хэсэгт орж унтсан. Тэгээд хүн орилох чимээ гарсан тул босоод майхны хажуу талын тасалгаанаас гарч ирээд хартал эхнэр Отгонсувдын хамраас цус гарсан байдалтай сууж байсан ба хажууд нь Хонгорзул, Х, Бүжээ нар байсан, юу болсон талаар асуухад Х манай эхнэр Отгонсувдын хамар луу цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.18/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Даваасүрэнгийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 6211 дугаартай:

“1. П.Отгонсувдын биед хамар ясны 2 хажуу хана болон хянга хэсэгт зөрүүтэй хугарал, хамарт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлдлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.26-27/,

Хохирлын баримт /хх.31-32/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.34-35/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Хүрэлтулгын яллагдагчаар өгсөн: “... Би БЗД-ийн 23 дугаар хороо, Баатар хайрхан 5 дугаар хэсэг, 1234 тоот эхнэр Хонгорзул 6 сартайгаас 13 насны 5 хүүхдийн хамт амьдардаг. 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр манай эхнэр Хонгорзулын төрсөн өдөр болж, түүний найз Отгонсувд болон түүний нөхөр Ойнбаяр нар ирж бид нар хашаанд майхан барьж ширээ засаад Сэнгүр нэртэй лаазтай пиво 1 хайрцгийг авч бид дөрөв хувааж уусан. Тэгээд би майхан дотор сууж байтал Отгонсувд надад хандаж “чи эхнэр хүүхдээ тэжээж чаддаггүй гуйлгачин” гэж доромжлоод байсан тул түүний нүүр  орчимд гараараа 1 удаа алгадсан Отгонсувдын хамраас цус гарсан... Отгонсувдад эмчилгээний зардал болох 1.200.000 төгрөг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх.41-42/,

Шүүгдэгч Т.Хүрэлтулгын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.43-55/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Т.Х нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатар хайрхны 1134 тоотод иргэн П.Отгонсувдтай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж хамар ясны хугарал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх.07/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Отгонсувдын өгсөн: “... 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ... тухайн үед Х миний үснээс зулгааж, миний зүүн шанаа орчимд гараараа 1 удаа цохиод намайг газар унасны дараа гараараа хамар орчимд 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ойнбаярын өгсөн: “... эхнэр Отгонсувдын хамраас цус гарсан байдалтай сууж байсан ба хажууд нь Хонгорзул, Х, Бүжээ нар байсан. юу болсон талаар асуухад Х манай эхнэр Отгонсувдын хамар луу цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.18/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Даваасүрэнгийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 6211 дугаартай:

“1. П.Отгонсувдын биед хамар ясны 2 хажуу хана болон хянга хэсэгт зөрүүтэй хугарал, хамарт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлдлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.26-27/,

Хохирлын баримт /хх.31-32/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.34-35/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Хүрэлтулгын яллагдагчаар өгсөн: “... Отгонсувд надад хандаж “чи эхнэр хүүхдээ тэжээж чаддаггүй гуйлгачин” гэж доромжлоод байсан тул түүний нүүр  орчимд гараараа 1 удаа алгадсан Отгонсувдын хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх.41-42/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Хүрэлтулгын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Т.Хүрэлтулгын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Хүрэлтулгыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч П.Отгонсувдын баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардлын 1.200.000 төгрөгийг шүүгдэгч Т.Х нөхөн төлсөн,  хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Т.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Т.Хүрэлтулгын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, тодорхой эрхэлсэн ажилтай, орлоготой, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Т.Хд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.Хд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ хэрэгт шүүгдэгчийг 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл цагдан хорьсон 27 хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялд тооцон эдлэх ялаас хасаж, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Т.Хд оногдуулсан торгох ялыг түүний ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан үзэж шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.11 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Боржигон овогт Төмөр-Очрын Хүрэлтулгыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Т.Хд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Т.Хүрэлтулгыг цагдан хорьсон 27 хоногийг 405 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 405.000 төгрөгөөр торгох ялд тооцон эдлэх ялаас хасаж, үлдэх 95 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 95.000 төгрөгөөр торгох ялыг биечлэн эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Хд оногдуулсан 95 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 95.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Хд сануулсугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Х нь хохирлын 1.200.000 төгрөгийг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.Отгонсувд нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР