Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/162

 

 

 

 

 

 

  2022         02          08                                   2022/ШЦТ/162

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ч.Бд холбогдох 2206 00000 0227 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймагт 1987 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрүүл ахуйч мэргэжилтэй, Арьс харшлын өвчин судлалын үндэсний төв эмнэлэгт лаборант ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 70 дугаар байрны 56 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогт Чулуунбаатарын Б /РД:../.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ч.Б нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Хавана” нэртэй караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэн үйлчлүүлж байхдаа хохирогч О.Энхцолмонгийн эзэмшлийн “Арена” брэндийн 55 инчийн зурагт руу аяга шидэж, хууль бусаар гэмтээсний улмаас хохирогч О.Энхцолмонд 779.940 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Бгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн хүлээн авсан тэмдэглэл /хх.3/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.4-7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Энхцолмонгийн өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Хавана” караокед 15 цагийн үед 12 хүн ирж 11 тоот өрөөнд орсон, тэгээд тэндээ орой болтол суусан, манайх хаах цаг болоод гар гэж хэлсэн, тэгсэн хүмүүс хоорондоо маргалдаж байгаад 23 цаг өнгөрөөгөөд гарцгаасан, тэгээд өрөөг нь ороод харсан чинь хананд тогтоосон байсан 55 инчийн “Арена” брэндийн зурагт хагалсан байсан тул тэр хүмүүсийн захиалга өгсөн 99909633 тоот дугаар руу залгахад авахгүй байсан... орой 23 цагийн үед гарахад орсон хүмүүс бүгд байсан. Тухайн үед зурагт унтраачихсан харанхуй болохоор манай ажилчид анзаараагүй гаргасан байна лээ, сүүлд манай баармен орж хараад хагарчихсан байна гэж хэлсэн... тухайн үед ачаалал ихтэй байсан болохоор шалгаж аваагүй. Манай бүх өрөөнд хяналтын камер байдаг 11 тоот өрөөнд хяналтын камер байгаа, хэн хагалж байгаа нь бичлэгт харагдаж байгаа, 1.800.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх.10-13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ч.Бгийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... дээрх камерын бичлэг дээр ширээн дээр байсан стакан шидэж зурагт оносон хар даашинзтай эмэгтэй нь би өөрөө байна...” гэх мэдүүлэг /хх.15, 30/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Алтантуяагийн өгсөн: “... би 2021 оны 12 дугаар сарын 17-ны оройн 18:00 цагийн үед ажлын хамт олон болоод найзуудын хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, “Хавана” нэртэй караокед орсон. Тухайн газарт ороод ууж идсэн, дараа нь караокед дуулсан ба оройн 23:00 цаг хүртэл байж байгаад гарцгаасан юм. Тухайн үед Минжбадрах болон Б нар хоорондоо маргалдаад л өнгөрсөн...” гэх мэдүүлэг /хх.16-17/,

“Дамно” ХХК-н 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн БЗД2-22-37 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.19-20/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.26-27/,

Шүүгдэгч Ч.Бгийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.31-35/,

Хохирогч О.Энхцолмонгийн гомдолгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.40/,

Шүүгдэгч Ч.Бгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.39/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.42/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ч.Б нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Хавана” нэртэй караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэн үйлчлүүлж байхдаа хохирогч О.Энхцолмонгийн эзэмшлийн “Арена” брэндийн 55 инчийн зурагт руу аяга шидэж, хууль бусаар гэмтээсний улмаас хохирогч О.Энхцолмонд 779.940 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн хүлээн авсан тэмдэглэл /хх.3/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.4-7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Энхцолмонгийн өгсөн: “... 11 тоот өрөөнд хяналтын камер байгаа, хэн хагалж байгаа нь бичлэгт харагдаж байгаа...” гэх мэдүүлэг /хх.10-13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ч.Бгийн яллагдагчаар өгсөн: “... дээрх камерын бичлэг дээр ширээн дээр байсан стакан шидэж зурагт оносон хар даашинзтай эмэгтэй нь би өөрөө байна...” гэх мэдүүлэг /хх.15, 30/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Алтантуяагийн өгсөн: “... Тухайн үед Минжбадрах болон Б нар хоорондоо маргалдаад л өнгөрсөн...” гэх мэдүүлэг /хх.16-17/,

“Дамно” ХХК-н 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн БЗД2-22-37 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.19-20/,

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Бгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Ч.Бгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, түүнийг гэм буруутайд тооцуулж, ялаас чөлөөлүүлэх саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ч.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын ялаас чөлөөлөх талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

          Иймд шүүгдэгч Ч.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч О.Энхцолмонгийн баримтаар нэхэмжилсэн 780.000 төгрөгийг шүүгдэгч  Ч.Б нь нөхөн төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй  гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “1.Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно: 1.1.энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх ...” гэж заасан тус тус байна.

Иймд Ч.Бгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас шүүгдэгчийг чөлөөлөхөөр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Бд ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Чулуунбаатарын Бг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан, шүүгдэгч Ч.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

          3. Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирлын 780.000 төгрөгийг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Энхцолмон нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй  гэсэн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

          5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР