Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/179

 

 

 

 

 

 

2022         02          10                                      2022/ШЦТ/179

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Ж.Энхжаргал,

Шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Т.Ариунболд /ҮД:3653/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эрдэнэбодид холбогдох 2106 04079 0021 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Норовлин суманд 1999 оны 03 дугаар сарын 05-нд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг, Дэнжийн 10 дугаар гудамжны 04 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Харгана овогт Эрдэнэбатын Э /РД: /,

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Э.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 02 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овооны замд Тоёота приус-20 загварын 85-42 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас урдаа явсан Б.Ариунзул жолоочтой Тоёота приус-30 загварын 71-01 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж зорчигч Б.Мөнхгэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Тоёота приус-30 загварын 71-01 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Б.Ариунзулд шууд зардлын дүнгээр 6.360.000 төгрөгийн, нийт 7.100.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эрдэнэбодийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2-3/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.4/,

Зам тээврийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх.5-6/,

“Ашид билгүүн” ХХК-н хохирлын үнэлгээний тайлан /хх.22-26, 97-98/,

Иргэний нэхэмжлэгч Б.Ариунзулын бичгээр гаргасан тайлбар /хх.27/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Бадралын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11398 дугаартай дүгнэлт  /хх.41/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Бадралын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11396 дугаартай:

Б.Мөнхгэрэлийн биед зүүн хацар ясны нум, зүүн гайморовын хөндийн урд гадна, зүүн нүдний ухархайн доод, гадна хананы цөмөрсөн нийлмэл хугарал, зүүн нүдний алимын салстад цус харвалт, зовхи, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.42-43/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мөнхгэрэлийн өгсөн: “... Э хот руу явна гээд Тоёота Приус маркийн 85-42 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхаар нь ээж бид хоёр машинд суугаад Улаанбаатар хот руу Хэнтий аймгийн төвөөс орой нар жаргаад харанхуй болсон байх үед хөдөлсөн юм. Тэгээд бид нар явсаар байгаад Улаанбаатар хот руу шөнө 02 цаг 30 минутын үед орж ирээд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овооны замд явж байсан чинь гэнэт зам тээврийн осол гарсан... Надад тухайн зам тээврийн ослын улмаас 1.738.900 төгрөгийн баримт байгаа бөгөөд жолооч Э бүрэн төлж барагдуулсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.15, 57-58/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Ариунзулын өгсөн: “... Би өөрийн эзэмшлийн 71-01 УАС улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй 2021 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө 02 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овооны замд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй ойролцоогоор 40-50 км/цагийн хурдтай явж байх үед миний ард явж байсан 85-42 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан юм. Тухайн ослын улмаас миний биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй...85-42 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх.70/,

Ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Мандахын гаргасан:

“1. Тоёота Приүс-20 маркийн 85-42 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Эрдэнэбатын Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Зорчигч Баярсайханы Мөнхгэрэл нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна.

3. Тоёота Приүс-30 маркийн 71-01 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна.

4. Жолооч Эрдэнэбатын Э нь Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэснийг зөрчсөн нь зам тээврийн ослын үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна.

5. Магадалгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдогч Э.Э, хохирогч Б.Мөнхгэрэл нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов...” гэх магадалгаа /хх.102-103/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.107-108/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Эрдэнэбодийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Би 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр би Хэнтий аймгийн төвөөс Улаанбаатар хот руу явах гэж байх үед миний 98161615 дугаарын утас руу 98991131 дугаарын утаснаас манай нутгийн зүс таних эгч Бямбаа гэх хүн над руу залгаад “Улаанбаатар хот руу явах гэсэн юм, манай охин бид хоёр суугаад явах боломж байна уу” гэж надаас асуухаар нь би “тэг тэг” гэж хэлээд ээжийн 85-42 УБК улсын дугаартай Тоёота Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэлд суулгаад Улаанбаатар хот руу Хэнтий аймгаас орой 20 цаг 30 минутын үед хөдөлсөн юм. Тэгээд бид нар явсаар байгаад Улаанбаатар хотод шөнийн 02 цаг 30 минутын үед орж ирээд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овооны замд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй ойролцоогоор 50-60 км цагийн хурдтай явж байх үед эхний хурд сааруулагч өнгөрөөд дараагийн хурд сааруулагч ойролцоо ирэх үедээ би дахиад хурд сааруулагч байгааг мэдээгүй юм. Тэр үед миний урд явж байсан 71-01 УАС улсын дугаартай Тоёота Приүс-30 маркийн тээврийн хэрэгсэл хурдаа хасах үед би өөрийн тээврийн хэрэгслийг зогсоож чадалгүй хойд хэсгээс нь мөргөж зам тээврийн осол гаргасан юм. Тэгээд урд талын машины жолооч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан... Би осол гарах үед зогсоох арга хэмжээ авсан боловч урдаа явсан тээврийн хэрэгсэлтэй ойрхон явсан болохоор зогсож амжаагүй юм. Би ослын улмаас эрүүл мэндээр хохирсон Б.Мөнхгэрэл болон түүний ээж Бямбаа гэх хүнд эмчилгээний зардал мөнгийг бүгдийг төлж барагдуулсан. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Харамсаж байна... гэх мэдүүлэг /хх.13, 110-113/,

Хохирлын баримтууд /хх.61-66/,

Прокурорын яллах дүгнэлтийн хавсралт /хх.126/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.66-85, 121-123, шинээр гаргасан 71 хуудас/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Э.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 02 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овооны замд Тоёота приус-20 загварын 85-42 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас урдаа явсан Б.Ариунзул жолоочтой Тоёота приус-30 загварын 71-01 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж зорчигч Б.Мөнхгэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Тоёота приус-30 загварын Рrius-30 маркийн 71-01 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Б.Ариунзулд шууд зардлын дүнгээр 6.360.000 төгрөгийн, нийт 7.100.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2-3/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.4/,

Зам тээврийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх.5-6/,

“Ашид билгүүн” ХХК-н хохирлын үнэлгээний тайлан /хх.22-26, 97-98/,

Иргэний нэхэмжлэгч Б.Ариунзулын бичгээр гаргасан тайлбар /хх.27/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Бадралын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11396 дугаартай:

Б.Мөнхгэрэлийн биед зүүн хацар ясны нум, зүүн гайморовын хөндийн урд гадна, зүүн нүдний ухархайн доод, гадна хананы цөмөрсөн нийлмэл хугарал, зүүн нүдний алимын салстад цус харвалт, зовхи, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.42-43/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мөнхгэрэлийн өгсөн: “... Э хот руу явна гээд Тоёота Приус маркийн 85-42 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхаар нь ээж бид хоёр машинд суугаад Улаанбаатар хот руу Хэнтий аймгийн төвөөс орой нар жаргаад харанхуй болсон байх үед хөдөлсөн юм. Тэгээд бид нар явсаар байгаад Улаанбаатар хот руу шөнө 02 цаг 30 минутын үед орж ирээд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овооны замд явж байсан чинь гэнэт зам тээврийн осол гарсан...” гэх мэдүүлэг /хх.57-58/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Ариунзулын өгсөн: “... Би өөрийн эзэмшлийн 71-01 УАС улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй 2021 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө 02 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овооны замд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй ойролцоогоор 40-50 км/цагийн хурдтай явж байх үед миний ард явж байсан 85-42 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан юм...” гэх мэдүүлэг /хх.70/,

Ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Мандахын гаргасан:

“1. Тоёота Приүс-20 маркийн 85-42 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Эрдэнэбатын Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Зорчигч Баярсайханы Мөнхгэрэл нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна.

3. Тоёота Приүс-30 маркийн 71-01 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна.

4. Жолооч Эрдэнэбатын Э нь Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэснийг зөрчсөн нь зам тээврийн ослын үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна.

5. Магадалгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдогч Э.Э, хохирогч Б.Мөнхгэрэл нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов...” гэх магадалгаа /хх.102-103/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Эрдэнэбодийн яллагдагчаар өгсөн: “... миний урд явж байсан 71-01 УАС улсын дугаартай Тоёота Приүс-30 маркийн тээврийн хэрэгсэл хурдаа хасах үед би өөрийн тээврийн хэрэгслийг зогсоож чадалгүй хойд хэсгээс нь мөргөж зам тээврийн осол гаргасан юм... Би осол гарах үед зогсоох арга хэмжээ авсан боловч урдаа явсан тээврийн хэрэгсэлтэй ойрхон явсан болохоор зогсож амжаагүй юм... гэх мэдүүлэг /хх.112-113/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эрдэнэбодийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Э.Эрдэнэбодийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Эрдэнэбодийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Б.Мөнхгэрэлийн баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардлын 1.738.900 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Ариунзулын нэхэмжилсэн 7.100.000 төгрөгийг шүүгдэгч Э.Э нь тус тус нөхөн төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Гэвч хохирогч Б.Мөнхгэрэл нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Эрдэнэбодиос жич нэхэмжлэх эрхтэй юм.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Иймд Э.Эрдэнэбодид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.Эрдэнэбодийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Э.Эрдэнэбодид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Э.Эрдэнэбодид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж, мөн зүйлийн 1.2 дахь заалтад “бусдад учруулсан бодит хохирлыг төлсөн” гэж тус тус заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Э.Эрдэнэбодид оногдуулсан 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Э.Эрдэнэбодид торгох ялын доод хэмжээг оногдуулахыг түүний өмгөөлөгч хүсэж байх боловч уг гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг зэргээс үзэхэд дээрх хүсэлтийг хангах шаардлагагүй гэж үзлээ.

          Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди нэг ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээн, хэрэгт хавсаргаж ирүүлсэн жолоочийн үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олговол зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Харгана овогт Эрдэнэбатын Эрдэнэбодийг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэбодид 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Эрдэнэбодид оногдуулсан нийт 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Эрдэнэбодид сануулсугай.

          5. Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1.738.900 төгрөг, иргэний нэхэмжлэгчид 7.100.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди нэг ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

          7. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн В ангиллын жолоочийн 1281227 дугаартай үнэмлэхийг шүүгдэгч Э.Эрдэнэбодид буцаан олгосугай.

          8. Хохирогч Б.Мөнхгэрэл нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Эрдэнэбодиос жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

          10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Эрдэнэбодид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР