Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/194

 

 

 

 

 

 

2022         02          11                                      2022/ШЦТ/194

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

Улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

Шүүгдэгч Ц.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.Жд холбогдох 2103 00402 0051 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 11-нд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй Дотоод хэргийн их сургуулийн Хангалт үйлчилгээний газрын Авто техникийн албаны жолооч ажилтай, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны 2-51 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Чонос овогт Цогтгэрэлийн Ж /РД /

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ц.Ж нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны шөнийн 00 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Их засаг их сургуулийн урд замд Т.НР-В маркийн 13-38 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно, а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”. 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Тоёота приус маркийн 31-80 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, уг тээврийн хэрэгслийн жолооч Х.Батчулууны эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Жгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.01/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх.04-11/,

Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх.13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч О.Дөлгөөнтамирын өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө найзуудтайгаа заал аваад 00 цагийн үед тараад гэртэй харих зорилгоор Наранбаярын хамт найз Батчулууны Т.приус маркийн автомашинд суугаад зүүнээс баруун тийш чиглэлд явж байсан. Би жолоочийн хажуу талд, Наранбаяр хойно суугаад явж байсан. Зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байтал гэнэт араас түс, тас хийх чимээ гараад машины араас машин мөргөөд зогссон. Би машинаас буугаад түргэн дуудаад цагдаад дуудлага өгсөн... эмчилгээний зардалд 300.000 төгрөг гаргаж өгсөн... надад нэхэмжлэх санал гомдол байхгүй...гэх мэдүүлэг /хх.15-17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Наранбаярын өгсөн: “... Дөлгөөнтамирын хамт найз Батчулууны Т.приус маркийн машинд суугаад Их Засаг их сургуулийн урд замаар зүүнээс баруун тийш чиглэлд явж байсан. Би жолоочийн хойно суугаад явж байсан. Зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байсан. Би нэг сэргэхэд цагдаа, эмнэлгийн автомашин ирчихсэн байсан. Би яг юу болсныг мэдэхгүй байна. Нөгөө машины араас мөргөсөн жолооч согтуу байсан. Тэр жолооч ганцаараа явсан гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх.20/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 862 дугаартай:

“1. Х.Батчулууны биед ууцны 5 дугаар нугалмын хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.56-57/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Батчулууны өгсөн: “... Миний төрсөн эгч Х.Чулуунцэцэгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Миний бие тэр өдөр зааланд тоглохоор явахдаа эгчээсээ гуйж унаад явсан юм... Эд зүйлийн үнэлгээгээр машинд нийт 7.125.000 төгрөгийн эвдрэл гэмтэл учирсан, миний эмчилгээнд 1.500.000 төгрөг гарсан байгаа. Ингээд осол гаргасан Ц.Ж нь нийт 8.625.000 төгрөгийг дансаар болон бэлнээр өгсөн. Одоо бол надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.74-77/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Х.Чулуунцэцэгийн өгсөн: “... Тоёота приус маркийн 31-80 УНӨ улсын дугаартай авто машиныг 2021 оны 08 дугаар сард хувь хүнээс 11.000.000 төгрөгөөр худалдаж авсан... Машинд учирсан нийт 7.125.000 төгрөгийн хохирлыг Ц.Ж гэх хүнээс төлж барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх.78-81/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Амардэлгэрийн өгсөн: “... тус машиныг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот техникийн захаас 4.000.000 төгрөгт худалдаж авч байсан. Би тус машиныг 3.500.000 үнэлнэ... 2021 оны 06 дугаар сард Сүхбаатар аймагт үзлэг оношилгоондоо ороод тэнцсэн машин байгаа юм... Би өөрийнхөө хүүгээс тус машинд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг /хх.83-85/,

Мөрдөгчийн магадалгаа /хх.93-95/,

Шүүгдэгч Ц.Жгийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.35-41/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ц.Ж нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны шөнийн 00 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Их засаг их сургуулийн урд замд Т.НР-В маркийн 13-38 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно, а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”. 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Тоёота приус маркийн 31-80 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, уг тээврийн хэрэгслийн жолооч Х.Батчулууны эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.01/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх.04-11/,

Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх.13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч О.Дөлгөөнтамирын өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө найзуудтайгаа заал аваад 00 цагийн үед тараад гэртэй харих зорилгоор Наранбаярын хамт найз Батчулууны Т.приус маркийн автомашинд суугаад зүүнээс баруун тийш чиглэлд явж байсан. Би жолоочийн хажуу талд, Наранбаяр хойно суугаад явж байсан. Зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байтал гэнэт араас түс, тас хийх чимээ гараад машины араас машин мөргөөд зогссон...гэх мэдүүлэг /хх.15-17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Наранбаярын өгсөн: “... Дөлгөөнтамирын хамт найз Батчулууны Т.приус маркийн машинд суугаад Их Засаг их сургуулийн урд замаар зүүнээс баруун тийш чиглэлд явж байсан. Би жолоочийн хойно суугаад явж байсан. Зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байсан. Би нэг сэргэхэд цагдаа, эмнэлгийн автомашин ирчихсэн байсан. Би яг юу болсныг мэдэхгүй байна. Нөгөө машины араас мөргөсөн жолооч согтуу байсан...гэх мэдүүлэг /хх.20/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 862 дугаартай:

“1. Х.Батчулууны биед ууцны 5 дугаар нугалмын хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.56-57/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Батчулууны өгсөн: “... Миний төрсөн эгч Х.Чулуунцэцэгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Миний бие тэр өдөр зааланд тоглохоор явахдаа эгчээсээ гуйж унаад явсан юм...” гэх мэдүүлэг /хх.74-77/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Х.Чулуунцэцэгийн өгсөн: “... Тоёота приус маркийн 31-80 УНӨ улсын дугаартай авто машиныг 2021 оны 08 дугаар сард хувь хүнээс 11.000.000 төгрөгөөр худалдаж авсан... Машинд учирсан нийт 7.125.000 төгрөгийн хохирлыг Ц.Ж гэх хүнээс төлж барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх.78-81/,

Мөрдөгчийн магадалгаа /хх.93-95/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Жгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Ц.Жгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Ц.Жг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Ц.Жгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Ц.Жг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Ц.Ж нь хохирогч Х.Батчулуунд эмчилгээний зардлын 8.625.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Х.Чулуунцэцэгт 7.125.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч О.Дөлгөөнтамирт 300.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн байх бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Гэвч хохирогч Х.Батчулуун нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ц.Жгаас жич нэхэмжлэх эрхтэй юм.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Ц.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Ц.Жгийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авахаар шийдвэрлэв.

Ц.Жд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ц.Жд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл шинээр гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Ц.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Чонос овогт Цогтгэрэлийн Жг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Жд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтыг тус тус баримтлан, шүүгдэгч Ц.Жд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Жд сануулсугай.

5. Шүүгдэгч Ц.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Хохирогч Х.Батчулуун нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ц.Жгаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР