Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2019/00826

 

Ц.М, М.Тнарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/03714 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 268 дугаар магадлалтай,

Ц.М, М.Тнарын нэхэмжлэлтэй

Б.М, “Х Б”ХХК-д  холбогдох

Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ц.М, түүний өмгөөлөгч О.Батцэцэг нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, Б.Энхмандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.М миний бие хүү М.Ты хамт Баянгол дүүрэг 19 дүгээр хороо хд 84 дүгээр байр 5 тоот орон сууцыг өмчилдөг. Орон сууцыг А.Бт 15 000 000 төгрөгийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн. 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн тойргийн нотариатч Б.М дээр очиж А.Бын заавраар Л.Дд итгэмжлэл хийж өгсөн. Итгэмжлэл хийх үед Л.Д ирээгүй. А.Б нь Дагвааг дагуулж ирсэн, нотариатч үүнийг мэдсэн мөртлөө Л.Дыг байлцуулалгүй итгэмжлэл хийсэн. Л.Дын гарын үсэг зурах хэсэгт би гарын үсэг зурсан. Завхан аймгийн Хас банкны салбараас А.Б, Л.Д нар 40 000 000 төгрөгийн зээл авсанг дараа нь мэдсэн. Энэ хүмүүст 15 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн болохоос 40 000 000 төгрөгийн барьцаанд орон сууцыг барьцаалахыг зөвшөөрөөгүй. Мөн итгэмжлэлд 40 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж болно гэж заагаагүй байхад байрыг хэт өндөр зээлийн төлбөрт барьцаалсан. Нотариатын тухай хуулийн 19.3-т иргэн хуулийн этгээдээс эрхээ хэрэгжүүлэх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахад нь үйлчлэх тэдний эрх, үүргийг нь тайлбарлан өгч, нотариатын үйлдэл хийснээс үүдэн гарах үр дагаврыг урьдчилан сануулж зөвлөгөө өгөх, 19.4-т нотариатаар гэрчлүүлэх баримт бичгийн үнэн зөв эсэхийг хянах чиг үүрэг, ХЗДХС-ын 2003 оны 216 дугаар тушаалын хавсралтаар баталсан Нотариатын үйлдэл эрхлэн хийх зааврын 4.2.1-т заасны дагуу итгэмжлэлд түүнийг олгогчийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, хаяг, итгэмжлэгдсэн этгээдийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, хаяг, ямар тодорхой үйлдэл хийх эрх олгож байгаа зэргийг дэлгэрэнгүй бичнэ гэж заасныг хэрэгжүүлээгүй. Иймд 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хийгдсэн итгэмжлэл, түүнийг батлах үйл ажиллагаа нь Нотариатын тухай хуульд заасан журмын дагуу хийгдээгүй, хууль зөрчиж хийгдсэн гэж үзэж байна. Бид Л.Дд орон сууцыг 40 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавих эрх олгоогүй, итгэмжлэлд тэгж заагаагүй байхад Л.Д нь “Х Б”ХХК-тай төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс баталгаат ипотекийн гэрээг байгуулсан. “Х Б”ХХК нь төлөөлөх бүрэн эрхгүй этгээдтэй хэлцэл хийж байгаагаа мэдэх бүрэн боломжтой атал Л.Дтай баталгаат ипотекийн гэрээ байгуулсан тул Иргэний хуулийн 69.2, 56.1.1, 56.1.8-т заасны дагуу баталгаат ипотекийн гэрээг хүчингүй болгох нэг үндэслэл нь юм. Баталгаат ипотекийн гэрээний 4.2.1-т үндсэн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэл банкны зөвшөөрөлгүй барьцаа хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх, өвлүүлэх, бусад байдлаар шилжүүлэх, давхар барьцаалуулах зориулалтын бусаар ашиглах эрхгүй гэж заасан нь Иргэний хууль тогтоомжийг зөрчиж байх тул Иргэний хуулийн 171.1 дэх хэсэгт зааснаар уг хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Мөн ипотекийн гэрээнд төлөөлүүлэгчийн нэр, оршин суугаа газрыг заагаагүй байх тул баталгаат ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагыг хангаагүй байна. Завхан аймгийн сум дундын 12 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 191 тоот шийдвэрээр Л.Д, А.Б нараас 52 774 228 төгрөг гаргуулж Хас банкны Завхан салбарт олгохоор шийдвэрлэсэн. Төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт заагаагүй тул шүүхийн шийдвэрээр барьцаа хөрөнгөөр 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 191 тоот шийдвэрийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож зогсоосон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх албанаас Ц.М надад ирүүлсэн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 4/1566 тоот албан бичигт төлбөр төлөгч Л.Д, А.Б нарын зээлийн үүрэгт барьцаалсан таны дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнд явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 181/ШШ2017/02158 шийдвэрээр хүчингүйд тооцсон тул төлбөр төлөгчдийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосон гэж заасан. Мөн Л.Д банкнаас зээл авсны дараа 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээл төлж барагдуулах баталгаа гаргасан бөгөөд уг бичигтээ миний бие Л.Д нь иргэн Ц.М, М.Тнарын Баянгол дүүрэг 19 дүгээр хороо хд 84 дүгээр байр 5 тоот 2 өрөө байрыг 2013 оны 4 дүгээр сарын 03-нд итгэмжлэхээр 1-3 жилийн хугацаатай төлж барагдуулахаар Хас банкны 40 000 000 төгрөгийг зээлд тавьсан. Зээлийг өөрийн биеэр бүрэн төлж барагдуулахаа батламжилж байна гэсэн. Иймд “Х Б”ХХК, Л.Д, А.Б нарын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний төлбөрийг барьцаа хөрөнгөөр бус Л.Д, А.Б нараас гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөн Л.Д зээлээ төлөх бичиг хийж өгсөн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдээгүй, Л.Д хаягтаа байхгүй түүнийг шийдвэр гүйцэтгэлийн газраас эрэн сурвалжилж байгаа. Дээрх үндэслэлээр М.Тбид хоёр 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Х Б”ХХК-д бидний үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх шаардлагыг хүргүүлсэн. Иймд 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хийгдсэн итгэмжлэл нь Нотариатын тухай хуульд заасан журмын дагуу хийгдээгүй тул 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн итгэмжлэл, итгэмжлэлийг баталсан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, Л.Д, “Х Б”ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 1690001118-1 дугаартай баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол хд 84 дүгээр байр 5 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг “Х Б”ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотариатч Б.М би 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Ц.М, М.Тнараас Л.Дд өөрсдийн 2 хүний өмчлөлийн Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол хд 84 дүгээр байр 5 тоот 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих, төлөөлж гэрээ байгуулах, гарын үсэг зурах, барьцаалбар үйлдэх, гарын үсэг зурах, лавлагаа авах зэрэг эрхийг олгосон итгэмжлэлийг гэрчилсэн. Итгэмжлэлийг гэрчлэхэд Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйл, Нотариатын үйлдэл хийх зааврын 7 дахь хэсгийг үндэслэж нотариатын үйлдэл хийдэг. Нотариатч итгэмжлэлийг гэрчлэхэд төлөөлүүлэгчийг заавал биеэр байлцуулах бөгөөд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-т заасны дагуу Ц.М итгэмжлэлд гарын үсэг зурсан байна. Итгэмжлэл нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл. Орон сууцны хамтран өмчлөгч нь насанд хүрээгүй этгээд байсан тул Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар М.Ты эх Ц.М төлөөлж гарын үсэг зурсан. Итгэмжлэлийг гэрчлэхэд зөвхөн төлөөлүүлэгчийн хүсэл зоригийг нотариатч гэрчилдэг бөгөөд төлөөлөгч биеэр байлцах шаардлагагүй, төлөөлөгч итгэмжлэлийг хүлээн авснаар эрхээ хэрэгжүүлэх эсэхээ өөрөө шийддэг, эрхээ хэрэгжүүлснээр үүсэх үр дагавар нь төлөөлүүлэгчид бий болдог. Төлөөлүүлэгч хаана амьдарч байгаа, гадаадад ч амьдарч байж болох хэнээр ч төлөөлүүлж эрхээ хэрэгжүүлж болох бөгөөд энэ нь төлөөлүүлэгчийн өөрийн сонголт учир нотариатч хэнд ямар эрхээ өгч байгаад нь хязгаарлалт тавьж болохгүй. Нотариатын үйлдэл хийлгэж байгаа этгээдэд нотариатч үйлдлийн үр дагаврыг тухай бүрд нь тайлбарлаж өгдөг. Ц.М итгэмжлэлийг зөвшөөрч, хүсэл зоригоо илэрхийлж итгэмжлэлийг гэрчлүүлсэн байх бөгөөд энэ нь өөрийнх нь гарын үсгээ зурж зөвшөөрсний дагуу хаанаас ч хэдэн ч төгрөгийн зээл авах боломжтой байхаар эрхээ өгсөн байна. Итгэмжлэлд орон сууцыг зээлийн барьцаанд тавих, төлөөлж гэрээ байгуулах, гарын үсэг зурах, барьцаалбар үйлдэх, гарын үсэг зурах лавлагаа авах гэж төлөөлүүлэгчийн эрхийг тодорхой бичсэн байна. М.Тнь Ц.Мгийн өөрийг нь төлөөлөн эрх олгосон үйлдлийг хууль бус гэж үзэж байвал Ц.Мгаас нэхэмжлэх эрхтэй. Иргэний хуулийн 64.2-т бичгээр олгосон итгэмжлэл дараах шаардлагыг хангасан байвал зохино гээд 64.2.1-т итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх гэсний дагуу итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх шаардлагыг хангаж итгэмжлэлийг гэрчилсэн. Хуульд төлөөлөгч төлөөлүүлэгч хоёулаа заавал биеэр байлцаж итгэмжлэлийг гэрчлүүлэх тухай заагаагүй. Итгэмжлэл үйлдэхэд төлөөлөгч заавал биеэр нотариатч дээр ирэх шаардлагагүй, төлөөлүүлэгч хаана байгаа, хэнээр ч төлөөлүүлэх эрхтэй. Итгэмжлэл нь төлөөлүүлэгчийн хүсэл зоригийг илэрхийлж эрхээ олгож байгаа баримт болохоос талууд биеэр байлцаж хийгддэг гэрээ биш. Гэрээ гэрчлэхэд тавигдах шаардлага итгэмжлэл гэрчлэхэд хамаарахгүй. Итгэмжлэлд үнийн дүнг тодорхой заах гэдгийг тайлбарлаж өгөөгүй гэж байна. Итгэмжлэл хийхдээ төлөөлүүлэгчээс барьцаалбарыг хэдэн төгрөгийг барьцаанд тавих, ямар банкнаас зээл авч байгаа вэ гэдгийг заавал асуудаг. Тэр бол зуршил болсон зүйл. Хэрвээ энэ хүн итгэмжлэлдээ орон сууцаа 15 000 000 төгрөгийн барьцаанд тавихыг зөвшөөрч байна, ийм эрхийг өгнө гэж байхад нь нотариатч тийм юм байдаггүй юм гэсэн утгатай зүйл тайлбартаа бичсэн байсан. Хүнийг тэгж гүтгэж болохгүй. 15 000 000 төгрөгийн барьцаанд тавина гэж байхад нь би тийм юм байхгүй чи зөвхөн зээлийн барьцаанд тавина гэж бич гэж хэлэхгүй. Тэгээд ч итгэмжлэлд заавал зээлийн хэмжээг тавих хуулийн заалт байхгүй. Өөрөөр хэлбэл нотариатч заавал зээлийн хэмжээ, банкийг бич гэж шаардахгүй. Ц.Мгийн бичсэн итгэмжлэлийг л гэрчилсэн. Нэхэмжлэгч тал Нотариатын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4-т зааснаар нотариатын үйлдэл хийснээс үүдэн гарах үр дагаврыг сануулж, зөвлөгөө өгөх, ямар тодорхой үйлдэл хийх эрх олгож байгааг дэлгэрэнгүй бичнэ гэдгийг хэрэгжүүлээгүйгээс бидний эрх ашиг зөрчигдөж байна гэсэн. Гэтэл Нотариатын тухай хуулийн 19.3, 19.4 гэсэн заалт байхгүй. Одоо мөрдөгдөж байгаа Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т итгэмжлэлд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр хаяг, итгэмжлэл олгосон он сар өдөр, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичнэ гэж заасан. Энэ итгэмжлэлээр орон сууцыг барьцаалуулах эрхийг олгосон. Тодорхой бичнэ гэдэг нь энэ орон сууцыг барьцаалах юм уу, худалдах юм уу, бэлэглэх юм уу гэдгийг тодорхой бичнэ гэж байгаа болохоос биш барьцаалах гэдэг дээр заавал тэдэн төгрөгт барьцаална гэж бичсэнээр тодорхой болохгүй. Зээлийн барьцаанд тавихад энэ хүн төлөөлж өмнөөс чинь гэрээ байгуулна, гэрээнд гарын үсэг зурна гэдгийг тодорхой тайлбарлаж өгсөн. Итгэмжлэлээ өөрийн сайн дурын үндсэн дээр үйлдээд гарын үсэг зурж гэрчлүүлсэн. Барьцаалбар үйлдэх эрхийг олгосон нь итгэмжлэлд барьцаалбар үйлдэх, гарын үсэг зурах гээд шууд утгаар маш ойлгомжтой тусгаж эрхээ өгсөн байгаагаар нэхэмжлэлийн шаардлагуудыг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч “Х Б”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Танх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ би 2013 онд 17 настай насанд хүрээгүй байхад ээж Л.Д гэх хүнд миний зөвшөөрөлгүйгээр итгэмжлэл олгосноос болж эрх ашиг зөрчигдөж байна. Итгэмжлэл хийхдээ миний зөвшөөрлийг заавал авсан байх ёстой гэдэг үндэслэлийг тавьдаг. Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээдийг түүний хууль ёсны төлөөлөгч төлөөлөх бөгөөд итгэмжлэлд гэр бүлийн гишүүн болох М.Тыг төлөөлж түүний эх Ц.М итгэмжлэл олгож, үйлдэл хийхийг зөвшөөрсөн нь М.Ты зөвшөөрлийг бичгээр авсан гэж үзэх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл гэж үзэхээргүй байна. Ц.М, М.Тнар нь өөрийн хүсэл зоригийг илэрхийлж 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр өөрсдийн өмчлөлийн Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол хд 84 дүгээр байр 5 тоот хаягт байршилтай 48 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих, төлөөлж гэрээ байгуулах, гарын үсэг зурах, барьцаалбар үйлдэх, гарын үсэг зурах, лавлагаа авах бүрэн эрхийг Л.Дд олгосны дагуу банк Ц.М, М.Тнарын нэрийн өмнөөс төлөөлөгч Л.Дтай 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 1690001118-1 тоот баталгаат ипотекийн гэрээг байгуулсан. Ц.М, М.Тнараас олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан бөгөөд хөрөнгийн өмчлөгч буюу төлөөлүүлэгч нар нь итгэмжлэлд гарын үсэг зурж Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.3 дахь заалтад заасны дагуу өөрсдийн хүсэл зоригийн илэрхийллийг бичгээр илэрхийлж Л.Дд дээр дурдсан бүрэн эрхийг олгож нотариатаар гэрчлүүлсэн. Өөрөөр хэлбэл хуульд заасан зохих журмын дагуу хуулийн шаардлага хангасан итгэмжлэлээр Л.Дд бүрэн эрх олгогдсон байх тул түүнийг бүрэн эрхгүй этгээд гэж үзэн, бүрэн эрхгүй этгээдтэй хийсэн хэлцэл хийснээ мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж үзэх боломжгүй юм. Барьцааны гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлага гаргасан боловч талуудын хооронд байгуулагдсан баталгаат ипотекийн гэрээгээр зөвхөн Ц.Мгийн орон сууцыг барьцаалаагүй. Үүнээс гадна дахиад 2 хөрөнгө барьцаалсан тул гуравдагч этгээдийн өмнөөс гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж байгаа тохиолдолд талууд нотариатаар хүсвэл гэрчлүүлж болно. Хөдлөх эд хөрөнгийг барьцаалж байгаа тохиолдолд заавал тухайн орон нутгийн нотариатаар гэрчлүүлэх ёстой гэх хууль зүйн шаардлага байхгүй. Сүүлд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулахдаа Л.Д нь 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Х Б”ХХК-иас авсан зээл болох 40 000 000 төгрөгийг гаргаж өгнө гэж баталгаа бичиж өгсөн талаар тайлбарладаг. Үүнээс харвал Ц.М итгэмжлэл олгосны дараа орон сууцыг 40 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавихыг мэдэж байсан. Банкны зүгээс хөөн хэлэлцэх хугацаа яригдах ёстой гэж үздэг. Өөрөөр хэлбэл 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн орон сууцыг 40 000 000 төгрөгийн барьцаанд банканд тавьсныг мэдэж байсан мөртлөө өнөөдөр мэдэж байгаа юм шиг тайлбарлаж байна. Банк итгэмжлэлийг үндэслэн Ц.Мгийн өмнөөс Л.Дтай гэрээ байгуулсан. Итгэмжлэлд зээлийн барьцаанд тухайн орон сууцыг тавих эрхийг олгож байна, барьцаалбар үйлдэх, барьцааны гэрээ болон барьцаалбарт гарын үсэг зурах гэж заасан учраас бүрэн эрх олгогдсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсгийг баримталж нэхэмжлэл гаргадаг. Энэ нь хоёр тусдаа ойлголттой, хэлцэл хүчин төгөлдөр бус байх үндэслэлийг иш татаад байна. Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл эсхүл хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үндсэндээ 4 үндэслэлийг иш татаж нэхэмжлэл гаргаад байгаа хэрнээ яг аль үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байгаагаа тайлбарлаж чадахгүй байна. Барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх барьцааны эрхийг дуусгавар болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа мөртлөө яагаад Иргэний хуулийн 153, 160 дугаар зүйл дээр очиж нэхэмжлэлийн шаардлага гаргахгүй байгаа нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.6 дахь хэсэгт заасан үндэслэлүүд хэрвээ байвал барьцааны эрх дуусгавар болох хууль зүйн үндэслэлтэй. Эдгээр заалтын алинд нь хамаарч байна гэхээр алинд нь хамаарч байгааг өмгөөлөгч нь хэлж чадахгүй байна. Үндсэн үүрэг дуусгавар болоогүй байхад барьцааны эрх яаж дуусгавар болохыг нэхэмжлэгч талаас өөрөө гаргаж ирж хэлдэггүй учраас барьцааны эрх дуусгавар болгох барьцааны эрхээс чөлөөлөх үндэслэл бүрдэхгүй байна. Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т гуравдагч этгээд нь төлөөлөх бүрэн эрхгүй этгээдтэй хэлцэл хийснээ мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан бол төлөөлөх бүрэн эрхгүй этгээд уг хэлцлээс бий болсон үр дагаврыг хариуцахгүй гэж заасан. Нэхэмжлэгч нь энэ үндэслэлээр нэхэмжлэл гаргадаг. Энэ тохиолдолд бүрэн эрхгүй этгээд Л.Д нь хариуцахгүй юм бол Ц.М өөрөө хариуцах юм биш үү гэсэн хууль зүйн үндэслэл байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/03714 дүгээр шийдвэрээр Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хариуцагч Б.М, “Х Б”ХХК-д холбогдох 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн итгэмжлэл, итгэмжлэлийг баталсан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, итгэмжлэлийг үндэслэн Л.Д, “Х Б”ХХК-ийн хооронд хийгдсэн 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 1690001118-1 дугаартай баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол хд 84 дүгээр байр 5 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг “Х Б”ХХК-д даалгах тухай нэхэмжлэгч Ц.М, М.Тнарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 856 000 төгрөгөөс 498 350 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, 357 650 төгрөгийг улсын төсвийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Ц.Мд олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 268 дугаар магадлалаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/03714 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 498 050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.М хяналтын гомдолдоо: Магадлалыг хууль зүйн үндэслэлгүй, шүүгч хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол улсын хуульд зааснаар бус, нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж үзэж ИХШХШТХ-ийн 172.2-т заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Нэг. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгчээс гаргасан Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахын тулд иргэн Л.Д н.Дагваа нарыг гэрчээр оролцуулах, мөн итгэмжлэл дээрх Л.Дын гарын үсэг үнэн зөв эсэхэд шинжээч томилуулах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар шийдвэрлэх боломжтой байхад шүүхээс хүсэлтийг шийдвэрлээгүй байдаг. Энэ нь нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэж байна. Хоёр. Ийнхүү давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болоод хэргийг бүхэлд нь хянан үзэх эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг бүхэлд нь хянан үзээгүйн улмаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох итгэмжлэлийг хүчингүйд тооцуулахтай холбоотойгоор гэрч асуулгах, шинжээч томилуулах, Завхан аймгийн 16-р тойргийн нотариатч Л.Пүрэвжаргалын баталсан баталгаат ипотекийн гэрээтэй холбогдох бүртгэлийн баримтыг гаргуулах хүсэлтийг шийдвэрлээгүйгээс энэхүү иргэний хэргийг нэг мөр,үнэн зөв хянан шийдвэрлэх боломжгүй болгосон. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв үнэлээгүй гаргасан шийдвэрийг хууль ёсны үндэслэл бүхий гарсан шийдвэр хэмээн үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй байна. Иймд Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, хэрэгт ач холбогдол бүхий баримтад гарын үсгийн шинжилгээ хийлгэх хүсэлт, 3авхан аймгийн 16-р тойргийн нотариатч Л.Пүрэвжаргалын баталгаат ипотекийн гэрээг баталсантай холбоотой баримт гаргуулах хүсэлтийг хүлээн авч хэргийг нэг мөр шийдвэрлээгүйн улмаас Иргэний хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн “шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг зөрчсөн байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү. 1. Бид 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн итгэмжлэлийг хүчингүй болгох талаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг шүүхүүд хэрэгсэхгүй болгосон. - 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн итгэмжлэлд Л.Д гэдэг хүн гарын үсэг зураагүй, түүний найз н.Давааг А.Б дагуулан ирж гарын үсэг зуруулсан. - А.Бын заавраар тухайн үед Л.Дын иргэний үнэмлэхийг үзүүлэн н. Дагваа нь гарын үсэг зурсан. Би тэр үед ингэж өөр хүн зурж болдог юмуу гэхэд нотариатч н.Дагваагийн нүүр лүү ч харалгүй, тухайн хүний хувийн байдлыг тогтоогоогүй нотариатын үйлдлийг хийчихсэн. Миний бие А.Баас айдаг байсан учир хараад зогсоод байхаар нь айгаад ахиж юм хэлж чадаагүй юм. – А.Б нь анх 15 000 000 төгрөгний зээлийн барьцаанд байраа тавиулах итгэмжлэл хийгээд өгөөч гэж хийлгэж авч байсан ба ахин ирж намайг дарамтлан зодож, шалтаглан гар хүрч, ятгаж байгаад эгчийнхээ хүүхэд болох Л.Дд итгэмжлэл хийлгэе гэж зөвшөөрүүлсэн. Ингээд Завханд дүү Л.Дын барьцаа хөрөнгө хашаа байшин байдаг учир тэнд зээл хөөцөлдөж байгаа, одоо найз Дагваа нь хотод байгаа, би дуудсан итгэмжлэл хийгээд өг гээд яаруулаад байсан юм. Ингээд М.Тбид 2-ыг дуудаж Голомт банк ХХК-ны 5 давхарт байрлах нотариатын үүдэнд ирэхэд н.Дагваа ч ирсэн байсан. Ингэж бид хамт орцгоож нотариатчид би 15 000 000 төгрөгийн зээлд байраа тавиулах гэсэн юм гэхэд нотариатч доошоо хараад юм бичээд байсан. 2. Иймд би нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахын тулд н.Дагваа болон Л.Д нарыг гэрчээр оролцуулах, гарын үсгийн шинжээчийн дүгнэлт гаргуулах гэхэд шүүгч одоо энэ хүмүүс нь олдохгүй гэдгээр хүлээн аваагүй, миний эрхийг зөрчсөн. 3. Бид нэхэмжлэгчид, хуулинд заасан эрх үүрэгтэй танилцсан тул Дагваа – Завханд амьдардаг Л.Д – цэрэгт явсан гэж сонссон болохоор олж тогтоолгож, авчрах л байсан. 4. Итгэмжлэлийг нотариатч хууль ёсны дагуу хийгээгүй учир бид орон байраа алдах болсон ноцтой үр дагавар гарч байна. Мөн итгэмжлэлийг миний бие А.Бын дарамт шахалтан дор бичсэн миний бие дахин нотлох баримт гаргана. 5. Хэрэгт өгсөн материалаар Хас банкны зээлийн гэрээ, итгэмжлэл хоёрт Л.Дын гарын үсэг зурсан нь өөр өөр байгаа юм. Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батцэцэг хяналтын гомдолдоо: Магадлалтай танилцаад, эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. ИХШХШТХ-ийн 166 дугаар зүйлийн 166.4-дэх хэсэгт “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзнэ." гэж заасан. Үгийн шууд утгаас харвал шүүхээр гомдолд дурдсан үндэслэл ч бас хянагдахаар байгаа юм. Гэтэл давж заалдах шатны шүүх гомдол дурдсан үндэслэлийг хяналгүй хэргийг шийдвэрлэсэн магадлалын хянавал хэсгийг харвал гомдолд дурдсан нэгч асуудал тусгагдаагүй байна. Мөн ИХШХШТХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.1-дэх заалтыг удирдлага болгон Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/03714 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах 4 үндэслэлийг заасан байхад эдгээр үндэслэлийг хүлээж авахаас татгалзах буюу үгүйсгэх үндэслэл (гомдолд хамааралтай) заагаагүй атлаа шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Иймд уг шийдвэр нь ИХШХШТХ- ийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг зөрчиж байна. ИХШХШТХ-ийн 169 дугаар зүйлийн 169.1-т “Давж заалдах шатанд хэргийг хянан шийдвэрлэхэд хуульд өөрөөр заагаагүй бол анхан шатны шүүх хуралдааныг журмыг нэгэн адил баримтална, 6.1. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ. 6.2. Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ. 89.2. Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна” гэж тус тус заасан. Гэтэл давж заалдах шатны шүүх хуралдааны дэгийг тогтоохдоо нэхэмжлэгчид гомдлоо танилцуулах, хариуцагч тайлбараа хэлэх, шүүх бүрэлдэхүүн асуулт асууж, хариулт авснаар шүүх хуралдааныг завсарлуулахаар тогтоож, энэ дэгээр шүүх хуралдааныг явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн ба нэхэмжлэгч талд хариуцагчийн гаргасан тайлбарт хариу тайлбар хэлэх бололцоогоор хангаагүй нь мэтгэлцэх зарчмыг зөрчсөн. Нэхэмжлэгчийн шаардлага нь Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, “Х Б”ХХК-тай байгуулсан баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх шаардлагыг гаргасан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 3.1-д “Төрийн эрх бүхий байгууллагаас энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө, иргэн хуулийн этгээдийн төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ” гэж тодорхойлсон. 7.1.1-д “Эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж дараах хэмжээтэй байна”, 7.1.2-т “Эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг” гэж тус тус заасан байдаг. М.Т, Ц.М нарын нэхэмжлэл нь эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэл тул Баталгаат ипотекийн гэрээний үнийн дүнгээр буюу 40 000 000 төгрөгөөр тооцож үзвэл улсын тэмдэгтийн хураамжид 357 950 төгрөг төлөх ёстой байна. Тэд анх нэхэмжлэл гаргахдаа Нотариатын үйлдлийг хүчингүй тооцуулах шаардлагад 70 200 төгрөг, Баталгаат ипотекийн гэрээг хүчингүй тооцуулахад 357 650 төгрөг нийт 428 150 төгрөг төлсөн. Мөн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад 357 650 төгрөгөөр, 70 200, 70 200 төгрөгөөр тус тус тооцож, нийт 498 050 төгрөг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх энэ зөрчлийг хяналгүй улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 498 050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийг бүхэлд нь хяналгүй, дутуу шалгаж, шийдвэрлэсэн тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.М, М.Тнар хариуцагч Б.М, “Х Б”    ХХК-д холбогдуулан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...нотариатч Б.М  итгэмжлэлийг гэрчлэхдээ нотариатын үйлдэл хийснээс үүдэн гарах үр дагаварыг урьдчилан сануулж, эрх зүйн зөвөлгөө өгөөгүй, итгэмжлэлд тусгавал зохих асуудлыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс 15 000 000 төгрөгийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн хүсэл зоригийг итгэмжлэлд зөв илэрхийлж тусгуулж чадаагүй, “Х Б”Л.Дыг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд гэдгийг мэдэж байсан атлаа ипотекийн гэрээ байгуулсан, ипотекийн гэрээ Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1, 156 дугаар зүйлийн 156.2 дах хэсгийг зөрчсөн...” гэж үзсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад хэвээр үлдээжээ.

Ц.М нь насанд хүрээгүй хүү М.Ты хамт хамтран өмчилдөг Баянгол дүүрэг 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 84 дүгээр байрны 5 тоот орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалах, төлөөлж гэрээ байгуулах, гарын үсэг зурах, барьцаалбар үйлдэх гарын үсэг зурах, лавлагаа авах бүрэн эрхийг Л.Дд 3 жилийн хугацаагаар, 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн итгэмжлэлээр олгосон ба уг итгэмжлэлийг гэрчилсэн нотариатч Б.М хууль зөрчөөгүй, ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурласан, шүүх Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.18, 64 дүгээр зүйлийн 64.2, Нотариатын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 41 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Ц.М нь итгэмжлэлд төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар өөрөө бичсэн байхаас гадна 2013 оны 12 сарын 30-ны өдөр Л.Д “...итгэмжлэлийн үндсэн дээр 40 000 000 төгрөгийг банкнаас зээлж авсан, төлбөрийг ... төлж барагдуулна...” гэсэн тодорхойлолтыг Ц.Мд өгч байснаас үзэхэд нэхэмжлэгч нь төөрөгдсөн, нотариатч хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

Бусдын өмчлөлийн эд хөрөнгө барьцааны зүйл байж болох бөгөөд Ц.Мгаас Л.Дд олгосон итгэмжлэл хүчин төгөлдөр тул Л.Дыг төлөөлөх эрхтэй гэж үзэж, барьцааны гэрээ байгуулсан “Х Б”нь шударга барьцаалагч болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх “нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан шаардлагын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэл бүхий болсон тул “нэхэмжлэлийг хангаж өгөх”-ийг хүссэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/03714 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 268 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357 950 төгрөг, 70 200 төгрөг, 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА