Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 0032

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ,

Улсын яллагч Н.Бадам,

Шүүгдэгч Л.Бүрэнжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос Лхамсүрэнгийн Бүрэнжаргалд холбогдох 201618010048 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 0000 оны 02-р сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумд төрсөн, 00 настай, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, трактор комбайнч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 3-р багийн нутагт оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, 5 удаа ял шийтгүүлсэн, 1984 онд Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн 169.2 дахь хэсэгт зааснаар 02 жил хорих, 1988 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 02 жил хорих, 1997 онд Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэгт зааснаар 06 жил хорих, 2005 оны 07-р сарын 26-нд Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 01 хоног баривчлах, 2008 оны 04-р сарын 15-нд Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 02 сар баривчлах ял шийтгүүлж 2008 оны 05-р сарын 02-нд ялын хугацаа дуусч суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Чонос Лхамсүрэгийн Бүрэнжаргал /РД: М-/.

 

Холбогдсон гэмт хэрэг /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Шүүгдэгч Л.Бүрэнжаргал нь 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын 2 дугаар багийн нутагт мустанг-5 загварын улсын дугааргүй мотоцикл жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гарган иргэн Ч.Ишжамцын биед хүнд гэмтэл учруулан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр бэхжүүлсэн фото зураг /хх-н 11-12, 13/

2. Хохирогч Ч.Ишжамцын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-н 14,15,16/

3. Хохирогч Ч.Ишжамцын мэдүүлэг /хх-н 20-23/, шүүхэд гаргаж өгсөн хүсэлт /хх-н 110/

4. Гэрч Ц.Отгоны мэдүүлэг /хх-н 26/

5.Гэрч А.Ганзоригийн мэдүүлэг /хх-н 32/

6.Гэрч А.Төгсжаргалын мэдүүлэг /хх-н 35/

7.Шинжээч эмч Д.Туяагийн мэдүүлэг /хх-н 38/

8.2016 оны 04-р сарын 13-ны өдрийн шүүх эмнэлэгийн 430 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 40/

9.2016 оны 06-р сарын 28-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 51/

10.Шүүгдэгч Л.Бүрэнжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

11.Эд мөрийн баримтаар хураагдсан хоёр нүдний дуран зэрэг нотлох баримтыг тус тус шинжлэн судалсан болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал: 

Шүүгдэгч Л.Бүрэнжаргал нь 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын 2 дугаар багийн нутагт мустанг-5 загварын улсын дугааргүй мотоцикл жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гарган иргэн Ч.Ишжамцын бие махбодид хүнд гэмтэл учруулсан болох нь:

Хохирогч Ч.Ишжамцын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 04-р сарын 05-ны өдөр Сант сумын 1 дүгээр багын нутаг Шохойн хуруу гэх газраас Баатар гэдэг залуугийн хамт мотоциклтой сумын төв орсон. Сумын төв ороод ШТС-с бензин авчихаад гүүрэн дээрээс Баатар нэг шил 0.75 архи аваад гүүр гараад замдаа уусан. Тэгээд Баатар намайг хүргэж өгнө гээд аваад явсан чинь мотоциклоо муухан бариад явсан. Тэгээд явж байгаад замдаа нэг унасан. Би тухайн үед унахад өвөртөө дуран хийсэн байсан ба тэр талаараа ухаад бие жоохон хачин болоод ирсэн. Тэгээд би Баатарыг чи эндээс гэртэй харь гэж хэлээд би өөрөө гэр лүүгээ явганаар яваад сумын төв орсон. Би мотоциклоос унаад бэртэж гэмтсэн...” гэх мэдүүлэг /хх-н 20-23-р хуудас/,

Хохирогч Ч.Ишжамцын шүүхэд ирүүлсэн  “...Л.Бүрэнжаргалд холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор Ч.Ишжамц миний бие тогтоогдсон. Шүүгдэгч Л.Бүрэнжаргалаас нэхэмжлэх зүйл, гомдол санал... байхгүй. Иймд шүүх хуралд оролцох шаардлагагүй. Л.Бүрэнжаргалд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх хүсэлт /хх-н 110-р хуудас/,

            Гэрч Ц.Отгоны мөрдөн байцаалтад өгсөн: “...манай нөхөр ухаан ороод, хөдөө адуугаа хайж явсан Баатар гэдэг залуутай хамт архи уугаад мотоциклд нь сундалаад хойд талд нь сууж явж байгаад мотоциклтойгоо унаад гэмтсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 26-р хуудас/,

Гэрч А.Ганзоригийн мөрдөн байцаалтад өгсөн “...2016 оны 04-р сарын 05-ны өдрийн 23 цагын орчим манайд мотоциклоо унаад гэмтсэн гэх дуудлага ирсэн ба дуудлагын дагуу Ч.Ишжамцын гэрт очоод үзлэг хийхэд биеийн байдал нь хүнд албадмал байдалтай хажуу баруун талаараа хэвтэж байсан. Би өвчин намдаах эмчилгээ хийгээд үзлэг хийхэд зүүн талын 8,9–р хоёр хавирга хугарсан байсан. Тэгээд хавирга хугарсан байсан болохоор нарийн шинжилгээ хийж дараагийн шатны эмнэлэг рүү шилжүүлэх шаардлагатай байсан болохоор сувилагчийнхаа хувийн машинтай Дархан-Уул аймгийн эмнэлэгт хүргэж хүлээлгэж өгсөн... намайг гэрт очиход гэрийн  байдал хэвийн ямар нэг эвдэрч хэмхэрсэн зүйл байгаагүй. Ч.Ишжамцаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан ба хөдөөний найзтай архи уусан. Тэгээд найзынхаа ард сууж явж байгаад Сант сум руу ордог гүүрний хажуу тал руу унасан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 32-р хуудас/,   

            Гэрч А.Төгсжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны  04-р сарын эхээр л намайг модны раман дээр ажиллаж байхад Бүрэнжаргал ирээд “мотоциклоо өгч бай, хөдөө явж дүүгийнхээ морийг харах гэсэн юм” гээд миний мустанг- 5 загварын мотоциклийг авсан. Яг хаашаа явна гэдгээ надад хэлээгүй. Тэгээд орой хэдэн цагийг нь мэдэхгүй гэгээ тасарсан байхад мотоцикл авч ирж өгсөн. Маргааш өдөр нь харахад мотоциклийн зүүн талын дөрөө далийсан, зүүн урд хөлний хамгаалалт яажийсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-н 35-р хуудас/

            Шинжээч эмч Д.Туяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Мотоциклоос унахдаа өвөртөлж явсан дуран дээрээ унасан бол зүүн талын 3 хавирга хугарч болно. Бусад гэмтэл нь мотоциклийг урдаас болон замын нөхцөл байдал зэргээс шалтгаалаад үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-38 хуудас/,  

            2016 оны 04-р сарын 13-ны өдрийн Шүүх эмнэлгийн 430 дугаартай шинжээчийн: “...Ч.Ишжамцын биед зүүн талын 3 хавирганы хугарал, цээжний хөндийг цус болон хий хуралт, арьсан доорхи хийжилт, баруун хацар яс болон ясны хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчилэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох зааврын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно...” гэх дүгнэлт / хх-ийн 41-р хуудас/

            2016 оны 06-р сарын 28-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн: “Мустанг-5 маркийн мотоциклтой Л.Бүрэнжаргал Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.Жолоочийн үүрэг, 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а.Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх,  /Мотоцикл жолоодох эрхийн үнэмлэхгүй/, б.Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /улсын бүртгэлд бүртгэлгүй, улсын дугаар, ялгах тэмдэггүй/, 2.3 /жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ/ в.Мотоцикл тээвэрлэхгүй байх, /жолооч, зорчигч хамгаалах малгай хэрэглээгүй/, 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байна. Ар талд сууж явсан Ишжамц нь Замын хөдөлгөөний дүрмийн 4.Тээврийн хэрэгслээр зорчигчийн үүрэг. 4.1 Тээврийн хэрэгслээр зорчигч зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх, мотоциклоор зорчихдоо хамгаалах малгай өмсөх гэсэн заалтыг зөрсөн байна. Мотоциклын хурдыг тогтоох боломжгүй гэж үзэв.

Ослын шалтгаан нь Мустанг-5 маркийн мотоциклтой Л.Бүрэнжаргал Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1, 2.3, 9.2... гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гарсан гэж дүгнэлт гаргав...” гэх дүгнэлт /хх-н 54-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Бүрэнжаргалын өгсөн: “...2016 оны 04-р сарын 05-ны өдөр адуу хайгаад Сант сумын Шохой нуруу гэдэг газар явж байгаад хонь хариулж байгаа хүн дээр адуу асуухаар очсон. Тэгээд энэ хавиар ийм ийм адуу харагдсан уу? гээд асуухад Сант сумын урд пойлонд их адуу байна лээ та тийшээ очиж үз гэсэн. Тэгээд та Сант сум орох юм уу? гэхээр нь би орно гэсэн чинь би төв орох ажилтай байна та намайг аваад яваач гэхээр нь сундлаад явсан. Сумын төв ороод дурангаа надад үлдээчихээд би гэрлүүгээ гүйгээд юм аваад ирье гээд тортой юм бариад ирсэн. Тэгээд уруудаад тэнд байсан адуу руу цуг явсан. Уруудаж  байгаад Орхон сумын гүүрэн дээр ирээд ах гүүр гараад би урд талын айлаас ганц шил архи аваад ирье гээд айл руу орсон. Тэгээд архиа аваад хойшоо гараад зогсож байгаад архиа задалсан. Би дээрээс нь жоохон балгаад ах нь мотоцикл барьж яваа уухгүй гэсэн чинь архиа бариад миний ард суусан. Дээшээ өгсөж яваад гүүрний далангаар яваад буруу зам руу орчихлоо гээд далангаасаа буух гэж яваад далангийнхаа хажуу тал руу хөл хүрэхгүй хазайж унаад тэгээд нөгөөх чинь миний энд эвгүй болчихлоо гэхээр нь би чи нөгөө архин дээрээ унасан юм биш биздээ гэхэд үгүй би уугаад шилийг нь хаячихсан байсан дуран дээрээ л уначихсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд за за ах, би гэртээ орж унтлаа та яв яв гэхээр нь би явсан. Болсон юм ерөөсөө л энэ би тэрийг сайн танихгүй, тэр ч намайг танихгүй... Баруунбүрэнгээс наашаа мотоциклтой гарч ирсэн... Төөгөөгийн мотоциклийг морь эрэх гэж авсан... Би мотоцикл барьдаг, үнэмлэх байхгүй... Ишжамц 0.5 граммын ерөөл архи авсан... Архийг зогсож байгаад уусан. Би задлаад дээрээс нь нэг балгаад... ах нь мотоциклтой явж байгаа ууж болохгүй гээд өгсөн... Ч.Ишжамц мал маллаад байж байхдаа малаа орхиод явсан... Төв орчихоод надтай буцна гэж  явсан... Үлдсэн архийг өөрөө уугаад шилийг нь шидсэн гэсэн... Мотоциклд өвдөгний хамгаалт байсан... Бид хоёр хамт унасан... Бид хоёр бие биенээ танихгүй болохоор л намайг Баатар гэж ойлгосон юм шиг байна лээ... Мотоцикл унагаасан нь л буруу болж байна... Баатар гэж намайг хэлж байгаа юм. Архийг би аваагүй Ч.Ишжамц авсан... Ч.Ишжамцыг бэртээнэ гэж бодоогүй... Гэм буруугаа гэмшиж байна хөнгөн ял шийтгэл оноож өгөөч гэж хүсч байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд  шүүгдэгч Л.Бүрэнжаргалд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасч хорих ял оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Бүрэнжаргал нь 2008 оны 04 сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж уг ялаа 2008 оны 05 сарын 02-ны өдөр эдэлж дуусан байна. Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь хэсэгт зааснаар Л.Бүрэнжаргал ялаа эдэлж дууссанаас хойш 1 жилийн хугацаанд гэмт хэрэг, зөрчилд холбогдоогүй, түүний ялтай байдал нь дууссан байна. Иймд Л.Бүрэнжаргалыг анх удаа  гэмт хэрэгт холбогдсон гэж үзлээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч Ч.Ишжамцын шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Бүрэнжаргалд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Бүрэнжаргалын холбогдсон Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

“Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож” болно гэж Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт хуульчилж өгсөн байна. Шүүгдэгч Л.Бүрэнжаргалд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй байх тул түүнийг олон нийтээс  тусгаарлалгүйгээр хүмүүжүүлж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Чонос Лхамсүрэнгийн Бүрэнжаргалыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Л.Бүрэнжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Л.Бүрэнжаргалд оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бүрэнжаргалд оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал, хүмүүжилд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн тасагт даалгасугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хоёр нүдний дуранг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ч.Ишжамцад буцаан олгосугай.

6.Шүүгдэгч Л.Бүрэнжаргал нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримтууд шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.Ишжамц нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шийтгэх тогтоолын хувийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт хүргүүлсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор  хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар шүүгдэгч Л.Бүрэнжаргалд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    А.НАРАНТУЯА