Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 61

 

Э.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                           Ц.Амаржаргал

                                                         Б.Манлайбаатар                            

Прокурор                                         Б.Сүрмандах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж шийдвэрлэсэн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 186 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э-ы М-д холбогдох эрүүгийн 1818001260195 тоот, 166/2018/0175/Э индекстэй 1 хавтас хэргийг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М- Улсын иргэн, М- овогт Э-ы М- /РД: **********/, урьд ял шийтгэлгүй,

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Э.М- нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны орой шинэ хорооллын 5 дугаар байрны ойролцоо иргэн А.Э-тай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, нүүрний цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 186 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч М- овогт Э-ы М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Шүүгдэгч Э.М- нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Э- нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.М-ийг 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

-Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр... шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ц.Мөнхбат давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ:

“...186 тоот шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...мөнгөн төлбөр оногдуулахыг торгуулийн ял гэнэ “ гэж хуульчилсан байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” талаар тусгахаар заасан байхад 175 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчид оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг ямар хугацаанд, ямар хэмжээгээр төлж барагдуулах, тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй бол хорих ялаар солих талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг тусгаж өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгг зааснаар хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул зөвтгүүлэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 175 тоот шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэспэлээр зохих өөрчлөлт оруулж зөвтгуүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйпийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Б.Сүрмандах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“Анхан шатны шүүх шүүгдэгч Э.М-д үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хор уршиг, хохирол, хувийн байдал зэргийг харгалзан ялыг зөв оногдуулсан боловч шийтгэх тогтоолдоо торгох ял оногдуулсны дараа торгох ялыг ямар хугацаагаар, ямар хэлбэрээр төлөх, торгох ялыг төлөөгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлээгүй тул дээрх байдлаар зөвтгөж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.М-ийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны орой шинэ хорооллын 5 дугаар байрны ойролцоо иргэн А.Э-тай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, нүүрний цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллагдагчаар татан шалгаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Э.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Э- нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.М-ийг 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Э.М-д холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлахад шүүгдэгч нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь нотлогдсон, энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Э.М- нь нь хохирогч А.Э-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, нүүрний цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хохирогч А.Э-,  гэрч А.Мөнхчимэг, М.Билгүүн, А.Гацэцэг нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Э.М-ийн өөрийнх нь мөрдөн байцаалт, шүүхэд мэдүүлсэн мэдүүлгүүд, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №261 дугаартай дүгнэлт, хэрэгт цугларсан бусад баримтуудаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхээс хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, шүүх хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шийдвэрлэж, үйлдэгдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн хэдий ч шүүгдэгч Э.М-д 450.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулсан 186 тоот шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” талаар заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5-д  зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 31 заалт нэмсүгэй.

“31. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5-д заасныг журамлан шүүгдэгч Э.М-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногооор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж өөрчлөлт оруулж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

 

 

                                                  ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                      ШҮҮГЧИД                                        Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                               Б.МАНЛАЙБААТАР