Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2016/0075/З |
Дугаар | 324 |
Огноо | 2019-05-27 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 324
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.С нарын 10 иргэн
Хариуцагч: Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын Санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн Улсын ахлах байцаагч Н.Б, О.Э, мэргэжилтэн Б.Г нар
Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Сангийн яамны Улсын ахлах байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 29/01-12 дугаар актын нэр бүхий 10 иргэн бидэнд холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, хариуцагч О.Э, Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч нэр бүхий 10 иргэн бид Иргэний нисэхийн ерөнхий газарт хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан, ажиллаж байгаа бөгөөд Иргэний нисэхийн ерөнхй газрын эрх бүхий этгээд 2012-2013 онд шийдвэр гаргаж, бидэнд орон сууцны хөнгөлөлт олгосон юм.
Гэтэл Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын Санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн Улсын ахлах байцаагч, мэргэжилтэн нар 2018 оны 02 дугаар сарын 8-ны өдөр 29/01-12 дугаар актаар бидэнд орон сууцны хөнгөлөлтийг давхцуулан олгосон мэтээр дүгнэн биднийг хуулийн байгууллагад өгч хянуулан байгууллагыг хохиролгүй болгохыг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга, ерөнхий нягтлан бодогч нарт хариуцуулан бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн акт тогтоосныг үндэслэн Иргэний нисэхийн ерөнхий газар бидэнд холбогдуулан олгосон хөнгөлөлтийг буцаан гаргуулахаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний нэхэмжлэл гаргасан бөгөөд бид энэхүү нэхэмжлэлийг гардан авахдаа Улсын байцаагчийн акт гарсныг мэдэж, танилцсанаар бид Захиргааны Ерөнхий хуулийн 9 дүгээр бүлэгт заасан журмын дагуу дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд буюу Монгол Улсын Сангийн сайдад гомдол гаргасан бөгөөд тэрээр бидэнд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 13-2/8215 тоот албан бичгээр "... шүүхэд хандан эцэслэн шийдвэрлүүл” гэх хариуг өгсөн тул бид Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд хандан дор дурдсан үндэслэл, шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.
Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын Санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн Улсын ахлах байцаагч, мэргэжилтэн нарын 2018 оны 02 дугаар сарын 8-ны өдөр тогтоосон 29/01-12 дугаар акт дараах үндэслэлээр илтэд үндэслэлгүй, хууль бус болжээ:
Улсын байцаагч, мэргэжилтэн нар дээр дурдсанчлан бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах”, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно” гэх, улмаар мөн хуулийн 15 дугаар зүйлийн заалтаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчид эдлүүлэхээр заасан эрхийг тус тус зөрчжээ. Ингэснээр Улсын байцаагч, мэргэжилтэн нар Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэх заалтаар захиргаа бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд уг этгээдэд захиргааны холбогдох үйл ажиллагааны талаар заавал урьдчилан мэдэгдэж, тайлбар, саналыг авч, сонсох ажиллагаа явуулсны дараа шийдвэр гаргах үүргийг хуульчилсан байтал хуулиар тогтоосон тус үүргийг илтэд зөрчиж, хэрэгжүүлэлгүйгээр акт тогтоосон байна.
Мөн акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт зааснаар утга агуулгын илэрхий алдаатай тул илт хууль бус болжээ. Учир нь бид “ажил олгогч” биш, “шийдвэр гаргах эрх бүхий этгээд” ч биш атал албаны эрх мэдлээ ашиглан "хөнгөлөлт эдэлсэн хэмээн бидний албаны эрх мэдэлд байхгүй, хамаарахгүй асуудлаар биднийг буруутган акт тогтоосны зэрэгцээ актыг тогтоохдоо “тодорхойгүй журам” буюу ямар журмын заалтыг зөрчсөн гэж дүгнэж буй нь тодорхойгүйгээр “Журмын 2.2.1-д зааснаар” хэмээсэн нь, мөн түүнчлэн бидний хэн нь ямар хуулийн ямар заалтыг хэрхэн зөрчсөнийг шалгаж, тогтоолгүйгээр биднийг нийтэд нь хамруулан ижил зөрчил гаргасан мэтээр дүгнэсэн нь утга агуулгын илэрхий алдаатай, илт хууль бус болсон байна.
Мөн улсын байцаагчийн эрх эдлэхгүй мэргэжилтэн Б.Гантулга гэх этгээд акт тогтоосон нь илтэд үндэслэлгүй бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсгийн "... өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан бол захиргааны акт илт хууль бус болно" гэх заалтын дагуу маргаан бүхий акт илт хууль бус болжээ.
Дээр дурдсан үндэслэлээр Монгол Улсын Сангийн яам Улсын ахлах байцаагчийн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 29/01-12 дугаар актын нэр бүхий 10 иргэн бидэнд холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Тус актыг тогтооход яг хэн нь шагнал урамшууллын журмаар авсан гэдэг байдлыг тогтоогоогүй байгаа. Танайх актаа хүчингүй болгоод эргээд үндэслэл бүхий байдлаар тогтоох юм бол бид нарт маргах зүйл байхгүй. Та бүхэн актыг хүчингүй болгоод дахин хяналт, шалгалт явуулж асуудлыг тодруулах хэрэгтэй байх.” гэв.
Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэний нисэхийн ерөнхий газрын 2012-2016 онууд, 2017 оны эхний 9 сарын байдлаар санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд Сангийн сайдын баталсан удирдамжийн дагуу төлөвлөгөөт шалгалтыг хийсэн.
Шалгалтаар Иргэний нисэхийн ерөнхий газар нь “Хөдөлмөрийн дотоод журам”-н 2.2.1-д зааснаар “Урьд өмнө улсаас буюу байгууллагаас орон сууц авсан, хөнгөлөлт эдэлсэн бол олгохгүй” гэсэн заалтыг зөрчин 2012-2017 онуудад нийт 11 ажилтанд 281.2 сая төгрөгийн орон сууцны хөнгөлөлтийг давхардуулан олгосон нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэсэн заалтуудыг зөрчсөн тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-д “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” гэсэн заалтыг үндэслэн албаны эрх мэдлээ ашиглан урьд өмнө нь улсаас болон байгууллагаас орон сууц аваагүй, хөнгөлөлт эдлээгүй байх гэсэн шаардлагыг зөрчиж давхардуулан орон сууцны хөнгөлөлт эдэлсэн хавсралтад дурдсан хүмүүсийг хуулийн байгууллагад өгч хянуулан байгууллагыг хохиролгүй болгохоор улсын байцаагчийн акт тогтоосон.
Актанд дараахь тайлбарыг өгч байна. Үүнд:
1. Улсын байцаагчийн зүгээс тус зөрчилд нийт 281.2 сая төгрөгийн акт тогтоосныг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, ерөнхий нягтлан бодогч Н.Наранцэцэг нар зөвшөөрч гарын үсэг зурсан бөгөөд Сангийн яамны дотоод аудитын хорооны 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар улсын байцаагчийн актыг баталсан. Улсын байцаагчийн акт болон зөвлөлийн хуралд тус газрын зүгээс ямар ч тайлбар хийгээгүй бөгөөд улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан болно.
2. Тус Улсын ахлах байцаагчийн акт нь хуулийн байгууллагаар хянуулахаар тогтоосон акт болно.
3. Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01/4816 тоот албан бичгийн дагуу тус яамны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Л.Оюунбилэгтэй хамтран тус шалгалтыг хийсэн болно.
Асуудлын хувьд янз бүр болоод нэг бус удаа мөнгөн урамшууллын хөнгөлөлт авсан асуудал байгаа. Хугацааны хувьд удаж улмаар 7 дахь захирал дээрээ явж байна. Үүнийг нягтлаад хасч, чөлөөлөх асуудал байж болно. Хөдөлмөрийн дотоод журманд хөнгөлөлт үзүүлсэн хүнд урамшуулал олгохгүй гэдэг зохицуулалт мөрдөөгүй. Байгууллагын түвшинд шийдэх боломж өөрсдөд нь бүрэн олгосон. Эвлэрэлийн хувьд эвлэрэх боломж байгаа.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.С, Д.Сувдаа, Ч.Дарьсүрэн, Г.Ганхуяг, Б.Хүдэрчулуун, Х.Батсайхан, Ж.Баярсайхан, Ц.Эрдэнэбилэг, Х.Болор-Эрдэнэ, Ч.Нямсайхан нар нь Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын Санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн Улсын ахлах байцаагч Н.Б, О.Энхжаргал, мэргэжилтэн Б.Гантулга нарт холбогдуулан “Сангийн яамны Улсын ахлах байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 29/01-12 дугаар актын нэр бүхий 10 иргэн бидэнд холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үнэлж, дараах үндэслэлээр хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл Сангийн яамны Улсын ахлах байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 29/01-12 дугаар актын нэр бүхий 10 иргэнд холбогдох хэсгийг 3 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Сангийн сайдаас Иргэний нисэхийн ерөнхий газрын 2012-2016 он, 2017 оны 03 дугаар улирлыг дуусталх хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамж гаргасны дагуу Сангийн яамны Улсын ахлах байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 29/01-12 дугаар актаар Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 2.2.1-д “Урьд өмнө улсаас буюу байгууллагаас орон сууц авсан, хөнгөлөлт эдэлсэн бол олгохгүй” гэсэн заалтуудыг зөрчиж орон сууцны хөнгөлөлт эдэлсэн хүмүүсийг хуулийн байгууллагад өгч хянуулан байгууллагыг хохиролгүй болгохыг Иргэний нисэхийн ерөнхий газарт хариуцуулсан байна.
Нэхэмжлэгч нараас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд захиргааны холбогдох үйл ажиллагааны талаар урьдчилан мэдэгдэж, тайлбар, саналыг авч, сонсох ажиллагаа явуулаагүй акт тогтоосон. Бидний хэн нь ямар хуулийн ямар заалтыг зөрчсөнийг шалгаж, шагнал урамшууллын журмаар хөнгөлөлт олгосон эсэхийг тогтоолгүй, нийтэд нь хамруулан ижил зөрчил гаргасан мэтээр дүгнэсэн, мөн улсын байцаагчийн эрхгүй мэргэжилтэн Б.Гантулга акт тогтоосон нь илтэд үндэслэлгүй гэж маргажээ.
Хариуцагч нараас Төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д, 12.1.16, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан болон “...Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 2.2.1-д зааснаар “Урьд өмнө улсаас буюу байгууллагаас орон сууц авсан, хөнгөлөлт эдэлсэн бол олгохгүй” гэсэн заалтыг үндэслэн уг актыг гаргасан гэж тайлбарлажээ.
Түүнчлэн хариуцагч нар шүүх хуралдаанд “... нягтлаад хасч, чөлөөлөх асуудал байж болно. Хөдөлмөрийн дотоод журамд хөнгөлөлт үзүүлсэн хүнд урамшуулал олгохгүй гэдэг зохицуулалт мөрдөөгүй, маргаан бүхий асуудлыг тодруулж дахин актаа гаргах боломжтой.” гэсэн тайлбарыг гаргаж актынхаа алдааг зөвтгөн шинээр гаргах боломжтой гэсэн агуулгыг илэрхийлснийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.С, Д.Сувдаа, Ч.Дарьсүрэн, Г.Ганхуяг, Б.Хүдэрчулуун, Х.Батсайхан, Ж.Баярсайхан, Ц.Эрдэнэбилэг, Х.Болор-Эрдэнэ, Ч.Нямсайхан нар нь улсаас болон байгууллагаас давхардуулан орон сууцны хөнгөлөлт эдэлсэн нь хариуцагчийн тогтоосон актаар нотлогдож байгаа боловч хөнгөлөлтийг Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын дагуу олгосон эсэх, уг хөнгөлөлтийг бодитойгоор эдэлсэн эсэхийг шалгаагүй тул нэхэмжлэгч тус бүрийн зөрчлийн шинж байдлыг нэг бүрчлэн тогтоож тодруулах зайлшгүй шаардлагатай байна.
Иймд нэхэмжлэгч тус бүрийн гаргасан зөрчлийн шинж байдлыг хянаж, дахин шинээр акт гаргах хүртэл Сангийн яамны Улсын ахлах байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 29/01-12 дугаар актыг 3 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв. Маргаан бүхий актыг түдгэлзүүлэх 3 сарын хугацаа энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс тоологдоно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.16, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Сангийн яамны улсын байцаагчаас дахин шинээр акт гаргах хүртэл Сангийн яамны Улсын ахлах байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 29/01-12 дугаар актыг 3 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-т заасны дагуу тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий акт хүчингүй болох бөгөөд дахин шинээр акт гаргах 3 сарын хугацаа нь энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоологдохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН