Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0072

 

"Э т" ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 760 дугаар шийдвэрт хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын гаргасан давж заалдах гомдлын дагуу "Э т" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 4/02, 2013 оны 8/02 дугаар тогтоолын болон Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны А/31, 2013 оны А/287 дугаар захирамжийн "Э т" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Дүүргийн Засаг даргын 2010 оны 274 дүгээр захирамжаар ""Э т"" ХХК-д тус дүүргийн 20 дугаар хороо, БҮК-ийн баруун талд автогаражийн зориулалтаар 20000 кв.м газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21.5.3, 31.2, 33.1.2д заасныг ноцтойгоор зөрчин газар эзэмшүүлсэн байна.

Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчиж газрыг хуульд заасан хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

Иймд хуулийн дагуу гарсан Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит аравдугаар хуралдаанаас Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 274 дугаар захирамжийн ""Э т"" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг даргад даалган шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү" гэжээ.

 

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргаас шүүхэд гаргасан тайлбартаа: ""Э т"" ХХК-ийн Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/274 дүгээр захирамжаар олгогдсон 20000 м.кв газрын эзэмших эрх, 2012 оны А/380 дугаар захирамжаар олгогдсон 14130 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг Баянгол дүүргийн 2010, 2012 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт зохицуулалтыг зөрчиж, хуульд заасан эрхээ хэтрүүлэн, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад Хот суурин газрын ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4 дэх заалтыг зөрчиж газар эзэмших эрх олгосон байх тул газар эзэмших эрх олгосон байх тул дүүргийн Засаг дарга өөрөө 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/31, 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжаар хүчингүй болгосон. ""Э т"" ХХК-ийн эзэмшлийн дээрх газрууд нь хууль бусаар олгогдсон болох нь холбогдох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 760 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.2, 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.5, 38 дугаар зүйлийн 38-4, 57 дугаар зүйлийн 57.1, 61 дүгээр зүйлийн 61.1 -д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/02, 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолуудын ""Э т"" ХХК-нд холбогдох хэсэг, Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/31, 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжуудын ""Э т"" ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга давж заалдах гомдолдоо: "Э т"" ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 760 дугаар шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

""Э т"" ХХК-д Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/380 тоот захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр ТЭЦ-2 цахилгаан станцын урд талд байрлалтай 14130 кв/м газрыг авто зогсоолын зориулалтаар эзэмшүүлэхдээ Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн ундны эх үүсвэрүүдийн тэжээлийн гадаад, дотоод мужийн хамгаалалтын бүсэд хамаарах газарт олголт хийгдсэнийг хэргийг шийдвэрлэхэд огт авч хэлэлцэлгүйгээр шийдвэр гаргажээ.

Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн ундны эх үүсвэрүүдийн тэжээлийн гадаад, дотоод мужийн хамгаалалтын бүсийг Нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаар захирамжаараа тогтоон баталгаажуулсан байдаг ба тус бүсэд газар эзэмшүүлэхийг хориглосон байдаг юм.

Маргаан бүхий дээрх газрыг дотоод мужийн хамгаалалтын бүсэд орсон талаар Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргаас ""Э т"" ХХК-д хүргүүлсэн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 440 тоот албан бичгийг хавтаст хэрэгт хавсарган өгч, шүүх хуралдаан дээр тайлбартаа дурдсаар байтал энэ талаар анхан шатны шүүхээс асуудлыг хөндөн авч үзэлгүйгээр шийдвэр гаргажээ.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 760 дугаар шийдвэрийн Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дүгээр захирамжийн ""Э т"" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон хэсгийг үндэслэлгүй болохыг тогтоон нотлох баримтыг сайтар цуглуулан дахин шинжлэн судалж шийдвэр гаргуулахаар анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж магадлал гаргаж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатын шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

"Э т" ХХК-д Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 274 дүгээр захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороо, БҮК-ийн баруун талд 20000 м.кв газрыг "талбайг нөхөн сэргээж, бүрэн асфальтлан, цэцэрлэгжүүлэх төлбөрүүдийг төлүүлэх" гэсэн болзолтойгоор авто гараажийн зориулалтаар, 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ.

Мөн Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны А/380 дугаар захирамжаар нэхэмжлэгчид тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, ТЭЦ-2 цахилгаан станцын урд байрлах 14130 м.кв газрыг "хур хогийг өөрийн хөрөнгөөр цэвэрлэж, газрыг нөхөн сэргээх" нөхцлөөр, нийтийн тээврийн автобусны зогсоол барих зориулалтаар, 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна.

 

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/02 дугаартай тогтоолыг үндэслэн Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дүгээр захирамжаар, мөн Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 тогтоолыг үндэслэн Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагчаас захирамжийн үндэслэлээ тухайн оны дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтын зөрчин хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэн, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад газар эзэмших эрх олгосон, газрыг хуульд заасан хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэж тайлбарласан байна.

 

Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны А/380 захирамжаар "Э т" ХХК-д Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу газар эзэмшүүлсэн бөгөөд энэ тохиолдолд ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээсний үндсэн дээр газар эзэмших эрхтэй болж байгаа тул хэвийн нөхцөлд байгаа газрыг эзэмшихтэй адилаар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчим үйлчлэхээргүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй болсон байхад буюу газар эзэмших эрх авснаас хойш 4 сарын дараа түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэн түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хийсэн үзлэгээр "Э т" ХХК нь тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж, зохих байгууламжуудыг барьж ашиглаж байгаа болох нь тогтоогдсон байна.

 

Үүнээс гадна Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 4/4 дүгээр тогтоолоор баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эвдэрсэн газрын хөрсний нөхөн сэргээлт 2.0 га газрыг эзэмшүүлэхээр заасан бөгөөд түүний дагуу дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 274 дүгээр захирамжаар "Э т" ХХК-д талбайг нөхөн сэргээж, бүрэн асфальтлан, цэцэрлэгжүүлэх, төлбөрүүдийг төлүүлэх болзолтойгоор эзэмшүүлсэн нь дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцэж байх тул газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн гэсэн нь үндэслэлгүй.

 

Мөн хариуцагчаас "Э т" ХХК-д газар эзэмшүүлэхдээ Хот суурин газрын ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.8.4-д заасныг зөрчсөн гэсэн тайлбарыг гаргаж, мөн давж заалдах гомдолдоо заажээ. Гэвч нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн актуудад тухайн үндэслэлийг заагаагүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо баримтлаагүй үндэслэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн гаргасан байх тул маргаан бүхий актуудыг хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

 

Дээр дурдсанчлан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2009 оны 4/4 дүгээр тогтоолоор "эвдэрсэн газрын хөрсний нөхөн сэргээлт 2.0 га" газрыг эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган баталж, уг тогтоолын дагуу дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 274 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь заалтыг үндэслэн газрыг өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээж авто гараажийн зориулалтаар ашиглуулахаар эзэмшүүлсэн байна.

 

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хуулийн үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 760 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР