Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 494

 

 

 

 

 

 

 

 

 

 “Зэрэг гүн транс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 184/ШШ2016/00693 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Зэрэг гүн транс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д. Бат-Эрдэнэд холбогдох

Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23 455 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Лхагвабаатар

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Баяржаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч “Зэрэг гүн транс” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Д.Бат-Эрдэнэтэй “Машин механизм, тоног төхөөрөмж түрээсээр ажиллуулах гэрээ”-г байгуулж, уг түрээсийн гэрээний дагуу Хьюндай-3000 Эл Си-7 /HYUNDAI-30008 LC-7/ маркийн механизмийг өдрийн 500 000 төгрөгөөр, эсхүл түлшээр /1литр түлшийг 1 600 төгрөгөөр тооцохоор тохирсон/ бодож төлбөрийг 2 хоног тутамд хиийхээр тохирсон юм. Хариуцагч нь 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 290 000 төгрөгтэй тэнцэх тээврийн ажил хийж гүйцэтгэсэн, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 400 литр түлш буюу 640 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 500 литр түлш буюу 800 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 500 литр түлш буюу 800 000 төгрөг, нийт 2 530 000 төгрөгийн тооцоо хийсэн. Үүнээс хойш төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тул 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр түрээсийн эд зүйлийг буцаан авсан болно. Иймд төлөх ёстой үлдэгдэл төлбөр15 470 000 төгрөг, алданги 14 954 750 төгрөг, нийт 23 455 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Бат-Эрдэнээс 23 205 000 төгрөгийг гаргуулан “Зэрэг гүн транс” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 250 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275 225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бат-Эрдэнээс 273 975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Зэрэг гүн транс” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Баяржаргал давж заалдах гомдолдоо: “...Хариуцагчид нэхэмжлэлийг гардуулсан өдөр буюу 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Д.Бат-Эрдэнэ нь нэхэмжлэлд дурдсан хаягт амьдрахаа больж Хан-Уул дүүрэг рүү шилжсэн тухай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байдаг.

Шинээр оршин сууж буй хаягийн талаар албан ёсоор мэдүүлсээр байтал анхан шатны шүүх харьяаллын дагуу шийдвэрлүүлэх эрхтэй талаар тайлбарлаж өгөлгүйгээр шүүгчийн туслах хурал зарлагдсан өдөр миний үйлчлүүлэгчид /хх-22/ шүүх хуралд ороход “харьяаллын талаар маргахгүй гэж бичиж өгөх шаардлагатай байна” гэж хэлэн бичүүлж авсан талаар миний үйлчлүүлэгч надад хэлсэн. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу хэргийн харьяаллын асуудлыг шийдвэрлэлгүйгээр шийдсэн, шүүхийн шийдвэрт шүүхийн харъяаллын асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу захирамж гаргаагүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

“Шүүхийн харьяаллыг зөрчсөн нэхэмжлэлииг илт үндэслэлгүйгээр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн бол энэ хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар иргэний хэрэг үүсгэсэн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах боломж байгаа хэдий ч нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн нь шүүхийн буруутай ажиллагаатай холбоотой тул нэхэмжлэгчид зардал, чирэгдэл, цаг хугацааны алдагдал гаргахгүй байх зорилгоор хуульд заасан энэ арга хэмжээг биш харин хэргийг зохих шүүхэд шилжүүлэх арга хэмжээг сонгох нь зүйтэй...”, “Хэрэг шилжүүлэх ажиллагааг иргэний хэрэг үүсгэснээс хойш анхан шатны шүүх хуралдаанаас өмнө буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эсхүл шүүх хуралдааны явцад өөр шүүхэд шилжүүлж болно. Аль ч тохиолдолд энэ хуулийн 123 дугаар зүйлд зааснаар шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж тайлбарласан байдаг. Хавтаст хэргийн материалд нэхэмжлэлийг хүлээн авахдаа шинэ хаягийн бүртгэлээ бүртгүүлсээр байтал шүүхийн шийдвэрийг хуучин хаягаар нь явуулж миний үйлчлүүлэгчийг давхар чирэгдүүлсэн.

Үүнээс гадна Д.Бат-Эрдэнэ өмгөөлөгч авч эрх ашгаа хамгаалуулах талаар мэдэхгүй байсан тул шүүх хурал дээр “Энэ нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй, түрээсэлж авсан тоног төхөөрөмжид эвдрэл байнга гарсан төдийгүй жолооч нь ажилдаа ирэхгүй байснаас сул зогсолт их гарсан, сөрөг нэхэмжлэл гаргана" гэж хэлж байсан байдаг...Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь харъяалал зөрчиж хэрэг маргааныг шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, харьяаллын дагуу анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Зэрэг гүн транс” ХХК нь хариуцагч Д.Бат-Эрдэнэд холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23 455 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.

Зохигчдын хооронд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 15/69 тоот “Машин механизм, тоног төхөөрөмж түрээсээр ажиллуулах гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр түрээслэгч тал нь Экскэватор HYUNDAI-3000 LC-7 маркийн машин механизмыг өдрийн 500 000 төгрөгөөр түрээслэхээр, тээврийн хөлсийг түрээслэгч нь хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон болох нь дээрх 15/69 тоот гэрээ, “түрээсийн төлбөрийн хуваарь”, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбар зэргээр тогтоогдсон байх бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд гаргаагүй байна. /хх 1-2, 4, 5-6/

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн    43.2.1-д зааснаар бичгийн хэлбэрээр хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул гэрээний нэг тал болох нэхэмжлэгч “Зэрэг гүн транс” ХХК нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Иймд шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний дагуу төлөх ёстой үлдэгдэл төлбөрт 15 470 000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасны дагуу 7 735 000 төгрөгийн алданги, нийт 23 205 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцсэн байна.

Хэргийн 22 дугаар талд авагдсан баримтад хариуцагч Д.Бат-Эрдэнэ нь “харьяаллын талаар ямар нэгэн маргаан байхгүй болно” гэж бичсэн байгаагаас үзэхэд анхан шатны шүүх хэргийн харьяалал зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагч талын хүсэлтээр хойшлуулсан ба уг шүүх хуралдаанд хариуцагч Д.Бат-Эрдэнэ оролцож 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримтад гарын үсэг зурсан байна. Хариуцагч Д.Бат-Эрдэнэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 184/ШШ2016/00693 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Г.Баяржаргалын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          М.НАРАНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                           С.ЭНХТӨР

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН