Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар   2021/ШЦТ/663

 

       2021        06           15                                         2021/ШЦТ/663

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

            улсын яллагч М.Оюунбат, 

            шүүгдэгч Б.Анхбат, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл /үнэмлэхийн дугаар-2344/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Анхбатыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906021420368 дугаартай, дөрвөн хавтас хэргийг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

 

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 1-8 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

            - Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 390 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял,

            - Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж,

            - Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сар хорих ял,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял,

            - Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7  жил 2 сар 25 хоногийн хорих ял шийтгүүлсэн, Аюуш овогт Баярсайханы Анхбат (РД:ПА89040211).

             Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Б.Анхбат нь үргэлжилсэн үйлдлээр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбарт 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Н.Сүнжидмааг “Танай нөхөр хамт хоригдож байгаа хүнийг зодож уруулыг нь сэтэлж толгойгоор нь ширээ мөргүүлж албаны ширээ эвдэлж, вакум цонх хагалсан байна яаралтай 125.000 төгрөг шилжүүл” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож 125.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилсан,

            - Хан-уул дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны салбарт 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэн А.Батзаяаг “Өмнөговь аймгийн цагдан хорих байрны хянагч байна Батзаяа хамт хоригдож байгаа хүнтэйгээ муудалцаад тэр хүнийхээ толгойг хагалсан, тархины бичлэг эмнэлгээр явах 300.000 төгрөгийг шилжүүлэх хэрэгтэй байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 300.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилсан,

- Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, 21 дүгээр хорооллын “Шөнийн зах”-ын орчимд 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Э.Туваандоржийг “Батзаяад зодуулсан гэх залуугийн эцэг Уртнасан гэх хүн байна. Танай дүү чинь манайг хүүг зодсон, эмнэлэгт үзүүлнэ, бензин тосны мөнгө хэрэгтэй байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 200.000 төгрөгийг иргэн Б.Болортунгалагийн дансаар шилжүүлэн авч “залилсан” гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Анхбат мэдүүлэхдээ: “Надад энэ хэргийг хийхэд ямар нэг тодорхой шалтгаан байгаагүй. Би урьд нь бусдыг хуурч, залилах гэмт хэргээр шүүх танхимд орж ирж байгаагүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас ийм үйлдэл хийсэн. Гэм буруугийн талаар надад маргах зүйл байхгүй” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

 

            - Иргэн Э.Туваандоржоос цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (2 дугаар хавтаст хэргийн 208-213 дугаар хуудас),

            - хохирогч Б.Аззаяагийн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 217, 4 дүгээр хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас),

            - хохирогч Н.Сүнжидмаагийн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 224-226 дугаар хуудас),

            - хохирогч Э.Туваандоржийн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 234 дүгээр хуудас),

- гэрч Б.Баярмагнайн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 242 дугаар хуудас),

- гэрч Б.Батзаяагийн мэдүүлэг (З дугаар хавтаст хэргийн 91-93 дугаар хуудас),

- гэрч Б.Болортунгалагийн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 234 дүгээр хуудас),

- 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 243-244 дүгээр хуудас),

- Хаан банкны 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 354 дугаартай албан бичиг, хавсралт, мөн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 365 дугаартай албан бичиг  (2 дугаар хавтаст хэргийн 248-249, 3 дугаар хавтаст хэргийн 1-4, 21-22 дугаар хуудас),

- “Юнител” ХХКомпанийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 39/1905 дугаартай албан бичиг (З дугаар хавтаст хэргийн 5-14 дүгээр хуудас),

- ялын тооцооны хуудас (4 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас),

- прокурорын зөвшөөрөл, шилжүүлэх хуудас, ялын тооцоо (1 дүгээр хавтаст хэргийн 144-146 дугаар хуудас),

- шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинээр гаргаж өгсөн 4 хуудас баримт /хохирол төлсөн баримт/,

            - Шүүгдэгч Б.Анхбатын хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 74 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3 дугаар хавтаст хэргийн 26 дугаар тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (1 дүгээр хавтаст хэргийн 87-132, 161-165, 197-208 дугаар тал, 3 дугаар хавтаст хэргийн 33-46 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Анхбатад холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Анхбатыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг,

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгч Б.Анхбат нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Б.Аззаяа, Э.Туваандорж, Н.Сүнжидмаа нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нийт 625.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            - Хохирогч Б.Аззаяагийн “...миний дүү Б.Батзаяа 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын шүүхээс “хүний амь хохироосон” хэргээр 7 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр манай авга ах Туваандорж над руу утсаар залгаад “Батзаяа хорих ангид байхдаа хүн зодсон байна, ар гэрийнх нь гомдолтой гээд байна. Чиний утасны дугаарыг өгчихлөө шүү” гээд надад Батзаяаг хариуцсан байцаагчийн 80117402 дугаарыг өгсөн. Би 80117402 дугаар руу залгаж ярихад “Өмнөговь аймгийн цагдан хорих байрны хянагч байна. Батзаяа хамт хоригдож байгаа хүнтэйгээ муудалцаад тэр хүнийхээ толгойг нь хагалсан, тархины бичлэг, эмнэлгээр явах зардал 300.000 төгрөгийг шилжүүлэх хэрэгтэй байна. Хохирол төлбөрийг төлөхгүй бол ял нь нэмэгдэнэ шүү, 5173109505 дугаартай данс руу шилжүүлээрэй” гэхээр нь би Анхбат гэсэн нэртэй дээрх данс руу 300.000 төгрөгийг шилжүүлсэн...2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 80159711 дугаараас над руу залгаад “Цагдан хорихын Баттөмөр байна. Зодсон хүнийх нь хойд аав хажууд байна. Энэ хүнтэй ярь” гээд өөр нэг эрэгтэй хүн ярихдаа “намайг Уртнасан гэдэг. Би хойд аав нь байгаа юм. Одоо Ханбогд сумын шүүх эмнэлгийн гадаа байна. Хот руу дахиж шинжилгээ, эмчилгээ хийлгэх хэрэгтэй байна. Шөнөдөө унтаж чадахгүй байгаа. 200.000 төгрөг шилжүүл” гэхээр нь “урьд нь 300.000 төгрөг өгсөн шүү дээ, гомдол, санал байхгүй гэсэн биз дээ” гэсэн чинь “явдаг газраар нь явна” гэж хэлээд утсаа тасалсан. Би Туваандорж ах руу утсаар яриад “нөгөө зодуулсан гээд байгаа хүмүүсийн ар гэр нь утсаар яриад хот руу явж шинжилгээ, эмчилгээ хийлгэх мөнгө гээд 200.000 төгрөг нэхээд байна” гэж хэлсэн. Тэгэхэд Туваандорж ах 200.000 төгрөгийг Болортунгалаг гэсэн нэртэй данс руу шилжүүлсэн байсан. Дараа нь Батзаяагийн эхнэр Сүнжидмаа цагдан хорих байранд Батзаяаг очиж эргэхдээ хүн зодсон эсэх талаар нь асуухад тийм зүйл болоогүй гэж хэлсэн...би дээрх явдлын дараа Батзаяа дээр эргэлтээр нэг очихдоо асуухад ямар ч тийм зүйл болоогүй гэж байсан...” гэх мэдүүлэг (2хх217,4хх6-7),

            - Хохирогч Н.Сүнжидмаагийн “...2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр үл таних хүн 80157104 дугаараас залгаад “өөрийгөө Амаржаргал гэж танилцуулж, танай нөхөр Батзаяа 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө хамт хоригдож байгаа хүнийхээ уруулыг нь сэтэлж, толгойгоор нь мөргүүлж, албаны ширээ эвдэлж, вакум цонх хагалсан, танай нөхрийн эвдэлсэн ширээ, вакум цонхны төлбөр 250.000 төгрөг болсон учраас зодсон, зодуулсан хоёр хүнээр хувааж төлүүлэх шаардлагатай байна. Манайд гаднаас шалгалт ирэх гэж байгаа болохоор яаралтай 125.000 төгрөгийг Хаан банкны 517309505 дугаартай данс руу шилжүүл” гэж хэлсэн. Тэгээд би 125.000 төгрөгийг....Хаан банкны 517309505 дугаартай дансанд шилжүүлээд, дараа нь 80157104 утасны дугаарт залгаж “Б.Батзаяагийн эхнэр байна. Мөнгө шилжүүлсэн” гэхэд “хэн бэ” гэж хэлээд “мөнгө орсон” гэж байсан...2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нөхөр Батзаяаг эргэж хорих ангид очихдоо “яагаад хүн зодсон” талаар асуухад манай нөхөр тийм юм болоогүй. Миний нэрийг барьж та нараас мөнгө авсан байх гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (2хх224-226),

            - Хохирогч Э.Туваандоржийн “...2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 12 цагийн үед над руу 80159711 гэсэн дугаараас залгаад “Батзаяад зодуулсан гэх залуугийн эцэг Уртнасан байна. Танай дүү чинь манай хүүг зодсон. Би хүүгээ Ханбогд сумын эмнэлэгт үзүүлнэ. Бензин, тосны мөнгө хэрэгтэй” гэсэн. Тэгэхээр нь “хэдэн төгрөг хэрэг болох вэ” гэхэд “200.000 төгрөг байхад болно” гэсэн. Тэгэхээр нь би 5599061952 тоот Болортунгалаг гэх хүний нэртэй данс руу 200.000 төгрөгийг шилжүүлсэн...2019 оны 07 дугаар сарын дундуур дүү Батзаяатай холбогдож “чи яагаад хоригдож байх хугацаандаа аятайхан байхгүй, хүн амьтан зодоод, ар гэрээсээ мөнгө нэхээд байгаа юм” гэхэд “би хоригдож байх хугацаандаа тийм асуудал гаргаагүй, юун мөнгө төгрөг яриад байгаа юм. Наадхынхаа учрыг та олоорой” гэсэн...” гэх мэдүүлэг (2хх231-232, 3хх198),

            - Гэрч Б.Болортунгалагийн “...2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нөхөр, хүүхдийнхээ хамт Найрамдал зуслан руу салхинд гарчхаад буцаж явах замд Буман-Өлзий хорооллын орчимд нэг залуу такси барих гээд гараа өргөхөөр нь нөхөр бид хоёр замдаа хүн аваад явъя гээд тухайн залууг суулгахад “3, 4 дүгээр хороолол орно” гэхээр нь “4 дэх өдөр байсан болохоор манай автомашины дугаар явахгүй” гэдгээ хэлээд 21 дүгээр хороолол хүртэл явахаар болсон. Замдаа тухайн үл таних залуу “би эгчээсээ мөнгө шилжүүлээд авах гэсэн юм, надад карт байдаггүй, данс руу чинь мөнгө шилжүүлээд таксины мөнгөө өгчихье” гэхээр нь зөвшөөрсөн. Хүнтэй утсаар ярьж байгаад миний Хаан банкны 5171045983 дансыг хэлүүлж авсан. Тэгээд авто сургуулийн тэнд байх “Миний зах”-ын АТМ рүү хамт ороод миний картаар АТМ-ээс 200.000 төгрөгийг аваад таксины 6.000 төгрөгийг надад өгөөд үлдсэн мөнгийг нь аваад цааш явсан...” гэх мэдүүлэг (2хх234),

- Гэрч Б.Баярмагнайн “...би Өмнөговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2012 онд сургууль төгссөнөөсөө хойш одоог хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд надтай Баттөмөр гэдэг хүн хамт ажиллаж байгаагүй...Б.Батзаяа нь цагдан хоригдож байх хугацаандаа “Баярсайханы Анхбат” гэх хүнтэй хамт хоригдож байсан...Б.Батзаяа нь 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд цагдан хоригдож байх хугацаандаа хамт хоригдож байсан хүнээ зодсон, цохисон асуудал гаргаагүй....” гэх мэдүүлэг (2хх242),

- Гэрч Б.Батзаяагийн “...Баярсайханы Анхбат гэх залуутай цагдан хорих байрны 1 номерын камерт хоригдож байсан. Би хоригдож байх хугацаандаа хамт хоригдож байсан хүнээ зодож гэмтэл учруулсан асуудал гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг (Зхх91-93)

- Таньж олуулах ажиллагааны явуулсан тэмдэглэлд  “оролцогч Б.Болортунгалаг нь 7 дугаартай зураг Б.Анхбатын зааж байв” болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (2хх243-244),

- Хаан банкны 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 354 дугаартай “...Э.Туваандоржийн 5009454700 тоот данснаас 200.000 төгрөгийг Б.Болортунгалагийн 5171045983 тоот данс рүү шилжүүлсэн, Б.Анхбатын 5173109505 тоот дансанд 300.000 төгрөгийг “Аззаяа хохирол төлбөр” гэх утгатай шилжүүлсэн” гэсэн албан бичиг, хавсралт (2хх248-249, 3хх1-4),

- “Юнител” ХХКомпанийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 39/1905 дугаартай “80159711, 80117402 дугаарууд дээр Баярсайханы Анхбат /ПА89040211/ гэсэн хэрэглэгч бүртгэлтэй байна” гэсэн  албан бичиг (Зхх5-14),

- Хаан банкны 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 365 дугаартай “5171045983 тоот дансны 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 200.000 төгрөгийн зарлагын гүйлгээг лавлахад Б.Болортунгалаг нь Сонгинохайрхан тооцооны төвийн харьяа 21 худалдааны төвийн шөнийн захад байрлах АТМ дээр хийсэн” гэсэн албан бичиг (Зхх21-22) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүх хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.Анхбат нь үргэлжилсэн үйлдлээр бусдад “хамт хоригдож байгаа хүнтэй маргалдаж, зодсон, албаны ширээ эвдэлж, вакум цонх хагалсны төлбөр, хохирогчийг эмнэлэгт  үзүүлнэ, бензин тосны мөнгө шилжүүл” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж дансаар нийт 625.000 төгрөгийг шилжүүлэн өөртөө авсан үйлдлүүд нь “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Иймд шүүгдэгч Б.Анхбатыг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн шилжүүлэн авч хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарах тул түүнийг “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж Шүүх дүгнэв. 

Тиймээс улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Анхбатыг гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул түүнийг гэм буруутай тооцуулах дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

            -Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Сүнжидмаад 125.000 төгрөг, Б.Аззаяад 300.000 төгрөг, Э.Туваандоржид 200.000 төгрөг, нийт 625.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Анхбат учруулсан ба тэрээр хохирлын хэмжээг зөвшөөрч маргаагүй болно.

Шүүхийн шатанд хохирогч Э.Туваандоржоос “200.000 төгрөгийн хохирлыг Б.Аззаяад хүлээлгэн өгөхөд ямар нэгэн асуудал байхгүй болохыг тодорхойлж, Б.Аззаяа нь 200.000 төгрөгийг өмгөөлөгч Г.Цолмонгэрэлээс бэлнээр хүлээн авсан” тухай баримтыг ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Анхбатыг хохирогч Э.Туваандоржид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Н.Сүнжидмаа, Б.Аззаяа нарт учирсан хохирлыг төлөх боломжгүй байгаа, хохирол төлөх завсарлага авах шаардлагагүй гэсэн хүсэлт, мэдүүлгийг шүүгдэгчээс өгсөн тул түүнээс 425.000 төгрөгийг гаргуулж, дээрх хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас: “...шүүгдэгч Б.Анхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 11 сар 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 7 жил 11 сар 19 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “... Б.Анхбатын хувд бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн. Түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас бага хэмжээний хохирол учирсан. Б.Анхбат нь залилах гэмт хэрэгт анх удаагаа холбогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлж оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй. Эдгээр байдлуудыг харгалзан үзэж Б.Анхбатын холбогдсон хэрэгт нь албадан ажил хийлгэх ялыг оногдуулж, тус тусад нь эдлүүлж өгнө үү...анх цагдан хорихдоо Анхбатыг дээрмийн хэргээр авч ирсэн. Тухайн цаг үед хэргүүдийг нэгтгэх бүрэн боломжтой байсан, гэтэл хайнга хандаж энэ хүний эрх зүйн байдлыг улам дордуулсан. Мөн дээрмийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон байхад 1 жил 4 сарын цагдан хоригдсон хугацааг өмнөх шийтгэх тогтоолын эдлээгүй үлдсэн ялаас хасаж тооцох нь шударга ёсонд нийцнэ...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж  мэтгэлцсэн болно.

Шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.Анхбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал”-ууд тогтоогдсонгүй.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй/, шүүгдэгчийн хувийн байдал /үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Анхбатад 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн арга барил, шалтгаан нөхцөл, үйлдлийн давтамж, учруулсан хохирлын хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1124 дугаартай шийтгэх тогтоол /1хх197-208/-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 жил 2 сар 25 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 427 дугаар хаалттай хорих ангид ялаа эдэлж, ялын тооцооны лавлагаа, тодорхойлолт /1хх144-146, 4хх33-34/-ыг (2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар биеэр 1 жил 3 сар 6 хоног, үлдсэн 5 жил 11 сар 19 хоног) үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл /хэдэн хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах/-ийг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 11 сар 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялын хэмжээг 7 жил 11 сар 19 хоногийн хугацаагаар тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг...хорих ялын нэг хоногоор...тооцож эдлэх ялаас хасна.” гэж тус тус заажээ. 

Шүүгдэгч Б.Анхбат нь 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 15-ний өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон нийт 460 хоногийг тус тус түүний эдлэх ялд оруулан, эдлэх ялаас хасаж тооцож, түүнд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь ялтан Б.Анхбат нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1124 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг 427 дугаар хаалттай хорих байгууллагад эдэлж байсан бөгөөд Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжаар иргэн Н.Батнарангийн монетан бөгжийг хүч хэрэглэж авсан /дээрэмдэх/ гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа үндэслэлээр прокурорын зөвшөөрлөөр 461 дүгээр хаалттай хорих ангид зохих журмын дагуу шилжүүлэн цагдан хорьж, ялын тооцоог бодож гаргасан байна. Тухайн дээрмийн хэрэгт шалгагдаж байх хугацаанд залилах гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, энэ хэрэгт нэгтгэж, шалгасан боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг тусгаарлан, хэрэг бүртгэлтэд шилжүүлж, зөвхөн залилах гэмт хэрэгт нь Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос 2021 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 362 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Иймээс Эрүүгийн 1906021420368 тоот хэрэгт цагдан хоригдсон дээрх хоногийг тус тус эдлэх ялд оруулж, хасаж тооцох нь хууль зүйн хувьд үндэслэлтэй юм.

Хүний эрх чөлөөг бүх талаар хязгаарладаг, цээрлэлийн хатуу үр нөлөөтэй хүнд ялд тооцогдох “хорих ял” оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирно гэж үзэж, шүүгдэгчээр гэм бурууг ухамсарлуулах, цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ял” оногдуулахаар хуульчилсан хэдий боловч гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирохгүй, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялтай /ялтан/ зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон учир уг ялын төрлийг хэрэглэх боломжгүй, тус тусад нь эдлүүлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал үүснэ.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 1906021420368 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Аюуш овогт Баярсайханы Анхбатыг үргэлжилсэн үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Анхбатад 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Анхбатад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1124 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 11 сар 19 хоногийг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 7 (долоо) жил, 11 (арван нэг) сар, 19 (арван ёс) хоногоор тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Анхбатад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Анхбатын цагдан хоригдсон 460 (дөрвөн зуун жар) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Анхбатаас нийт 425.000 (дөрвөн зуун хорин таван мянга) төгрөгийг гаргуулж,

- хохирогч Н.Сүнжидмаад 125.000 төгрөг, Б.Аззаяад 300.000 төгрөгийг тус тус олгож, хохирогч Э.Туваандоржид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн 1906021420368 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, Б.Анхбатын эдлэх ялыг 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Анхбатад авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БЯМБААБААТАР