| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/0119/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/227 |
| Огноо | 2022-02-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/227
2022 02 15 2022/ШЦТ/227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,
Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,
Шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мд холбогдох 2106 00000 2557 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1981 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Шинэ гүрэн хотхоны 204 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Заяахан овогт Мөнхбаатарын М /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
М.М нь 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ гүрэн” хотхоны 204 тоотод хамтран амьдрагч Ц.Баянмөнхтэй маргалдан баруун дал хэсэгт нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.3-10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Баянмөнхийн өгсөн: “... Би эхнэрийг 2 удаа алгадсан ба эхнэр ширээн дээр байсан жижиг иштэй хутгыг аваад миний баруун далны дээд хэсэг рүү хутгалсан байсан. Анхандаа намайг цохиж байна гэж бодтол хутгалчихсан байсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.16-17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Отгонбаярын өгсөн: “... нэг сэрэхэд Ц.Баянмөнх нь эхнэртэйгээ маргалдаж хэрэлдээд байсан. Би очоод М.М, Ц.Баянмөнх хоёрыг салгасан. Тэгтэл М.М нь Ц.Баянмөнхийн араас нэг юмаар хатгах шиг болсон. Тэгээд М.М нь би Ц.Баянмөнхийг хутгалчихлаа шүү дээ гээд уйлаад байсан. Тэгэхээр нь би Баянмөнхийг хартал баруун далны доод хэсэгт нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх.24/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10508 дугаартай:
“1. Ц.Баянмөнхийн биед баруун даланд шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4 Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх.28-29/,
Шүүгдэгч М.Мийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.42-57/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч М.Мийн яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо Шинэ гүрэн хотхоны 204 тоотод нөхөр Ц.Баянмөнхийн хамт байж байсан. Тэгээд хаалга тогшихоор нь онгойлгоход манай нөхрийн найз Отгонбаяр орж ирсэн. Бид нөхөртэйгөө хамт алт мөнгөний дарханы чиглэлээр хувиараа хөдөлмөр хийдэг. Манай найз Отгонбаяр ч гэсэн хувиараа алт мөнгөний дархан хийдэг. Тэгээд бид гурав ажлаа ярингаа манай гэрт байсан 0,75 литрийг Цагаан нэртэй архийг уугаад юм ярьж суусан. Тэгтэл Отгонбаяр гаднаас 0,5 литрийн Хараа нэртэй архи авчирсан байсан. Тэрийг нь бас гурвуулаа хувааж уусан. Ингээд байж байтал манай нөхөр бид хоёр маргалдаад манай нөхөр миний баруун зүүн хацар луу алгадсан. Тэгэхээр нь би уурлаад ширээн дээр байсан улаан өнгийн иштэй, вино онгойлгогч, халба сэрээ гэх мэт зүйлс хамт байдаг жижиг эвхдэг хутгыг аваад Ц.Баярмөнхийн баруун дал хэсэгт нь зүсчихсэн. Ингээд би өөрөө яаралтай түргэн тусламжийн 103 дугаарын утас болон цагдаагийн байгууллагын 102 дугаарын утас руу залгаж дуудлага өгсөн. Тухайн үед миний барьж байсан хутгыг Отгонбаяр, Баянмөнх хоёрын нэг нь аваад гадагшаа гаргаад шидсэн гэсэн. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгч байхад Баянмөнх, Отгонбаяр хоёр гараад явчихсан байсан. Удалгүй цагдаа нар ирээд Отгонбаяр, Баянмөнх бид гурвыг аваад цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс дээр авч ирээд Отгонбаяр бид хоёрыг эрүүлжүүлсэн... Би нөхөр С.Баянмөнхтэй муудалцаад С.Баянмөнх миний хацар луу гараараа 2-3 удаа алгадсан. Тэгэхээр нь уурлаад ширээн дээр байсан жижиг эвхдэг хутгыг аваад Ц.Баянмөнхийн баруун талын дал хэсэгт 1 удаа зүсчихсэн...” гэх мэдүүлэг /хх.66/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
М.М нь 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ гүрэн” хотхоны 204 тоотод хамтран амьдрагч Ц.Баянмөнхтэй маргалдан баруун дал хэсэгт нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.3-10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Баянмөнхийн өгсөн: “... Би эхнэрийг 2 удаа алгадсан ба эхнэр ширээн дээр байсан жижиг иштэй хутгыг аваад миний баруун далны дээд хэсэг рүү хутгалсан байсан...” гэх мэдүүлэг /хх.16-17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Отгонбаярын өгсөн: “... М.М нь Ц.Баянмөнхийн араас нэг юмаар хатгах шиг болсон. Тэгээд М.М нь би Ц.Баянмөнхийг хутгалчихлаа шүү дээ гээд уйлаад байсан. Тэгэхээр нь би Баянмөнхийг хартал баруун далны доод хэсэгт нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх.24/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10508 дугаартай:
“1. Ц.Баянмөнхийн биед баруун даланд шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4 Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх.28-29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч М.Мийн яллагдагчаар өгсөн: “... ширээн дээр байсан жижиг эвхдэг хутгыг аваад Ц.Баянмөнхийн баруун талын дал хэсэгт 1 удаа зүсчихсэн...” гэх мэдүүлэг /хх.66/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
М.Мийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Мийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Ц.Баянмөнх нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч М.Мийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
М.Мд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг тэдгээрийн ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан үзэж шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлбэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Заяахан овогт Мөнхбаатарын Мийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч М.Мд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Мд сануулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Баянмөнх нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР