Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1114

 

2021           11            08                                              2021/ШЦТ/1114

 

 

                                 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Р.Мягмардорж,

шүүгдэгч Э.Цэрэндорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Э.Цэрэндоржийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2108000001444 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дүгээр сарын 08-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл-2, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 17-8 тоотод түр оршин суух /Хөвсгөл аймгийн Тариалан сумын 2 дугаар баг Ар тархи гэдэг газар оршин суух бүртгэлтэй/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Муумайхан овогт Энхжаргалын Цэрэндорж /РД:РЕ96100810/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Э.Цэрэндорж нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 17-8 тоотод иргэн Б.Даваадуламыг “Танайхан архичин, ногоон гуйлгачнаа аваад зайлаарай оруулахгүй шүү” гэх шалтгаанаас үүдэлтэйгээр маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хацар дотор салстад шарх ,зүүн хацар дотор хэсэг, баруун гуянд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Цэрэндорж “мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

-  Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Б.Даваадуламын мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/, гэрч Б.Цэрэнтогтохын мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/, Э.Цэрэндоржийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 9428 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 29 дүгээр тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дүгээр тал), оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дугаар тал), эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дүгээр тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дугаар тал), Хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 37-42 дугаар тал) зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Цэрэндоржид холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёс, шударга ёс, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч Э.Цэрэндоржийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг, шүүгдэгч нь “хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй” оролцсон болно.

Шүүгдэгч Э.Цэрэндорж нь 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 17-8 тоотод иргэн Б.Даваадуламтай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-  хохирогч Б.Даваадулам “...Цэрэндорж нь хоёр давхрын цонхыг хагалж орж ирээд шууд миний нүүр лүү 2-3 удаа, элэг рүү цохиж унагаагаад дээрээс дэвсэж, үсдээд намайг чирээд миний баруун болон зүүн хөл зулгаралт үүсгэсэн байсан...надад одоо санал хүсэлт гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-7/,

- гэрч Б.Цэрэнтогтохын “...2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр цуг ажилладаг хоёр дүүтэйгээ хамт архи ууж байгаад орой 22 цагийн үед гэртээ хүргүүлж ирсэн. Намайг гэрт ирэхэд эхнэр ганцаараа байсан. Харин манай хоёр дүү нэг хашаанд цуг амьдардаг юм. Эхнэр Даваадулам “архи уулаа” гэж намайг загнаад бид хоёр маргалдсан. Тэгснээ “танайхан архичин” гэх мэтээр доромжилсон чинь дүү Цэрэндорж гадаа байхдаа сонссон бололтой цонхоор орж ирэнгүүтээ эхнэр Даваадуламтай маргалдаж байснаа 1-2 удаа цохих шиг болсон. Тэгэхээр нь би шууд очоод салгасан...” гэх мэдүүлэг /хх-14/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 9428 дугаартай “...Б.Даваадуламын биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хацар дотор салстад шарх, зүүн хацар дотор хэсэг, баруун гуянд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх19-20/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Э.Цэрэндорж нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, иргэн Б.Даваадуламын эрүүл мэндэд халдаж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Тиймээс шүүгдэгч Э.Цэрэндоржийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж Шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Цэрэндорж нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Даваадуламд хөнгөн хохирол учирсан ба тэрээр өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, “гомдол, санал байхгүй, шүүх хуралд суухгүй” гэх хүсэлт /хх-63/-ийг гаргажээ.

Иймээс шүүгдэгч Э.Цэрэндоржийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч Э.Цэрэндоржид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг шүүгдэгчээс “хүлээн зөвшөөрч байгаа, маргаж, мэтгэлцээгүй“ болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Э.Цэрэндорж нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх (хх-29) ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.Цэрэндорж нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хх-64) гаргасныг прокурор “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 281 дүгээр тогтоол (хх65-66)-оор хүлээн авч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар түүнд танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн.

Иймээс Шүүх шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /үл ялих зүйлээр шалтаглан бусдын эрүүл мэндэд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан, тэрээр гомдол санал, нэхэмжлэхгүй зүйлгүй/, шүүгдэгчийн хувийн байдал /үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тодорхой орлого олдог/ болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Цэрэндоржийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэгт дүгнэлт хийж оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг сануулж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Бусад асуудлаар.

Эрүүгийн 2108000001444 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Цэрэндорж нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Муумайхан овогт Энхжаргалын Цэрэндоржийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цэрэндоржийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Цэрэндоржид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.   

 

4. Эрүүгийн 2108000001444 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Цэрэндорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор  нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Цэрэндоржид авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.БЯМБААБААТАР