| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/0038/И |
| Дугаар | 130/ШШ2017/00299 |
| Огноо | 2017-05-02 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 130/ШШ2017/00299
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Н сумын 5 дугаар багт оршин суух, А овогт С Жын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын тамгын газарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч С.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С , гуравдагч этгээд Ш.Х , гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.З , орчуулагч А.Е , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгохыг шаарджээ.
Нэхэмжлэгч С.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын иргэн С.Ж би Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Ажилд томилох тухай 28 дугаар тушаалаар тус сумын Засаг даргын тамгын газрын жолоочийн ажилд бүр томилогдсон юм. С.Ж би ажлаа 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсан юм. С.Ж би ажил үүргээ хэвийн хэмжээнд гүйцэтгэж явж байтал сумын Засаг даргын тамгын газрын даргаар шинээр томилогдсон М.Т нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 32 тоот тушаал гарган уг тушаалын 2-р заалтаар сумын Засаг даргын Тамгын газрын жолоочоор С овогтой Жыг томилсон 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 28 тоот тушаалыг хүчингүй болгосон юм. Ингээд би ямар ч шалтгаангүй ажилгүй болж одоо гудамжинд гарч байгаа явдалд гомдолтой байна.
Ажил олгогч намайг ажилд авахад 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. С.Ж миний ажлыг авсан Ш.Х нь өндөр насны тэтгэвэрт гарсан ба тэрээр жолоочийн ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш шүүхийн байгууллагад хандаж байгаагүй юм. М.Т нь Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн шийдвэрийн дагуу Н сумын Засаг даргын тамгын газрын даргын ажилд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр авсан боловч миний тушаалыг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэж гарган тэмдэг дарсан нь хууль бус гэж үзэж байна. С.Ж миний ажлаас чөлөөлсөн тушаалыг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өгсөн юм. С.Ж би өдөр бүр цагаа бүртгүүлж ажлаа хийж явсан юм.
Иймд С.Ж би жолоочийн үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа учраас Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Ж шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: Би Ш.Х гэдэг хүнийг ажлаасаа гарах гэж байна гэж сонсоод түүний оронд ажилд орохоор сумын Засаг дарга болон Тамгын газрын даргад хүсэлт гаргасан. Ингээд 2 сар ажилласан. Энэ хугацаанд машин байгаагүй, жижиг сажиг хар бор ажил хийж байсан. Одоо хуучин ажилдаа эргэж орох хүсэлттэй байна гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие М.Т тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар 2009 оноос эхлэн ажиллаж байгаад 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс төрийн албанаас хууль бусаар чөлөөлөгдөж, улмаар захиргааны хэргийн бүх шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр 2016 оны 12 дугаар сарын 15-ний өдрөөс эхэлж тус сумын Засаг даргын тамгын газрын даргын ажилд эгүүлэн томилогдсон.
1. 2016 оны 12 дугаар сарын 15-ний өдөр ажлаа хүлээн авахад сумын Засаг даргын тамгын газрын гэрээт ажилтан болох сахиул, галч, жолооч гэсэн 3 орон тоонд илүү 3 хүн авч ажиллуулснаар Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж батлагдсан цалингийн санг хэтрүүлж орон тооны хязгаараас илүү хүн ажиллуулсан зөрчил гарсан юм. Иймд энэхүү төсөвт холбоотой зөрчлийг арилгаж төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасныг үндэслэн Сумын Засаг дарга К.Х зөвшилцөн орон тооноос илүү ажиллаж байсан галч Т.Е , сахиул Х.Ж , жолооч С.Ж нарыг хуулийн дагуу чөлөөлсөн гэж үзэж байна.
2. Сумын Засаг даргын тамгын газрын жолооч Ш Х нь 1990 оноос тамгын газрын жолоочоор тасралтгүй 26 жил ажилласан ажилтан юм. 2015 онд миний бие М.Т сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхад жолооч Ш.Хтай хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулж байсан. 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн Сумын Засаг даргын тамгын газрын даргаар түр томилогдон ажилласан X.К 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусах хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан мөртлөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар жолоочийн үүрэгт ажлаа хэвийн гүйцэтгэж байсан ажилтанд мэдэгдэхгүйгээр даан ганц ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь чөлөөлсөн явдал хууль бус үйлдэл гэж үзэж байна.
3. Сумын Засаг даргын тамгын газрын дарга X.К 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 28 тоот тушаалаар жолооч Ш.Хг тэтгэврийн насанд хүрсэн гэж үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан нь хуулинд нийцээгүй гэж үзэж байна. Үүний үндэслэл нь: 1. Жолооч Ш.Х 1958 онд төрсөн, 58 настай учраас тэтгэвэр авах эрх үүсээгүй байна.
2.Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ёстой байтал жолооч Ш.Хд огт мэдэгдээгүй нь буруу байна.
3.Жолооч Ш.Х ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргаж байгаагүй, тэтгэмжийн асуудал шийдэгдээгүй байхад ажлаас нь чөлөөлсөн нь хуулинд нийцээгүй гэж ойлгож байна.
4. Сумын Засаг даргын тамгын газрын албаны машин нь 2015 оны 9 дүгээр сараас эхлэн огт яваагүй, учир нь гурван дугуй нь хагарсан, коровк нь эвдрэлтэй запас тавих санхүүгийн боломжгүй нь жолоочийн буруугаас болсон асуудал биш байна.
5. Ш.Х машинаа хүлээлгэж өгөөгүй учраас ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
6. Ш.Хн өөрийн хувийн ******* ******* дугаартай машинаар албаны ажилд 2016 оны 10 дугаар сараас эхлэн тасралтгүй явж байгаа болно.
Н сумын Засаг даргын шинээр байгуулагдсан зөвлөлийн хуралдаанаар сумын Засаг даргын тамгын газрын жолооч Ш.Хн талаар хэлэлцсэн. Хуралдаанд оролцсон зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүн болон одоо ажиллаж буй Ш.Х жолоочоор томилогдсон С.Ж ээжийн хамт хуралд оролцсон. Хуралдаанд оролцсон зөвлөлийн гишүүд санал бодлоо тус тус илэрхийлсэн юм. Үүнийг Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс уншиж танилцана уу.
Засаг даргын зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар гаргасан зөвлөмж болон сумын Засаг дарга К.Х зөвшилцсөний үндсэн дээр Ш.Хг жолоочоор хэвээр нь үргэлжлүүлж ажиллуулах, жолоочоор томилогдсон С.Жтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай зөвлөмж өгсөн.
4. Гомдол гаргагч С.Жын тухайд сумын Засаг даргын тамгын газрын албаны Ланд-80 машин нь 2015 оны 9 дүгээр сараас эхлэн огт яваагүй эвдэрсэн байсан ба жолооч Ш.Х өөрийн хувийн 469 машинаар албаны ажилд явж байсан юм. Гэтэл сумын Засаг дарга байсан А.М Засаг даргын тамгын газрын дарга Х.Кгаар тушаал гаргуулан С.Жыг томилуулсан явдлыг улс төрийн хууль бус шийдвэр буюу ашиг сонирхлын зөрчилтэй асуудал гэж үзэж байна. Иргэн С.Ж нь жолоочоор бүр томилогдож машин техникийг хүлээж аваагүй буюу жолоочийн үүргийг гүйцэтгээгүй, зөвхөн цаг бүртгүүлж нэг сарын цалин авсан байна.
С.Жтай байгуулсан гэрээний талаар хэлэхэд байгуулсан гэрээний талууд болох сумын Засаг даргын тамгын газрын дарга Х.К төлөөлөн нэр бичигдсэн боловч нөгөө талаас жолооч С.Жын нэр гэрээнд бичигдээгүй он, сар, өдөр нь байхгүй хэлэлцсэн тохиролцсон нөхцөл нь ойлгомжгүй учраас гэрээ хүчин төгөлдөр биш гэж үзэж байна. Мөн ажил олгогч ажилтны хаяг тодорхойгүй байна. Миний бие М.Т тус сумын 3асаг даргын тамгын газрын даргаар 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 157 тоот захирамжаар Тамгын газрын даргаар эгүүлэн томилогдож, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажлаа хүлээн авсан болно. Сумын засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 158 тоот захирамжаар ажлыг хүпээпцүүпэх комисс байгуулсан гэжээ.
Гуравдагч этгээд Ш.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Н сумын 5 дугаар багт оршин суух А овогт Сын Жын гомдолтой Н сумын Засаг даргын тамгын газрын жолоочийн үүрэгт ажилд эргүүлэн тогтоолгохыг хүссэн Н сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдох иргэний хэрэгт одоогоор Н сумын Засаг даргын тамгын газрын жолоочоор ажиллаж байгаа Ш.Х миний бие Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр татагдан оролцож байна.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох Ш.Х миний бие 1992 оноос эхлэн одоо хүртэл Н сумын Засаг даргын тамгын газрын жолоочоор тасралтгүй 25 дахь жилдээ ажиллаж байна. Н сумын Засаг даргын тамгын газрын мэдлийн Тоуота Landcruiser-80 маркийн ****** улсын дугаартай автомашин нь гүйлтийн болон ашиглалтын хугацаа дуусаж актлагдах болсон тул 2015 оны 9 дүгээр сараас эхэлж өөрийн хувийн ****** улсын дугаартай ******* маркийн автомашинаар сумын Засаг даргын тамгын газартай Төрийн зарим ажил үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх журмын дагуу гэрээгээр ажиллаж байна.
Ш.Х миний бие 1958 оны 9 дүгээр сарын 12-нд төрсөн эдүгээ 58 настай бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй байгаа юм. Гэтэл Н сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Х.К нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Засаг даргын тамгын газрын даргын 28 тоот тушаалаар Өндөр настны тэтгэвэрт гарах болсон тул гэж үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байна.
Ш.Х миний бие 1958 оны 9 дүгээр сарын 12-нд төрсөн одоо 58 настай болох нь 1958 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн төрөлтийн бүртгэл, цэргийн батлах, олон хүүхэдтэй эхийн тэтгэмжийн дэвтэр зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байгаа юм.
Иймд шүүхээс хүсэхэд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар И овогтой Шийн Х намайг Н сумын Засаг даргын тамгын газрын жолоочийн үүрэгт ажилд үргэлжлүүлэн ажиллуулж, С.Жын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Ш.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би төрд 30-аад жил ажилласан. Нас маань буруу байсан болохоор шүүхэд хандаж 1958 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрснөөр тогтоолгож авсан. Тэтгэвэрт, тэтгэмж аваагүй. Төрийн санд миний тэтгэмж ирсэн гэсэн. Гэхдээ нас тогтоолгож цаашид ажиллах хүсэлттэй байсан учраас энэ тэтгэмжийг авахгүй гэдгээ хэлсэн. Тэгээд буцаагаад явуулсан. Тийм учраас цаашид хоёр жил ажиллах сонирхолтой байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгч С.Ж нь Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсжээ.
Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 28 дугаартай ажилд томилох тухай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасныг үндэслэн сумын Засаг даргын тамгын газрын жолооч Ш овогтой Х тэтгэврийн насанд хүрсэн тул 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж, оронд нь С овогтой Жыг томилсон байна.
Мөн даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаартай тушаалаар Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасныг үндэслэн Засаг даргын тамгын газрын жолоочоор ажиллаж байсан Ш.Х 60 нас хүрээгүй өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй учраас сумын Засаг даргын тамгын газрын жолоочоор Ш овогтой Хг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн томилж, энэхүү тушаал гарсантай холбогдуулан сумын Засаг даргын тамгын газрын жолоочоор Сын Жыг томилсон 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 28 дугаартай тушаалыг хүчингүй болсонд тооцсон байна.
Н сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 34 дугаартай тушаалаар Ш.Хг Засаг даргын тамгын газрын жолоочийн ажилд хэвээр нь үргэлжлүүлэн ажиллуулж, мөн даргын 35 дугаартай тушаалаар С.Жтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, энэ тушаал гарсантай холбогдуулан Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 32 дугаартай тушаалыг хүчингүй болгожээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч С.Жыг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Н сумын Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар жолоочийн ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч бодит байдал дээр тухайн ажлыг Ж нь гүйцэтгэж байсан гэж үзэх боломжгүй байна. Учир нь хариуцагчаас гаргаж өгсөн жолоочийн тооцооны хуудаснаас үзэхэд жолооч Ш.Х нь 2016 оны 11 дүгээр сарын 25-наас 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Засаг даргын тамгын газарт албан үүргээ гүйцэтгэж байсан байх ба энэ нь Н сумын Засаг даргын зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэлээр давхар нотлогдож байна.
Мөн Ш.Хг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр чөлөөлөх тухай шийдвэр гаргасан боловч Ш.Х нь 1958 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн буюу ажлаас чөлөөлөх үед 58 настай болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын төв архивын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 45/035447 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх ба Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 156 дугаартай шийдвэрээр Шийн Х нь 1958 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 58 настай болохыг тогтоосон байна.
Төрийн байгууллага нь хуульд заасан нөхцөл бүрэн бүрдсэн үед тэтгэвэрт гаргах үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлөх боломжтой, гэтэл ажлаас чөлөөлөх тушаал гаргах үед нэхэмжлэгч Ш.Х нь бодит байдал дээр 60 нас хүрээгүй байсан, ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан ажилтныг ажлаас чөлөөлөх нөхцөл бүрдсэн эсэх, тухайн этгээд нь өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах хуульчилсан шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодруулахгүйгээр, түүнчлэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндсөн шийдвэр гаргах талаар гуравдагч этгээд болох Ш.Хд урьдчилан мэдэгдэж, нэхэмжлэгчээс хүсэлт авах зэргээр оролцоог нь хангахгүйгээр ажлаас нь чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байх тул хариуцагчийн энэхүү үндэслэлээр С.Жыг ажлаас чөлөөлснийг буруутгах боломжгүй байна. Мөн Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 28 дугаартай ажилд томилох тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн агуулгатай, гэтэл Ш.Х нь 58 настай тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах нөхцөлийг хангахгүй байгаа буюу Ш.Хд тэтгэвэр олгох эрх зүйн үндэслэл байхгүй тул Ш.Хг ажлаас чөлөөлж, С.Жыг ажилд томилсон тушаал нь зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй, нэхэмжлэгчийн 60 нас хүртэл төрийн албанд ажиллах эрхийг нь зөрчсөн гэж үзэхээр байна.
Гуравдагч этгээд болох Ш.Хн нь ажлаас үндэслэлгүйгээр халагдсан тухай гомдлоо шүүхэд 1 сарын дотор гаргах байсан боловч Ш.Хд жолоочийн ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлсээр байсан, мөн Н сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тушаалаар түүнийг ажилд томилсон байх тул гомдол гаргах шаардлага үүсээгүй байна гэж дүгнэв.
Иймд нэхэмжлэгч С.Жын Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгөх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан С.Жын Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгөх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн доторБаян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК