Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/20

 

2022          02            01                                            2022/ШЦТ/20

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.С-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2204000000005 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                          Б.Наранжаргал

Улсын яллагч                                                                    Б.Билгүүн

Шүүгдэгч                                                              Б.С нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлаг хэсгийн __ дүгээр гудамжны ___тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Багануур дүүргийн __ дүгээр хороо, Байдлаг хэсгийн __ дугаар гудамжны ___ тоот хашаанд оршин суух Б.С.

Шүүгдэгч Б.С нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны орой 20.00 цагийн орчим Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлаг хэсгийн ... дугаар гудамжны ... тоот хашаанд байх гэртээ нөхөр Г.Г-тэй "Архи уулаа” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар түүний толгойн тус газарт хуванцар сандал шидэж биеийн эрүүл мэндэд нь толгойн зулайн хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд: Шүүгдэгч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 13-ны орой гэртээ байж байхад манай нөхөр Г согтуу ирээд гэрийн хаалга чанга балбаад байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд эрүүл болчихоод ирээрэй гэж хэлээд хаалгаа тайлаагүй юм. Гэтэл манай нөхөр хаалгаа улам хүчтэй нүдээд байхаар нь би гэрийн хаалга ойнгойлгосон. Г гэрт орж ирчихээд надад уурлаж над руу агсараад гараа далайхаар нь би зугтаа гэрийн хойморт очоод суусан. Тэгтэл Г над руу ирэх шиг болохоор нь би хуванцар сандал аваад түүн рүү шидчихсэн. Тэгээд Галбадрахын толгой хэсгийг онож гэмтэл учруулсан ...” гэсэн мэдүүлэг /хх-н ___-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

  Хохирогч Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр найзындаа архи ууж байгаад 20 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд гэрийн хаалгаа татсан чинь дотроосоо цоожтой байсан. Манай эхнэр хаалгаа тайлахгүй гээд байсан ба би хаалгаа нүдсээр байгаад гэртээ орсон. Намайг гэрт ороход манай эхнэр “архи уулаа” гэж над руу уурлаж, бид хоёр маргалдсан. Тэгээд С над руу хуванцар сандал шидээд миний толгойг онож хагалсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 12-р хуудас/

  Шинжээчийн 53 дугаартай “Г-н биед зулайд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 30, 31-р хуудас/

  Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-5, 24-р хууудас/

Хохирогч болон шүүгдэгчийн согтуурал шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 22-23-р хууудас/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, яллагдагч, хохирогч нарын хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал /хх-н 58-63-р хуудас/

  Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 9-р хуудас/

  Шүүгдэгч С-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх тэмдэглэл /хх-н 44-р хуудас/

С-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, түр оршин суугчийн тодорхойлолт зэрэг баримтууд /хх-н 47-54-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт

 Шүүгдэгчийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын торгох ялын саналыг зөвшөөрч байгаа...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

  Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч хохирогч нарын мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа дээрхи баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Шүүгдэгч С нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны орой 20.00 цагийн орчим Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлаг хэсгийн __ дугаар гудамжны __ тоот хашаанд байх өөрийн гэртээ нөхөр Г-тэй "Архи уулаа” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар түүний толгойн тус газарт хуванцар сандал шидэж толгойн зулайн орой хэсэгт 4х0,5 см язарсан шарх бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

С нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хуванцар сандал шидсэн үйлдлээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “Г-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарнагэсэн 53 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч С-н үйлдэл нь Г-н Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг “шүүгдэгч хохирогч нарын хоорондын таарамжгүй харилцаа, хохирогч согтууруулах ундаа хэрэглэсэн” зэрэг нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Г нь “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн /хх-н 12-р хуудас/ байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

  2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 Шүүгдэгч С нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ам бүл 5 нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч С нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Саранчимэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад С нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг мөн өдрөө танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. /хх-ийн 60-63 хуудас/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.

Иймд шүүгдэгч С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан С-д мэдэгдэх нь зүйтэй.

  Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолын  /хх-н 9-р хуудас/ тогтоох хэсэгт “архины шилний хагархай хэсгийг” гэж ташаа бичиж бор өнгийн хуванцар сандлыг хураан авч шүүхэд ирүүлсэн байна.

Иймд хэрэгт хураагдаж ирсэн бор өнгийн хагарч цуурсан хуванцар сандлыг шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй болно.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

                                                                                                      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн

1, 2, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл,

36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд

тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С-г дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан С-д мэдэгдсүгэй.

4. Хохирогч Г гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар  хэрэгт хураагдаж ирсэн бор өнгийн хувцанцар сандлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. С-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.БЯМБАЖАВ