Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 62

 

Г.О-, Р.З- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                            Я.Туул

Шүүгчид                                          Ц.Амаржаргал

                                                        Б.Манлайбаатар                            

Прокурор                                        А.Оргилбаяр

Шүүгдэгч                                         Г.О-

                                                        Р.З-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Л.Цуурай

                                                       Н.Баярмаа

Хохирогчийн өмгөөлөгч               Ө.Өлзиймаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул даргалж шийдвэрлэсэн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 175 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай, шүүгдэгч Р.З- нарын давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г-ийн О-,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р-гийн З- нарт холбогдох эрүүгийн 17180026740040 тоот, 166/2018/0144/Э индекстэй 2 хавтас хэргийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Ш- овогт Г-ийн О- /**********/, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан.

2. Монгол Улсын иргэн, Б овогт Р-гийн З- /**********/, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Г.О-, Р.З- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн, 2017 оны 10 дугаар сарын 04-ны шөнийн 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 20/2 дугаар байрны гадна ертөнцийн зүгээр зүүн хойд талд иргэн Д.Ц-ын эд зүйлийг авах зорилгоор нүүрэн тус газарт нь цохиж, гар цүнхийг нь авч 180.000 төгрөгийн хохирол, Д.Ц-тай цуг явсан нөхөр болох П.Х-ын халаасанд байсан 20.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Нокиа-73-60” маркийн гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэн дээрэмдэж авсан,

-Мөн шүүгдэгч Г.О- нь иргэн Д.Ц-, П. Х- нарын эд зүйлийг нь хүч хэрэглэн, хууль бусаар авч дээрэмдэх явцдаа Д.Ц-ын толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд 175 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Ш- овогт Г-ийн О-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн, дээрэмдэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, 

-Шүүгдэгч Б- овогт Р-гийн З-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ш- овогт Г-ийн О-д 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөрөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ш- овогт Г-ийн О-, Б- овогт Р-гийн З- нарт тус бүр 2 /хоёр/ жил хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.О-, Р.З- нарт оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т  зааснаар торгох ялын 10000000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг шүүгдэгч Г.О-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Г.О-д анхааруулж,...

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-, Р.З- нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн тоолохоор... шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Г.О-д оногдуулсан ял нь тухайн гэмт хэргэгт оролцсон Г.О-ийн үйлдэлд тохироогүй бөгөөд Г.О-ийг хохирогчийг цохисон гэдэг нь бүрэн дүүрэн бодит байдлаар нотлогдоогүй байхад зөвхөн “тэнд байсан, өөр цохих хүн байгаагүй, Р.З- хохирогчийн доор байсан гэдгээр тамаглаж ял оногдууулсанд гомдолтой байна. Хохирогч Д.Ц-ын толгойн тус газарт цохисон гэх асуудал  ямар ч байдлаар нотлогдоогүй. Үүнийг хажууд байсан хохирогчийн нөхөр П.Х- хүртэл тодорхой  мэддэггүй.

Хохирогч болон гэрч П.Х- нар өөрсдийн мэдүүлгийн эх сурвалжийг зааж, гаргаж чадаагүй, энэ хэрэгт ямар байдлаар оролцсон нь тодорхойгүй байгаа юм...

Г.О-д 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ялыг оногдуулсан атлаа 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ооногдуулсан 10 сая төгрөгийг 3 жилийн дотор хэсэгчлэн төлж барагдууулахыг даалгасан нь авцалдаагүй. 2 жилийг шоронд өнгөрүүлсэн хүн 10 сая төгрөгийг 1 жилийн дотор төлөх боломжгүй юм.

Дээрх 2 гэмт үйлдэлд Г.О-ийн оролцоо бүрэн дүүрэн нотлогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Р.З- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Г.О- тухайн үед адилхан эмэгтэй хүнийг зодож гэмтэл учруулж байгааг харсан мөртлөө тэр даруй цагдаагийн газарт мэдэгдээгүй нь миний буруу. Би маш их гэмшиж байна. Үнэндээ энэ эгч дүү 2 маш зэрлэг балмад, хараалын үг ч маш их хэлж байсан болохоор би маш их айсан юм. Би төлбөр төлж байхдаа ямар учиртайг нь ойлгоогүй, надад төлөх ёстой л гэж хэлсэн, тайлбарлаж өгөөгүй. Нийт би 580.000 төгрөг төлсөн. Гэтэл би хэнд ч гэмтэл учруулаагүй, энэ хэрэгт гардан дээрмийн хэрэгт оролцоогүй байхад эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор яг ямар хуулийн зүйл анги, ямар гарцаагүй батлагдсан үйүлдлийн улмаас хэдий хэр хэмжээний хохирол учирсан болохоор надаар төлүүлэв. Яагаад би Г.Ц-ын өмнөөс мөнгө төлөх ёстой гэж намайг буруутгав. Үнэхээр ойлгохгүй бөгөөд шударга бус шийдвэр гэж үзэж байна. Шүүгдэгч Г.О-, Г.Ц- нар төрсөн эгч дүүс бөгөөд энэ 2 хүний худал, хүн гүтгэсэн мэдүүлгээр надад шүүх ял тулгаж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд надад холбогдох хэргийн үнэн зөвийг олж хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие урьд нь хэрэг түвэгт орж байгаагүй бөгөөд Болд төмөр ерөө гол ХХК-д  ажиллаж байгаад нөхөртэйгөө танилцаад хүүхэдтэй болоод ажлаасаа гарсан. Би насанд хүрээгүй 2 хүүхэд, дүү мөн группд гарсан ээжтэйгээ амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. Яг болсон бодит байдлыг хохирогч гэх эгч мэдэж байгаагаа хэлж өгөх тул эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцуулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Г.О- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Энэ хэрэгт холбогдолгүй гэж би анхнаасаа хэлсэн. Зодоон болж байхад ард нь зогсож байсан гэдгээрээ л намайг зодсон гээд байгаа болохоос намайг зодсон гэдгийг харсан хүн байхгүй, зодсон гэх үндэслэлгүй. Би 10 хоногийн дараа төрөх гэж байгаа, хоригдож байхад надад хэцүү байгаа тул намайг хувийн батлан даалтанд гаргаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Р.З- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Би дээрмийн гэмт хэрэг үйлдэхэд гардан оролцоогүй тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Д.Ц- мэдүүлэгтээ ”намайг сугадаад байсан охиныг би барьж унагаасан” гэдэг. Г.О- хохирогчийг араас нь цохьсон гэдгийг харсан хүн байхгүй, нотлох баримтгүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн. Шинжээчийн дүгнэлтээр “дух нь хөндлөн байдалтай, мэс заслын шархтай, нүүр нь зулгаралтай, цус хуралттай” байсан гэдэг, гэтэл хохирогчийн араас нь цохьсон гэж байгаа бол дагзанд нь гэмтэл учрах ёстой. Цүнхийг авч дамжуулж өгсөн хүн нь хэн бэ гэхэд тухайн үед шаргал үстэй Р.З- гэдгийг хохирогч хэлсэн. Г.О- цүнхэнд байсан эд зүйлийг гаргахад хохирогчийн эд зүйл байсан гэж тодорхой хэлдэг. Р.З-ыг хүүхдээ тэврээд зогсож байсан гэдэг боловч Р.З- нь тухайн үед хүүхдээ тэврээд зогсож байгаагүй...

Давж залдах гомдлоо дэмжиж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Р.З-ын давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Р.З- нь дээрмийн гэмт хэрэгт оролцоогүй. Р.З- нь сэтгэцийн өвчтэй ээжийгээ асардаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдоогүй тул Р.З-ын үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Хохирогчийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Хохирогч Д.Ц-д хүнд зэргийн гэмтэл учирсан, хохирогч үүнд гомдолтой байгаа, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Прокурор А.Оргилбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“Гэм бурууг нотлох баримтаар хангалттай нотолж чадаагүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан юм байна. Тухайн хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар “нотолбол зохих байдал”-г бүрэн нотолсон. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн. Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.О-, Р.З- нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн, 2017 оны 10 дугаар сарын 04-ний шөнийн 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 20/2 дугаар байрны гадна ертөнцийн зүгээр зүүн хойд талд иргэн Д.Ц-ын эд зүйлийг авах зорилгоор нүүрэн тус газарт нь цохиж, гар цүнхийг нь авч 180.000 төгрөгийн хохирол, Д.Ц-тай цуг явсан нөхөр болох П.Х-ын халаасанд байсан 20.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Нокиа-73-60” маркийн гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэн дээрэмдэж авсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар, Г.О-ийг иргэн Д.Ц-, П. Х- нарын эд зүйлийг нь хүч хэрэглэн, хууль бусаар авч дээрэмдэх явцдаа Д.Ц-ын толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллагдагчаар татан шалгаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Г.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн, дээрэмдэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,   Р.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Г.О-д 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөрөөр торгох, Г.О-, Р.З- нарт тус бүр 2 жил хорих ял шийтгэж, оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.О-ийн өмгөөлөгч Л.Цуурайгийн “...дээрх 2 гэмт үйлдэлд Г.О-ийн оролцоо бүрэн дүүрэн нотлогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү” гэх, шүүгдэгч Р.З-ын “...надад холбогдох хэргийн үнэн зөвийг олж хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэх давж заалдах гомдлын үндэслэлийн дагуу хэргийг бүхэлд хянаж үзэхэд:

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.О-ийн Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ.

Шүүгдэгч Г.О- нөхрийн хамт ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлдэггүй, өөрийн гэсэн эд хөрөнгө, орон сууцгүй бага насны 2 хүүхдийн хамт амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготойгоор амьдардаг /хэргийн 42, 139,141 дугаар тал/ байдал болон үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан торгуулийн ялыг хорих ял руу шилжүүлж, дээрэмдэх гэмт хэрэгт оногдуулсан ял дээр нэмэх замаар нийт эдлэх ялыг тогтоох нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн хэрэг, гэм бурууд тохирсон байна” гэсэн зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Р.З- давж заалдах гомдолдоо “...би хүүхдээ тэврээд хогийн савны дэргэд зогсож байсан тул дээрмийн гэмт хэрэгт оролцоогүй” гэх үндэслэл гаргаж байгаа боловч хохирогч Д.Ц- таньж олуулах ажиллагааны явцад шүүгдэгч Р.З-ыг эхэлж цохисон эмэгтэй мөн гэж таньсаны зэрэгцээгээр хохирогч шүүгдэгч Р.З-ыг газар унагаагаад дээр нь гарсан байхад миний араас нэг эмэгтэй толгой руу цохисон гэж мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бичгийн баримтуудаар үйлдсэн хэрэг нь нотлогдож тогтоогдсон байх тул анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ял түүний үйлдсэн гэмт хэргийн гэм бурууд тохирсон гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  3, 4, 5 дахь заалтуудыг:

“3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ш- овогт Г-ийн О-д 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөрөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ш- овогт Г-ийн О-д 02 жил 01 сар /хоёр жил нэг сар/ хорих ял,  Б- овогт Р-гийн З-т 02 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй” гэж,

“4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Р.З-т оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж,

“5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2.1-д заасныг журамлан Ш- овогт Г-ийн О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөрөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 01 жил 10 сарын хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 02 жил 01 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 03 жил 11 сарын хугацаагаар тогтоосугай” гэж тус тус өөрчлөн найруулсугай.

“51. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.О-д оногдуулсан 03 жил 11 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн заалтыг нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

 

 

                                                 ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                     ШҮҮГЧИД                                        Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                              Б.МАНЛАЙБААТАР