Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2015/0643/З |
Дугаар | 221/МА2016/0056 |
Огноо | 2016-01-14 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2016/0056
"Г б" ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагч Ц.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 778 дугаар шийдвэрт нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлын дагуу "Г б" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын удирдлага, арга зүйн газрын байцаагч Ц.Э, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Т нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын удирдлага, арга зүйн газрын байцаагч Ц.Э, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Тын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 360004031 дүгээр акт, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 51 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах гэжээ.
Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...бид Татварын хяналт шалгалт, удирдлага зүйн газрын даргын томилолт, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж"-ийн дагуу "Г б"" ХХК-ийн 2009-2013 оны үйл ажиллагаанд албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг хянан шалган 1,224,421,302.00 төгрөгийн зөрчил илэрсэнд 44,461,502.00 төгрөгийн татварын төлбөрийг төлүүлэхээр 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 36/0004031 тоот акт үйлдэж 12 дугаар сарын 26-нд гардуулсан. Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасны дагуу Маргаан таслах зөвлөлийн 2015 оны 51 дүгээр тогтоолоор 863,891,114.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 2,436,912.60 төгрөгийн нөхөн татвар, 27,856,110.30 төгрөгийн торгууль, 13,519,808.00 төгрөгийн алданги, нийт 43,812,830.90 төгрөгийн татварын төлбөрийг төлүүлэхээр актад өөрчлөлт оруулсан. "Г б" ХХК нь 2009-2013 онд Жи Би Центр оффисийн барилга, Жи Би таун оронд сууцны барилгыг барьж ашиглалтад оруулж борлуулсан. Борлуулалтын орлогоо тухай бүр санхүү татварын тайландаа тусгасан боловч, тайлангаар ногдуулсан ААНОАТ, НӨАТ-ыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчил нийт зөрчлийн нэлээд хэсгийг эзэлж байсан. Санхүүгийн анхан шатны баримтаас харахад дээрх үйл ажиллагаанаас орсон орлогыг захирал Б.Мын 100 хувийн эзэмшилд байдаг "Ирээдүй капитал" ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах "Жи Би плаза" оффис үйлчилгээний барилгад хөрөнгө оруулсан харагддаг. Маргаан таслах зөвлөлд гаргасан гомдол мөн танайд гаргасан нэхэмжлэлээс харахад ААНОАТ, НӨАТ-ыг хуулийн хугацаанд нь төлөөгүйд ногдуулсан торгууль, алданги бодогдсонд гомдолтой харин актаар ногдуулсан үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод ногдуулсан албан татварыг өртөгт тооцож татвар ногдуулах орлогыг бууруулсан болон үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар тооцох хуулбар хувь үнэлгээг бууруулан төсөвт төлөх үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг дутуу ногдуулсан 117,970,902 төгрөгийн зөрчилд ногдуулсан 3,915,337.3 төгрөгийн татварын төлбөртэй холбоотой ямар нэгэн тайлбар гомдол байхгүй байна. Иймд тухайн төлбөрийг татвар төлөгч хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгож байна. гэв. гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 778 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 57 дугаар зүйлийн 57.2 дахь заалтыг үндэслэн Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалтын удирдлага арга зүйн газрын татварын улсын байцаагч Ц.Э, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Т нарын 2014 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 360004031 дугаар актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий "Г б" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 778 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдол, хүсэлтийг гаргаж байна.
Шинээр батлагдан хэрэгжиж байгаа Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисс 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хуралдаж, тус хуулийн 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэсэн заалтад татварын алданги, торгуулийг хамааруулахаар шийдвэрлэсэн мэдээлэл өдөр тутмын сонин болон www.parliament.mn сайтад гарсан байна.
Иймд тус компанид ногдуулсан 28,265,032.6 төгрөгийн торгууль, 13,759,553.8 төгрөгийн алдангийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хүчингүй болгож өгнө үү. Харин 2,436,912.6 төгрөгийн нөхөн татвар нь өршөөлийн хуульд хамрагдахгүй учраас нөхөн төлөх болно. гэжээ.
ХЯНАВАЛ
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хэргийг хянав.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 360004031 дугаартай актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
"Г б" ХХК нь хяналт шалгалтанд хамрагдсан хугацаа буюу 2009-2013 онд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Жи Би Центр оффисийн барилга, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Жи Би таун орон сууцны барилгыг барьж ашиглалтанд оруулж борлуулсан байна. Тус компани борлуулалтын орлогоо тухай бүр санхүүгийн тайландаа тусгасан боловч, тайлангаар ногдуулсан аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчил гаргасан байх бөгөөд дээрх зөрчилд нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 57 дугаар зүйлийн 57.2 дахь заалтад нийцжээ.
Харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэж заасан байх тул татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 360004031 дугаартай актын төлбөрөөс 28.265.035,6 төгрөгийн торгууль, 13.759.553,8 төгрөгийн алданги нийт 42.024.589,4 төгрөгийг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 778 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 57 дугаар зүйлийн 57.2, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 360004031 тоот актын 28.265.035,6 төгрөгийн торгууль, 13.759.553,8 төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлсүгэй гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР