Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 336

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Т.Х

Хариуцагч: НЗД

Нэхэмжлэлийн шаардлага: “НЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/956 тоот захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, уг хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 143.445.000 төгрөгийг гаргуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“НЗД-ын 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/646 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 100 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг юм. Би тус газар дээрээ барилга барихаар зураг, төсөл, даалгавар, техникийн нөхцөлүүд зэрэг журмын дагуу шат дараалалтайгаар бичиг баримтаа бүрдүүлэн ажиллаж байна. Би тус барилгыг барих зөвшөөрөл авахын тулд дараах ажлуудыг хийсэн. Үүнд:

1. Барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулах хүсэлтийг 2015 онд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт гаргаж 2015 оны 363 тоот Архитектур төлөвлөлтийг даалгаврыг гаргуулсан.

2. 2016-2017 онд барилгын эскиз зураг, барилгын зургийг зуруулсан ба 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр эскиз зургаа батлуулсан.

3. Цэвэр бохир усны техникийн тодруулга авах хүсэлтийг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах төвд гаргаж, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 2017 оны 21 тоот техникийн тодруулгыг хүлээн авсан.

4. Дулааны эрчим хүчээр хангуулах техникийн тодруулга авах хүсэлтийг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах төвд гаргаж 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2017 оны 21 тоот техникийн тодруулгыг хүлээн авсан.

5. Барилгын зураг төсөл боловсруулахад зориулсан инженер геологийн судалгааг 2017 оны 5 дугаар сард барилгын инженер геологийн Т ү ХХК-аар хийлгэж, дүгнэлтийг гаргуулан, экпертизээр батлуулсан.

6. Техникийн нөхцлөө гаргуулахаар 2017 оны 9 дүгээр сард Орон сууц нийтийн аж ахуйн газарт өргөдөл өгөх гэсэн боловч Нийслэлийн авто замын хөгжлийн газраас зам барих гэж байгаа гэсэн мэдээлэл өгсөн тул Нийслэлийн Газрын албатай энэ асуудлаа шийдэж ир гээд өргөдөл хүлээж аваагүй. Техникийн нөхцөл гарахгүйгээр барилга барих зөвшөөрөл гарахгүй тул миний ажил энэ хүрээд зогсоо байдалд орсон.

7. Нийслэлийн Авто замын Хөгжлийн газар 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр би барилга барихаар зөвшөөрлөө хөөцөлдөж байгаа ба автозам барихаар төлөвлөж байгаа бол миний газар дээгүүр биш тойруулан төлөвлөлтөө хийнэ үү гэсэн хүсэлт явуулахад “зүүн болон баруун талын барилгатай урд талаасаа нэг эгнээнд автозамын төлөвлөлттэй уялдуулж зургийг зөвшилцсөн тохиолдолд манай газраас татгалзах зүйлгүй" гэсэн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Иийн гарын үсэгтэй 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2/2907 тоот албан бичгээр хариу өгсөн.

8. 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр миний эзэмшлийн газрыг зам барихаар ухаж эхэлсэн ба судалж үзэхэд НЗД-ын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/78 захирамжийн дагуу 500 сая төгрөгөөр зам барих ажлын хүрээнд Э Э Э ЖХХК-иар Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, Ерөнхий Боловсролын сургуулийн 84 дүгээр сургууль орчмын хөдөлгөөн аюулгүй байдлыг сайжруулах арга хэмжээ гэсэн зургийн дагуу хэсэг залуучууд газар шорооны ажил хийж эхэлсэн байсан. Тухайн үед яагаад миний газар дээгүүр дайруулж зам барих гээд байгааг асуухад наад газрыг нь хүчингүй болгочихно гэсэн шүү дээ гээд ажиллаж байсан залуучууд хэлсэн.

Би Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Нийслэлийн газрын албанд тус бүрт нь гомдол гаргаж, энэ хууль бус үйл ажиллагааг зогсоож өгөхийг хүссэн. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас “Тус газар дээр зам тавих даалгавар, зураг төслийг манайхтай зөвшилцөөгүй байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа аливаа хот байгуулалтын үйл ажиллагааг манай байгууллагатай зөвшилцөх шаардлагатай байдаг” гэсэн хариуг өгсөн. Харин Нийслэлийн газрын албанаас Авто замын хөгжлийн газартай хамтран зураг төслөө өөрчлөн манай газраар дайруулахгүйгээр шийдвэрлэнэ гэсэн хариуг өгсөн юм. Би албан ёсны хариуг бичгээр гарахаар техникийн нөхцөлөө авахаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт хандахаар төлөвлөж байсан билээ.

9. Би 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмших гэрчилгээгээ сунгуулах хүсэлтийг Нийслэлийн газрын албанд өгсөн бөгөөд энэ асуудлаараа Газрын албаны хариуцсан албан тушаалтнуудтай уулзсаар явж байсан.

Гэтэл НЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/956 тоот захирамж гарч миний газрыг 2 жилээс дээш хугацаагаар дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр гаргажээ. Би энэ өнгөрсөн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантайгаар барилга барих ажил маань хойшлогдсон гэж үзэж байгаа мөн миний хүсэлт тавьсан, ажлаа шийдвэрлэхээр явсан талаар хангалттай их нотлох баримт байгаа.

...Дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас миний бие өөрийн эзэмшлийн газарт барихаар төлөвлөж байсан барилгын ажлыг гүйцэтгэх ямар ч боломжгүй болж, эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй хохирч байна.

Тодруулбал, миний бие тус газарт барилга барихаар төлөвлөж, шат дараалан дараах ажиллагааг хийсэн. Үүнд:

2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр иргэн Ч.Т*******тай “Агуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, гэрээний дагуу түүний Капитрон банкин дахь төгрөгийн дансанд 63,000,000 /жаран гурван сая/ төгрөг шилжүүлсэн;

 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “Ү Т” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, худалдан авсан агуулахыг буулгах, зөөвөрлөх, газарт хашаа барих зэрэг ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээний дагуу 48,095,000 /дөчин найман сая ерэн таван мянга/ төгрөг шилжүүлсэн;

 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр иргэн О.О*******тай “Н*******” төслийг танилцуулах, сурталчилах зорилгоор “Зөвлөхөөр ажиллах гэрээ”-г байгуулж, гэрээний дагуу 3,000,000 /гурван сая/ төгрөгийг түүний Голомт банкин дахь дансанд шилжүүлсэн.

 2014 онд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт Барилга барих тухай хүсэлт гаргасан ба 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2/3705 дугаар албан тоотоор эзэмшиж буй газраа кадастрын зургийн дагуу тэмдэглэгээ хийлгэж, хашаа барих, баригдах барилгын талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэх самбарыг байршуулж эргэн мэдэгдэнэ үү гэх хариуг өгсөн.

 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулсан.

 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Х П” ХХК-тай “Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ”-г байгуулж, урьдчилгаа төлбөрт 3,520,000 /гурван сая таван зуун хорин мянга/ төгрөгийг тус компанид төлсөн. Одоо 21,120,000 төгрөгийн өр төлбөртэй.

 Барилгын инженер-геологийн “Т ү” ХХК-тай 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Инженер-геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, гэрээний дагуу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийг шилжүүлсэн;

 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Ш г” ХХК-иар байр зүйн зураглал, кадастрын зураг, эргэлтийн цэг тодорхойлох, шугам сүлжээний зураг, өндөржилтийн зураг гаргуулж төлбөрт 1,010,000 /нэг сая арван мянга/ төгрөг шилжүүлсэн;

 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ОСНААУГ-аас №21/2017 Техникийн тодруулга авсан;

 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ОСНААУГ-аас №2017/21 Техникийн тодруулга авсан;

Түүнчлэн НЗД-ын захирамжаар зөрчигдсөн өөрийн эрхийг хамгаалуулахаар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад 2019 оны 01 дүгээр сарын 15- ны өдөр 3,000,000 /гурван сая/ төгрөгийг шилжүүлээд байна.

Холбогдох баримт материалыг бүрдүүлсний үндсэн дээр шат дараалан олгогдох зөвшөөрөл бусад баримт бичгийг миний бие хуулийн дагуу эрх бүхий байгууллагуудаас гаргуулж, барилга барихаар ажиллаж байсан атал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг баримталж, иргэн миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосонд гомдолтой байна.

Иймд “НЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/956 дугаар захирамжийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээн, иргэн Т.Хийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байршилтай 18******* нэгж талбарын дугаартай эзэмшил газарт зам тавьсан захиргааны байгууллагын уйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, зам тавьсан захиргааны байгууллагын уйл ажиллагааны улмаас иргэн Т.Хт учирсан хохирол болох 143,445,000 төгрөгийг гаргуулах тухай’’ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрыг хоёр жил ашиглаагүй гэж тайлбар хэлж байна. Энэ талаар би хангалттай тайлбар очиж хэлсэн. Яагаад гэхээр шууд газар ухаад байшин бариад явах асуудал нь өөрөө хууль дүрэм зөрчсөн асуудал болдог. Газар шорооны ажлын зөвшөөрөл авах нь өөрөө маш олон хүний гарын үсэг авч явдаг байгаа. Зөвшөөрөл авах гээд цаг хугацаатай уралдаж явч байхад намайг хоёр жил ашиглаагүй гээд хүчингүй  болгосон. Надад ямар нэгэн бичиг ирээгүй байхад хүмүүсээс гэнэт танай газрыг ухаж байгаа тухай мэдээлэл ирсэн. Тэгээд газар дээрээ очиход газрыг ухсан байдалтай байсан. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас энэ асуудлыг тодруулж өгнө үү гэж хүссэн. Гэтэл ямар нэгэн замын ажил хийгдэхгүй танай барилга баригдахаар төлөвлөгөөнд тусгагдсан байна гэсэн. Судалж үзэлгүйгээр ажлаа эхлүүлсэн байдал харагдаж байгаа.” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Т.Хийн хувьд НЗД-ын 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/646 дугаар захирамжаар маргаан бүхий газар буюу Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийт 100 м.кв талбай бүхий газрыг эзэмшиж байсан. Өөрийн эзэмшил барилгадаа барилгын зөвшөөрөл авахын тулд 2014 онуудаас хандаж эхэлсэн. 2014 онд барилга барих хүсэлтийнхаа дагуу Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хариу хүргүүлэх тухай албан тоот болон 2015 оны 07 дугаар сард архитектур төлөвлөлтийн даалгавар, 2017 оны 5 дугаар сард гаргуулсан техникийн тодруулга, 2017 онд гаргуулсан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас батлуулсан эскиз зураг зэргийг гаргуулсан ажиллагаануудыг хийж байсан. Гэтэл 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр буюу түүний эзэмших эрх хүчин төгөлдөр байх хугацаанд Нийслэлийн Авто замын газрын даргын албан тоотоор газар шорооны ажил эрхэлсэн байдаг. Ингээд эрх бүхий байгууллагад хандсан. Үүний дараагаар 2018 оны 10 дугаар сарын 10-ний өдөр А/956 дугаар захирамжаар түүнийг өөрийн эзэмшил газраа 2 жилийн хугацаанд ашиглаагүй буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2-т заасан үндэслэлүүдээр тус тус цуцалсан болохыг мэдэгдсэн.

Өөрийн эзэмшил газартаа 2014 оноос эхэлж барилга барихаар ажиллаж байсан үйл баримтаас үзэхэд 2 жилийн хугацаагаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй юм. Захиргааны байгууллага 2018 оны 8 дугаар сараас эхэлж түүний эзэмшил газарт барилга барихаар төлөвлөж байсан эзэмшил газарт авто зам тавихдаа Авто замын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн. Тус шүүхэд ирүүлсэн албан тоотоор авто зам тавигдах даалгавар болон эскиз зураг батлагдаагүй нь албан тоотуудаар тус тус нотлогддог. Ийнхүү хариуцагч байгууллага нь огт  авто зам тавигдах даалгавар болон эскиз зураг байхгүй байсан.

Түүнчлэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хүчин төгөлдөр байх хугацаанд зам тавьсны дагуу 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр А/956 дугаар захирамжаар түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хүчингүй болгож шийдвэрлэсний улмаас нийт 143,445,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байгаа.

2014 оноос хойш НЗД-ын захирамжаар Т.Х нь энэ газрыг эзэмшээд улмаар газрын төлбөрөө төлөөд тус газар дээр номын сан барихаар төлөвлөгөө гаргаад үүнийхээ дагуу эскиз зургаа батлуулаад хөрөнгө оруулалт шийдээд, агуулга сав чөлөөлж газраа бэлдээд явж байх явцад гэнэт авто зам барих асуудал гарч ирсэн. Хавтаст хэрэгт ирсэн баримтуудыг харахад нэхэмжлэгчийн эскиз зургийг баталсан мөртлөө Нийслэлийн хот, төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар нь тухайн хэсэгт дараа нь авто замыг төлөвлөсөн байдал харагдаж байгаа.

НЗД , Авто замын газар, Нийслэлийн хот, төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хооронд хийгдсэн гэрээ авагдсан. Тус гэрээнд 84 дүгээр сургууль болон 112 дугаар сургуулийн хажууд тухайн сургуулийн орчин тойрны замын хөдөлгөөнийг сайжруулах чиглэлээр нэмэлт зам тавихаар тусгагдсан. Нэхэмжлэгчийг газар эзэмшүүлснээс хойш 3 жилийн дараа болсон үйл баримт харагдаж байгаа. Газар эзэмших эрхийн хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу нөхөн олговортойгоор буцаан авах харилцаа байгаа. Үнэхээр нэхэмжлэгчийн газар дээр зам тавихаар болсон бол газар эзэмшигчийн асуудлыг Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу заавал газар эзэмшигчтэй нь урьдчилан тохиролцож шийдвэр гаргах ёстой. Гэтэл ямар ч тохиролцоо байхгүй. НЗД  хариу өгөхгүй байж байгаад зам тавьсны дараа иргэн Т.Хт газар олгосон захирамжаа 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүчингүй болгож байгаа. Хүчингүй болгохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 46.1-д зааснаар сонсох ажиллагаа ерөөсөө хийгээгүй байгаа. Зөвхөн мэдэгдэх хуудсаар шууданд хүргүүлсэн. Хүргүүлсний дагуу Т.Х очиж уулзсан байгаа.

Захиргааны байгууллагын хууль бус ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан байгаа. Архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулж, бүтэн номын сангийн зураг төслийг төлбөр мөнгө зарж хийсэн. Мөн агуулахаа чөлөөлсөн. Хажуугийн байрны айлуудад маргаангүй зүйлд дээр зөвлөх үйлчилгээ авч үйл ажиллагаа бүгдийн явуулж байсан. Эдгээр баримтуудын үндсэн дээр хохирол учирсан. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хохирлоо арилгахыг шаардах эрхтэй. Мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.2-т заасны дагуу иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж захиргааны байгууллагаас гаргуулна гэж заасны дагуу энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн Т.Хт Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18******* дугаартай 100 м.кв газрыг НЗД-ын 2014 оны 07 дугаар сарын 25-ны А/656 дугаар захирамжаар Үйлчилгээний зориулалтаар 4.3 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.

Иргэн Т.Х нь нийслэлийн Газрын албанд 2018 оны 08 дугаар сарын 20- ны өдөр хугацаа сунгах тухай хүсэлт ирүүлсний дагуу судалж үзээд иргэн Т.Х нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т заасан үүргээ биелүүлээгүй, Газар эзэмшүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.32 дах хэсгийг зөрчсөн учир газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн тул Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу тайлбар баримт ирүүлэхийг 2018 оны 09 дүгээр сарын 14- ний өдрийн 02-6/4029 тоот албан бичгээр мэдэгдсэн.

Уг албан бичгийн дагуу иргэн Т.Х нь тайлбар саналыг ирүүлээгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг үндэслэн НЗД  Газрын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрх хэмжээнийхээ хүрээнд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Т.Х нь 2014 оноос одоог хүртэл эзэмшил газартаа үйл ажиллагаа явуулаагүй ба Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан байх тул НЗД-ын 2018 оны А/956 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.

Улмаар НЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/956 дугаар захирамжаар иргэн Т.Хийн газрыг дээрх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсний дараа хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу автозам барьж байгуулсныг Захиргааны хууль бус үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” хэдий ч захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа тогтоогдохгүй байх тул хохирол нэхэмжлэх үндэслэлгүй байна.

Т.Х нь газар эзэмших эрх хүчинтэй байхад зам тавьсан гэж байгаа. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Газрын албаны орлогч дарга  нартай уулзаж байсан нь үнэн.  Гэхдээ тухайн уулзах явцад Т.Хийн газар дээр нь очиж үзэхэд өмнө нь тухайн хүчингүй болгосон захирамжийн үндэслэл болох Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6-д заасан нөхцөл байдал илэрсэн учраас тусгай хэрэгцээнд авах боломжгүй учир мэдэгдлийг хүргүүлсэн. Гэхдээ тайлбар ирүүлээгүй байдаг.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Т.Х болон түүний өмгөөлөгчөөс НЗД д холбогдуулан “НЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/956 тоот захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, уг хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 143.445.000 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанд гаргасан.

Т.Хийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон НЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/956 дугаар захирамж дараах байдлуудаар хууль бус байсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 100 м.кв газарт байрлах агуулахыг 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан гэрээний дагуу 63.000.000 төгрөгөөр худалдан авч, НЗД-ын 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/646 тоот захирамжаар уг газрыг шилжүүлэн авч 4,3 жилийн хугацаатай газар эзэмших эрхтэй болсон.

Т.Х шилжүүлэн авсан газартаа барилга барихаар 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Ү Т ХХК-тай 48.095.000 төгрөгийн Ажил гүйцэтгэх гэрээ, 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр О.О*******тай 3.000.000 төгрөгийн Зөвлөхөөр ажиллах гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Х******* ХХК-тай 17.600.000 төгрөгийн Зураг төсөл боловсруулах гэрээ, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Т ү ХХК-тай 700.000 төгрөгийн Инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2017 онд үйлчилгээний барилгын эскиз зургийг тус тус батлуулжээ.

Мөн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас нийслэлийн Газрын албанд 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 03/3406 дугаар албан бичгээр “... тус байршилд Т.Хийн үйлчилгээний барилгын батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг төсөл хүчин төгөлдөр болно.” гэх тайлбарыг өгчээ.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас тус шүүхэд ирүүлсэн 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 2/43 дугаар албан бичигт “Т.Х нь манай байгууллагатай зөвшилцөлгүйгээр барилгын эскиз зургийг батлуусан. Тухайн хэсэгт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу авто зам төлөвлөгдсөн” гэх  боловч, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2018 оны 5 дугаар сарын 18-ний өдрийн 02/1862 дугаар албан бичгээр нийслэлийн Авто замын газарт хүргүүлсэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд маргаан бүхий газарт авто зам барихаар төлөвлөгдөөгүй байна.

Т.Х 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт “... нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу өөрийн барилгаа барих тул төлөвлөж байгаа замыг манай газрыг тойруулан төлөвлөлт хийхийг” хүссэн өргөдлийг тус газрын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2/2907 дугаар албан бичгээр шийдвэрлэж, “... эзэмшил газрын урд зам нь ... авто замын улаан шугаманд орсон байна. Гэхдээ зүүн болон баруун талын барилгатай урд талаасаа нэг эгнээнд авто замын төлөвлөлтэй уялдуулж төлөвлөж авто замын төлөвлөлтэй барилгын эскиз зургийг зөвшилцсөн тохиолдолд манай газраас татгалзах зүйлгүй.” гэсэн хариу өгчээ.

Нэхэмжлэгчээс Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гаргасан өргөдлийг тус газар 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр шийдвэрлэж, “Тухайн хэсэгт авто зам хийх даалгавар, зураг төслийг манай байгууллагатай зөвшилцөөгүй байна. Иймд Нийслэлийн авто замын хөгжлийн газарт хандаж тодруулга авна уу. Нийслэлийн нутаг дэвсгэрт аливаа хот байгуулалтын үйл ажиллагаа явуулахдаа манай байгууллагатай зураг төслийг зөвшилцсөн байх шаардлагатай.” гэх хариуг хүргүүлсэн байдаг.

Т.Х дээрх хариуг авсны дараа нийслэлийн Авто замын хөгжлийн газарт 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гаргасан хүсэлтэд тус газар 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “Таны ирүүлсэн гомдлыг шийдвэрлэхээр Газрын албатай хамтран ажиллаж байна.” гэсэн хариу өгсөн боловч асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар нэхэмжлэгчид хариу өгөөгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн бичиг баримтын үзлэгээр дээрх байгууллагуудаас шийдвэрлэсэн талаар баримт гараагүй.

            Эдгээр байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч Т.Х эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, харин ч газраа зориулалтын дагуу ашиглах талаар холбогдох байгууллагуудад тасралтгүй хүсэлт гарган шийдвэрлүүлж, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-т ”газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах;”-аар заасан хугацаанд эрх бүхий байгууллагад ханджээ. 

Харин Т.Хийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Газрын албанд газар эзэмших эрхийн хугацааг сунгуулахаар гаргасан хүсэлтийг тус албаны 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 02-06/4029 тоот албан бичгээр “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу ашиглаагүйгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл бүрдсэн байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй.” гэж үзэн НЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/956 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын хүрээнд авч үзвэл НЗД-ын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/78 дугаар захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах ажлын жагсаалтад 84 дүгээр сургууль орчмын газрыг хамруулахдаа Т.Хийн хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газартай давхцсан нөхцөл байдлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Д.Х*******ийн газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

Зүй нь, Хариуцагчаас Т.Хийн эзэмшил газар шинээр төлөвлөгдсөн замын трасст орсон тохиолдолд Газрын тухай хуулийн  46 дугаар зүйлийн 46.1-т заасан ”Засгийн газар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болно.” гэсэн зохицуулалтын дагуу арга хэмжээ авах боломжтой байжээ.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.” гэж заасан үүргээ биелүүлэлгүйгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймээс нэхэмжлэгч Т.Хийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, НЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/956 тоот захирамж хууль бус байсан болохыг тогтоож, уг захирамжийн улмаас учирсан хохирол болох 140.445.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, өмгөөлөлийн хөлс 3.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 106.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Хийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, НЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/956 тоот захирамж хууль бус байсан болохыг тогтоож, уг захирамжийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол болох 140.445.000 төгрөгийг хариуцагч НЗД ас гаргуулж, 3.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.АДЪЯАСҮРЭН