Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 495

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Энхсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны  11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/05913дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Энхсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ТАСО” ХХК-д холбогдох

Үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсны нөхөн төлбөрт 12 600 000 төгрөг гаргуулах тухай,

Гуравдагч этгээд Ч.Дэлгэрмандуухайгийн, хариуцагч “ТАСО” ХХК-иас талийгаач Э.Ууганбаярыг 750 000 төгрөгийн цалин авдаг байсныг тогтоолгож үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсны нөхөн төлбөрт 27 000 000 төгрөг гаргуулан, хохирогч нас барснаас оршуулгын зардал гаргуулж, гэм хор учруулсны нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгож, хүү У.Тэргэлийг 16 нас хүртэл төлүүлэх тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Ундрах-Эрдэнэ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Жаргал

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Цэндсүрэн

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Ч.Дэлгэрмандуухай

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Энхбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Энхсайхан, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарттаа: Миний хүү Э.Ууганбаяр нь 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “ТАСО” ХХК-ийн ажлын байранд ажиллаж байх хугацаандаа осолд орж амь насаа алдсан. Засгийн газраас 2015 онд баталсан 269 дугаартай Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлах бүртгэх дүрмийн 3.11-д заасны дагуу Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр уг ослыг үйлдвэрлэлийн осолд оруулж тооцно гэж үзсэн байдаг ба ажил олгогч “ТАСО” ХХК-ийн зүгээс энэхүү улсын байцаагчийн акттай маргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т зааснаар нөхөн олговрыг “ТАСО” ХХК өгөх ёстой бөгөөд удаа дараа шаардсан боловч өгөөгүй. Хариуцагч компани нь тайлбартаа нөхөн олговрыг өгсөн гэсэн байна. Уг 16 000 000 төгрөг нь оршуулгын зардал, эрүүгийн хэргийн гэм хорын хохирол бөгөөд уг мөнгийг “ТАСО” ХХК-ийн захирал Т.Отгонбаяр хувиасаа өгсөн. Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр биш юм. Иймд тус компаниас 12 600 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ТАСО” ХХК-ийн захирал Т.Отгонбаяр, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жаргал нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус өдөр манай үйлдвэр зогссон байсан. Манай компанийн барилгын хэв хашмалын үйдвэрт гагнуурчин ажилтай Б.Батжаргал, Н.Мөнхнасан нар компанийн үйлдвэрлэл зогссон байхад зөвшөөрөлгүйгээр, хувийн хэрэгцээндээ цахилгаан гар тасдагчийг ашиглан 200 литрийн будагны хоосон поошиг задалж байгаад поошиг дэлбэрч урд нь зогсож байсан гагнуурчин Э.Ууганбаяр уг поошигт цохиулан нас барсан золгүй осол гарсан юм. Уг осолтой холбогдуулан ажил олгогч компанийн захирлыг Баянгол дүүргийн цагдаа, прокуророос эрүүгийн хэрэгт сэжиглэн шалгаад тус дүүргийн прокурорын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 581 дүгээр тогтоолоор ямар нэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, ажил олгогч холбогдолгүй болохыг тогтоогоод хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Мөн энэхүү золгүй осол нь “ТАСО” ХХК-ийн хөдөлмөр аюулгүй байдалтай ямар ч холбоогүй болохыг прокурорын байгууллагаас тогтоосон. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчийн гаргасан шинжээчийн дүгнэлтэд үйлдвэрлэлийн осол гэж бичсэн нь 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн шинэчилсэн осол бүртгэх журамд үйлдвэрлэлийн осол биш гэж заасан 4 заалтыг авч хаясантай холбоотой юм. Мэргэжлийн хяналтын шинжээчдийн дүгнэлтэд тус осол нь компанийн ажил үүрэгтэй холбогдолгүй байх тул аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх шаардлагагүй гэж дурдсан нь энэхүү осол “ТАСО” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай ямар ч холбоогүй болохыг баталдаг. Баянгол дүүргийн прокурор талийгаачийн ар гэрийн албан ёсны төлөөлөгчийг ээж Б.Энхсайханаар тогтоосон тул манай компани золгүй осолтой ямар нэг холбоогүй ч гэсэн талийгаач Э.Ууганбаяр нь тус компанид ажиллаж байсныг бодолцон холбогдох зардлуудыг төлж ирсэн. Эхний ээлжинд өгсөн 9 650 000 төгрөг нь талийгаачийн 36 сарын тэтгэлэг болох 12 600 000 төгрөгт тооцож тохиролцон олгосон. Нийт манай зүгээс 16 450 000 төгрөгийн зардал гаргасан ба зөрүү мөнгийг бэлнээр Б.Энхсайханд олгож, тэрээр ямар нэгэн нэхэмжлэл гаргахгүй, гомдол саналгүй болохоо батлаж гарын үсэг зурсан гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Дэлгэрмандуухай шүүхэд гаргасан тайлбартаа: Би Э.Ууганбаяртай 2011 онд танилцаж улмаар 2012 онд өрх тусгаарлаж хамт амьдарсан бөгөөд 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүү У.Тэргэл төрсөн. Талийгаач Э.Ууганбаяр нь “ТАСО” ХХК-д гагнуурчнаар ажиллаж байсан ба 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өглөө 08:00 цаг өнгөрч байхад тус компанийн менежер н.Заяабаатар нь ажилтай гээд аваад явсан. 10 цагийн үед намайг яаралтай хүрээд ирээч гэж ярьсан, гэтэл миний нөхөр ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байгаад нас барсан байсан. Би “ТАСО” ХХК-д гомдол гаргахад компанийн зүгээс чамтай харьцахгүй, талийгаачийн эцэг, эхтэй харьцана гэсэн. Тухайн үед манай нөхөр 750 000 төгрөгийн цалин гар дээрээ 2 хувааж авдаг байсан. Гэтэл “ТАСО” ХХК 350 000 төгрөгийн цалин авдаг гэж байна. Би талийгаач Э.Ууганбаяртай нэг гэрт амьдарч байсан учраас түүнийг ямар цалин авдаг байсныг мэднэ. Үүнийг нотлох гэрч, нотолгоо байгаа болно. Иймээс талийгаач Э.Ууганбаярыг 750 000 төгрөгийн цалин авдаг байсныг тогтоож өгнө үү.

Э.Ууганбаярын осол нь үйлдвэрлэлийн осол мөн болох нь цагдаагийн газарт мэдүүлсэн шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, акт зэргээр нотлогдож байгаа. Хариуцагч хариу тайлбартаа дахин нөхөн төлбөр нэхэх эрхгүй гэсэн байдаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гуравдагч этгээд Ч.Дэлгэрмандуухайд хариуцагчийн зүгээс ямар нэгэн нөхөн олговор олгосон тухай баримт байхгүй. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хүү У.Тэргэл авах эрхтэй. 36 сар түүнтэй адилтгах цалин хөлсний олговор авч чадаагүй хохирч байна. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмжийн төлбөрийн тухай хуулийн 2.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 02-06-043/1657 дугаартай дүгнэлтэд үндэслэн сарын цалинг 750 000 төгрөгөөр тооцон, 36 сарын цалин, хөлстэй тэнцэх нөхөн төлбөрт 27 000 000 төгрөгийг хариуцагч “ТАСО” ХХК-иас гаргуулж өгнө үү.

Мөн үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан учир оршуулгын зардлыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тухайн үед баталсан хэмжээгээр оршуулгын зардлыг гаргуулна. Уг шаардлагад холбогдох баримтыг талийгаачийн ээж нь алга болгосон учир нотлох баримт байхгүй болсон.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасны дагуу талийгаачийн хүү У.Тэргэлийг 16 нас хүртэл нь түүнд асран хамгаалагч байгааг үл харгалзан хариуцагч “ТАСО” ХХК-иас гэм хорын хохирлын төлбөрийг гаргуулж өгнө үү. У.Тэргэл нь одоо тэжээгчээ алдсаны тэтгэмж сар бүр 115 000 төгрөг авдаг. Тиймээс талийгаачийн сарын цалин болох 750 000 төгрөгөөс 115 000 төгрөгийг хасч, үлдэх 635 000 төгрөгийн дунджаар хүүхдийг 16 нас хүртэл нөхөн төлбөр төлөхөөр тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч “ТАСО” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жаргал гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Бие даасан шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Талийгаач Э.Ууганбаярын ар гэрт манай компаниас нийт 16 450 000 төгрөг өгсөн. Талийгаачийн ээж Б.Энхсайхан нь манай компаниас нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй гэсэн болно. Иймээс гуравдагч этгээд Ч.Дэлгэрмандуухай дахин нөхөн төлбөр нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Талийгаачийн ар гэрийн үл ойлголцол, нөхөн олговрыг хэн нь авах нь манай компанид хамаагүй, хоорондоо учраа олох асуудал юм.

Мөн гуравдагч этгээд нь талийгаачийг “ТАСО” ХХК-д ажиллах хугацаандаа сард 750 000 төгрөг авч байсныг тогтоолгохыг хүссэн байна. Талийгаач нь манай компанид ямар хугацаанд ажиллаж, ямар цалин авч байсан нь түүний нийгмийн даатгалын дэвтрээс тодорхой харагдана. Өөрийнх нь хүлээн зөвшөөрч авч байсан цалин нь 350 000 төгрөг байсан. Манай компанийн хувьд улирлын чанартай ажилладаг бөгөөд их ачааллын үед урамшуулал цалин олгодог байсан. Үүнийг гуравдагч этгээд үндсэн цалин гэж андуурч яриад байгаа бололтой. Нийгмийн даатгалын дэвтрийг талийгаачийн ар гэрт хүлээлгэн өгсөн учир уг асуудлыг шүүхээр тогтоох үндэслэлгүй гэж үзэж байна. Ч.Дэлгэрмандуухай нь тухайн үед оршуулгын тэтгэмж гаргуулж авч чадаагүй тул манай компаниас тэр тэтгэмжийг гаргуулахыг хүсчээ. Оршуулгын тэтгэмжийг халамжийн байгууллага олгодог бөгөөд нэхэмжлэгч Б.Энхсайхан нь нийгмийн даатгалын сангаас 650 000 төгрөг авсан байсан. Оршуулгын зардлыг мөн ээжид нь төлсөн байгаа. Учир нь Ч.Дэлгэрмандуухай талийгаачийн хууль ёсны эхнэр биш, хамтран амьдрагч байсан. Тиймээс түүний ар гэр болох төрсөн эх Б.Энхсайхан уг зардлыг авах эрхтэй тул гуравдагч этгээд шаардах эрхгүй. Талийгаачийн хүү У.Тэргэл нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийг сар бүр авч байгаа. Талийгаачийн хувьд 350 000 төгрөгийн цалин авдаг байсан гэдэг нь баримтаар нотлогдоно. Тиймээс энэ шаардлагын хүрээнд хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байх ба хариуцагчаас үүнийг гаргах боломжгүй тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Энхсайханы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.4, 509 дүгээр зүйлийн 509.1-д заасны дагуу хариуцагч “ТАСО” ХХК-иас 5 800 000  төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Дэлгэрмандуухайд олгож, бие даасан шаардлагаас үлдэх 21 200 000 төгрөгийг, мөн хохирогч нас барснаас оршуулгын зардал гаргуулж, гэм хор учруулсны нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгож хүү У.Тэргэлийг 16 нас хүртэл төлүүлэх тухай холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Энхсайхан, гуравдагч этгээд Ч.Дэлгэрмандуухай нарыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “ТАСО” ХХК-иас 107 750 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Энхбаяр давж гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШЩ2016/05913 дугаар шийдвэрийн дүгнэлт хэсэгт “...Ч.Дэлгэрмандуухай, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т зааснаар нас барсан ажилтны ар гэр болох нь нотлох баримтаар тогтоогдсон тул хариуцагчаас нөхөн төлбөр шаардах эрхтэй байна ...” гэж дүгнэсэн боловч нийт авах ёстой 12 600 000 төгрөгөөс талийгаачийн ээжид өгсөн гэх 6 800 000 төгрөгийг хасч 5 800 000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл гуравдагч этгээд болон талийгаачийн хүү У.Тэргэл нарт хуулиар олгогдох учиртай нөхөн олговорыг үндэслэлгүйгээр хасч шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02-06 043/1657 дугаар “Үйлдвэрлэлийн ослын тухай” дүгнэлт, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн дүгнэлт №73, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “шинжээчийг байцаасан тэмдэглэл” зэрэг хэрэгт авагдсан үйл баримтаар үйлдвэрлэлийн осол мөн болох нь тогтоогдсон тул хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2 дахь хэсэгт заасны дагуу гуравдагч этгээдэд 100 хувь нөхөн олговор олгох үндэслэлтэй. Харин хариуцагч тал талийгаачийн ээжид нөхөн олговор гэж олгосон гэх 6 800 000 төгрөгийг олгосон явдалд гуравдагч этгээд буруугүй буюу хуулиар олгогдсон эрхээ эдэлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн 2006 оны Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 25 дахь хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1, 97.1.2.-т заасан “нөхөн төлбөр”-ийг 1999 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилсөн, мөн уг хугацаанаас өмнө эдгээр тохиолдолд өртөж, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гараагүй байгаа болон комиссын шийдвэр гарсан боловч нөхөн төлбөр аваагүй байгаа хумүүст хамааруулан ойлгоно” гэж маш тодорхой тайлбарлажээ.

Гэм хор учруулсны төлбөрийг хариуцагч этгээдээс тооцохдоо Иргэний хуулийн 508 дугаар зүйлийг үндэслэл болгох ба харин гэм хор учруулсан болохыг тогтоох үндэслэл нь Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлүүд болно. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.4 дэх хэсэг, мөн хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч талаас талийгаачийн бага насны хүүхэд болох У.Тэргэлд төлбөр гаргуулах шаардлага гаргасан боловч анхан шатны шүүх эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгосон, гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүнд гэм хор учруулсны төлбөрийг гэм буруутай этгээд төлөх үүрэгтэй тул хариуцагчийн гэм буруу тогтоогдоогүй байна гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон.

Иргэний хуулийн дээрх зохицуулалт нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгахад зөвхөн хамааралтай бус зөрчлийн улмаас үүсэх үүрэг буюу үйлдвэрлэлийн ослын улмаас хохирогчид учирсан гэм хорыг арилгахад давхар чиглэгдэнэ. Хэрэгт авагдсан шинжээч болон мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын удаа дараагийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлгээр хариуцагч “ТАСО” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан аюулгүй ажиллагааны заавар журмыг хангалттай мөрдөж ажиллаагүй болохыг нотолсон байхад хариуцагч байгууллагын буруутай үйлдэл, эс үйлдэхүй байсан эсэх нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Талийгаачийн хүү У.Тэргэлд сар бүр нөхөн төлбөр хариуцагч талаас гаргуулан цаашид сурч боловсрох, эрүүл саруул өсөхөд зарцуулагдах учиртай төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүлээн эөвшөөрөх боломжгүй тул хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж хуульд нийцсэн шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Энхсайхан нь хариуцагч “ТАСО” ХХК-д холбогдуулан үйлдвэрлэлийн ослын улмаас хүү Э.Ууганбаяр нас барсны нөхөн төлбөрт 12 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Дэлгэрмандуухай нь хариуцагч “ТАСО” ХХК-д холбогдуулан талийгаач Э.Ууганбаярыг 750 000 төгрөгийн цалин авдаг байсныг тогтоолгож, үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсны нөхөн төлбөрт 27 000 000 төгрөг гаргуулан, хохирогч нас барснаас оршуулгын зардал гаргуулж, гэм хор учруулсны нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгож, хүү У.Тэргэлийг 16 нас хүртэл төлүүлэх тухай шаардлагыг тус тус гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, “...үйлдвэрлэлийн осол биш, ...нөхөн төлбөр олгосон, дахин шаардах эрхгүй” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаас үзэхэд талийгаач Э.Ууганбаяр нь “ТАСО” ХХК-д 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 05 тоот тушаалаар гагнуурчны ажилд үндсэн ажилтнаар томилогдон ажиллаж байсан болох нь тус компанийн захирлын ажилд томилох тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр зэргээр нотлогдсон байна. /хх 139, 152-155/

2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Э.Ууганбаяр нь “ТАСО” ХХК-ийн үйлдвэрийн байранд торхны таганд цохиулж нас барсан байх ба Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02-06-043/1657 тоот дүгнэлтээр ажилтан ажлын байрандаа осолдсон гэх үндэслэлээр уг ослыг үйлдвэрлэлийн осолд тооцсон дүгнэлтэд хариуцагч тал гомдол гаргаагүй байна. /хх 6/

            Хариуцагч тал тухайн осол болох үеэр үйлдвэр зогссон байсан гэх тайлбар, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “...2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ...хэдэн хүмүүс цэвэрлэгээ хийхээр цугларсан байсан...” гэх тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл хариуцагч “ТАСО” ХХК шүүхэд өөрийн татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна. /хх 212/

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т үйлдвэрлэлийн осол, ...улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг түүнээс дээш удаа, ажил олгогч олгохоор заажээ.

Шүүх нэхэмжлэгч Б.Энхсайхан нь талийгаач Э.Ууганбаярын төрсөн эх хэдий ч дээрх хуулийн заалтад хамаарахгүй, ар гэр гэдэгт нас барсан ажилтантай нэг ам бүлд хамтран амьдарч байсан гэр бүлийн гишүүд, төрөл садангийн хүмүүс хамаарах ба тухайн үед нас барагч Э.Ууганбаяр нь гуравдагч этгээд Ч.Дэлгэрмандуухай, хүү У.Тэргэл нарын хамт тусдаа амьдарч байсан болох нь хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, өрхийн гишүүдийн үндсэн бүртгэлийн дэвтэр зэрэг баримтууд, мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, гэрч Р.Ариунтуяагийн мэдүүлгээр нотлогдож байна гэж дүгнэн “ТАСО” ХХК-д холбогдуулан үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсны нөхөн төлбөрт 12 600 000 төгрөг гаргуулах тухай Б.Энхсайханы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Хариуцагч нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Дэлгэрмандуухайгийн бие даасан шаардлагыг эс зөвшөөрч, “...Дэлгэрмандуухай нь хууль ёсны эхнэр биш, ...эрүүгийн хэрэгт хохирогчоор эх Б.Энхсайхан тогтоогдсон бөгөөд түүнд нөхөн төлбөр оршуулгын зардалд 16 450 000 төгрөг өгсөн, дахин төлөхгүй...” гэж тайлбарлажээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Дэлгэрмандуухай нь “ТАСО” ХХК-иас үйлдвэрлэлийн ослын улмаас нөхөр Э.Ууганбаяр нас барсны нөхөн төлбөрт сарын цалинг нь 750 000 төгрөгөөр тооцож, 27 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “талийгаачийг 750 000 төгрөгийн цалин авдаг байсан” гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан Э.Ууганбаярын нийгмийн даатгалын дэвтэр, “ТАСО” ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2015 оны 7, 8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын баримт зэргээс харахад Э.Ууганбаяр нь сарын хөдөлмөрийн хөлсөө 350 000 төгрөгөөр тооцон нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байсан байх ба гуравдагч этгээд нь талийгаачийг сард 750 000 төгрөгийн цалин авдаг гэх үйл баримтаа баримтаар нотолж чадаагүй тул шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2-т зааснаар хариуцагч “ТАСО” ХХК-иас 5 800 000 төгрөг гаргуулан гуравдагч этгээд Ч.Дэлгэрмандуухайд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21 200 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ. /хх 141-142, 212/

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж заажээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Дэлгэрмандуухай нь хариуцагчаас оршуулгын зардал гаргуулахаар шаардаж байгаа хэдий ч хэдэн төгрөгийн зардал гаргасан эсэх нь тодорхойгүй, түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “уг шаардлагыг нотлох бичгийн нотлох баримт байхгүй, талийгаачийн ээж Б.Энхсайхан нь алга болгосон” гэж тайлбарлажээ. /хх 212/

Түүнчлэн уг осолтой холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байх явцад хариуцагч “ТАСО” ХХК нь талийгаачийн эх Б.Энхсайханд холбогдох баримтыг үндэслэн оршуулгын зардалд 9 650 000 төгрөг өгсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч энэ талаар маргаагүй /хх 46-53/ байх тул шүүх хариуцагч “ТАСО” ХХК-иас дахин гаргуулах хуулийн үндэслэлгүй гэж үзэж гуравдагч этгээдийн уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Дэлгэрмандуухай нь хариуцагч “ТАСО” ХХК-д холбогдуулан гэм хор учруулсны нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгож хүү У.Тэргэлийг 16 нас хүртэл төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүүгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүнд гэм хор учруулсны төлбөрийг гэм буруутай этгээд төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг авах эрхтэй” гэж тус тус заажээ.

Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 581 дүгээр тогтоолоор ТАСО ХХК-ийн захирал Т.Отгонбаярт Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад үйлдвэрт аюулгүй ажиллагааны журам зөрчсний улмаас гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдохгүй гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх-45/

Дээрх тогтоолыг гуравдагч этгээд Ч.Дэлгэрмандуухайгийн өмгөөлөгч Ж.Тэгшмандалын гомдлоор Улсын ерөнхий прокурорын газрын прокурор хянаад 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 5/598 дугаар тогтоолоор хэвээр үлдээжээ. /хх-173/

Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Э.Ууганбаяр нь 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ажлын байрандаа торхны таганд цохиулан үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан гэдэг нь баримтуудаар нотлогдсон хэдий ч уг осол гарахад хариуцагч “ТАСО” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа байсан эсэх, хариуцагчийн буруугаас талийгаачийн амь насанд хохирол учирсан гэм буруутай байдал тогтоогдоогүйн улмаас дээрх эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул гуравдагч этгээд нь “ТАСО” ХХК-иас бусдын амь насанд гэм хор учруулсан гэх үндэслэлээр гэм хорын хохирол буюу нөхөн төлбөр тогтоолгохоор шаардах эрхгүй гэж шүүх дүгнэн гуравдагч этгээд Ч.Дэлгэрмандуухайгийн гэм хор учруулсны нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгож хүү У.Тэргэлийг 16 нас хүртэл төлүүлэх тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.4, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт заасан нийцжээ.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны  11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/05913дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Дэлгэрмандуухай давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                           С.ЭНХТӨР

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН