Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2019/00824

 

Ц.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02305 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 311 дүгээр магадлалтай,

Ц.Цгийн нэхэмжлэлтэй

МУИС, МУИС-ийн ШУ-ны Сд  холбогдох

Илүү цагийн цалин хөлс нийт 2 947874 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайваны гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Даваажаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Цэрэндорж овогтой Ц.Ц 1994 оноос өнөөдрийг хүртэл нийт 24 дэх жилдээ МУИС-ийн Их Британи, Америк судлалын тэнхимд багшаар ажиллаж байна. Би 2004 оноос хойш ахлах багшийн зэрэглэлд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр багшаар ажиллаж байгаа бөгөөд 2014 онд Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Энэхүү гэрээний 1.2 дахь заалтанд гүйцэтгэх ажил үүргийг тодорхой зааж, Сургалтын А цаг нь 15 цаг, эрдэм шинжилгээ хийх Б цаг 6 багц цаг, бусад ажил В цаг нь 5 багц цаг байхаар зааж нийт 26 багц цагийн ажлыг хичээлийн жил тутамд хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллаж байгаа юм. Гэтэл 2017-2018 оны хичээлийн жилд би сургалтын А багц 15 багц цаг заах байснаас 22,35 багц цаг зааж 7,35 илүү цаг гарсан боловч 1,35 багц илүү цагийн мөнгийг олгоод бусад 6 багц илүү цагийн нэмэгдэл хөлсийг надад олголгүй хууль ёсны эрх ашгийг маань хохироосон. МУИСийн Захиргааны зөвлөлөөс 2018 оны 06 сарын 13-ны өдөр гаргасан шийдвэр нь Үндсэн мэргэжлийн хичээл заадаг, 12 жилийн дотор доктор хамгаалаагүй МУИС-ийн багш нарын сургалтын цагийн ачааллыг тооцохдоо А цагийг 21 кр-р тооцох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Мөн МУИС-ийн захирлын 2018 оны 6-р сарын 18-ны өдрийн дугаар Б/256 тушаалаар ээлжийн амралтыг тооцсон юм. МУИС-ийн ШУ-ны С-ийн захирал МУИС-ийн Захиргааны зөвлөлөөс тооцохоор шийдвэрлэсэн чиглэлийн дагуу та бүхний багц цагийг тооцсон гэсэн хариуг өгсөн ба улмаар МУИС-ийн хөдөлмөрийн маргаан таслах коммист өргөдөлдөө 2018.06.29-ний өдөр гаргасан боловч Хөдөлмөрийн маргаан таслах комиссын журамд заасан дагуу 14 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгсөнгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар миний илүү цагийн нэмэгдэл хөлс нь цалин хөлсний бүрэлдэхүүнд орох тул илүү цагийн хөлс 2 697 049 төгрөгийг олгоогүй байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт заасны дагуу 2018.06.22-ны өдрийн тушаал гарснаас хойш өнөөдрийг хүртэл надад олгогдоогүй цалин хөлсний алданги 250 825 төгрөг болж байна. Иймд олгогдоогүй илүү цагийн нэмэгдэл хөлс 2 697 049 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу олгогдоогүй нэмэгдэл хөлсний хоног тутмын 0,3 хувийн алданги 250 825 төгрөг, нийт 2 947 874 төгрөг гаргуулж, уг олгогдох цалин хөлснөөс ногдох нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шийдвэрийг хариуцагч МУИС-ийн ШУ-ны Сд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч МУИСийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...МУИС-ийн Профессор багш ажиллуулах журмыг Монгол Улсын Дээд боловсролын тухай 13 дугаар зүйлийн.....13.6.Багшийн хийж гүйцэтгэх сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил болон ажлын ачааллыг тооцох аргачлалыг сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн тогтоох бөгөөд багшийн ажлын ачааллыг тогтоохдоо түүний мэдлэг, ур чадвараа тогтмол дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажил хийх, суралцагчтай үр бүтээлтэй ажиллах, захиргааны ажилд оролцох нөхцөл, бололцоог харгалзан үзнэ ... гэж заасны дагуу МУИСийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж баталсан. Уг журмаар их сургуулийн багшийн тухайн албан тушаал тус бүрээр /дадлагажигч, багш, ахлах багш, дэд профессор, профессор/ гүйцэтгэх ажлын ачааллын ноогдлыг тогтоосон. Одоо мөрдөгдөж буй Профессор багш ажиллуулах журам МУИС-ийн Эрдмийн зөвлөлөөр 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэгдэж шийдвэрлэсний дагуу 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/414 дүгээр тушаалаар батлагдаж мөрдөгдөж эхэлсэн болно. Журмын 2.5-д Үндсэн мэргэжлийн хичээл заадаг багш МУИС-д багшаар томилогдсонннс хойш 12 жилийн дотор докторын зэрэг хамгаалах шаардлагатай. Докторын зэрэг хамгаалаагүй боловч бусад бүх болзлыг биелүүлсэн/докторын багц цагийг бүрэн биелүүлсэн/ тохиолдолд хөдөлмөрийн гэрээг 1 жилээр сунгаж болно. Тэнхимд тухай мэргэжлийн багш хүрэлцээгүй, заалгах цаг хүрэлцээтэй нөхцөлд тэдгээр багшийг холбогдох тэнхим, салбар, бүрэлдэхүүн сургуулийн саналыг үндэслэн зөвхөн сургалтын багц цаг биелүүлэх нөхцөлөөр ажиллуулж болох бөгөөд энэ тохиолдолд эрдэм шинжилгээний багц цагийг сургалтын багц цагаар шилжүүлж гүйцэтгүүлнэ. Энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд МУИСд үргэжлүүлэн ажиллуулах боломжгүй гэж үзнэ гэж заасан. МУИС-ийн захиргаа болон багш ажилтнууд байгууллагын дотоодод мөрдөгддөг дүрэм, журмыг биелүүлэх үүргийг МУИС-ийн Дүрэм болон Хөдөлмөрийн дотоод журмын дагуу хүлээсэн байдаг. МУИС-ийн Захиргааны зүгээс бүрэлдэхүүн сургуулиудад тус журмын үйлчлэлд хамрагдах багш нарын сургалтын багц цагийн ноогдлыг тооцохдоо Профессор багш ажиллуулах журмыг мөрдлөг болгохыг удаа дараа анхааруулсаар ирсэн бөгөөд үүний дагуу Хууль зүйн сургууль, Бизнесийн сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, ШУ-ны С-ийн захирлууд тус үйлчлэлд хамрагдаж буй багш нартай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах ажлыг 2017-2018 оны хичээлийн жилийн эхэнд зохион байгуулсан. Журмын үйлчлэлд хамрагдаж буй багш нарт удаа дараа цагийн ноогдлыг МУИС-ийн Профессор багш ажиллуулах журмын 2.5-д заасны дагуу тооцно гэдгийг хүн тус бүрээр мэдэгдэж мэдэгдэх хуудас гардуулж байсан. МУИС-ийн хэмжээнд энэ үйлчлэлд хамрагдаж буй нийт 60 гаруй багш байгаа бөгөөд бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад эрх шилжүүлсний дагуу хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж 2017-2018 оны хичээлийн жилийн төгсгөлд журмын дагуу цагийн ноогдлыг тооцож тооцоог хийсэн болно. Ц.Ц нь тус сургуульд анх багшаар ажилд орсноос хойш докторын зэрэг хамгаалаагүй байгаа тул МУИС-ийн Профессор багш ажиллуулах журам-ын 2.5-д заасны дагуу эрдэм шинжилгээний багц цагийг сургалтын багц цагт шилжүүлэн тооцох журмын заалтын үйлчлэлд хамарч байгаа юм. Иймээс ШУ-ны С-ийн ахлах багш Ц.Цгийн цагийн ноогдлыг бусад журмын үйлчлэлд хамрагдсан багш нарын адил гүйцэтгэвэл зохих 26 багц цагийн тооцоог хийж илүү хийсэн багц цагийн хөлсийг журмын дагуу бодож олгосон тул түүний хөдөлмөрлөх эрхэд халдаж, эрх ашгийг хөндсөн ямар нэг хууль бус үйлдэл байхгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч МУИС-ийн ШУ-ны С шүүхэд гаргасан хариу тайлбар болон төлөөлөгч Г.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ШУ-ны С-ь нь илүү цагийн хөлсийг дутуу олгосон зүйл огт үгүй бөгөөд өөрөөр бодож олгох эрх зүйн үндэслэл, журмын зохицуулалт байхгүй. 2016 онд хөдөлмөрийн гэрээний загварыг шинэчлэн баталсан. Тэгэхээр 2017 онд шинэ гэрээний загвар батлагдсан тул 2017 оны хичээлийн жилийн батлагдсан гэрээний дагуу явагдах ёстой. Бид одоо гэсэн 12 жил ажилласан багш нартайгаа 21 кредитээр ажиллаж байгаа. Яагаад гэвэл журам өөрчлөгдөөгүй байгаа учраас бид журмыг мөрдөж байгаа гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02305 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 130 дугаар 130.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч МУИСиас нийт 2 889 464/хоёр сая найман зуун наян есөн мянга дөрвөн зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Ц.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Ц хариуцагч МУИС, ШУ-ны С-ьд холбогдуулан нийт 2 889 464 /хоёр сая найман зуун наян есөн мянга дөрвөн зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч ШУ-ны С-ьд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Ц.Цгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Ц.Цгийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 61 181 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч Ц.Цд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 311 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02305 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ! “Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч МУИСиас 2 947 784 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Цд олгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59 3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Цгаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван хяналтын гомдолдоо: Магадлалд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д “Багшийн хийж гүйцэтгэх сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил болон ажлын ачааллыг тооцох аргачлалыг сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн тогтоох...", МУИС-ийн Дүрмийн 4.2.10.3-т “МУИС-ийн Эрдмийн зөвлөл нь Сургалт, судалгааны бодлого үйл ажиллагаатай холбоотой журмуудыг хэлэлцэн батлах” гэж тус тус Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагаа, үндсэн чиг үүргийг тодорхойлсон байна. Тус Эрдмийн зөвлөл нь 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “МУИС-д Профессор, багш ажиллуулах журам”-ыг шинэчлэн хэлэлцэж, уг журмыг МУИС-ийн Захирлын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/414 дүгээр тушаалаар батлуулсан. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан МУИС-ийн Захирлын 2012 оны 652 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “МУИСд Профессор, багш ажиллуулах журам” болон 4 дүгээр хавсралтаар баталсан “МУИС-ийн Багшийн орон тоо, ажлын үнэлгээний журам”-ыг тус тус хүчингүй болгож, 2014 онд МУИС-ийн багш, ажилтантай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Улмаар “МУИС-д Профессор, багш ажиллуулах журам”-ын 2.5 дах хэсэгт хамаарах зарим багш нарт сургуулийн захиргаанаас албан ёсоор мэдэгдэл өгч байсан. /хэрэгт МУИС-ийн ШУС-ийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 7/1910 тоот албан бичиг хуулбар/ Түүнчлэн МУИС-ийн Захирлын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/354 дүгээр тушаалаар “МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журам” шинэчлэн батлагдсантай холбогдуулан багш, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт шинэчлэгдэж, өмнөх “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг хүчингүй болгосон. МУИС-ийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/363 дугаар тушаалаар Профессор, багш нарын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний загварыг шинэчлэн баталж, багш нартай хөдөлмөрийн гэрээ байгуулахыг бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад үүрэг өгсөн. Энэ дагуу 2017-2018 оны хичээлийн жилд МУИС-ийн нийт багш нартай хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулсан боловч “МУИС-д Профессор, багш ажиллуулах журам”-ын 2.5 дах хэсэгт хамаарах багш Ц.Ц нь ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахаас татгалзаж, хүчингүй болсон хөдөлмөрийн гэрээг үндэслэж, ажлын гүйцэтгэлийг дүгнэхийг шаардсан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-д зааснаар нэхэмжлэгч нь “Хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөр зохион байгуулалт.... ажилтны эрх үүрэг хариуцлагыг тусгана” гэж заасан байдаг. Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-д заасныг зөрчсөн нь баримтаар тогтоогдож байна гэж үзэж буй нь үндэслэлгүй байна. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Магадлалыг хүчингүй болгож шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй байна. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч МУИС, МУИС-ийн ШУ-ны Сд тус тус холбогдуулан илүү цагийн цалин хөлс 2 697 049 төгрөг, алданги 250 825 төгрөг, нийт 2 947 874 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч МУИС-ийн ШУ-ны Сд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзжээ. Хариуцагч МУИС нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...нэхэмжлэгч илүү цаг ажиллаагүй...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 130 дугаар зүйлийн 130.1, 130.2-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй тул магадлалыг хүчингүй болгов.

Хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон өдрийн ажлын цагийг ажил олгогчийн санаачилгаар хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажиллуулсан гэж үзэх бөгөөд зохигч нь ажлын цаг бус заавал заах ёстой багц цагийн хэмжээг маргажээ.

Ц.Ц нь 2004 оноос МУИС-ийн ШУ-ны С-ийн ахлах багшаар ажиллахдаа 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу сургалтын 15 багц цаг /А цаг/, эрдэм шинжилгээний 6 багц цаг /Б цаг/, бусад багц цаг 5 /В цаг/ нийт 26 кредит цагийг хангах үүрэгтэй ба сургалтын 15 багц цаг гүйцэтгэхээс 7,35 цаг илүү заасан, 6 багц цагийн нэмэгдэл хөлсийг өгөөгүй гэсэн бол хариуцагч нь МУИС-д Профессор, багш ажиллуулах журмын 2.5, 10.4-т зааснаар докторын зэрэг хамгаалаагүй багшийн сургалтын цагийг 21 багц цагаар тооцохоор болсон, ийнхүү цагийг тогтоохдоо эрдэм шинжилгээний 6 багц цагийг сургалтын багц цагт шилжүүлсэн, эрдэм шинжилгээний багц цаг нь докторын зэрэг хамгаалаагүй багшийн хувьд заавал байх ёстой шалгуур байхаа больсон, нэхэмжлэгч илүү цаг ажиллагаагүй гэж тайлбарлажээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээгээр тохирсон ажил үүргээ бүрэн биелүүлсэн, илүү цаг заасны нэмэгдэл хөлсийг авах эрхтэй гэж үзсэн бол хариуцагч хөдөлмөрийн дотоод журманд заасан багц цагийг ажилтан дагаж мөрдөх үүрэгтэй гэж өөр өөр эрх зүйн үндэслэл зааж маргажээ.

Хөдөлмөрийн гэрээний 1.2-т “МУИС-ийн профессор багшийн албан тушаалын тухайн зэрэглэлд тохирох дараах ачааллыг гүйцэтгэх. МУИС-д профессор багш ажиллуулах журам, МУИС-ийн багшийн орон тоо, ажлын үнэлгээний журам, Багшийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг, ачааллыг гүйцэтгэнэ.” гэж, 3.1.1-т “...багш нь хууль...дотоод журам...профессор багш ажиллуулах журам...-д заасныг биелүүлэх үүрэгтэй...” гэж заасан байх тул нэхэмжлэгч нь хөдөлмөрийн дотоод журамд заасан багшийн ажлын ачаалал, түүнд тохирсон багц цагийг хангаж ажиллах үүрэгтэй байхад зөвхөн хөдөлмөрийн гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэх ёстой гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.2-т заасныг  зөрчжээ.

МУИС-ийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн батлагдсан 2014 оны 12 сарын 22-ны өдрийн “МУИС-н Профессор, багш ажиллуулах журам” хүчин төгөлдөр байх ба уг журмыг 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн баримталж, багшийн ажлын гүйцэтгэлийг тооцож эхэлсэн байна.

Уг журмын 2.5-д "...12 жилийн дотор докторын зэрэг хамгаалаагүй тохиолдолд эрдэм шинжилгээний багц цагийг сургалтын багц цагт шилжүүлэн гүйцэтгүүлнэ...” гэж заасан, нэхэмжлэгч Ц.Ц нь докторын зэрэг аваагүй тул сургалтын 21 багц цагийг гүйцэтгэх үүрэгтэй байна.

Иймд сургалтын багц цагийг илүү заасан гэх нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй байжээ. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 311 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02305 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 130 дугаар зүйлийн 130.2 ...” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 47, 60 дугаар зүйлийн 60.1, 141 дүгээр зүйлийн 141.4...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Х.СОНИНБАЯР

         ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА