Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төртогтохын Наранцогт |
Хэргийн индекс | 182/2017/01180/и |
Дугаар | 1457 |
Огноо | 2017-06-30 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 1457
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч Т.Наранцогт даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 1-р баг, Хуст арал, 19-р гудамж, 15 тоотод оршин суух, Аргын овогт Бихумарын Өмирбекийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, Баруун сэлбийн гудамж 15-д байрлах /оршин байгаа/ Монгол Улсын шинжлэх ухааны академийн харьяа Философийн хүрээлэнд холбогдох,
Б.Өмирбекийг Монгол Улсын шинжлэх ухааны академийн харьяа Философийн Хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь Нийгэм эдийн засгийн судалгааны төвийн Ойрад казак судлалын секторын эрдэм шинжилгээний дэд ажилтан ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ШУА-ийн харьяа Философийн хүрээлэнд даалгуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Даваасүрэн, хариуцагчийн төлөөлөгч М.Долгорсүрэн, Т.Төмөрбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бихумар овогтой Өмирбек нь 2007 оны 05 сарын 16-ны өдөр №06 тоот Монгол Улсын шинжлэх ухааны академийн харьяа Нийгэм, эдийн засгийн судалгааны төвийн захирлын тушаалаар Түүх хэл шинжлэлийн секторт эрдэм шинжилгээний дэд ажилтнаар томилогдож ажилд орсон юм. Ийнхүү уг ажилд томилогдсоноос хойш тасралтгүй 10 орчим жил тогтвор сууршил, үр бүтээлтэй ажилласан юм.
Б.Өмирбекийг ажилд авахдаа ажилтантай Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна.
Монгол улсын Шинжлэх ухааны академийн харьяа “Философийн хүрээлэн”-гийн захирлын 2017 оны 03 сарын 15-ны өдрийн №15 тоот тушаалаар “ШУА-ийн удирдлагад ирүүлсэн Япон улсын иргэн Токо Фужимотогийн гаргасан хувийн гомдол, ШУА-ийн Ерөнхийлөгчийн 2017 оны 03 сарын 07-ны өдрийн 1/87 тоот албан тоот, МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалт, БСШУ-ны сайдын 2007 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 454 тоот тушаалын хавсралт болох Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн дүрмийн 5.1, 5.2 дахь заалт, гадаадын иргэнтэй харьцахдаа ёс зүйн зөрчил гаргасан зэргийг үндэслэн, ... Хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь Нийгэм эдийн засгийн судалгааны төвийн Ойрад казак судлалын секторын эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор (Ph.D) Б.Өмирбекийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.
Энэхүү тушаалыг гаргахаас өмнө Ойрад казак судлалын секторын эрхлэгч, доктор (Рh.D) Г.Золбаярын и-мэйл хаягаар 2017 оны 03 сарын 13-ны өдөр №33 тоот Мэдэгдэл явуулж, уг мэдэгдэлд тушаалыг жич хүргүүлнэ гэсэн боловч мөн Г.Золбаярын и-мэйл хаягруу Б.Өмирбекийг ажлаас чөлөөлсөн тушаалыг явуулснаар гардуулсанд тооцож, 2017 оны 03 сарын 15-наас хойш үүрэгт ажлыг гүйцэтгүүлээгүй ба 2017 оны 04 сарын 10-ны өдөр хүртэл ажлаас чөлөөлсөн тушаалыг бичгээр гардуулаагүй тул Б.Өмирбекийн өмгөөлөгч С.Даваасүрэн миний бие өөрийн биеэр тус хүрээлэн дээр очиж шаардаж гардаж авсан болно.
Ийнхүү ажлаас чөлөөлөхдөө Япон улсын иргэн Токо Фужимотогийн гаргасан гэх үндэслэлгүй, нэг талыг барьсан, хувийн гомдолыг шалгахгүйгээр шууд түүнийг үндэслэж, Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж ёс зүйн алдаа гаргасан гэсэн далимаар ажлын байрыг нь булааж авахын тулд ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж байна.
Тодруулбал, уг тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, /сахилгын зөрчлийг давтан гаргасан асуудал байхгүй/, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээ /хөдөлмөрийн гэрээ анхнаасаа байгуулаагүй/-нд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;
мөн 40.1.5.”мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэсэн нь /мөнгө болон эд хөрөнгө итгэмжлэн хариуцагч биш бөгөөд энэ талаар гэрээ байхгүй, үүнтэй холбоотой үйлдэл эс үйлдэл тогтоогдоогүй тул/ хууль зүйн үндэслэлгүй болно.
Иймд Б.Өмирбекийг ШУА-ийн харьяа Философийн Хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь Нийгэм эдийн засгийн судалгааны төвийн Ойрад казак судлалын секторын эрдэм шинжилгээний дэд ажилтан ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ШУА-ийн харьяа Философийн хүрээлэнд даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Ш.Ариунаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон төлөөлөгч М.Долгорсүрэн, Т.Төмөрбаатар нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Өмирбекийн нэхэмжлэлийг 2017 оны 5-р сарын 5-ны өдөр хүлээн авч танилцаад дараахь үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна.
1. ШУА-д Японы хүмүүнлэгийн ухааны үндэсний хүрээлэнгийн этнологийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Токо Фужимота 2011 оны 9-р сард хүсэлт гаргаж, ШУА-ийн Ерөнхийлөгчтэй биечлэн уулзаж улмаар ШУА-ийн Ерөнхийлөгч 2011 оны 9-р сарын 12-ны өдөр ШУА-ийн Баян-өлгий аймаг дахь Нийгэм, эдийн засгийн судалгааны төв судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх хамтран ажиллах үүрэг өгсөн. Тэгээд 9-р сарын 15-29-ны хооронд Баян-өлгий аймагт “Шашин, казак иргэдийн шилжилт суурьшилт, Монгол ба Казакстанд амьдарч буй казак иргэдийн зан үйлийн уламжлалын харьцуулалт, социализмын дараах нийгмийн өөрчлөлт” чиглэлээр хамтран хээрийн судалгаа хийхээр болсон. Энэ үед ШУА-ийн Баян-өлгий аймаг дахь Нийгэм, эдийн засгийн судалгааны төвийн эрхлэгч Г.Золбаяр эрдэм шинжилгээний ажилтан Б.Өмирбект хамтран ажиллах үүрэг даалгавар өгч ажиллуулсан. Гэвч судалгааны явцад төвийн удирдлагаас томилсон эрдэм шинжилгээний ажилтан Б.Өмирбек нь Токо Фужимотаг эзгүй зэлүүд хөдөө газар зүй бусаар авирлан доромжилж хүчирхийлэх, айлгаж дарамтлах, хууль бусаар мөнгө авах зэргээр ёс суртахууны зөрчил гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, БСШУ-ны сайдын 2007 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 454 тоот тушаалын хавсралт “Эрдэм шинжилгээний ажилтаны ёс зүйн ерөнхий дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дах заалтыг тус тус зөрчиж, ёс зүйн ноцтой үйлдэл хийсэн асуудлаар Токо Фужимота Улсын прокурорын газар, ШУА-ийн удирдлагад 2013, 2017 онд 2 удаа хандсан. Японы иргэн Токо Фужимота мөн 2011 онд Япон улсын элчин сайдын яаманд хандаж зөвөлгөө аваад 2016 онд Баян-өлгий аймгийн Цагдаагийн газар болон Прокурорын газарт гомдол гаргаж хандсан байдаг.
2. Б.Өмирбек одоог хүртэл ажил төрлөө хэвийн хийж байгаад доктор Токо Фуздимото нэн их гайхан харамсаж буйгаа илэрхийлээд удаа дараа гомдол гаргаж, Б.Өмирбект хариуцлага тооцож, хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсч ШУА-ийн удирдлагуудаас хүссэн.
3. ШУА-ийн Баян-өлгий аймаг дахь Нийгэм, эдийн засгийн судалгааны төвийн захирлын 2013 оны 3-р сарын 29-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 08 дугаар тушаалаар эрдэм шинжилгээний ажилтан Б.Өмирбект үндсэн цалинг 2 сар 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авсан.
4.Монгол Улсын ШУА, түүний эрдэмтдийн нэр хүндийг ноцтой унагасан, цаашилбал 2 орны харилцаанд ч сөрөг нөлөө үзүүлж болохуйц энэ зохисгүй үйлдэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Б.Өмирбект хууль журмын дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд зохих хариуцлага тооцож хариу мэдэгдэхийг ШУА буюу удирдах дээд байгууллагаас үүрэг болгосны дагуу ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 40.1.5 дахь заалт, БСШУ-ны сайдын 2007 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 454 тоот тушаалын хавсралт “Эрдэм шинжилгээний ажилтаны ёс зүйн ерөнхий дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дах заалтыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан тул Б.Өмирбекийг ажлаас нь чөлөөлсөн.
5.Япон улсын иргэн Токо Фужимотогийн удаа дараа гаргасан гомдолтой холбогдох баримтыг үндэслэн зохих байгууллагаар хэлэлцэж шийдсэний үндсэн дээр болон Б.Өмирбек хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ёс зүйн ноцтой зөрчлийн асуудалд орсон, хууль тогтоомжийг зөрчсөн тул сахилгын арга хэмжээг шат дараалан авч, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан.
Иймээс нэхэмжлэгч Б.Өмирбекийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй.
Нэхэмжлэгч Б.Өмирбек хариуцагч Монгол Улсын Шинжлэх ухааны академийн харьяа Философийн хүрээлэнд холбогдуулан Б.Өмирбекийг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн харьяа Философийн Хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь Нийгэм эдийн засгийн судалгааны төвийн Ойрад казак судлалын секторын эрдэм шинжилгээний дэд ажилтан ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ШУА-ийн харьяа Философийн хүрээлэнд даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэгч Б.Өмирбекийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацаа ажлын 77 өдөр, нэг өдрийн дундаж цалин 41363,75 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин нийт 3.185.008,75 төгрөг гаргуулах гэж тодруулсан болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Б.Өмирбек нь Шинжлэх ухаан академийн харьяа Баян-Өлгий аймаг дахь нийгэм эдийн засгийн судалгааны төвийн захирлын 2007 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №06 тоот тушаалаар Түүх хэл шинжлэлийн секторт эрдэм шинжилгээний дэд ажилтанаар 2007 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн томилж, улмаар 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 15 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Токо Фужимотогийн гаргасан хувийн гомдол, ШУА-ийн Ерөнхийлөгчийн 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 1/87 тоот албан тоот, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалт, БСШУ-ны сайдын 2017 оны 12 дугаар сарын 3-ний өдрийн 454 тоот тушаалын хавсралт болох Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн дүрмийн 5.1, 5.2 дахь заалт, гадаадын иргэнтэй харьцахдаа ёс зүйн зөрчил гаргасан зэргийг тус тус үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан Шинжлэх ухааны академийн харьяа Нийгэм, эдийн засгийн судалгааны төвийн захирлын 2007 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №6 ажилд томилох тухай тушаал, Фолософийн хүрээлэнгийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №15 тоот ажилтныг чөлөөлөх тухай тушаал, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 4, 5-6, 8 дахь тал/
Нэхэмжлэгч Б.Өмирбекийг ажлаас ШУА-ийн Ерөнхийлөгчийн 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 1/87 тоот албан тоот, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалт, БСШУ-ны сайдын 2017 оны 12 дугаар сарын 3-ний өдрийн 454 тоот тушаалын хавсралт болох Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн дүрмийн 5.1, 5.2 дахь заалт, гадаадын иргэнтэй харьцахдаа ёс зүйн зөрчил гаргасан зэргийг тус тус үндэслэн халсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Тодруулбал, хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэжээ. Гэтэл ажил олгогч Б.Өмирбектэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажилд авч ажилуулж байсан байна. Тэгэхээр “...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж үзэх үндэслэл үүсэх боломжгүй. Мөн “...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэг нь тогтоогдохгүй байна. Давтан гаргасан гэдэг нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Нэхэмжлэгч Б.Өмирбек нь хилийн хориотой бүсэд гадаадын иргэнийг зөвшөөрөлгүй оруулсан гэдэг үндэслэлээр сахилгын хариуцлага хүлээж 2 сар цалинг нь 20 хувиар бууруулж байсан байна. Үүнээс өөр зөрчил гаргасан нь тогтоогдоогүй буюу үндэслэл болгож буй Токо Фужимотог хүчиндсэн гэх асуудалтай холбогдуулж БСШУ-ны сайдын 2017 оны 12 дугаар сарын 3-ний өдрийн 454 тоот тушаалын хавсралт болох Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн дүрмийн 5.1, 5.2 дахь заалт, гадаадын иргэнтэй харьцахдаа ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн зэргийг Баян-Өлгий аймгийн прокурорын газар шалгаж үзээд 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 5/425 тоот “Б.Өмирбекийг гэм буруугүй буюу Токо Фужимотог хүнчиндсэн гэх үндэслэл тогтоогдоогүй” гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол гаргажээ. /хх-ийн 13 дахь тал/ Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14-т “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасны дагуу Б.Өмирбек нь гэм буруугүй.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал, Б.Өмирбек нь мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй буюу биш байна. Мөн яаж ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдохгүй байна.
Иймд Б.Өмирбекийг Монгол Улсын шинжлэх ухааны академийн харьяа Философийн Хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь Нийгэм эдийн засгийн судалгааны төвийн Ойрад казак судлалын секторын эрдэм шинжилгээний дэд ажилтан ажилд нь эгүүлэн тогтоож, Монгол Улсын шинжлэх ухааны академийн харьяа “Философийн хүрээлэн”-ээс 3185008,75 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Өмирбект олгож, Б.Өмирбекийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг зохих журам, хувь хэмжээгээр төлж, дэвтэрт нь бичилт хийхийг Монгол Улсын шинжлэх ухааны академийн харьяа “Философийн хүрээлэн”-ийн удирдлагад үүрэг болгож, хариуцагчаас 65910.14 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б.Өмирбекийг Монгол Улсын Шинжлэх Ухаан Академийн харьяа Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь нийгэм эдийн засаг судалгааны төвийн Ойрад казак судлалын секторын эрдэм шинжилгээний дэд ажилтаны ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Монгол Улсын шинжлэх ухаан академийн харьяа Философийн хүрээлэнгээс 3185008,75 төгрөгийг гаргуулж Б.Өмирбект олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Б.Өмирбекийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Монгол Улсын шинжлэх ухаан академийн харьяа Философийн хүрээлэнгийн удирдлагад үүрэг болгосугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчдийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас 65910.14 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.НАРАНЦОГТ