Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1280

 

 

 

 

 

 

 

  2021       11          23                                    2021/ШЦТ/1280   

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Хохирогч Б.Х,

Шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч М.А-од холбогдох эрүүгийн 2106 00000 2189 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Домбоско” МСҮТ-д суралцдаг, ам бүл 4, аав, ээж, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Туулын 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар хх0000000, хэрэг хариуцах чадвартай, М.А.

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч М.А нь согтуурсан үедээ буюу 2021 оны 10 дугаар сарын    2-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Цэнхэр мандал” амралтын газарт иргэн Б.Х-тэй “хөгжим чанга тавилаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “хамар ясны бяцарсан далд хугарал, хамрын таславчийн муруйлт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, хохирогч Б.Х-гийн өгсөн мэдүүлэг /хх-14-15/, хохирогч Т.Ж-ийн өгсөн мэдүүлэг /хх-22-23/, гэрч Э.Ёолкийн өгсөн мэдүүлэг /хх-35-36/, насанд хүрээгүй гэрч О.Азаагийн өгсөн мэдүүлэг /хх-43-44/, насанд хүрээгүй гэрч С.Мөнх-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-51-52/, гэрч Д.Эгшиглэнгийн өгсөн мэдүүлэг /хх-57/, гэрч Г.Анхболдын өгсөн мэдүүлэг /хх-74/, гэрч Б.Азбаярын өгсөн мэдүүлэг /хх-79/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 9485 дугаартай дүгнэлт /хх-82-83/, шүүгдэгч М.А-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-135-136/, М.А-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-103/, шинээр хохирол төлсөн баримт гэх банкны хуулга 2 хуудас зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч М.А нь согтуурсан үедээ буюу 2021 оны 10 дугаар сарын    2-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Цэнхэр мандал” амралтын газарт иргэн Б.Х-тэй “хөгжим чанга тавилаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “хамар ясны бяцарсан далд хугарал, хамрын таславчийн муруйлт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Х-гийн өгсөн: “...Би найз Жавхлантөгс, Болд, Эгшиглэн, Ану, Хан хэнтий, Анхболд, Мандахай нарын хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Цэнхэр мандал амралтын газар амрах гээд 2021 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 22 цагийн үед очсон. Бид хэд 6 ортой 1 гэр аваад хоол унд хийгээд авч очсон лаазтай Сэнгүр пивоо ууж байхад бид нараас зүүн тийш 2 дахь гэрт байсан залуучууд манай найзуудтай маргалдаад гадаа шуугилдаад байсан...Тухайн үед би түрүүлж гараад юу болсон талаар асуух гэтэл Ариунболд /сүүлд нэрийг нь мэдсэн/ миний хамар луу баруун гараараа 1 удаа цохисон....манай найзуудаас Жавхлантөгсийн толгой нь хагарсан. Тэрийг Ариунболд цохиж байхыг харсан. Тухайн үедээ зууралдаад ноцолдоод салцгаасан...Тухайн үед Ариунболд гэх хүүхэд газраас их чулуу авч хүмүүс рүү дайрч байсан. Тэр үедээ Жавхлантөгсийн толгой руу 1 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-14-15/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Ж-ийн өгсөн: “...Хүслэн гарч учрыг нь олох гээд гараад удалгүй хамраас нь цус гараад ороод ирсэн. Гараад хартал 2-3 согтуу залуучууд цээж нүцгэн “үзэлцье” гээд орилолдоод байсан. Тэр залуучуудын дунд Ариунболд /сүүлд нэрийг нь мэдсэн/ гэх залуу гартаа чулуу барьчхаад “та нарыг эр, эмгүй бүгдийг нь алчихъя” гээд агсраад байхаар нь би 2 гарнаас нь барьж байгаад хойш нь түлхсэн. Тэгтэл буцаж цохих гээд гүйж ирэхээр нь бултаад өнгөрөөтөл буцаж хараад миний толгой руу 1 удаа цохисон. Тухайн үед манаралт авсан болохоор яг гараараа юм уу чулуугаар цохисныг нь харж амжаагүй...миний толгой хагарсан....гэх мэдүүлэг /хх-22-23/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Ёолкийн өгсөн: “...Хажуу талын гэрт хэсэг хүмүүс амарч байхаар нь гал асуух санаатай Ариунболд бид 2 очсон. Тэгээд та хэд машиныхаа дууг жоохон багасгачих гэхэд за гээд дуугаа багасгасан. Удалгүй ахиад чанга дуу гараад байхаар нь ахиж очоод маргалдаад байж байтал гэрээс гарч ирээд машины хажууд зогсож байсан эрэгтэйг Ариунболд гараараа 1 удаа цохисон...Тэгж байхад ахиад 1 хүүхэд Ариунболдыг түлхэж байсан. Дараа нь тус амралтын газрын хамгаалагч болон цагдаа нар ирээд зодооныг салгатал өөр бас 1 хүүхдийн толгой хагарсан байсан...Ариунболд түрүүлж Хүслэнгийн /сүүлд нэрийг нь мэдсэн/ хамар луу 1 удаа гараараа цохиод маргаан эхэлсэн....гэх мэдүүлэг /хх-35-36/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч О.Азаагийн өгсөн: “...Ариунболд, Мөнх-Эрдэнэ, Ёолк нар гараад маргалдаж эхэлсэн...Тухайн үед харанхуй байсан...Би зодооныг салгаж байхад миний нүүр рүү хэн нь юм мэдэхгүй 1 удаа цохихоор нь би нүүрээ бариад газар хэвтсэн. Хэсэг хэвтэж байгаад босоод иртэл Ариунболд гартаа чулуу барьсан 1 хүнтэй маргалдаад байхаар нь би салгаад чулууг нь газар хаяад аваад явсан...Зодоон дууссаны дараа гэрт орж ирээд ярилцаж байхад нь 1 хүүхдийн хамраас цус гарсан, нөгөө хүүхдийнх нь толгойноос цус гарсан байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-43-44/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч С.Мөнх-Эрдэнийн өгсөн: “...Чанга дуу чимээ гаргаад байхаар нь Ариунболд, Ёолк бид гурав гарч уулзах гэж очоод Ариунболд 1 эрэгтэйг нь гараараа 1 удаа нүүр рүү нь цохисон. Тэгээд маргалдаад байж байтал тэнд байсан охидууд нь салгаад хэрүүл маргаан болж байхад Ариунболд чулуу бариад хүмүүс рүү дайраад байхад нь Азаа чулууг нь салгаж автал Ариунболд 1 эрэгтэйг цохиод авсан. Тухайн үед Ариунболдын гарт чулуу байсан үгүйг харж чадаагүй...гэх мэдүүлэг /хх-51-52/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Эгшиглэнгийн өгсөн: “...Хамт явсан охидууд болох Ану, Гэрэлээ нарын хамт нөгөө хүүхдүүдийг болиулах гээд гэрийн үүдэнд байж байхад Хүслэн араас гарч ирсэн. Тэгтэл дээгүүрээ цээж нүцгэн хүүхэд Хүслэнгийн нүүр рүү 1 удаа цохисон. Тэгээд Хүслэнгийн хамрын цусыг тогтоож байх хооронд Төгсөө /Жавхлантөгс/ гадаа байж байгаад бас зодуулсан байсан...гэх мэдүүлэг /хх-57/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Анхболдын өгсөн: “...Манай найзууд хөгжмөө багасгаад учраа олоод явцгаасан. Удалгүй нөгөө залуучууд буцаж ирээд хэрүүл маргаан өдөж байхад Хүслэн “миний хамар руу цохичихлоо” гээд орилсон. Тэгтэл Төгсөө бас толгойгоо хагалуулчихлаа гэсэн...гэх мэдүүлэг /хх-74/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Азбаярын өгсөн: “...Хүсэлээ гэрээс гараад удалгүй хамартаа цохиулчихлаа гээд ороод ирсэн. Тухайн үед би гэр дотор байж байсан. Тэгтэл Жавхлантөгсийн толгой нь бас хагарсан байсан...гэх мэдүүлэг /хх-79/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн дүгнэлтэд:

1. Б.Х-гийн биед хамар ясны бяцарсан далд хугарал, хамарын таславчийн муруйлт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл

тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  1. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх 9485 дугаартай дүгнэлт /хх-82-83/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд М.А-ын яллагдагчаар өгсөн: “...Цагдаа дээр ирэхэд хамарнаас нь цус гарсан Хүслэн гэх эрэгтэй байсан. Тэр эрэгтэй миний эхлээд цохисон хүн мөн. Дараа нь миний зүүн гараараа цохисон эрэгтэйг Жавхаа гэж байсан. Сүүлд Жавхлантөгс гэж нэрийг нь мэдсэн. Энэ хоёр эрэгтэйг би зодсон...Хүслэн, Жавхлантөгс нарын биед учирсан гэмтлийг эмчлэх эмчилгээний зардлын төлж барагдуулахад татгалзах зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-135-136/,

 

Шүүгдэгч М.А-ын урьд ял шийтгэгдэж байсан эсэх лавлагаа /хх-103/ зэрэг болно.

 

 Шүүх дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар нь харилцан зодолдож тус тус эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч М.А-ын согтуурсан үедээ буюу 2021 оны 10 дугаар сарын 2-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Цэнхэр мандал” амралтын газарт иргэн Б.Х-тэй “хөгжим чанга тавилаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “хамар ясны бяцарсан далд хугарал, хамрын таславчийн муруйлт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Х нь хохиролд баримтаар 165.000 төгрөг нэхэмжилсэн шүүгдэгч М.А нь 300.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгч М.А-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

  Хохирогч Б.Х нь цаашид гарах гэм хорын зардалтай холбоотой баримтыг бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

  Шүүгдэгч М.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч М.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар М.А-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар М.А нь шүүхээс оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Х нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.А нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.      

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба М.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.А-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС