| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Наранцогт |
| Хэргийн индекс | 182/2017/01853/и |
| Дугаар | 1493 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 1493
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Т.Наранцогт даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Их тойруу гудамжинд байрлах “Премиум палас” ХХК-ийн хүсэлттэй,
Хариуцагч: Мягмаржав овогтой Санчирыг эрэн сурвалжлах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарын бичгийн даргаар З.Баярцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч “Премиум палас” ХХК шүүхэд гаргасан хүсэлт болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Премиум Палас” ХХК нь иргэн Намсрай овогтой Мягмаржавын Санчирт холбогдуулан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь тус нэхэмжлэл гаргасан хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудагггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн шалтгаанаар тус шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/Ш32017/10671 тоот захирамжаар иргэн М.Санчирт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Шүүгчийн захирамжид дурдсанаар иргэн М.Санчир нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 5 дугаар хороолол, 58 байр 37 тоот хаягт одоогоор оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна гэсэн тул иргэн М.Санчирыг эрэн сурвалжилж өгнө үү.” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
“Премиум палас” ХХК нь М.Санчирыг эрэн сурвалжилуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.
“Премиум палас” ХХК нь М.Санчираас түрээсийн гэрээний үүргийн биелэлт шаардах зорилгоор Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл Баянзүрх дүүрэг, 7-р хороо, 15-р хороолол, 58-р байр, 37 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Санчир нь Баянзүрх дүүрэг, 7-р хороо, 15-р хороолол, 58-р байр, 37 тоот хаягаа өөрчлөн, одоо хаана байгаа газар нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байгаагаас хүсэлт гаргагч “Премиум палас” ХХК хуульд заасан харъяаллын дагуу М.Санчирыг эрэн сурвалжлах хүсэлт гаргасныг хүлээн авч, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан М.Санчирийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар М.Санчирийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч “Премиум палас” ХХК-ийн ерөнхий захирал Б.Ундрахбаяр, түүний төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ нарт мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.НАРАНЦОГТ