Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 496

 

 

 

 

 

 

 

 

 

“Сео жүүн Ложистикс” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2016/01145 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Сео жүүн Ложистикс” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Хьюндай моторс монголиа” ХХК-д холбогдох,

Тээвэр зуучлалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 229 708 ам доллар буюу 458 809 571 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/29-13/42 дугаар, нийт 17 118 ам.доллар буюу 377 869 832 төгрөгийн үнийн дүнтэй Тээвэрлэлтийн гэрээ тус бүрийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, гэрээгүй нийлүүлсэн ачааны төлбөр 42 590 ам.доллар буюу 86 007 098 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнхзулын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ууганбаяр, М.Цэрэнпунцаг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Базарсад

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Мөнхзул

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч БНСУ-ын “Сео жүүн ложистикс” ХК нь хариуцагч “Хьюндай моторс монгол” ХХК-тай 2011 оноос хойш хамтран ажиллаж БНСУ-аас Монгол Улс руу хариуцагч “Хьюндай моторс монгол” ХХК-ийн ачааг зуучлан тээвэрлэж ирсэн. Хоёр тал тээвэрлэлтийн төлбөрийг ачаа эцсийн хүргэх газарт ирэхээс өмнө бүрэн төлсөн байхаар харилцан тохиролцсон боловч хариуцагч нь нэхэмжлэгчээр зуучлуулан тээвэрлүүлсэн тээврийн хөлсийг цаг тухай бүрт нь хариуцагч талын Солонгос Улсаас тээвэрлүүлсэн ачаа Монгол Улсад ирэхээс өмнө төлж барагдуулах гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Хариуцагч “Хьюндай моторс монгол” ХХК нь 2013 оны чингэлэгийн тээвэрлэлтийн үлдэгдэл төлбөр 229 708 ам.долларыг төлөлгүй гэрээний үүргээ ноцтой зөрчиж нэхэмжлэгч талыг хохироосон. Нийт 335 492 ам.доллар төлөхөөс 105 784 ам.долларыг төлж, үлдэгдэл 229 708 долларыг төлөөгүй. Нэхэмжлэгч “Сео жүүн ложистикс” ХК нь хариуцагч “Хьюндэй моторс монгол” ХХК-тай байгуулсан тээврийн гэрээний дагуу тооцоо нийлж бүрэн эрхийг олгосон итгэмжлэлийг 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр охин компани “Сео жүүн ложистикс монголиа” ХХК-д олгосон. Итгэмжлэгдсэн төлөөлөгч “Сео жүүн ложистикс монголиа” ХХК нь “Сео жүүн ложистикс” ХК-ийн нэрийн өмнөөс хариуцагч “Хьюндай моторс монголиа” ХХК-тай тооцоо нийлсэн 15/6 дугаар актаар хариуцагч нь нэхэмжлэгч компанид 209 708 ам.долларын үлдэгдэлтэй гарсныг баталгаажуулж хүлээн зөвшөөрсөн. Иргэний хуулиар ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах баримт бичигтэй байгуулж болохоор заасан. Нэхэмжлэгч тал нь хариуцагчтай тээвэрлэлтийн гэрээнээс гадна дагалдах тээвэрлэлтийн баримт бичиг давхар байгуулсныг бид хуульд заасан хэлбэрээр гаргаж өгсөн. Хариуцагч нь 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгчид “эдийн засгийн хямралтай байдал бид бүхний бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, доголдол үүсгэж байна. Энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан танай компанийн өмнө гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ тогтоосон хугацаанд гүйцэтгэж чадахгүй нөхцөл байдал үүсч байгаа” гэсэн утга бүхий албан мэдэгдлийг хүргүүлсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг “Хьюндай моторс монгол” ХХК-ийн ерөнхийлөгч н.Буянбадрах “Сео жүүн ложистикс” ХК-ийн Улаанбаатар хот дахь албан ёсны төлөөлөгчийн газрын захирал Ким Тэ Ху нар байгуулж гарын үсэг зурсан. Уг гэрээний 1.1 дэх хэсэг ачаа тээврийн зуучлагч нь үйлчлүүлэгч үйлчлүүлэгчийн ачааг тээвэрлэхтэй холбогдон иж бүрэн зохион байгуулалтын болон хууль ёсны үйлчилгээ үйлчлүүлэгчид үзүүлэх, харин үйлчлүүлэгч нь ачаа тээвэр зуучлагчид хөлс төлөх үүргийг гүйцэтгэлийн акттай холбоотойгоор зохицуулна гэж заасан. Гэрээний 2.1.9 дэх хэсэгт үйлчлүүлэгч гэрээнд заагдсан төлбөр тооцоог бүрэн төлөх үүрэгтэй, 3.1 дэх хэсэгт тээвэрлэлтийн төлбөрийг ачаа эцсийн газарт хүрэхээс өмнө үйлчлүүлэгч буюу хариуцагч нь ачаа тээврийн зуучлагчид бүрэн төлсөн байх шаардлагатай гэж заасныг хариуцагч компани зөрчсөн. Гэрээний 4-т ачаа хүлээлцэх нөхцөл, хугацаа, үнэ тарифыг заасан. 2 талын хуулийн этгээд хоёулаа Монгол улсын хуулийн этгээд байгаа тохиолдолд төлбөрийг төгрөгөөр хийхээр зохицуулсан. Нэхэмжлэлийн шаардлага нь гэрээ хэрэгжээд дууссан байхад хариуцагч гэрээний дагуу төлбөрийг төлөөгүй тул хариуцагч “Хьюндай моторс монгол” ХХК-иас гэрээний үүрэгт 229 708 ам.доллар буюу Монгол банкны албан ёсны ам долларын төгрөгтэй тэнцэх ханш болох 1 997.36 төгрөгөөр тооцож 458 809 571 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч тал манайх Солонгос Улсын компани учраас доллараар төлбөр тооцоог хийх эрхтэй, гэрээний дагуу төлбөрийг шаардана гэдэг ч бодит байдал дээр гэрээний нэг тал нь Монгол Улсын хуулийн этгээд байдаг. Нэхэмжлэгч нь өөрийгөө Солонгос Улсын хуулийн этгээдийн Монгол Улсын төлөөлөгчийн газартай гэрээ байгуулсан гэдэг боловч тухайн үед “Сео Жүүн Ложистик Монголиа” гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулсан байдаг. Хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлд 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсад өөрийн хөрөнгө оруулалтаар аж ахуй нэгж байгуулах тухай хэлэлцэж санал нэгтэйгээр “Сео Жүүн Ложистик Монголиа” ХХК-ийг байгуулахаар шийдвэрлэсэн байдаг. “Сео Жүүн Ложистик Монголиа” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдөр олгосноор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Гэрчилгээний ард байгаа хуулийн этгээдийг үүсгэн байгуулах баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулах тухай 5-д 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ким овогтой Та Хэ-г гүйцэтгэх захирлаар томилсон. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан тээвэрлэгч талыг төлөөлж “Сео Жүүн Ложистик Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ким Та Хэ гарын үсгээ зурсан байдаг. Нэхэмжлэгч тал болохоор төлөөлөгчийн газартай байгуулсан гэдэг. Гэтэл төлөөлөгчийн газар нь 1999 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 3 жилийн хугацаатай байгуулагдсан ба төлөөлөгчийн газрын хугацаа сунгасан нэмэлт бүртгэлд хугацаа сунгасан гэсэн баримтгүй. Тэгэхээр төлөөлөгчийн эрх нь 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдөр дууссан байдаг. 2013 онд гэрээ байгуулах үед төлөөлөгчийн газар гэж байгаагүй харин “Сео Жүүн Ложистик Монголиа” ХХК нь нэхэмжлэгчийг төлөөлж үйл ажиллагаа явуулж байсан байдаг. Эдгээрээс харахад гэрээг нэг талаас Монголын хуулийн этгээд нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулалттай Монгол компани байгуулсан байхад нэхэмжлэлийг гадаадын хуулийн этгээд гаргасан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1, 65.1.5-т заасны дагуу нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоог хийх хууль нь маргаанд хамаатай, энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт явуулж байгаа үйлчилгээ гэж байдаг. Тэгэхээр энэ гэрээ Монгол Улсын нутаг дэвсгэрт байгуулагдсан, гадаадын хуулийн этгээд байх нь хамаагүй юм. Ийм учраас Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр байгуулах тухай хуульд хамаарч байгаа. Энэ хуулийн агуулга нь 2008, 2009 оны эдийн засгийн хямралтай холбоотой төрийн бодлого байсан. Валютын тухай хуульд салбар төлөөлөгчийн газар валютаар төлбөр тооцоог хийх боломжтой гэж нэхэмжлэгч тал хэлсэн. Иргэний хуулийн 3.3-т зааснаар хууль зөрчилдөж байвал уг асуудлыг илүү нарийвчилсан хуулиар, нарийвчилсан хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулиар зохицуулдаг тул үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоог хийх тухай хуулийг ашиглана. Нөгөө талаар гэрээг байгуулах үед салбар төлөөлөгчийн эрхгүй байсан. Гэрээ байгуулах эрхгүй этгээд гэрээ байгуулсныг Иргэний хуулийн хүрээнд төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан бол хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Гэхдээ нэгэнт бид бараагаа авчихсан учраас тухайн үед нэхэмжлэгчийн гаргасан зардлыг төлөх ёстой, гэхдээ 2013 оны 12 дугаар сарын 30-ний өдөр буюу гэрээ байгуулсан өдрийн 1 654 ам доллар гэсэн ханшаар тооцоод өгөх боломжтой. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2-д зааснаар хуулиар хоригдоогүй бол талууд төлбөр төлөх үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно гэж байгаа. Гэтэл хуулиар хориглосон байгаа. Иймд бид үүнд иргэний хуулийн 217.2 дугаар зүйл заалтыг барина. Бид үйлчилгээгээ авсан тул хариу төлбөр өгөхгүй гэж маргах нь ёс суртахууны хувьд ч шударга ёсны талаасаа ч гэсэн зохимжгүй юм. Талуудын байгуулсан гэрээ нь хууль зөрчсөн байгаа тул анх гэрээ байгуулсан үеийн ханшаар төлье” гэжээ.

Хариуцагчаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Манай компанид холбогдуулан гаргасан нийт 229 708 ам.доллар буюу 463 876 930 төгрөгийн үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: манай компани нь Монгол Улсад бүртгэлтэй, холбогдох хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй “Сео Жүүн Ложистикс” ХХК-тай “Тээвэрлэлтийн гэрээ”-г, тээвэрлэлт гүйцэтгүүлэх тухай бүрт Улаанбаатар хотод байгуулсан байдаг. “Сео Жүүн Ложистикс” ХХК-тай байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/29 дугаартай нийт 16 гэрээ байх ба тус гэрээнүүдийн 4 дүгээр зүйлд “Ачаа хүлээлцэх үнэ тариф”-ын талаар зохицуулсан ба гэрээний 4.2 дахь хэсэгт “Тээврийн үнэ тарифыг гадаад валютаар буюу америк доллараар тодорхойлж, ам.доллараар төлбөр тооцоог заасан. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагын дагуу талууд гэрээг байгуулахдаа Монголбанкинд албан ёсоор хандсан болон бараа, ажил үйлчилгээний үнэ тарифыг гадаад валютаар илэрхийлэх талаар албан ёсны зөвшөөрлийг аваагүй байдаг. Талууд тухайн нэг ажил үйлчилгээ гүйцэтгэх бүрт “Тээвэрлэлтийн гэрээ”-г бичгээр байгуулж байсан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээнд нь Монгол Улсын хуулийг зөрчсөн байх тул “Сео Жүүн Ложистикс” ХХК болон “Хьюндай Моторс Монгол” ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/29; 13/30; 13/31; 13/32; 13/33; 13/34; 13/35; 13/37; 13/38; 13/39; 13/40; 13/41; 13/42 дугаартай, нийт 187 118 ам.доллар буюу 377 869 832 төгрөгийн үнийн дүнтэй “Тээвэрлэлтийн гэрээ” тус бүр Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай Монгол Улсын хуулийг зөрчсөн үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтад заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээгүй нийлүүлсэн ачааны төлбөр 42 590 ам.доллар буюу 86 007 098 төгрөгийн үнийн дүнг хүчингүй болгож өгнө үү”гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч болон хариуцагч талын байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн 13/29-13/42 тоот дугаартай тээвэрлэлтийн гэрээ нь төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-д заасныг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэлд хамаарч байгаа тул анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан хэлцэлд тооцож өгнө үү. Талуудын хооронд гэрээтэй гэрээгүй гэсэн 2 тээвэрлэлт хийсэн, гэрээгүй тээвэрлэсэн нь 42 590 ам.доллар гэсэн дүн байгааг хүчингүй болгож, гэрээтэй хийсэн тээвэрлэлтийг Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.4 дүгээр зүйлд заасны дагуу хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн 229 708 ам.доллар гэсэн дүнгийн нэг хэсэг нь гэрээ байгуулсан, нөгөө хэсэг нь гэрээ байгуулалгүй нийлүүлсэн байгаа. Бичгээр гэрээ байгуулаагүй нийлүүлсэн төлбөрийн дүнтэй 42 590 ам.доллар гэсэн гэрээ байгуулаагүй учраас төлбөрийг төгрөгөөр хийх үү валютаар хийх үү гэдгээ тохиролцоогүй гэж үзэж байгаа. Нэхэмжилж байгаа 229.708 ам.доллараас 42 590 тооцож, гэрээ байгуулаагүй ч гэсэн бараагаа тээвэрлүүлсэн тул төлбөрийг анх гэрээ байгуулагдах үеийн ханшийг жишиг болгож 1 654 ам доллар гэсэн ханшаар тооцох ёстой гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч өмгөөлөгч нараас сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах гэж байгаа бол уг гэрээний үнийн дүнгийн хэмжээгээр гэрээ болгонд тэмдэгтийн хураамж төлөх ёстой байтал төлөөгүй байна. Хариуцагчийн юу нэхэж байгаа нь тодорхойгүй байна. Гэрээгүй тээвэрлэсэн гэж ярьж байгаа ч ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичиг баримтын хэлбэрээр байгуулж болно гэж Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1 дэх хэсэгт заасан байгаа. Тээврийн гэрээний онцлог байдаг, өөр улсаас тээврийн гэрээг хийх боломжгүй байдаг. Үүнийг дагалдах бичгийн хэлбэрээр хийдэг.  Хариуцагч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйл заалтыг ярьж байна. Мөн гэрээ хийх үеийн ханшаар төлбөр тооцоог хийнэ гэж маргаж байгаа. Үнэхээр тэгж маргаж байна уу гэхээр бас өөр зүйл яриад байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч 2 нь өөр өөр зүйл яриад байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хувьд 2018 он хүртэл сунгалтыг хийсэн баримтыг хэрэгт өгсөн байгаа үүнийг бүх шатны шүүхээр явж байхад хариуцагч тал маргадаггүй байсан, энэ талаар баримт хэрэгт авагдсан” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Хьюндай моторс монгол” ХХК-иас /РД:5327547/ нийт 229 708 ам.доллар буюу 458 809 571 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч /РД:110111-1161522/ “Сео жүүн ложистикс” ХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар “Сео жүүн ложистикс” ХК болон “Хьюндай моторс монгол” ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/29-13/42 дугаартай нийт 187 118 ам.доллар буюу 377 869 832 төгрөгийн үнийн дүн бүхий тээвэрлэлтийн гэрээ тус бүрийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, гэрээгүй нийлүүлсэн ачааны төлбөр 42 590 ам.доллар буюу 86 007 098 төгрөгийн үнийн дүнг хүчингүй болгох тухай хариуцагч “Хьюндай моторс монгол” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2 452 050 төгрөг, хариуцагчаас төлсөн 2 548 030 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2 452 050 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнхзул гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хариуцагчийн зүгээс 2016 оны 10 сарын 18-ны өдөр шинжээч томилох талаар хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтэд талуудын хооронд байгуулагдсан №13/29-42 тоот гэрээнүүд нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэснийг зөрчсөн хууль бус хэлцэл гэж үзэж байгаа учир Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий байгууллага болох Санхүүгийн зохицуулах хороог шинжээчээр томилж хууль бус эсэх дээр дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан. Хариуцагчийн гаргасан хүсэлтийг шүүх хурал дээр шийдвэрлэнэ гэсний дагуу 2016 оны 11 сарын 17-ны өдөр явагдсан хуралдаанаар хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангалгүй шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороог шинжээчээр томилоогүй явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй. Түүнчлэн туршилт,  үзлэг,  таньж олуулах,  шинжилгээ хийлгэх,  гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасныг зөрчиж, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэжэмжлэл гаргах эрхтэй эсэхийг тодруулж үзээгүй тухай.

Шүүхийн зүгээс нэхэмжлэгч тал нь Солонгос Улсын “Сео Жүүн Ложистик ХК гэж буруу тодорхойлсон. Бодит байдал дээр тээвэрлэгч тал, тээвэрлүүлэгч тал аль аль нь Монгол Улсын хуулийн этгээд байдаг. Талууд гэрээ байгуулах үед Солонгос Улсын “Сео Жүүн Ложистикс” ХК-ийн охин компани болох “Сео Жүүн Ложистик Монголиа” ХХК үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд гэрээнд гарын үсэг зурсан Ким Та Хэ нь тухайн компанийн гүйцэтгэх захирлын албан тушаал эрхэлж байсан нь улсын бүртгэлийн гэрчилгээний нэмэлт өөрчлөлтийн тэмдэглэлд тусгагдсан байдаг. Нэхэмжлэгч тал Солонгос компанийн төлөөлөгчийн газартай гэрээ байгуулсан гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан материал дунд төлөөлөгчийн газар 2013 онд үйл ажиллагаа явуулж байсан гэх баримт байдаггүй харин төлөөлөгчийн газар нь 1999 оны 07 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан бөгөөд 3 жилийн хугацаатай байгуулагдсан, түүнээс хойш сунгалт хийлгээлгүй болох нь хэргийн материалаас харагддаг. Шүүх нэхэмжлэл гаргах эрхгүй БНСУ-ийн “Сео Жүүн Ложистикс” ХК гэх компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйл 65.1.5-д заасан “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” байх бөгөөд мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш. 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шийдвэрлэсэн.

...Нэхэмжлэлийн үндэслэл болсон “Сео Жүүн Ложистик Монголиа” ХХК болон “Хьюндай Моторс Монгол” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 12 сарын 30-ны өдрийн 13/29-13/42 тоот гэрээнүүд хууль зөрчин төлбөрийг ам.доллараар тооцохоор тохиролцсон. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-т зааснаар мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэдэг. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэж заасан байдаг.

....Талуудын хооронд байгуулагдсан “Тээвэрлэлтийн гэрээ”-нүүд нь Монгол Улсын хуулийн этгээдүүд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгуулсан, Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжих гэрээ бөгөөд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу Монгол төгрөгөөр төлбөрийг тогтоох ёстой байсан. Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалттай “Сео Жүүн Ложистик Монголиа” ХХК нь Хьюндай Моторс Монгол” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/29-13/42 дугаартай “Тээвэрлэлтийн гэрээ”-нүүдийг байгуулахдаа Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх заалтуудыг зөрчиж байгуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байхад анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Шүүхийн зүгээс төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд “...гэрээний талууд ачаа барааг нэг улсаас нөгөө улс буюу тодорхой орон зайд шилжүүлэн тээвэрлэхээр гэрээ байгуулсан” тохиолдолд байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болохоор заагаагүй байдгийг анхааран үзээгүйд гомдолтой байна.

Анхан шатны шүүх “Хьюндай Моторс Монгол” ХХК-иас гэрээний үүрэгт 229 708 ам.доллар буюу 458 809 571 төгрөгийг гаргуулахдаа 1 ам.долларыг 1997 36 төгрөгөөр тооцсон нь хууль бус тухай.

“Сео Жүүн Ложистик Монголиа” ХХК нь “Хьюндай Моторс Монгол” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 13/29-13/42 дугаартай “Тээвэрлэлтийн гэрээ”-нүүдийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Тээвэрлэлтийн төлбөрийг ачаа эцсийн хүргэх газарт ирэхээс өмнө үйлчлүүлэгч ачаа тээврийн зуучлагчид бүрэн төлсөн байх шаардлагатай” 4 дүгээр зүйлийн 4.4-т “Гэрээ хүчин төгөлдөр болсноос хуанлийн 25 хоногт ачааг тээвэрлэж үйлчлүүлэгчид хүлээлгэн өгнө”, 5 дугаар зүйлийн 5.3-т “Талуудын эрх бүхий төлөөлөгчид гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно” гэж тус тус зааснаас үзэхэд “үүрэг үүсэх үе”-ийг төлбөр төлөх “2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр” гэж тодорхойлох бүрэн боломжтой байна. Энэ тохиолдолд шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т заасны дагуу 1 ам.долларыг “үүрэг үүсэх үе”-ийн ханш болох “2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр”-ийн ханшаар тооцох байтал “2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр”-ийн ханшаар тооцож, “Хьюндай Моторс Монгол” ХХК-иас нийт 458 809 571 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Хариуцагчийн зүгээс төлбөр төлөхдөө үүрэг үүсэх үеийн буюу 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханш болох 1 723 26 /сайтад тавигдсан ханш/ төгрөгөөр тооцож төлбөр гүйцэтгэхийг зөвшөөрч байгаа бөгөөд уг ханшаар тооцвол 1723 26*229 708=395 836 268 төгрөг болох ба зөрүү 62 973 302 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг хянан үзэж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 17-ны өдрийн 183/ШШ2016/01145 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

 

Нэхэмжлэгч “Сео жүүн ложистикс” ХК нь хариуцагч “Хьюндай моторс монгол” ХХК-д холбогдуулан тээвэр зуучлалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 229 708 ам.доллар буюу 458 809 571 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “Сео жүүн ложистикс” ХК болон “Хьюндай моторс монгол” ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/29-13/42 дугаар 187 118 ам.доллар буюу 377 869 832 төгрөгийн үнийн дүн бүхий тээвэрлэлтийн гэрээ тус бүрийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, гэрээгүй нийлүүлсэн ачааны төлбөр 42 590 ам.доллар буюу 86 007 098 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт заасан худалдааны зуучлалын гэрээ гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.

 

            Хэрэгт авагдсан “Тээвэрлэлтийн гэрээ”-нүүд, нэхэмжлэгч БНСУ-ын “Сео жүүн ложистикс” ХК болон түүний зуун хувийн хөрөнгө оруулалттай, Монгол Улсад үүсгэн байгуулагдсан “Сео жүүн ложистикс монголиа” ХХК-иудын дүрэм, гэрчилгээ, нэхэмжлэгчээс “Сео жүүн ложистикс монголиа” ХХК-д дээрх гэрээнүүдтэй холбоотой асуудлаар тооцоо нийлэх, албан шаардлага хүргүүлэх, авах бүрэн эрхийг олгосон 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн итгэмжлэл, үлдэгдэл төлбөрийг “Сео жүүн ложистикс” ХК-д “Хьюндай моторс монгол” ХХК нь төлөх тухай “Тооцоо нийлсэн акт №15/6”, уг төлбөрийн үлдэгдлийг автомашин, орон сууцаар тохиролцож төлөх тухай хариуцагчаас “Сео жүүн ложистикс монголиа” ХХК-д хүргүүлсэн 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Н-386 тоот албан бичиг, цахим шууданд үзлэг хийсэн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэл зэрэг баримтуудаас үзэхэд талуудын хооронд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 13/29-13/42 дугаар “Тээвэрлэлтийн гэрээ” байгуулагдаж, хариуцагч “Хьюндай моторс монгол” ХХК-ийн ачаа барааг Солонгос улсаас Монгол улс руу нь нэхэмжлэгч “Сео жүүн ложистикс” ХК-иар зуучлан тээвэрлүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрээнүүд, барааны дагалдах бичиг баримт болон баглаа боодлын бичиг, худалдааны нэхэмжлэл зэргийн баримтуудаар тус тус тогтоогдсон, хариуцагч нь ачаа тээвэрлэлийн үлдэгдэл хөлс 229 708 долларыг төлөх талаар маргаагүй байна. /I-хх 11-49 56-59, 60, 79-249, II-хх 1-152, 169-170, 182, III-хх 161-167/

 

Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-д “аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд худалдах, худалдан авах, даатгал тээвэр, эд хөрөнгө хөлслөх, эсхүл худалдааны бусад үйл ажиллагаанд зуучлал явуулж байгаа этгээд худалдааны зуучлагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан “Тээвэрлэлийн гэрээ” нь Иргэний хуулийн  43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгийн хэлбэрээр хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул гэрээний нэг тал болох “Сео жүүн ложистик” ХХК нь хүчин төгөлдөр гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.            

Хариуцагчийн өмгөөлөгч нь үлдэгдэл 229 708 ам.долларын талаар маргаагүй, харин гэрээ байгуулах эрхгүй этгээд гэрээ байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус тул 2013 оны 12 дугаар сарын 30-ний өдөр буюу гэрээ байгуулсан өдрийн ханшаар /1 ам.доллар 1 654 төгрөг/ үлдэгдэл төлбөрийг тооцох боломжтой гэж хариуцагчийн төлөөлөгчийн маргаж буй үндэслэлээс өөр үндэслэлээр тайлбар гаргаж байгаа боловч өөрийн татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

 

Иймд Нэхэмжлэгч “Сео жүүн ложистикс” ХК нь тээвэр зуучлалын гэрээнд зааснаар ачаа тээврийг тээвэрлэж хүлээн авагчид хүргэх, зам зуур хадгалах зэрэг үйлчилгээг хийж гэрээний 4-т зааснаар БНСУ-ын Пенгтэк боомтоос Монгол улсын Улаанбаатар хотод ачааг хүргэж тээвэрлүүлэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх тул Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-д заасны дагуу хариуцагч “Хьюндай моторс монгол” ХХК-иас 229 708 ам.доллар буюу 458 809 571 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Сео жүүн ложистик” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Шүүх талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр болсон, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр хариуцагчаас үлдэгдэл 229 708 ам.доллар буюу 458 809 571 төлбөр гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцсэн байх тул “Хьюндай моторс монгол” ХХК-ийн “Сео жүүн ложистикс” ХК-д холбогдуулан гаргасан 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/29-13/42 дугаартай нийт 187 118 ам доллар буюу 377 869 төгрөгийн үнийн дүн бүхий тээвэрлэлтийн гэрээ тус бүрийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, гэрээгүй нийлүүлсэн ачааны төлбөр 42 590 ам доллар буюу 86 007 098 төгрөгийн хэрэгсэхгүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2016/01145 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Хьюндай моторс монгол” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 472 816 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          М.НАРАНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                           С.ЭНХТӨР

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН