Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 63

 

Б.Э-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                            Я.Туул

Шүүгчид                                         Ц.Амаржаргал

Б.Манлайбаатар

Прокурор                                       А.Оргилбаяр

Шүүгдэгч                                        Б.Э-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Р.Лхамсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж шийдвэрлэсэн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 184 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-гийн Э-од холбогдох эрүүгийн 1818002030146 тоот 1 хавтас хэргийг 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, урьд:

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 3 сар, 5 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан гэх, хэрэг хариуцах чадвартай Х- овогт Б-гийн Э-, регистрийн дугаар: **********.

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Б.Э- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 07-ны 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх 2 дугаар төвийн эмэгтэйчүүдийн эмчийн үүдний өрөөнөөс иргэн М.Б-гийн хөх саарал өнгийн гар цүнхтэй бэлэн 590,000 төгрөг, Самсунг нөүт-2 маркийн гар утас 1 ширхэг, Самсунг маркийн товчлууртай гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 770,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,

Мөн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлгийн Дотрын тасгийн 403 тоот өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан иргэн Н.Т-ын эзэмшлийн “Samsung S6 еdge” маркийн гар утсыг “дуу сонсох гэсэн юм гар утсаа түр өгөөч хэмээн хуурч, залилан авч 290,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 184 дугаартай  шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Х- овогт Б-гийн Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, хуурч, төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авч бага хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Э-оос 856,200 /намайн зуун тавин зургаан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 2-р хороолол 4/7 байр, 101 тоотод оршин суух Б-ын Ж- /РД:**********, утас: 95272750/-Т 86.200 төгрөг, Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, Манхантолгойн 1 дүгээр гудамж, 35 тоотод оршин суух Б- М-ийн Б-, /РД: **********, утас: 99406701/-Д 770,000 төгрөг тус тус олгож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б- овогт Б-гийн Э-од 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э-од оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-од урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эдлэх ялыг тоолохоор... шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Р.Лхамсүрэн шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “...Дархан Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.06-ны өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

М.Б-гийн цүнхэнд бэлэн 590.000 төгрөг байсан эсэхийг тогтоох ажиллагаа огт хийгдээгүй, зөвхөн хохирогчийн мэдүүлгээр 590.000 төгрөг байсан гэж үзэж байгаа нь эргэлзээтэй байх тул үүнийг шалгаж өгнө үү гэж мөрдөн байцаалтын шатанд хүсэлт гаргахад уг хүсэлтийг хүлээн авч ажиллагаа хийгээгүй шүүхэд ирүүлсэн байна.  Хохирогч М.Б-гийн Хаан болон Капитрон банкны дансны харилцагчийн хуулга /хх-38, 41/, М.Б-гийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийн дэвтрийн хуулга /хх-39/, үүнд мөнгө авсан хамрах хугацаа: /2017.11.01-2018.04.24/, Хаан банкны хуулганы хамрах хугацаа 2017.07.01-2017.11.30 /хх-41/. Нийт 220.000 төгрөг авснаас 220.000 төгрөг зарлагадсан. Зөвхөн 2017.11.12-нд 220.000 төгрөгнөөс 60.000 төгрөгийн үлдэгдэлтэй байснаа 2017.11.24-нд 20.000 төгрөг зарлагаар авч дансанд мөнгө үлдээгүй. Цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг, эхээс хурааж авсан мөнгөний жагсаалт /хх-40/, 37 эцэг, эхээс хүн тус бүрээс 5000 төгрөг, нийт 185.000 төгрөг хураасан. Үүнээс ном авахаад 60.000 төгрөг, шагналд 111.000 төгрөг, нийт 171.000 төгрөг зарцуулаад 14 төгрөг үлдсэн байна. Эцэг, эхээс хураасан болон зарцуулсан мөнгөний баримтанд гарын үсэг байхгүй. Хохирогч М.Б-д 770.000 төгрөг олгуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүгдэгч Б.Э- мэдүүлэгтээ “цүнхэнд байсан гэх 590.000 төгрөг, бусад эд зүйлийн талаар хүлээн зөвшөөрөөгүй, мөнгө байгаагүй” гэж удаа дараа мэдүүлсэн боловч анхаарч үзээгүй. Шүүх хуралдааны өмнө намайг Б.Э-той уулзах үеэр “би хохирогчийн цүнхнээс мөнгө аваагүй” гэтэл “590.000 төгрөг байсан, төлөхгүй бол хорих ял авна шүү” гэж байцаагч дарамтлаад байна. Би хохирогчтой уулзаад тэр мөнгийг төлье, цүнхэнд мөнгө байгаагүй шүү дээ гэж хэлээд 590.000 төгрөгийг 2018.07.04-ний өдрийн дотор төлнө гэж бичиж нотариатаар батлуулж шүүхэд өгсөн нь хорих ял авахаас айхдаа тэгсэн юм. Б.Э- “намайг мөнгө авснаа хүлээ хэмээн мөрдөгч дарамталж, хохирогч гүтгээд байхаар олон жил шоронд хоригдохгүйн тулд цөхрөхдөө тэр мөнгийг нь төлөөд салъя гэж бодсон” гэж хэлсэн. Б.Э- нь байнгын асаргаанд байдаг эхийгээ асардаг, эх нь хүнд өвчтэй бөгөөд энэ талаарх эмнэлгийн магадлагаа, засаг даргын тодорхойлолт хавтаст хэргийн материалд байгаа. Анхан шатны шүүх Б.Э-ыг 590.000 төгрөгийг авсан гэсэн дүгнэлтэнд хүрсэн бол хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж нотариатаар баталгаажууслныг  анхаарч үзээгүйд гомдолтой байна. Хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн бол эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэн үндэслэлийг мөн хэрэглээгүйд гомдолтой байна.Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 590.000 төгрөгийг нарийвчлан үнэн зөвөөр тогтоолгохоор хэргийг прокурорт буцааж өгнө үү. Б.Э-ын шүүх хуралдаанд оролцуулж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн:

“...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсч байна. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хуулийн шударга зарчмыг баримталж хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. Цэцэрлэгийн багш нар луу мөнгөө алдчихлаа гэж утсаар ярьснаар энэ нь нотлогдохгүй. Б.Э- нь урьд захиргааны арга хэмжээ авагдаж байгаагүй, оператор ажилтай, ээжийгээ асардаг. Тухайн үед хохирогч М.Б-гийн цүнх 3 хүнээр дамжсан. Хохирогч М.Б- “цүнхийг харж байгаарай” гээд оочирлож байсан хүнд хэлсэн бөгөөд цүнх байгаагүй. Б.Э- нь гар утсыг авч эмнэлгийн харуулд өгсөн. 590.000 төгрөгийг авсан хүн цүнхийг харуулд өгөхгүй. Зүс таних хүнээр, дараа нь харуулаар дамжиж байж хохирогчид цүнх очсон. Хэргийг тал бүрээс нь үнэлэлт өгч шийдвэрлэж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э- тайлбар мэдүүлэгтээ:

“...Мөрдөгч н.Бат-Эрдэнэд надаас ганцхан удаа мэдүүлэг авсан. Би буруу юм хийсэн бол буруугаа хүлээхэд бэлэн байна. Хэргийг сайн шалгаагүй байсаар байгаад хэрэг шүүхийн шатанд ирсэн” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон прокурор А.Оргилбаяр гаргасан тайлбар дүгнэлтэндээ:

“...Анхан шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Б.Э- нь хохирогчоос 590.000 төгрөгийг авсан болох нь “Хаан” банк болон “Капитрон” банкны баримт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна” гэв

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Б.Э- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 07-ны 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх 2 дугаар төвийн эмэгтэйчүүдийн эмчийн үүдний өрөөнөөс иргэн М.Б-гийн хөх саарал өнгийн гар цүнхтэй бэлэн 590,000 төгрөг, Самсунг нөүт-2 маркийн гар утас 1 ширхэг, Самсунг маркийн товчлууртай гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 770,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,

Мөн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 13 гудааг багийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлгийн Дотрын тасгийн 403 тоот өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан иргэн Н.Т-ын эзэмшлийн “Samsung S6 еdge” маркийн гар утсыг “дуу сонсох гэсэн юм гар утсаа түр өгөөч хэмээн хуурч, залилан авч 290,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Э-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил, 6 сарын хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэнгийн “...хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн бол эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх үндэслэлийг шүүх хэрэглээгүйд гомдолтой байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 590.000 төгрөгийг нарийвчлан үнэн зөвөөр тогтоолгохоор хэргийг прокурорт буцааж өгнө үү..” гэх үндэслэлийн дагуу хэргийн материалыг бүхэлд нь хянавал:

Шүүгдэгч Б.Э- нь хулгайлах болон залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч М.Б-, Н.Т- нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, гэрч М.Нармандах, Т.Энх-Амгалан, Б.Цэрэнчимэг, Ж.Ариунцэцэг нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, иргэний нэхэмжлэгч Б.Ж-ын мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, Капитал зууч ХХК-ийн хохирлын үнэлгээ тогтоосон дүгнэлтүүд  болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Эрдэнэнцогтын үйлдсэн хэргийн талаар хийсэн дүгнэлт хуулийн үндэслэлтэй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, оногдуулсан ял шийтгэл нь үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал, шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байх тул энэ үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 184 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                                    ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                        ШҮҮГЧИД                                        Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                 Б.МАНЛАЙБААТАР