Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2016/0050

 

БДБМ ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, З.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 292 дугаар шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу БДБМ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бийн 2014 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн А/257 тоот захирамжийн БДБМ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа...Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн А/257 дугаар захирамж нь холбогдох хууль тогтоомжийн дагуу гарсан захирамж гэж үзэж байна. "БДБМ" ХХК дуудлага худалдааны 5 сая төгрөгийг 2012 онд төлсөн гэдгийг хариуцагч мэдээгүй гэдэг. 2012 онд 5 сая төгрөгийг дуудлага худалдааны анхны үнэ гэж төлсөн гэдэгтэй маргаагүй. Энэ компанийн эзэмшиж байгаа газрын талбайд ногдох дуудлага худалдааны анхны үнэ бол 107.8 сая төгрөг байдаг. Гэтэл уг компани 5 сая төгрөгийг төлснөөрөө дуудлага худалдааны анхны үнийг бүрэн төлсөн гэж тайлбарладаг. Үүнийг төлсөн гэж үзэхгүй байна. Газар эзэмшүүлэх гэрээний нөхцлийг удаа дараа зөрчсөн гэдэг нь төлбөр тооцоо нийлсэн актад хугацаандаа төлөгдөөгүй учир алданги тооцож байсан зүйл харагдаж байна. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/257 дугаар захирамжид Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-ыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдийн төрийн байгууллагатай хамтран дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэрийг хуульд нийцүүлэх зорилгоор уг захирамж гарсан. 2013 оны Газрын харилцааны талаар авах арга хэмжээний тухай А/307, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор ийм арга хэмжээг авсан. Нийт 257 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг төлж гэрээгээ шинэчлэх үүрэг чиглэл өгч, аж ахуйн нэгж, байгууллагад удаа дараа мэдэгдэн, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 292 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2, 61 дугээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан "БДБМ" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлээр хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулж, захиргааны акт шинээр гаргатал Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн А/257 дугаар захирамжийн тус компанид холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/257 тоот захирамжийн "БДБМ" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2015.05.18-ны өдрийн 292 тоот шийдвэрээр хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулж, захиргааны акт шинээр гаргатал нийслэлийн Засаг даргын 2014.04.04-ний өдрийн А/257 дугаар захирамжийн тус компанид холбогдох хэсгийг түдгэлзүүлэн шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1.  Нэхэмжлэлийн шаардлагыг дахин захиргааны акт шинээр гаргатал түдгэлзүүлэн, Газрын тухай хуулийн 4.13, 33.1.2, 61.1 дэх заалтыг баримтлан шүүх шийдвэрлэхдээ нотлох баримтыг ЗХХШТХуулийн 31 дүгээр зүйлд зааснаар шүүх захиргааны хэргийг нотлох үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж байна.

Учир нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь заалтыг зөрчиж иргэн, хуулийн этгээдэд төрийн байгууллагатай хамтруулан дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтгүйгээр газар эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэрийг хуульд нийцүүлэн өөрчлөх зорилгоор гаргасан нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай 915 дугаар захирамжинд хамаарах 257 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрын эрхийн дуудлага худалдааны анхны үнийг төлж, гэрээгээ шинэчлэх үүрэг, чиглэл өгч.албан ёсны мэдэгдэл удаа дараа хүргүүлэн, өгсөн үүргийг биелүүлэх шаардлагыг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нийтэд мэдээлсээр байхад нэхэмжлэгч "БДБМ" ХХК нь дуудлага худалдааны анхны үнэнд 107.800 мянган төгрөг төлөх байснаас 5 саяыг төлсөн байдаг.Гэтэл дээрхи нотлох баримтыг шүүх унэлсэнгүй.

2.  Шүүх нэхэмжлэлийг хянан хэлэлцэн, 2015.05.18-ны өдрийн 292 тоот шийдвэр гаргахдаа нийслэлийн Засаг даргын 2014.4.4-ний өдрийн А/257 захирамжийн тус компанид холбогдох хэсгийг түдгэлзүүлэн, ЗХХШТХуулийн 70.2.7 баримтлан шийдвэрлэсэн нь хэргийннөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагагүй байтал хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015.05.18-ны өдрийн 292 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, ЗХХШТХуулийн 86 дугаар зүйлийн 86.2-д зааснаар өөрчлөлт оруулж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ :

 

Анхан шатны шүүхээс Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/257 дугаар захирамжийн тус БДБМ ХХК-д холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Дээрх шийдвэрийг гаргахын тулд хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлага зайлшгүй байх ёстой.

Хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан байх бөгөөд БДБМ ХХК-д газар эзэмшүүлсэн болон газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосонтой холбоотой баримтууд авагдсан байна. Өөрөөр хэлбэл, цаашид тодруулах нөхцөл байдал үгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

БДБМ ХХК-д Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууц барих зориулалтаар 9800 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 сарын 14-ний өдрийн 744 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн байна. Ийнхүү эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг тус тус зөрчсөн болох нь тогтоогджээ. Нэхэмжлэгчээс дээрх газрыг Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газартай хамтран эзэмшсэн тул дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явагдахгүй гэж тайлбар гаргаж байгаа боловч Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар гэх төрийн байгууллага нь орон сууц барих тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд биш, иймд тухайн байгууллагад орон сууц барих зориулалтаар газар эзэмшүүлсэн гэж тайлбар үндэслэлгүй.

Нөгөө талаар БДБМ ХХК-д газар эзэмшүүлэх эрх олгосон 2011 оны 10 сарын 14-ний өдрийн 744 дүгээр захирамжаас үзэхэд нийтдээ 30 байршилд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн байх бөгөөд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулахгүйн тулд Нийслэлийн Засаг даргаас хууль зөрчиж Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын нэрийг оруулжээ. Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газарт 30 байршилд газар хамтран эзэмших Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээ ... үгүй байна.

Түүнчлэн 2011 оны 12 сарын 08-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулсан байх бөгөөд улсын бүртгэлийн 178026/0149 дугаар бүртгэгдсэн уг гэрээнд дан ганц БДБМ ХХК газар эзэмшигчээр байгуулсан, 0232190 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо дан ганц БДБМ ХХК-ийн нэр дээр олгосон зэргээс үзэхэд энэ 9800 м.кв газрыг анхнаасаа БДБМ ХХК-д эзэмшүүлсэн байна гэж дүгнэв.

Хариуцагчаас хэдийгээр хууль зөрчиж газар эзэмшүүлсэн, уг захирамжаа /2011 оны 744/ шууд хүчингүй болгох эрхтэй боловч БДБМ ХХК-ийг хохироохгүй үүднээс удаа дараа боломж олгож дуудлага худалдааны анхны үнийг төлөхийг санал болгож байжээ. Энэ талаарх мэдэгдлийг тус компанид хүргүүлж байсан байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч маргахгүй байна. Дээрх байдал нь нэхэмжлэгчийг хохироож байгаа бус харин ч хуулийн дагуу дуудлага худалдааны үндсэн дээр газар эзэмших эрх олж авч байгаа бусад хуулийн этгээдээс давуу эрх, боломжийг олгож байжээ.

 

Иймд хариуцагч Нийслэлийн Засаг даргаас урьд нь гаргасан хууль бус захирамжаа Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 292 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 292 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч БДБМ ХХК-ийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бийн 2014 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн А/257 тоот захирамжийн БДБМ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР