Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2019/00772

 

“КМ ББСБ” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/03553 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 166 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “КМ ББСБ” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Л-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 10 739 370,48 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ1108/14/01/10 дугаартай зээлийн гэрээ, БГ1108/14/01/10 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, торгуульд төлсөн 5 300 000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Бажиг овогт Д.Л нь 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “КМ ББСБ” ХХК-тай байгуулсан ЗГ1108/14/01/10 дугаартай зээлийн гэрээний дагуу 6 700 000 төгрөгийг 30 хоногийн 4.5 хувийн хүүтэй, 34 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Шар хадны гудамжны 61 дүгээр байр 1 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2204040878 дугаарт бүртгэлтэй 1 өрөө орон сууцыг бараа материал, эд хөрөнгийн хамт 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан БГ1108/14/01/10 дугаартай барьцааны гэрээгээр барьцаалуулсан.

Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон бөгөөд зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй. 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээлд 3 770 107.35 төгрөг, хүүнд 5 861 313.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 107 949.33 төгрөг, нийт 10 739 370.48 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 10 739 370.48 төгрөгөөс 1 197 096.70 төгрөгийг хасч, нийт 9 542 273.7 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

...Би зээлийн гэрээний дагуу зээл болон зээлийн хүүнд 12 000 000 төгрөг төлсөн. 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хоорондох зээлийн дансны хуулгаас харахад нэхэмжлэгч бидэнд олон дахин их үндэслэлгүй хүү болон торгууль тавьсан гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

... Зээлийн гэрээний 3.2.5...Зээлдэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан өдрөөс эхлэн барьцаалсан хөрөнгийг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т заасны дагуу захиран зарцуулах буюу худалдан борлуулж зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өр төлбөрийг барагдуулах... гэж заасан заалт болон зээлийн барьцааны гэрээний 2.9.4... зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцааны зүйлийг эзэмших, өмчлөх эрхийг барьцаалагчид шилжүүлэх, битүүмжлэх, худалдан борлуулах зэрэг үйл ажиллагааг шүүхээс гадуур гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрч байна... гэсэн заалтын дагуу барьцааны үл хөдлөх хөрөнгийг үл маргах журмаар худалдан борлуулж төлбөрөө барагдуулна гэж буй нь Иргэний хуулийн 171.3... Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна... гэсэн заалт болон зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаанаар торгууль гэх үндэслэлээр 6 700 000 төгрөгийн зээлийг 12 000 000 төгрөгөөр төлүүлэн, дахин барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг үл маргах журмаар худалдан борлуулна гэж их хэмжээний төлбөр нэхэж буйг хүлээн авах боломжгүй юм.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т зааснаар захиран зарцуулж зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өр төлбөрийг барагдуулна гэж заасан. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэх зохицуулалт байгаа.

Мөн гэрээ байгуулахдаа зээлийн гэрээний 1.2-т заасан 30 хоногт 4.5 хувь, тэрнээс цааш кива зээлд хамруулж 2.6 хувь болно гэж хуурсан үйлдэл гаргаж буруу ойлголт төрүүлсэн байдаг тул гэрээ хүчин төгөлдөр бус юм. Хэрвээ хэлцэл хүчин төгөлдөр бус байх юм бол гэрээ байгуулагдахаас өмнөх байдалд оруулна гэдэг зохицуулалт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан байдаг тул 5 300 000 төгрөгийг буцаан нэхэмжилж байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т банк, банк бус санхүүгийн байгууллага анзыг хэрэглэхгүй гэж хуульчилсан тул дээрх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлээс болж “КМ ББСБ” ХХК-ийн торгуульд төлсөн болох 5 300 000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага хариу тайлбар ирүүлээгүй байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/03553 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Л-гаас зээлийн гэрээний үүрэгт 6,290,585.07 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “КМ ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,251,688.63 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2014 оны 01 сарын 29-ний өдрийн ЗГ1108/14/01/10 дугаартай зээлийн гэрээ, БГ1108/14/01/10 дугаартай зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, торгуульд төлсөн 5,300,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186,779.92 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Л-гаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 115,599.36 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “КМ ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 166 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/03553 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Л-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Д.Л- нь 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “КМ ББСБ” ХХК-тай байгуулсан ЗГ1108/14/01/10 дугаар Зээлийн гэрээний 3.2.5 дахь заалт нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т заасныг зөрчсөн байхад анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягталж шалгалгүй хэт нэг талыг барьж, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Тухайлбал, дээр дурдсан зээлийн гэрээний 3.2.5 дахь заалт нь Иргэний хуулийн 171.3-т заасныг буюу “... тохиролцсон хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэснийг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Зээлийн барьцааны гэрээний 2.9.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцсоноор гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй гэж дүгнэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.” гэж дүгнэсэн байдлаас харагдаж байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 166 тоот магадлалыг хүчингүй болгож, хариуцагч Д.Л-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “КМ ББСБ” ХХК нь хариуцагч Д.Л-гаас зээлийн гэрээний үүрэгт 10 739 370 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 9 542 273 төгрөг болгон багасгасан байна. Хариуцагч Д.Л- нь шаардлагыг эс зөвшөөрч, зээлийн төлбөрийг барагдуулсан гэж нэхэмжлэлийг татгалзсанаас гадна зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, торгуульд төлсөн 5 300 000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Д.Л- нь нэхэмжлэгч “КМ ББСБ” ХХК-иас 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр 6 700 000 төгрөгийг 34 сарын хугацаатай, 30 хоногийн 4,5 хувийн хүүтэй зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Хариуцагч тал зээлийн төлбөрт төлсөн мөнгөний үнийн дүнг 12 000 000 төгрөг гэсэн боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй учир шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хариуцагчийн төлсөн төлбөрийг 10 807 822 төгрөг гэж тогтоосныг буруутгах боломжгүй байна.

Зохигчийн гэрээний заалтуудыг шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1., 198.2.-т заасан журмын дагуу тайлбарлаж, зээлийн хүүг өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй, нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохиролцоо тодорхой бус гэж үзжээ.

Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2.-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан байна.

 Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний  нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болох бөгөөд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэдэггүй байна.

Зээлийн төлөлтийн тооцоог хийхэд нэхэмжлэгч тал нэмэгдүүлсэн хүү гэхийг торгуулийн хүү гэж бичсэн, зээлийн төлөлтөөс торгууль суутгагдаагүй учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх үзжээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан шаардлагад нийцсэн, шийдвэр, магадлалд тодорхой тусгагдсан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хоорондох маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/03553 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 166 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

          ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН