Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 165

 

2022.02.08                                  2022/ШЦТ/165

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Н.Ганчимэг,

шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2206 00000 0110 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 1982 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, “Оул Эм Эн Жи” ХХК-д шуурхай бүлгийн хамгаалагчаар ажилладаг, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 4-1719 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, / РД: /,

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 19-нээс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 4-1719 тоот өөрийн гэртээ хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан хохирогч Б.Бадрахтай хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн толгойн тус газарт өшиглөж, түүний биед баруун нүдний салст, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч Б.Бадрах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө намайг унтаж байхад ******* юунаас болсныг мэдэхгүй, гэнэт миний толгой дээр хөлөөрөө 3 удаа өшиглөсөн. Би босоод юу болоод байгааг асуухад ******* мэдэхгүй байна гэж хэлсэн. Гэрт ******* бид хоёроос өөр хүн байгаагүй. Бидний хооронд өмнө нь ямар нэгэн таарамжгүй харилцаа үүсч байгаагүй. Миний 2 нүд, уруул хавдаж гэмтсэн. Мөн цээж хөндүүр байгаад байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгтэл сүүлийн архиа ууж дуусаад байхад Б.Бадрах намайг ахиад “шөнө болчихлоо, хүргээд өг” гээд байхаар нь маргалдаад нүүр рүү нь цохисон байсан...бид 2 ажил дээр уулзаад манайх руу явахад Б.Бадрах зүгээр байсан. Би согтуудаа найзыгаа гэмтээсэндээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40--42/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №719 дүгээр шинжээчийн дүгнэлт:

1. Б.Бадрахын биед баруун нүдний салст, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 20-21/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 24/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 19-нээс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 4-1719 тоот өөрийн гэртээ хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан хохирогч Б.Бадрахтай хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн толгойн тус газарт өшиглөж, түүний биед баруун нүдний салст, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч Б.Бадрахын: “...Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө намайг унтаж байхад ******* юунаас болсныг мэдэхгүй, гэнэт миний толгой дээр хөлөөрөө 3 удаа өшиглөсөн. Би босоод юу болоод байгааг асуухад ******* мэдэхгүй байна гэж хэлсэн. Гэрт ******* бид хоёроос өөр хүн байгаагүй. Бидний хооронд өмнө нь ямар нэгэн таарамжгүй харилцаа үүсч байгаагүй. Миний 2 нүд, уруул хавдаж гэмтсэн. Мөн цээж хөндүүр байгаад байна...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Бадрах нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч *******д хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар *******д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар ******* нь 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР