Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 174

 

2022.02.09                                  2022/ШЦТ/

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч *******,

нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Ц.Батболд нарыг оролцуулан эрүүгийн 2206000000069 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 1984 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 75Б-15 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:,

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 75б байрны 15 тоотод гэртээ байхдаа, өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох хүүхдүүдийн нүдэн дээр өөрийн эхнэр болох хохирогч Т.Энхцэцэгтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүр, зүүн нүд хэсэг газарт нь гараараа чичлэх, цохих, баруун гуя хэсэг газарт халбага шидэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдан шүүхий хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, гэрэлсний бүртгэлийн лавлагаа болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 75б байрны 15 тоотод гэртээ байхдаа, өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох хүүхдүүдийн нүдэн дээр өөрийн эхнэр болох хохирогч Т.Энхцэцэгтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүр, зүүн нүд хэсэг газарт нь гараараа чичлэх, цохих, баруун гуя хэсэг газарт халбага шидэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх шүүгдэгч ******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Т.Энхцэцэгийн нүүр, зүүн нүд хэсэг газарт нь цохиж зодсон үйл баримт нь:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг,

- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...намайг битгий яв гээд зууралдсан ба ардаас татахаар нь би тавиулах гээд гараа савсан чинь эхнэрээ цохиод авсан. Түүнээс бол санаатайгаар цохисон зүйл байхгүй ба цаанаас манай охин Н.Хулангоо орилоод байхаар нь би гутлаа аваад шидчихсэн ба хацрынх нь хажуугаар шүргээд өнгөрсөн. Ингээд бид нарыг гэрт хашгираад байхаар нь хажуу талын айл дуудлага өгсөн юм шиг байна лээ...өөрийнхөө хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахиж ийм зүйл хийхгүй. Эхнэр бид 2 эв зүйгээ олсон. Тухайн үед энэ асуудлыг ийм байдалд хүрнэ гэж бодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11/,

Хохирогч Т.Энхцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 онб 12 дугаар сарын 06-ны өдөр би ажлаа тараад 20 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр ******* гэртээ архи уусан сууж байсан, надад агсам тавьж эхэлсэн...тэгтэл эхлээд гараараа чичилсэн дараа нь толгой руу цохиж эхэлсэн, тэгж байгаад нүд рүү гараараа цохисон, тэгэхээр нь би өрөөнөөс гараад үүдэнд байж байтал араас гарч ирээд над руу чичлээд байсан. Тэгтэл манай дунд охин 14 настай Хулан гарч ирээд “та одоо болиоч” гэж хэлтэл “чи аавынхаа өөдөөс дуугарлаа” гээд гутал аваад шидсэн. Охины нүүрийг оносон, тэгээд манай охидууд миний нүүрийг хараад уйлаад орилсон, тэгээд хажуу айлаас дуудлага өгсөн байх. Толгой руу гараараа цохисон, толгой өвдөж байна. Мөн өчигдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр намайг хэвтэж байхад гуя руу халбага шидсэн хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18, 23-24/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн №109 дугаартай дүгнэлт:

  1. Т.Энхцэцэгийн биед зүүн зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн /хх-ийн 29-30/ дүгнэлтээр /хх-ийн 18-19/ тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 75б байрны 15 тоотод гэртээ байхдаа, өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох хүүхдүүдийн нүдэн дээр өөрийн эхнэр болох хохирогч Т.Энхцэцэгтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүр, зүүн нүд хэсэг газарт нь гараараа чичлэх, цохих, баруун гуя хэсэг газарт халбага шидэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч М.Жаргалсайханд шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүнд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

           

Бусад асуудлын талаар

Энэ хэргийн улмаас хохирогч Т.Энхцэцэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******т 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар ******* нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.Энхцэцэг нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР