Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/02

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2022/0013/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                                   Б.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                Д.Э

Шүүгдэгч                                                          О.Б  нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэнгээр  хөтлүүлж,

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр  ирүүлсэн О.Б-д холбогдох 2139000000350 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны  өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө 23 цагийн орчимд ............................................ гэх газарт байрлах гэртээ хардалтын улмаас өөрийн гэр бүлийн хамаарал бүхий  этгээд болох 32-33 долоо хоногтой жирэмсэн эх*******  Х.С-ийг 2 гар 2 хөлөнд гараараа удаа дараа  цохиж, түүний эрүүл мэндэд нь зүүн шуу ясны хугарал, баруун, зүүн бугалга, баруун дал, зүүн хөлний гуя шилбэ хэсэгт хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

            Хохирогч Х.С-ийн өгсөн:.......................................... гэх газар  нөхөр хүүхдүүдийнхээ хамтаар  мал маллаж амьдардаг юм л даа. Би 2021 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө 23 цаг өнгөрч байхад нөхөр болон Б миний төрсөн охин болох Номинхүслэн бид 3 орондоо унтах гээд хэвтэж байгаад миний нөхөр Б чи намайг түрүү жил ууланд самарт яваад ирэх хооронд хүнтэй унтаж хэвтсэн архи дарс уусан зүйл байгаа юм уу энэ хавраар Туулайхүү чам руу яагаад залгаад байсан бэ  чиний дугаарыг яаж мэддэг юм гэж асуухад нь би яаж мэддэг юм бэ гээд хэлсэн. Тэгээд миний нөхөр Б үнэхээр тийм асуудал байгаа бол үнэнээ хэлчих ээ  гэж хэлэхээр нь яахаа мэдэхгүй, тэгээд Туулайхүү гэх залуу болон нутгийн иргэдийн дууддаг Пад гэх залуутай бас унтаж хэвтсэн, архи дарс уусан асуудал байгаа чамайг түрүү жил самарт явах хооронд ийм асуудал гаргачихлаа гээд  ам алдаад хэлсэн чинь миний нөхөр уурлаад чи яагаад байхгүй хооронд хүн амьтантай унтаж хэвтээд яваад байгаа юм бэ юу болсон гэж ингэж байгаа юм гээд миний хөл гар луу зөндөө олон удаа гараараа цохиод зодсон, мөн миний нүүрний дух хэсэгт цохиж зодсон. Би тухайн үед архи дарс хэрэглээгүй эрүүл саруул байсан. Миний нөхөр бас эрүүл байсан. Би одоо 8 сартай жирэмсэн давхар биетэй байгаа... миний зүүн гарын шуу хэсгээрээ хугарсан байгаа...Би нөхөртөө гомдол санал байхгүй...Нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/

Гэрч Ц.Оюунбаатарын өгсөн: ...О.Б-ыг танина, манай нутгийн хүүхэд байгаа юм. Аав ээж нь бол бага байхад нас барсан, өнчин өрөөсөн өссөн хүүхэд байгаа юм... ******* хүнд сайтай, мөрийтэй тоглоом тоголдоггүй, архи дарс хэрэглэдэггүй,, их л зөв хүүхэд байгаа юмаа. Нутаг усандаа ******* хүндтэй ажилсаг хүнд их тустай, давгүй залуу байгаа юм... Энэ удаа бол эх******* нь хүн амьтантай унтаж  хэвтсэн асуудал гаргаад л  ийм зүйл болсон юм шиг байна. Тэрнээс бол юу юугүй эх*******ээ барьж  аваад зодчихгүй их л  тохьтой томоотой залуу байгаа юм...гэх мэдүүлэг/ хх-ийн  19-20 хуу/                  

Гэрч Н.Чинбатын өгсөн:...2021 оны 01 дүгээр сарын эхээр  би тус багийн иргэн Туулайхүү гэх  залуугийн хамт Хэнтий бригадаас  Өмнөдэлгэр сумын төв рүү очоод тэгээд эргээд хөдөө гэрлүүгээ хөх өнгийн Портер 2 маркийн  автомашинтай  явж байгаад Хэнтий бригадаас хойш Нарангийн өвөр  гэх газар цасанд суугаад гарч чадахгүй байж байгаад би унтаад өгсөн. Тэгээд сэрээд цаг харахад шөнийн 3 цаг өнгөрч байсан. Тэгээд хамт явж байсан Туулайхүүг гадаа байна гэж бодоод хайсан чинь байхгүй болохоор нь ойрхон айл харагдахаар нь очиход Б гэх айлынд Туулайхүү сууж байсан. Тэгэхэд тухайн айлд Б-ын эх******* С болон малчин болох нэг залуугийн  хамт байж байсан. Тэгээд би халуун цай уучихаад малчин залуугийн хойд талаар ороод дээлээ нөмрөөд унтсан. Тэгээд өглөө нь сэрээд Туулайхүүтэй хамт машин руугаа яваад цаснаас гаргаад гэр гэртээ харьцгаасан... Өглөө сэрээд харахад Туулайхүүгийн хажууд С хэвтэж байсан...гэх мэдүүлэг/ хх-ийн 23-24 хуу/

Гэрч О.Болортуяагийн өгсөн:...Би эхээс хоёулаа бөгөөд О.Б нь миний төрсөн ах байгаа юм.  Ах маань 1986 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймагт төрсөн. Бага боловсролтой, малчин мэргэжилтэй одоогоор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар баг хөдөө хэсэг Нарангийн хар сургаагт гэх газарт эх******* 2 хүүхдийнхээ хамтаар мал маллаж амьдардаг хүн байгаа юм. Ах маань зан байдлын хувьд төлөв даруухан, мал сайн малладаг, ер сургуульд бага ангидаа сурч байгаад л удалгүй хөдөө гараад өнөөдрийг хүртэл хөдөө мал маллаж амьдардаг...Ах маань байнга архи уудаггүй. Хааяа баяр ёслолоор өөрийнхөө  хэмжээнд тааруулж хэрэглэдэг л байх...Би сайн мэдэхгүй байна...Ах маань хэдэн онд гэдгийг нь сайн мэдэхгүй байна Дорнод аймгийн Мэнэнгийн талд цэргийн алба хааж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу /

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр     сарын 29-ний  өдрийн 631 дугаартай дүгнэлт:

  1. Х.С-ийнбиед зүүн шуу ясны хугарал, баруун зүүн гарын бугалга, баруун дал, зүүн хөлний гуя, шилбэ хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг  удаан  хугацаагаар  сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн  хүндэвтэр  зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн  чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
  6. Х.С нь 32-33 долоо хоногтой жирэмсэн байна...гэх дүгнэлт  /хх-ий 44  хуу/

           

О.Б-ын яллагдагчаар өгсөн:...надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялыг би хүлээн зөвшөөрөхгүй байна...Би урьд 14, 15 настайдаа  мориноос унаж зүүн хөлнийхөө шилбээр хугалж байсан, тэгэхэд би 2 сар гаран хэвтэрт гишгэж чадахгүй байсан. Тийм болохоор би  эх*******ийнхээ биед зүүн шуу ясны хугарал үүссэн гэдэгт итгэхгүй байна... Би 2021 оны 11 дүгээр сарын 15-ны орой малаа хотлуулчихаад гэртээ орж ирээд байж байгаад орой 22 цаг өнгөрөөгөөд эх******* С болон 2 нас гарантай охин Номинхүслэнгийн хамтаар унтах санаатай орондоо орсон. Тэгээд би орондоо хэвтэж байхдаа өөрийн эх******* Х.С-т хандан: Би нутгийн улсуудаас сонслоо чи намайг өнгөрсөн жил самарт явсан хойгуур  манай нутгийн Пад, Туулайхүү нартай архи ууж бэлгийн харьцаанд орсон байна гэж хэлсэн чинь манай эх******* Х.С: тиймээ тийм асуудал болсон гэхээр нь би балмагдсандаа эх******* Х.С-ийг зодож цохисон маань үнэн. Одоо эх*******ээ зодсондоо харамсаж байна...Би өөрийн хоёр гараараа дээрх гэмтлүүдийг учруулсан. Ямар нэгэн эд зүйл ашиглаагүй...Тухайн үед миний машин болохгүй байсан учир сумын эмнэлэгт дуудлага өгч  сумаас эмч нар ирж эх*******ийг маань биеийг үзээд сумын эмнэлэг рүү авч явж 7 хоног эмнэлэгт хэвтүүлсэн... би эх*******ээ очиж эргэхэд гарыг нь гипсэдчихсэн  байсан. Мөн эм тариа хэрэглэсэн...одоо бол зүгээр байгаа...гэх мэдүүлэг/ хх-ийн 62-63 хуу/ 

О.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа   /хх-ийн 64 хуу/

О.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 хуу/

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 89-91 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 96-97 хуу/

Хохирогч Х.С-ийнгаргасан “О.Б нь уучлалт гуйж эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухай нотариатаар батлуулсан тодорхойлолт  /хх-ийн 99 хуу/

Яллагдагч О.Б-ын гаргасан “хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-ийн 100 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч  О.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч О.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө 23 цагийн орчимд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар баг Нарангийн  хар сургаагт гэх газарт байрлах гэртээ 32-33 долоо хоногтой жирэмсэн эх*******  Х.С-ийг“өөрийг нь эзгүйд бусадтай бэлгийн харьцаанд орсон” гэх шалтгаанаар зодож түүний эрүүл мэндэд нь зүүн шуу ясны хугарал, баруун, зүүн гарын бугалга, баруун дал, зүүн хөлний гуя, шилбэ хэсэгт цус хуралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч О.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Х.С-ийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч О.Б-ын үйлдлийн улмаас хохирогч Х.С-ий*******үүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд О.Б-ын үйлдлийг хүний  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулах гэмт  хэргийн шинжтэй байна гэж үзлээ.  

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй  тэмцэх тухай хуулийн  3 дугаар зүйлийн  3.1 дэх  хэсгийн 3.1.1 дэх заалтад эх*******, нөхөр, гэр бүлийн бусад  гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн  асрамж, хамгаалалтанд  байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа  этгээд нь  хуулийн  үйлчлэлд хамаарахаар заасан  байх бөгөөд  уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж  энэ хуулийн  3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах  хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг,  бэлгийн эрх чөлөө, бие махбодод  халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж  заажээ.

Мөн хохирогч Х.С нь тухайн үед 32-33 долоо хоногтой жирэмсэн байсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

 

 Иймд шүүгдэгч О.Б-ыг хүний  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулсан гэмт  хэргийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь  заалтад заасан  хүндрүүлэх  нөхцөл байдалтайгаар  буюу хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн  гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Аймгийн Прокурорын газраас О.Б-ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр    зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.       

Яллагдагч О.Бас хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 100 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 101 хуу/ гарган яллагдагчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт заасныг журамлан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч О.Б  хүлээн зөвшөөрч /хх-ийн  107-109 хуу/  гарын үсэг зуржээ. 

Иймд шүүгдэгч О.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн туслалцаа үзүүлсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Иймд шүүгдэгч О.Бд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд  оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх  нөхцөл байдалтайгаар  үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэм хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 7.3 дугаар 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч О.Бд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй. 

4. Шүүгдэгч О.Б нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар  зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОДХҮҮ