Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
Хэргийн индекс | 102/2016/5991/и |
Дугаар | 507 |
Огноо | 2017-02-17 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 507
Хань Вэйгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшингийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/05991дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Хань Вэйгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшингийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Дээжийн өргөө” ХХК-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 174 257 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,
Шүүх хуралдаанд
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Энхтүвшин
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Батбаяр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: БНХАУ-ын иргэн Хань Вей нь “Монголын Алт” (МАК) ХХК-иас нүүрс худалдан авахаар 2012 онд тохиролцож төлбөр тооцоог бүрэн шилжүүлсэн байдаг. Талуудын тохиролцсон нүүрс худалдах, худалдан авах ажил анх төлөвлөсний дагуу явагдаагүй тул уг нүүрсийг “Дээжийн Өргөө” ХХК-д МАК-аас нийлүүлсэн байдаг. “Дээжийн Өргөө” ХХК нь хүлээн авсан нүүрсний төлбөрийг Хань Вейд төлөх байсан бөгөөд бага багаар төлсөөр 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 520 000 юанийн үлдэгдэлтэй болсон байдаг. Ингээд “Дээжийн Өргөө” ХХК-ийн захирал Б.Дэмбэрэл нь 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Хятад улсын иргэн Хань Вейд үлдэгдэл 520 000 юанийг нүүрсний үйл ажиллагаа явагдахад сарын 100 000 юаниар төлж барагдуулна” хэмээн баталгаажуулсан бичгийг хийж өгсөн боловч өнөөдрийг хүртэл уг төлбөрийг төлөөгүй байна. Иймд “Дээжийн Өргөө” ХХК-иас 520 000 юань буюу 174 257 200 /Монгол банкны зарласан ханш 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 1 юань 335.11 төгрөг/ төгрөг гаргуулж Хань Вейд олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол алт” ХХК-иас “Дээжийн өргөө” ХХК нь нүүрсээ авч худалддаг байсан. БНХАУ-ын иргэн Хань Вэй нь 2012 онд “Дээжийн өргөө” ХХК-д нүүрс худалдан авахаар 750 000 юань шилжүүлсэн. Үүнээс 2013 оны 09 дүгээр сарын 20-ны байдлаар 520 000 юаны үлдэгдэлтэй болохыг захирал Б.Дэмбэрэл баталгаажуулж өгсөн байдаг. Гэвч хариуцагчийн гаргасан баримтуудтай танилцаад Чаминчанга гэдэг хүнтэй холбогдож төлбөр тооцооны талаар тодруулахад Хань Вэйгийн өмнөөс 2013 оны 12 дугаар сарын 31-нд 20 000 юаныг Соёмбо гэдэг хүний дансруу шилжүүлсэн, Чаминчанга нь 2014 оны 04 дүгээр сарын 18-нд 30 000 юань, 2014 оны 09 дүгээр сарын 26-нд 20 000 юань, 2014 оны 11 дүгээр сарын 17-нд 15 000 юань, 2015 оны 02 дугаар сарын 05-нд 15 000 юань, 2015 оны 03 дугаар сарын 06-нд 10 000 юань, 2015 оны 04 дүгээр сарын 30-нд 10 000 юань, 2015 оны 10 дугаар сарын 28-нд 2 000 000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 02-нд 9 771 юань нийт 116 153 юаныг тус тус авсан гэж зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 383 847 юань буюу 128 938 046 төгрөгийг нэхэмжилж байна. Төлбөр төлсөн баримтуудыг харахаар хариуцагч “Дээжийн өргөө” компани төлж байсан гэж ойлгогддог гэжээ.
Хариуцагч “Дээжийн өргөө” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэн Хань Вей манай компанийн эсрэг мөнгө нэхэмжлэн шүүхэд гаргасан хүсэлтэд хэд хэдэн худал зүйлүүд байна. Үүнд: Хань Вэй нь “МАК” ХХК-тай нүүрс тээвэрлэх гэрээ хийгээгүй. “Дээжийн Өргөө” ХХК нь “МАК” ХХК-тай нүүрс нийлүүлэх гэрээ хийсэн байсан бөгөөд Хань Вей нь манай компанид хүсэлт гаргасны дагуу манай гэрээн дээр нүүрс татсан байна. Энэ үед Хань Вей-ээс гадна Хятадын 3-4 компанид нүүрс нийлүүлж байсан болно. Эдгээр компаниуд дотооддоо өдөр бүр тооцоо нийлдэг байсан бөгөөд “МАК” ХХК-ийн нийлүүлсэн нүүрс нь Хятад компаниудын дотоод тооцоо нийлүүлэлт дээр тооцоо алдсан байсан ба үүнийг Хай Вей, менежер Жарангурав гэх Өвөрмонгол хүн ч мэдэж байсан. Ингээд Хань Вей манай компанид хандсан. Би тухайн үед Хань Вей цусны даралт харвах өвчин туссан байсан үед настай өвчтэй хүнийг олон дахин чирэгдүүлэхгүй гэсэн үүднээс би дээрх бичгийг хийж өгсөн нь үнэн болно.
Хань Вей нь тухайн үед манай компани дээр өөрийн биеэр ирж Монгол талын менежер Чаминчанга хэмээх энэ залууг дагуулан ирж, бүх тооцоог энэ залуу хийнэ гэсний дагуу манай компани мөнгөө бэлнээр болон дансаар шилжүүлж байсан болно. Одоо ямар хүн гарч ирээд юун мөнгө нэхэмжилж шүүхэд хандаад байгааг ойлгохгүй байна. Хятад талд өгч байсан болон Чаминчанга гэгчид өгч байсан мөнгөний баримтыг хавсаргасан болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэн Хань Вэй нь МАК ХХК-тай нүүрс худалдан авахаар тохирч мөнгөө бүрэн шилжүүлсэн гэдэг. Харин “Дээжийн өргөө” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй юм. Хэрвээ “Дээжийн өргөө” ХХК худалдах, худалдан авах гэрээ үүсгэсэн бол үүнийгээ нотлох үүрэгтэй. Дэмбэрэл нь 520 000 юаныг төлнө гэж баталгаажуулсан гэх боловч үүнийг “Дээжийн өргөө” ХХК төлөх үүрэг үүссэн гэж үзэхгүй. “Дээжийн өргөө” ХХК-д гэрээний үүрэгтэй холбоотойгоор төлбөр төлөх үүрэг, нэхэмжлэгчид шаардах эрх үүсээгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Дээжийн өргөө” ХХК-иас 128 938 046 төгрөг гаргуулахыг хүссэн БНХАУ-ын иргэн Хань Вэйг төлөөлж гаргасан Б.Энхтүвшингийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дагаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээсулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 029 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Хань Вейгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдолдоо: “...Хариуцагч “Дээжийн өргөө” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01/186 дугаар албан бичгээр шүүхэд гаргасан тайлбарт “...Хань Вей нь МАК ХХК-тай нүүрс тээвэрлэх гэрээ хийгээгүй. “Дээжийн өргөө” ХХК нь МАК ХХК-тай нүүрс нийлүүлэх гэрээ хийсэн байсан бөгөөд Хань Вей нь манай компанид хүсэлт гаргасны дагуу манай гэрээн дээр нүүрс татсан байна...” мөн “...Хань Вей нь тухайн үед манай компани дээр өөрийн биеэр Монгол талын менежер Чаминчанга хэмээх залууг дагуулан ирж, бүх тооцоог энэ залуу хийнэ гэсний дагуу манай компани бэлнээр болон дансаар шилжүүлж байсан болно” гэсэн бичгийн тайлбар буюу нотлох баримт нь нэхэмжлэгч, хариуцагч талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн үйл баримтыг болон үлдэгдэл төлбөрийг хэсэгчлэн төлж байсан үйл баримтыг нотолж байна. Гэтэл анхан шатны уг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчиж буруу дүгнэлт гаргаж нэхэмжлэгчийг хохироож байна.
Талуудын хооронд үүссэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ хэлцэл нь амаар хийгдсэн тул түүнийг нотлон гэрчлэх баримт бол нэн тэргүүнд талуудын энэ талаарх тайлбар байна. Хариуцагч тал төлбөр төлөхгүй гэсэн санаа зорилгоор нэхэмжлэгч талыг шаардах эрхгүй гэж шүүхийн шатанд маргаж байгаа боловч бодит байдал дээр амаар хэлцэл хийсэн тухайгаа болон нэхэмжлэгчид төлбөрийг хэрхэн төлж байсан тухай тайлбараа 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хангалттай өгсөн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэлд бичсэн үндэслэлээ шүүх хуралдаан дээр өөрчилсөн тухайгаа тайлбарласан. Нэхэмжлэгч иргэн Хань Вей нь цус харвасан, биеийн тал хэсэг ажиллагаагүй, ярианы хөгжил нь муу бөгөөд орчуулагчаар дамжуулсан мэдээллийг миний бие буруу ойлгосныг ийнхүү тайлбарласан. Харин ямар ч тохиолдолд хариуцагчийн хариу бичгээр гаргасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа байсан, түүний төлбөрийг хариуцагч талаас төлж байсан тухай тайлбарыг үгүйсгэх боломжгүй, бодит үйл баримтыг хариуцагч өөрөө "тайлбарлаж бичсэн байгааг шүүх үнэлж дүгнээгүй, хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн хариуцагч нь иргэн Хань Вейд зориулан төлбөр төлж байсан баримт нь түүний өмнө үүрэг хүлээснийг нотлох өндөр ач холбогдолтой баримтуудыг буруу үнэлсэн байна. Төлбөр төлж байсан баримтуудаас гадна 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 520 000 юанийн үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас нэхэмжлэгчид төлөхөө баталгаажуулсныг шүүх мөн адил үнэлж дүгнээгүй болно.
Нэхэмжлэгчийн шаардах эрхтэйг, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээснээ энэхүү төлбөр төлж байсан баримт, төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулсан баримтаар нотлосоор байхад шүүх шударга бус шийдвэрлэж, нотлох баримтад буруу үнэлэлт өгч, хэт нэг талын тайлбарыг баримталж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг /128 938 046 төгрөг/ бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Хань Вэйгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин нь хариуцагч “Дээжийн өргөө” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 174 257 200 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган 128 938 046 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх талуудын хооронд нүүрс худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, БНХАУ-ын иргэн Хань Вэй нь “Дээжийн өргөө” ХХК-д нүүрсний үнэд 750 000 юаныг шилжүүлсэн гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Хэргийн 4 дүгээр талд “Хятад улсын иргэн Хань Вейд үлдэгдэл болох 520 000 юаныг нүүрсний үйл ажиллагаа явагдахад сарын 100 000 юанаар төлж барагдуулна” гэсэн иргэн Б.Дэмбэрэлийн 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн баримт, мөн хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа “Би тухайн үед Хань Вей-г цусны даралт харвах өвчин туссан байсан үед настай өвчтэй хүнийг олон дахин чирэгдүүлэхгүй гэсэн үүднээс дээрх бичгийг хийж өгсөн” гэх тайлбар гаргадаг боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлд өгсөн хариу тайлбараа өөрчилсөн зэрэг байдлыг шүүх харьцуулан дүгнэж хариуцагч “Дээжийн өргөө” ХХК нь нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Хань Вей-д ямар нэгэн гэрээгээр үүрэг хүлээсэн болох нь нотлогдоогүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Хэрэгт авагдсан Вань Шүэ Ен-д Намсрайгаас 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 100 000 юань төлсөн, 2013 оны 09 дүгээр сарын 18-нд 50 000 юань хүлээн авлаа И.Чаминчанга, 2013 оны 12 дугаар сарын 31-нд Дүүрэнжаргалаас Т.Соёмбод 20 000 юань, 2011 оны 03 дугаар сарын 23-нд Дүүрэнжаргалаас Wang Cheng-д 110 000 юань, 2016 оны 02 дугаар сарын 04-нд Дэмбэрэлээс Чаминчангад 9 711.99 юань, 2014 оны 04 дүгээр сарын 18-нд Дэмбэрэлээс Чаминчангад 30 000 юань, 2012 оны 05 дугаар сарын 29-нд Дүүрэнжаргалаас Хань Вейд 100 000 юань, 2015 оны 06 дугаар сарын 03-нд Дэмбэрэлээс Чаминчангад 10 000 юань, 2015 оны 10 дугаар сарын 28-нд 20 000 юань, 2015 оны 04 дүгээр сарын 30-нд 10 000 юань, 2014 оны 09 дүгээр сарын 26-нд 20 000 юань, 2014 оны 11 дүгээр сарын 17-нд 15 000 юань, 2015 оны 02 дугаар сарын 05-нд 15 000 юань Дүүрэнжаргалаас Чаминчангад тус тус шилжүүлсэн талаарх баримтуудыг анхан шатны шүүх “Дээжийн өргөө” ХХК-иас Хань Вейд худалдах, худалдан авах гэрээний үүргээ гүйцэтгэж төлбөр төлснийг нотлоогүй байна гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна. /хх 18-25/
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...“Дээжийн өргөө” ХХК-иас нүүрс худалдан авахаар тохирч 750 000 юаныг шилжүүлсэн, үүнээс 128 938 046 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарлаж байгаа боловч дээрх мөнгийг хариуцагчид шилжүүлсэн талаарх өөрийн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байх тул шүүх “Дээжийн өргөө” ХХК-д холбогдуулан 128 938 046 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Хань Вэйгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшингийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/05991дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшийнгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 802 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Д.ЦОГТСАЙХАН