Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 64

 

Э.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                            Я.Туул

Шүүгчид                                         Ц.Амаржаргал

                                                       Б.Манлайбаатар                            

Прокурор                                       Н.Дуламсүрэн

Шүүгдэгч                                        Э.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                А.Намсрай

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 242 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э-ын Б-т холбогдох эрүүгийн 1818002680266 тоот, 166/2018/0228/Э индекстэй 1 хавтас хэргийг 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б- Э-ын Б-, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1. Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ялаар шийтгэн тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгэн тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Э.Б- нь "Г М" ХХК-ний хүнсний дэлгүүрт худалдагчаар 2018 оны 3 дугаар сарын 04-нөөс 2018 оны 4 дүгээр сарын 07-ныг хүртэл ажиллах хугацаандаа дэлгүүрээс 716.050 төгрөгний хүнсний бараа бүтээгдэхүүн хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 242 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч      Б- Э-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Шүүгдэгч Э.Б- нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Б-ыг 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч Э.Б-т энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр өмнөх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан хорих ялаас 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Б-т оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр... шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Намсрай давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“Тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Э.Б- надад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд гаргасан №242 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үндэслэл нь:

Өлөн хоосон хүн үмх талхыг үндсэн хуулиас ч дээгүүр тавьдаг гэсэн үг байдаг. Миний хувьд аав группт байдаг, ээж хүнд өвчтэй хүний асрамжинд байдаг хоёр дүү маань сургуульд сурдаг, эгч маань ажил хийдэггүй ээжийг асардаг. Ийм л хүнд байдалтай энэ хүмүүсийг харж хандах надаас өөр хүнгүй болсон тул энэ амьдрал нөхцөл байдал намайг ийм үйлдэп хийхэд хүргэснийг төрийн шүүхэд хэлж ойлгуулъя гэж бодлоо.

-Би 2016 оны 07 сарын 04-нд шүүхээс 3 жилийн тэнсэн хянан харгалзсан энэ 3 жилээс би ямар ч гэмт хэрэг, зөрчил гаргалгүй 2 жил шүүхээс оногдуулсан тэнсэнгийн хугацааг эдэлсэн.

Энэ шийтгэх тогтоол нь 2017 оны 07 сарын 01-нээс өмнө, үйлчилж байсан Эрүүгийн хуулиар шийдвэрлэсэн. Энэ хуулинд хуучин хуулийн 58 дугаар зүйлд (хуучин хууль) эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэж уг этгээдийн биеэр эдлэх ялыг тогтооно гэжээ.

Хуучин хуулийн үед оногдуулсан шийтгэл нь шинэ хуулийн үед хэрэглэхээр бол шүүгдэгчийн хувийн байдлыг дордуулахгүй хөнгөн хуулийг нь хэрэглэж шүүх шийдвэр гаргаж болно гэж мунхаглан бодож байна.

Логикийн хувьд үзэхэд шүүхээс тогтоосон тэнсэн хянан харгалзах хугацаанд түүнийг биелүүлж ямар ч зөрчил хэрэг гаргаагүй хоёр жилийн хугацааг хорих ял болгож, үйлдсэн хэргийнхээ үндсэн ял болох зургаан сарын хорих ялаас зургаа дахин их нэмэгдэл ял эдлэх нь шүүгдэгчийн хувьд гомдолтой байгааг хэлэх хэрэгтэй.

“Монгол хүн 59 хүртлээ ухаан ороод 60 настай үхдэг” гэсэн үг байдаг. Хэдийгээр амьдрал, миний дорой ухамсар намайг ийм байдалд хүргэсэн ч гэсэн би биеэрээ ял эдлээгүй болохоор үйлдлийнхээ хор холбогдлыг ойлгохгүй байсан миний буруу гэдгийг маш их ойлгож гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэргээс учирсан хор хохирлоо бүрэн төлсөн. Одоо би дахин гэмт хэрэг байтугай зөрчил ч гаргахгүй цаашид ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдрана гэж чин сэтгэлээсээ ойлгосноо батлан хэлж тангараглаж байна.

Гэхдээ би шүүхээс заавал хорих ялаар шийтгүүлнэ гэдгийг ойлгож байна.

Харин ийм ойлголттой болж засарч хүмүүжих ёстой гэж өөртөө хатуу итгэсэн хүнд олон жилийн хатуу ял биш богино хугацаатай хорих ял надад хор биш тус болно гэж бодож байгаагаа та бүхэнд ний нуугүй хэлье гэж бодсон юм” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Намсрай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Шинэ Эрүүгийн хуулиар давтан гэмт хэрэг гэдэг ойлголт байхгүй болсон. 3 жилийн хорих ялыг нэмж байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарна уу. Камерын бичлэг болон холбогдох бусад нотлох баримтаар Э.Б- нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож, үүнийгээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ ухамсарласан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж үндсэн ялаас хасч өгнө үү” гэв.

Шүүгдэгч Э.Б- давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байгаа. Миний ээж эм, тариа авах зайлшгүй шаардлагатай байсан учраас би хэрэг үйлдсэн, дахиж хэрэг үйлдэхгүй. 2 сар гаруй хугацаанд хоригдоход надад хэцүү байсан. Миний амьдрал үзээгүй нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс надад оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Прокурор Н.Дуламсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...2015 оны Эрүүгийн хуульд хулгайлах гэмт хэргийн хувьд давтан гэмт хэрэг гэсэн ойлголт байхгүй. Э.Б- нь давтан гэдгээрээ түүний ял хүндэрсэн учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байгаа тул 3 жилийн хорих ялыг сэргээж нэмж нэгтгэх үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял шийтгэл хүлээх үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Б-ыг "Г М" ХХК-ний хүнсний дэлгүүрт худалдагчаар 2018 оны 3 дугаар сарын 04-нөөс 2018 оны 4 дүгээр сарын 07-ныг хүртэл ажиллах хугацаандаа дэлгүүрээс 716.050 төгрөгний хүнсний бараа, бүтээгдэхүүн хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллагдагчаар татан шалгаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Б-ыг 6 сар хорих ялаар шийтгэж, Э.Б-т оногдуулсан 6 сарын хорих ял дээр өмнөх Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан хорих ялаас 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сар хорих ялаар тогтоож шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Намсрайгийн бичсэн давж заалдах гомдлын дагуу Э.Б-т холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлахад шүүгдэгч нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь нотлогдсон, энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Э.Б- нь "Г М" ХХК-ний хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллах хугацаандаа дэлгүүрээс 716.050 төгрөгний хунсний бараа бүтээгдэхүүн хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Д.Б-гийн мэдүүлэг,  гэрч Ч.М-, Б.М-, А.М-, Ц.Н-, Ч.Б- нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Э.Б-ын өөрийнх нь мөрдөн байцаалт, шүүхэд мэдүүлсэн мэдүүлгүүд, Капитал зууч ХХК-ний үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан бусад баримтуудаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхээс хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, шүүх хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шийдвэрлэж, үйлдэгдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, шүүгдэгчид хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.

2015 оны Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д ...шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял дээр эдлээгүй үлдсэн ялыг  нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоохоор заасан бөгөөд шүүгдэгчид 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 136 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 04 жилийн хорих ял дээр сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэхэд түүнд 04 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар байна.

Харин 2002 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д ...шүүхийн сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно гэж заасны дагуу өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 04 жилийн хорих ялаас заримыг буюу 06 сарын хугацаагаар хорих ялыг сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн Э.Б-ын биечлэн эдлэх хорих ялыг 01 жилийн хугацаагаар тогтоох нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна.

Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9-д ...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасны дагуу давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тотоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т  зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 242 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 5 дахь заалтыг

“4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 136 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 04 жилийн хорих ялаас заримыг буюу 06 сарын хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 06 сарын хорих ялтай нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 жилийн хугацаагаар тогтоосугай.

“5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Б-т оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж өөрчлөлт оруулж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

 

 

                                                 ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                     ШҮҮГЧИД                                        Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                              Б.МАНЛАЙБААТАР