Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 52

 

 

 

 

 

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

Улсын яллагч С.Оюунжаргал,

Шүүгдэгч Э.Энхзаяа, Х.Төгөлдөр, шүүгдэгч Э.Энхзаяагийн өмгөөлөгч  Ж.Хандсүрэн /ҮД: 0-440/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар Өөлд овгийн Энхтөрийн Энхзаяа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Хадбаатарын Төгөлдөр нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624000367 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, яллагдагчийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд шилжүүлсэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Зуун мод хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эцэг, эх, эгчийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 30 дугаар гудамж 1686 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Хадбаатарын Төгөлдөр /РД:НЭ95061315/,

 

Монгол улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт бага эмч ажилтай, ам бүл 5 эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 34 дүгээр гудамж 74 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Өөлд овгийн Энхтөрийн Энхзаяа, /РД:ВГ91120413/

 

   Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 Шүүгдэгч Х.Төгөлдөр нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ 2016 оны 4 дүгээр сарын 22-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо "Бэлхийн 36 дугаар гудамжны замд бусдын эзэмшлийн автомашиныг жолоодох эрхийн ангилалгүй Э.Энхзаяад жолоо шилжүүлсний улмаас Э.Энхзаяа нь ВишнФанд ББСБ-ын өмчлөлийн “Киа Бонго” маркийн 22-08 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Д.Лхагвадоржийн жолоодон явсан “Митсубиши делька” маркийн 46-43 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Д.Лхагвадоржийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан,

 

Яллагдагч Э.Энхзаяа нь 2016 оны 4 дүгээр сарын 22-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо "Бэлхийн 36 дугаар гудамжны замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Вишн-Фанд ББСБ-ын өмчлөлийн Киа Бонго маркийн 22-08 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан "Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх" 2.7-д заасан "Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтуудыг зөрчиж 2016 оны 4 дүгээр сарын 22-ны шөнийн 01 цаг 00 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамж замд ВишнФанд ББСБ-ын өмчлөлийн “Киа Бонго” маркийн 22-08 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа мөн дүрмийн 8.2-т заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөний улмаас Д.Лхагвадоржийн жолоодон явсан Митсубиши делька маркийн 46-43 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Д.Лхагвадоржийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл, улмаар автомашинд нь 3.250.000 төгрөгийн шууд, 4.150.000 төгрөгийн нийт хохирол, ВишнФанд ББСБ-ын өмчлөлийн “Киа Бонго” маркийн автомашинд 1.843.000 төгрөгийн шууд, 2.393.000 төгрөгийн нийт хохирол учруулаад, мөн дүрмийн 2.5-д заасан "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх: в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх" гэсэн заалтыг зөрчиж осол хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Энхзаяа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "... Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Э.Энхзаяа нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 4 дүгээр сарын 21-ний орой найз охин Хонгорзултай муудалцаад 21 цагийн үед гэрээс нь гараад Мягмарсүрэнтэй уулзсан. Тэгээд би дэлгүүрээс 2 пиво, Мягмарсүрэн 1 пиво авч уусан. Тэгээд Төгөлдөрийн гэрт нь очиж уулзаад хонох гэсэн чинь аав, ээж нь байхаар нь машинаараа гэрт хүргээд өгчих гэсэн чинь Төгөлдөр за гээд гэр рүүгээ ороод гарч ирсэн. Тухайн үед гэрийнх нь гадаа “Киа Бонго” маркийн 22-08 УНЯ улсын дугаартай автомашин байсан. Би машин дотор ороод жолоочийн суудал дээр суусан. Тэгээд Төгөлдөрөөс би жолоочийн үнэмлэхтэй юм чинь машин барьчих уу гэхэд Төгөлдөр зөвшөөрсөн. Тэгээд машиныг би жолоодоод Бэлхийн 36 дугаар гудамжаар явж байтал өөдөөс нэг машин ирж байсан. Гэрэл нь их хурц тусч байсан тул би өөдөөс нь гэрлээрээ дохиж гэрлээ солихыг анхааруулсан. Тэгтэл гэнэт дугуйнд тас гэх чимээ гарсан. Би сандарсандаа жолоогоо зүүн гар тал руугаа дарсан. Тэгээд өөдөөс ирж явсан “Митсубиши делька” маркийн 46-43 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тухайн автомашин онхолдсон. Манай машин замын зүүн тал руу шахагдаж зогссон. Тэгээд Төгөлдөр, Мягмарсүрэн бид 3 машинаас гартал миний гараас цус гарсан байхаар нь сандарсандаа найз охин Хонгорзулын гэрт Мягмарсүрэнтэй хамт очсон. Мягмарсүрэн буцаад ослын газар руу явсан. Би гар нүүрээ угаачихаад гарч байтал хашааны үүдэнд цагдаа нар ирээд намайг барьж авсан. Машины дугуй ховилыг мөргөөд тас гэх чимээ гарсан. Би сандарсандаа жолоогоо зүүн тал руугаа дарсан тэгээд өөдөөс ирж явсан машинтай мөргөлдсөн. Би 50 орчим км/цаг хурдтай явсан. Би Д ангилалын үнэмлэхгүй мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь миний буруу. Төгөлдөр шугаманд кондуктор хийдэг, Эрдэнэбулган гэх ах машинаа Төгөлдөрийн гэрийн гадаа байнга тавьдаг юм. Төгөлдөр намайг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг мэдээгүй, харин намайг В ангилалын үнэмлэхтэй гэдгийг мэддэг байсан. Автомашиныг жолоодож явахдаа эзэмшигчээс нь зөвшөөрөл аваагүй ээ, /хх-ийн 90-95 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Х.Төгөлдөр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Х.Төгөлдөр нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би одоохондоо Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхэд нийтийн байранд галчаар ажиллаж, мөн нэг өрөөнд нь амьдардаг юм. 2016 оны 4 дүгээр 21-ний орой 00.00 цаг болж байхад Энхзаяа утсаар залгаад гадаа чинь байна гараад ир гэсэн би гараад очсон чинь Мягмарсүрэнтэй хамт ирсэн байсан. Энхзаяатай уулзахад “мань чинь танайд хонох гэсэн юм, найз охинтойгоо муудалцчихлаа” гэсэн, би тэг тэг, ээж, аав хоёр байгаа гэтэл Энхзаяа за за тэгвэл болилоо гэртээ харилаа, харин чи машинаараа хүргээд өгчих гэсэн. Тухайн үед хашааны гадаа Эрдэнэбулганы 22-08 УНЯ улсын дугаартай “Киа Бонго” маркийн автомашин байсан юм. Би дотогшоо ороод буцаад гараад иртэл Энхзаяа машины жолооны ард суучихсан байсан. Би өөрөө барьж явья, чи буучих гэсэн чинь Энхзаяа би жолоодъё гээд байхаар нь санаанд ч ороогүй за за тэг гээд түлхүүрээ өгсөн. Тэгээд Энхзаяа жолоодоод, хажууд Мягмарсүрэн, захад нь би суусан. Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо 36 дугаар гудамжны замаар явж байгаад замын эвдэрсэн ховил руу орчихсон, тэгэхэд нь Энхзаяа сандарсандаа жолоогоо зүүн тал руугаа дарчихсан, энэ үед эсрэг урсгалаас өөдөөс ирж явсан 46-43 УНБ улсын дугаартай Делика маркийн автомашиныг мөргөчихсөн. Мөргөлт болсны дараа Энхзаяа, Мягмарсүрэн бид гурав машинаасаа буугаад хартал мөргүүлсэн машины жолооч эрэгтэй гараад ирчихсэн, машин нь онхолдчихсон ахын дүү нар зүгээр үү гэж байсан. Тухайн үед би их сандарсан байсан, нэг мэдсэн чинь Мягмарсурэн, Энхзаяа хоёр хоёулаа алга болчихсон байсан. Удалгүй замын цагдаа нар ирээд жолооч нь хаана байна. Зугтаачихсан юм уу, чи жолоочоо олж ир гэсэн. Тэгтэл Мягмарсүрэн хүрээд ирсэн, ингээд замын цагдаа, Мягмарсүрэн бид нар Энхзаяагийн найз Хонгороогийн гэр рүү явсан. Тэнд очиход Энхзаяа өөдөөс гараад ирсэн. Ингээд цагдаа нар аваад явсан. Би Энхзаяагаас чи яагаад явчихваа гэхэд сандарсандаа явчихлаа гэж хариулсан. Би Энхзаяатай уулзахаас өмнө 1 ширхэг лаазтай пиво уучихсан байсан юм. Харин Энхзаяа, Мягмарсүрэн хоёрыг архи, пиво уусан гэж мэдээгүй. Сүүлд нь осол болсны дараа Энхзаяа би 2 пиво уусан гэж надад хэлсэн. Машин барих гэж байхад нь бол огт мэдээгүй. 22-08 УНЯ улсын дугаартай Киа Бонго маркийн машин Эрдэнэбулган гэж хүний машин байгаа юм. Би Эрдэнэбулгантай хамт уг машинаар Дамбадаржаа-Нарантуул чиглэлд шугаманд явдаг юм. Тэгээд орой болгон манай хашааны гадаа тавьдаг юм, түлхүүр нь нарны хаалтны ардуур байдаг юм. Энхзаяаг өмнө нь машин бариад явдагийг мэдэх болохоор гайгүй байх гэж бодоод унуулсан юм. Би жолоодох эрхийн В ангилалын үнэмлэхтэй. Энхзаяа бид 2 хэн нь ч уг автомашиныг жолоодож болохгүй юм байна. Эрдэнэбулган ах надаар ойр зуур машинаа бариулдаг. Осол болсон өдөр бол би Эрдэнэбулганаас машин барих зөвшөөрөл аваагүй. Бид гурваас хэн ч гэмтээгүй. Замын цагдаа нарыг хэмжилт хийж байхад би Мягмарсүрэнтэй хамт байсан, бид хоёр цагдаа нарт анх мөргөлдсөн цэг болон бусад нөхцөл байдлыг хэлж зааж өгсөн, ингээд Энхзаяаг авчирахаар Хонгороогийн гэр рүү явсан. Энхзаяа намайг харж байхад замын ховил руу ороод, тэрэндээ цохигдоод сандрахдаа жолоогоо зүүн тал руугаа дарчихсан. Би Э.Энхзаяаг согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг мэдээгүй. Намайг ч гэсэн Энхзаяа согтууруулах ундаа хэрэглэсэнийг мэдээгүй. Би Энхзаяаг ямар ангилалын жолооны үнэмлэхтэйг мэдэхгүй, машин бариад яваад байдаг болохоор нь болно гэж бодсон. Би Энхзаяагийн жолооны үнэмлэхийг харж байгаагүй. Осол болсны дараа хохирогч Лхагвадорж онхолдсон машин дээрээ гараад суучихсан байсан, би Лхагвадоржыг та гайгүй юу гэхэд өөдөөс гайгүй, та нар зүгээр үү гэж байсан. Тэгэхлээр нь ямар нэгэн байдлаар гэмтээгүй байна гэж ойлгосон. /хх-ийн 97-103 дугаар хуудас/

 

Хохирогч Д.Лхагвадорж нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Би барилгын ажил хийдэг. Манай байгууллагын үйлдвэр Бэлхэд байрладаг юм. 2016 оны 4 дүгээр сарын 21-ний шөнийн 01 цагийн орчим Нарантуул захын хажуугийн барилга дээр юм хүргэж өгчихөөд үйлдвэрлүүгээ 46-43 УНБ улсын дугаартай Делька маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Бэлхийн 36 дугаар гудамжаар явж байтал өөдөөс нэг машин ирж яваа харагдсан. Тухайн замд эвдрэл хонхорхой ихтэй байдаг учир тээврийн хэрэгсэлүүд тойрч гарахдаа эсрэг урсгал руу ороод байдаг юм. Тэр үед өөдөөс ирж явсан машин миний явах ёстой урсгал руу ороод ирэхээр нь нөгөө хонхорхойг тойрч гарах нь гэж бодож байтал өөдөөс орж ирээд мөргөсөн. Би жолоогоо баруун гар тал руугаа дарсан боловч мөргөлдөж, хажуугаар унасан. Машнаасаа гарч ирээд харахад нөгөө машинаас 3 эрэгтэй хүн гарч ирсэн. Би тэр гуравт түргэн тусламж, цагдаа дуудаарай гэж хэлсэн ч нэг мэдэхэд л алга болсон байсан. Тэгээд би өөрийнхөө дугаараас 102-т дуудлага өгч дүү Энхтөрийг дуудаж эмнэлэг рүү явсан. Би хэргийн газрын үзлэгт оролцоогүй. Би 45 орчим км/цаг хэтрээгүй хурдтай явсан. “Киа бонго” маркийн машины жолооч гэрлээ шилжүүл гэж дохио өгсөн зүйл байхгүй ээ. Би ойрын гэрэл дээр явсан тухайн замд гудамжны гэрэл асаалттай байсан. “Киа бонго” маркийн автомашиныг Энхзаяа гэдэг нь жолоодож явсан. Ослын улмаас миний өвчүү хугарсан, зүүн болон баруун гартаа оёоо тавиулсан, толгой дагзандаа хавантай, цус хуралттай байна гэсэн. 46-43 УНБ улсын дугаартай Делька маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх. Гомдолтой байна..."/хх-ийн 16-17 дугаар хуудас/

 

          Хохирогч Э.Эрдэнэбулган мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "...Би “Киа Бонго” маркийн 22-08 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр шугаманд явдаг юм. Би машинаа кондуктор Төгөлдөрийн гэрийн гадаа /хашааны гадаа/ байнга тавьдаг. 2016 оны 4 дүгээр сарын 21-ний орой 22 цаг 30 минутын орчим ажлаасаа буугаад Төгөлдөрийн гэрийн гадаа машинаа тавьчихаад гэртээ харьсан. Шөнийн 01 цаг өнгөрч байхад Төгөлдөр залгаад осол болсон талаар хэлсэн. Би энэ машиныг 2016 оны 04 дүгээр сард Түмэнжаргал гэх хүнээс 6 сая төгрөгөөр худалдаж авсан. Ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй. Энэ машиныг Түмэнжаргал ВишнФанд ББСБ-д барьцаанд тавьсан байгаа, би үлдэгдэл 2 сая төгрөгөө өгвөл барьцаанаас чөлөөлж миний нэр дээр шилжих юм. Би Төгөлдөрийг хааяа машинаа унуулахыг зөвшөөрдөг. Түлхүүрийг нь нарны хаалтан дотор нь байдаг, үүнийг Төгөлдөр мэднэ. Хэрэг гарвал хөдөлгөөрэй гэж хэлдэг. Яг осол болдог өдөр бол би Төгөлдөрт машин жолоодоорой гэж хэлээгүй, зөвшөөрөөгүй. Төгөлдөр өөрөө дур мэдэн авч явсан байна. Төгөлдөр уг машиныг жолоодох ангилалгүй. Төгөлдөр, Энхзаяа нараас нэхэмжлэх зүйл байхгүй, сайн дураараа эвлэрч байна..." /хх-ийн 29-30 дугаар хуудас/

 

          Гэрч С.Түмэнжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "...Киа Бонго маркийн 22-08 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би Эрдэнэбулганд 6.000.000 төгрөгөөр зарсан. Гэхдээ 4.000.000 төгрөгийг нь урьдчилгаанд авсан, одоо 2.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Тиймээс нэрээ шилжүүлээгүй байсан. Надад гомдол санал байхгүй. /хх-ийн 35-36 дугаар хуудас/

 

          Гэрч О.Даариймаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Энхзаяа манай том хүү. Энхзаяа жолоодох эрхийн В ангилалын үнэмлэхтэй. /хх-ийн 43-44 дүгээр хуудас/

 

Гэрч Д.Мягмарсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2016 оны 4 дүгээр сарын 21-ний орой 21 цаг 00 минутын үед Энхзаяа залгаад Дамбадаржаагийн автобусны буудал дээр очиж уулзаад дэлгүүрээс 3 лааз пиво авч бид 2 уусан. 23 цагийн үед найз Төөгийтэй утсаар яриад бид 2 тэднийд хонохоор очсон боловч эцэг, эх нь байсан болохоор больсон. Энхзаяа Төөгийг машинаараа гэрт хүргээд өгчих гэсэн чинь зөвшөөрсөн. Тухайн үед Төөгийгийн гэрийн хашааны гадна 22-08 УНЯ улсын дугаартай “Киа бонго” маркийн шугаманд явдаг микро автобус байсан. Тэгээд Энхзаяа машиныг жолоодьё гэж Төөгийгөөс гуйгаад Төөгий зөвшөөрөөд тэгээд Энхзаяа машиныг жолоодоод хажууд нь би, баруун талын цонхон талд Төөгий суусан. Төөгийгийн гэрээс нь хөдлөөд Бэлхийн 36 дугаар гудамжаар явж байтал өөдөөс нэг машин ирж байсан ба уг машин гэрлээ шилжүүлэхгүй, холын гэрэл дээр тавьсан байсан. Тэгээд Энхзаяа гэрлээрээ дохисон боловч нөгөө машин гэрлээ шилжүүлэхгүй байсан. Гэнэт машины урд хэсэгт тас хийх чимээ сонсогдсон /замын хонхорхой таарсан/ тэр үед Энхзаяа жолоогоо зүүн тал руу буюу өөдөөс ирж явсан машины тал руу дарсан. Ингээд эгц өөдөөсөө мөргөлдсөн. Бид 3 машинаас буугаад харахад нөгөө машины жолооч эрэгтэй буугаад ирчихсэн машин нь онхолдсон байсан. Нэг мэдсэн чинь Төөгий гэр рүүгээ яваад ирье гээд явчихсан байсан. Энхзаяа бид явганаар Хонгороогийн гэр рүү алхаж явсан. Ослын газар мөргүүлсэн машины жолооч ах үлдсэн. Хонгороогийн гэрт Энхзаяа үлдсэн би буцаад хэргийн газар ирэхэд цагдаа ирсэн байсан. Тэгээд би Энхзаяаг хаана байгааг зааж өгөөд цагдаатай хамт очсон. Төөгий бид 2 гэмтээгүй ээ. Анх уулзахад Энхзаяа эрүүл байсан. Надтай уулзаад 2 пиво уусан. Төөгий эрүүл байсан. Осол гарсны дараа Энхзаяа их сандарсан байсан болохоор найзынх руугаа явлаа гэхээр би хамт явъя гээд дагаж яваад Хонгороогийн гэрт очсон. Би замын цагдааг үзлэг хийхэд байсан. Би замын эвдрэлтэй ховил руу машин орохыг бол яг хараагүй. /хх-ийн 46-49 дүгээр хуудас/

Гэрч О.Хонгорзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Энхзаяа бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд орой 21 цагийн орчим Энхзаяа гэрээс гарч яваад шөнө буцаж ирэхдээ машинтай мөргөлдсөн гэж байсан. Энхзаяагийн зүүн хөл доголсон, нүүр гар нь цус болсон байсан. Энхзаяа манайд Мягмарсүрэнтэй хамт ирсэн. Мягмарсүрэн буцаад яваад өгсөн, удалгүй цагдаа нар ирээд аваад явсан. Энхзаяа ослын газрыг орхиж явсан талаар ямар нэг юм хэлээгүй. /хх-ийн 53-54 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹5535:

  1. Лхагвадоржийн биед тархи доргилт, 2 гарын сарвууны шарх, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун тохойн үений зулгарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын улмаас үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 56 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹583:

1. Лхагвадоржийн биед өвчүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь зам тээврийн ослын улмаас тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

2. Лхагвадоржийн биед учирсан тархи доргилт, 2 гарын сарвууны шарх, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун тохойн үений зулгаралт бүхий бусад гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр мөн авто ослын улмаас үүсгэгдсэн, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 58 дугаар хуудас/

 

Замын цагдаагийн газрын шинжээчийн дүгнэлт ¹253:

  1. Урьд гаргасан шинжээчийн №136 дугаарт дүгнэлт хангалттай бус гарсан байна.
  2. 22-08 УНЯ улсын дугаартай Kia Bongo маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.Энхзаяа нь МУ-ын ЗХД-ийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх; 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх; 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

 

3. 46-43 УНБ улсын дугаартай “Mitsubishi Delica Spacegear” /Митсубиши Делика Спэйсжийр/ маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Лхагвадорж нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн байх үндэслэлгүй байна гэжээ. /хх 75 дугаар хуудас/, Шинжээч М.Батзориг

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4 дүгээр хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-6 дугаар хуудас/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 8 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх 9-10 дугаар хуудас/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх 13, 117 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлийн лавлагаа /хх 40 дүгээр хуудас/, явган зорчигчийн согтуурал шалгасан магадлагаа /хх 51, 110 дугаар хуудас/, “Ашид билгүүн” ХХК-ийн хохирлын үнэлгээ /хх 63-66 дугаар хуудас/, “Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийн хохирлын үнэлгээ /хх 68-71 дүгээр хуудас/, Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас /хх 108 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 112, 118 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 115,119 дүгээр хуудас/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх 117 дугаар хуудас/, шүүгдэгч нарын хувийн байдлыг нь тогтоосон баримтууд /хх 122-135 дугаар хуудас/, прокурорын тогтоол /хх 142 дугаар хуудас/, шүүх хурал дээр шинээр хохирогч Д.Лхагвадоржийн гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх 175 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Э.Энхзаяа нь согтуурсан үедээ 2016 оны 4 дүгээр сарын 22-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо "Бэлхийн 36 дугаар гудамжны замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Вишн-Фанд ББСБ-ын өмчлөлийн “Киа Бонго” маркийн 22-08 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас Д.Лхагвадоржийн жолоодон явсан “Митсубиши Делика Спэйсжийр” маркийн 46-43 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Д.Лхагвадоржийн бие махбодид хүндэвтэр гэмтэл, улмаар автомашинд нь 3.250.000 төгрөгийн шууд, 4.150.000 төгрөгийн нийт хохирол, ВишнФанд ББСБ-ын өмчлөлийн “Киа Бонго” маркийн автомашинд 1.843.000 төгрөгийн шууд, 2.393.000 төгрөгийн нийт хохирол учруулаад, осол хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч Д.Лхагвадорж, Э.Эрдэнэбулган, гэрч Д.Мягмарсүрэн, О.Хонгорзул нарын мэдүүлэг, Замын Цагдаагийн газрын №253 дугаартай шинжээчийн дүгнэлт, ШШҮХ-ийн №5535, 583 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Ашид билгүүн” ХХК-ийн хохирлын үнэлгээ, “Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийн хохирлын үнэлгээ, шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаацаалтанд шүүгдэгч Э.Энхзаяагийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Прокуророс шүүгдэгч Х.Төгөлдөрийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо "Бэлхийн 36 дугаар гудамжны замд бусдын эзэмшлийн автомашиныг жолоодох эрхийн ангилалгүй Э.Энхзаяад жолоогоо шилжүүлсний улмаас Э.Энхзаяа нь ВишнФанд ББСБ-ын өмчлөлийн “Киа Бонго” маркийн 22-08 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа Д.Лхагвадоржийн жолоодон явсан “Митсубиши Делика Спэйсжийр” маркийн 46-43 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Д.Лхагвадоржийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Учир нь шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч Х.Төгөлдөр нь “Киа Бонго” маркийн 22-08 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүйгээс гадна уг автомашиныг хэрэг болох үед тэрээр жолоодож яваагүй болох нь гэрч Д.Мягмарсүрэнгийн “...Тухайн үед Төөгийгийн гэрийн хашааны гадна 22-08 УНЯ улсын дугаартай “Киа бонго” маркийн шугаманд явдаг микро автобус байсан. Тэгээд Энхзаяа машиныг жолоодьё гэж Төөгийгөөс гуйгаад Төөгий зөвшөөрсөн...”, шүүгдэгч Э.Энхзаяагийн “...Тухайн үед гэрийнх нь гадаа “Киа Бонго” маркийн 22-08 УНЯ улсын дугаартай автомашин байсан. Би машин дотор ороод жолоочийн суудал дээр суусан. Тэгээд Төгөлдөрөөс би жолоочийн үнэмлэхтэй юм чинь машин барьчих уу гэхэд Төгөлдөр зөвшөөрсөн...”, шүүгдэгч Х.Төгөлдөрийн “...тухайн үед хашааны гадаа Эрдэнэбулганы 22-08 УНЯ улсын дугаартай “Киа Бонго” маркийн автомашин байсан юм. Энхзаяа машины жолооны ард суучихсан байсан. Би өөрөө барьж явья, чи буучих гэсэн чинь Энхзаяа би жолоодъё гээд байхаар нь санаанд ч ороогүй за за тэг гээд түлхүүрээ өгсөн...” гэсэн мэдүүлгүүдээр Х.Төгөлдөр уг автомашиныг зам тээврийн хөдөлгөөнд жолоодоогүй болох нь тогтоогдсон.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт заасан “жолоогоо бусдад шилжүүлэх” гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив тал болох шүүгдэгч Х.Төгөлдөрийн “Киа Бонго” маркийн 22-08 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон байх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.    

 

Шүүгдэгч Э.Энхзаяаг согтуугаар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар, мөн зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар тус тус ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Э.Энхзаяад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж гэм хорыг арилгасан, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзав.

Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж буй шүүгдэгч Э.Энхзаяагийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, хохирогч нарын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэргийг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэн хянан харгалзах боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанаар хохирогч Д.Лхагвадоржоос “...Энхзаяагаас хохиролд нийт 5.650.000 төгрөг хүлээн авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэсэн хүсэлт ирүүлсэн, мөрдөн байцаалтын явцад хохирогч Э.Эрдэнэбулганы хохирол төлөгдөж, шүүгдэгчтэй эвлэрсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.Энхзаяа, Х.Төгөлдөр нар нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Прокуророос Боржигон овогт Хадбаатарын Төгөлдөрт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Өөлд овгийн Энхтөрийн Энхзаяаг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэргийг согтуугаар үйлдсэний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, мөн зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

3. Шүүгдэгч Э.Энхзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Энхзаяад оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхзаяад оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан Э.Энхзаяагийн засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхзаяагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Энхзаяад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.ДУЛАМСҮРЭН