Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 375

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Д.С

Хариуцагч: Улаанбаатар хот дахь Гаалийн газрын ГЗТХБА-ны гаалийн улсын байцаагч Ц.П

Нэхэмжлэлийн шаардлага: “Улаанбаатар гаалийн газрын ГЗТХБА- ны гаалийн улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 012******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагч Ц.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.С шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ:

“Д.С миний асрамжинд байгаа өндөр настай эгчийн эмчилгээ, хувийн хэрэгцээнд зориулан АНУ-д амьдарч байгаа дүүгээс илгээсэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гааль дээр ирсэн болохыг гаалиас мэдэгдсэний дагуу 2019 оны 04-р сарын 08-ны өдөр мэдэж очсон. Гэтэл намайг хууль бус бараа, биологийн идэвхт нэмэлт бүтээгдэхүүн зөвшөөрөлгүй оруулж ирсэн, завдсан хэмээн буруутгаж, барааг хураан авч, торгууль ногдуулна гэж элдвээр дарамталсан. Миний зүгээс барааг оруулж ирээгүй, АНУ-д амьдарч байгаа дүүгээс миний нэр дээр илгээсэн барааг хураан авч, гаалийн улсын байцаагч Ц.П нь 2019 оны 04-р сарын 24-ны өдөр 012******* тоот шийтгэлийн хуудсаар 335,181.5 төгрөгийн торгууль ногдуулж, шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсан тул энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргаж байна.” гэв.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...4 дүгээр сарын 01-ний өдөр каргоны н.Б******* гэдэг залуу надруу утастсан. Ачаа ирсэн тул та гааль дээр ирэх ёстой гэж хэлсэн. Яваад очиход Ц.П байцаагчтай орж уулзаарай гэж хэлсэн. Уулзахад 8 төрлийн биологийн нэмэлт бүтээгдэхүүн ирсэн тул үүнийг хурааж авна гэж хэлсэн. Хурааж аваад үнийн дүнгийн 670,000 төгрөгөөр торгоно. Гэхдээ түүний хөнгөвчилснөөр 335,000 төгрөгөөр торгоно. Хэрэв торгохгүй бол та Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авна гэж хэлсэн. Миний хувьд торгуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь илгээмж байгаа.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.С Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.21-д заасан заалтаар холбогдож шийтгэвэр олгосон байгаа. Энэ шийтгэвэрийг зөвшөөрөхгүй гэж гомдлыг гаргасан. Гаалийн байгууллагаас зөрчил үйлдэл эс үйлдэхүйг тодруулах ёстой. Гаалийн мэдүүлэг гэдэг зүйлийг анхаарч үзэх ёстой байсан.

Эрх зүйн акт өөрөө үндэслэл бүхий байх ёстой. Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д мэдүүлэгчийн эрх үүргийг заасан. 57.1.1-д гаалийн бүрдүүлэлтийн горим сонгох, өөрчлөх гэж заасан. Мөн хуулийн 57.1.2-т барааг бодитой мэдүүлэх зорилгоор бараагаа мэдүүлэхээс өмнө үзэх, хэмжих гэж заасан. Тус эрхээр гомдол гаргагч хангагдаагүй байгаа. 57.1.4-д гаалийн байгууллага, албан тушаалтан бараанд шалгалт хийх, дээж, сорьц, загвар авахад байлцах гэж заасан. Хуульд заасан эдгээр эрхээр хангагдаагүй. Мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1-д гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх, эсхүл төлөх баталгаа гаргах гэж заасан. Д.Сийн хувьд өөрийнх нь нэр дээр ямар бараа ирсэн талаар огт танилцаж мэдээгүй.

Гаалийн байцаагч таны нэр дээр 8 нэр төрлийн 95 ширхэг бүтээгдэхүүн ирсэн байгаа. Энэ бол улсын хилээр хориглосон бараа учир торгууль ногдуулна гэж хэлсэн. Бараагаа үзэж харж танилцуулж мэдүүлэх ямар ч бололцоо байхгүй байсан. Дүгнэлт гаргаад шалгасан байдаг. Гомдол гаргагчийн нэр дээр ирсэн бараанаас дээж аваад шинжлэн үзээгүй. Баримтуудтай танилцаж гарын үсэг зурсан байгаа. Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.21-д Гаалийн тухай хууль зөрчих гэж байгаа. 11.21.1.1-д гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичсэн гэж нэг үндэслэл байгаа. 11.21.1.2-д гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн гэж заасан. Мөн хуулийн 11.21.1.3-д  барааны хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчилсөн, эсхүл гаалийн шалгалтаас нуун далдалсан гэж заасан. 11.21.1.4-д гаалийн бичиг баримтыг сольсон, эсхүл засварласан гэж заасан. 11.21.1.5-д гаалийн тэмдэглэгээг өөрчилсөн, эсхүл сольсон, эсхүл гэмтээж татвараас зайлсхийсэн болон зайлсхийхийг завдсан бол татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан. Д.Сийн хувьд тус хуулинд заасан үндэслэлүүдийг хийсэн үү гэдэг нь байхгүй байна. Акт тогтоож торгуул оногдуулж байгаа шийтгэлийн хуудсын үндэслэл болгож байгаа зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мэдүүлэг гэдэг зүйлийг гаалийн байгууллага мэдүүлээгүй. Мэдүүлсэн гэж байгаа зүйл нь н.Батцэнгэл гэж өөр хүний нэртэй байгаа. гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...Улаанбаатар хот дахь гаалийн газрын АБТЭМА гаалийн хяналтын бүсэд 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр АНУ-аас ирсэн CCLU7******* тоот чингэлэгт ирсэн бараанд Улаанбаатар хот дахь гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын ахлах байцаагч нар хамтарсан гаалийн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

Гаалийн хяналт шалгалтаар гаалийн байгууллагад мэдүүлээгүй Д.С хүлээн авагчтай эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр улсын хилээр оруулах тарифын бус хязгаарлалт тогтоосон доорхи нэр төрлийн биологийн идэвхит бүтээгдэхүүн илэрсэн болно. Үүнд:

  1. OMEGA-3 LilCritters витамин 220 ширхэгтэй-14 сав
  2. Vitamin C 1000 mg 500 ширхэгтэй- 8 сав
  3. Super B complex 500 ширхэгтэй- 12 сав
  4. One A day womens – 300  ширхэгтэй- 6 сав
  5. Calcium 500 mg vitafusion 100 ширхэгтэй 20 сав
  6. Vitamin E 180 mg 500 ширхэгтэй-8 сав
  7. Calaium citpatemagnesium and zinc+vitamin D3 500 ширхэгтэй- 23 сав
  8. Womens vitamin 220 ширхэгтэй- 4 сав

Гаалийн байгууллагад мэдүүлээгүй дээрхи витамины зүйлс илэрсэн тул хүлээн авагч Д.Сд мэдэгдэн, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийг заасныг тайлбарлан өгч, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, зөрчлийн үйлдэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээг хуулийн хүрээнд авч хэрэгжүүлсэн.

Д.Сийн гаргасан зөрчлийн талаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.У*******д мэдэгдэн, 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 1902000210 тоот зөрчлийн хэрэг нээн, прокурорын хяналтанд тус зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэсэн. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны дагуу Хураан авсан битүүмжилсэн хөрөнгө, эд зүйлд шинжилгээ хийлгэх тухай тогтоол үйлдэж, Гаалийн ерөнхий газрын гаалийн төв лабораторид витамины төрөл тус бүрээс шинжилгээнд хамруулсан. Д.Сийн нэр дээр ирсэн 8 нэр төрөлийн 95  сав витамины зүйлс нь биологийн идэвхит бүтээгдхүүн болох нь Гаалийн ерөнхий газрын гаалийн төв лабораторын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 07/687 тоот албан бичгээр сорилын дүнгээр тогтоогдсон болно.

Холбогдох бараа нь Эм эмнэлэгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, тэдгээрийн угтвар бодис, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.” гэж зааснаар тус тусгай зөвшөөрөл байхгүй болно.

Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-т “тарифын бус хязгаарлалт” гэж Монгол Улсын хилээр бараа нэвтрүүлэхийг хориглох, эсхүл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, тоон хязгаарлалт тогтоох болон бусад арга хэмжээг” ойлгоно гэж заасан байна. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд Тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрлийг зааж өгсөн байна. Тус хуулийн 15.12.9-д “биологийн идэвхт үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх үйлчилгээ эрхлэх”-д тусгай зөвшөөрлийн үндсэн дээр тус үйл ажиллагааг эрхэлж болохыг хуульчилж өгсөн байна.

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх зүйлд “Тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан.

...Хувийн хэрэглээний бараа гэдэг ойлголт нь зөвхөн зорчигчид хамаарах ба Гаалийн тухай хуулийн 230 дугаар зүйлд заасны дагуу гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх зорчигчийн хувийн эд зүйлийн жагсаалт, тоо хэмжээг гаалийн удирдах төв байгууллагын дарга батлана гэж заасан байна. Уг жагсаалтад зорчигчийн тухайн аялалын хугацаанд шаардлагатай эм тариаг хувийн хэрэглээний эд зүйлсд хамруулсан. Мөн Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 468 дугаар тушаалаар батлагдсан Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журамын 3.1 дэх хэсэгт Зорчигчийн аялалын хугацаанд эмчилгээнд хэрэглэх эмийн тоо хэмжээг эмнэлэгийн байгууллагын магадлагааг үндэслэн хилээр нэвтрүүлнэ” гэж байгаа нь нэхэмжлэлд дурьдсан Д.Сийн асрамжинд байгаа өндөр настай эгчийнх нь эмчилгээний буюу хувийн хэрэгцээний эмийн зүйлсийг улсын хилээр нэвтрүүлэх боломжгүй болохыг зааж өгсөн байна.

2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр н.Б******* 920 кг ачаанд хяналт шалгалт хийж мэдүүлсэн. Тус ачаад иргэн Д.Сийн нэр дээр ирсэн 1 хайрцаг 95 ширхэг 8 нэр төрлийн ачаа ирсэн. Саатуулаад хүлээн авагчийг дуудаад холбогдох дүрэм журмын дагуу танилцуулж өгсөн. Тухайн үед Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ явагдсан. Иргэн Д.С нь миний нэр дээр бараа ирсэн нь үнэн. Би бол авах ёстой байсан иймд хуулийн хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй гэж тайлбар гаргаж өгсөн. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй учраас зөрчлийн хэрэг нээсэн. 8 нэр төрлийн бүтээгдэхүүнээс биологийн идэвхт бүтээгдэхүүн мөн үү эсвэл хүнсний нэмэлт бүтээгдэхүүн мөн үү гэдгийг тодруулахын тулд Гаалийн ерөнхий газрын лабораторид дээж өгсөн. Дээжийн хариу 2019 оны 4 дүгээр сарын 10-нд гаалийн төв лабораториас ирсэн. Хариу бол иргэн Д.Сийн 8 нэр төрлийн бүтээгдэхүүн биологийн нэмэлт бүтээгдэхүүн мөн байна гэсэн дүгнэлт гарсан. Биологийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тусгай зөвшөөрөл авах ёстой байдаг. Гэтэл гомдол гаргагчийн хувьд тусгай зөвшөөрөл аваагүй байгаа.

Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11-д  “Тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Тус хуулийн заалтын дагуу зөрчлийн хэрэг шийдэгдсэн байгаа. Биологийн нэмэлт бүтээгдэхүүн гэдгийг Эмийн тухай хуулинд хүний бие махбодийн үйл ажиллагааг дэмжих зайлшгүй шаардлагатай эрдэс бодисоор нөхөх, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ бүхий бүтээгдэхүүнийг хэлнэ гэж зааж өгсөн. Магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн дүгнэлтийг үндэслэж нэвтрүүлж байгаа.

...Гомдол гаргагч нь мэдүүлгээс өмнө үзэх, хэмжих эрхтэй байгаа. Холбогдогчийн эрх үүргийг тайлбарлаж өгсөн. Хэрэв үзэж харах талаар хүсэлт гаргасан бол тус эрхийн эдлүүлэх байсан. Бусад эрхийн хувьд эдлүүлсэн гэж ойлгож байгаа.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Д.С нь Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ц.Пийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 012******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 012******* тоот шийтгэлийн хуудсаар Д.Сд Тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэх үндэслэлээр 385.181.5 төгрөгийн торгууль төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-д ““тарифын бус хязгаарлалт” гэж Монгол Улсын хилээр бараа нэвтрүүлэхийг хориглох, эсхүл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, тоон хязгаарлалт тогтоох болон бусад арга хэмжээг” гэж, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн /2010 он/ 7 дугаар зүйлийн 7.1-д “Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, тэдгээрийн угтвар бодис, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.” гэж тус тус заажээ.

Гаалийн хяналт шалгалтаар гомдол гаргагч Д.Сийн гаалийн байгууллагад мэдүүлээгүй гэх 8 нэр төрлийн 95 сав бүхий бүтээгдэхүүн нь биологийн идэвхит бүтээгдэхүүн болох нь Гаалийн ерөнхий газрын гаалийн төв лабораторийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 07/687 тоот албан бичгээр ирүүлсэн сорилын дүнгээр тогтоогдсон байна.

Гаалийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд энэ хуульд заасан журмын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ.” гэж, Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 468 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2 дугаар зүйлд зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг тухайлан зааж өгсөн бөгөөд Д.Сийн нэр дээр гаалийн хилээр нэвтрүүлэхээр завдсан гэх 8 нэр төрлийн 95 сав бүтээгдэхүүн нь зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамааралгүй байна.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11-д  “Тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан.

Иймээс Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд Д.Сийн тарифын бус хязгаарлалт тогтоосон 8 нэр төрлийн биологийн идэвхит бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчилд шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн байх тул гомдол гаргагч Д.Сийн “Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 012******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 012******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Д.Сийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.АДЪЯАСҮРЭН