Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2016/0044

 

"Ц к" ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 759 дүгээр шийдвэрт нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу "Ц к" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг, Тал нэртэй газарт 2451 гектар талбайд тусгай зөвшөөрөл хүссэн "Ц к" ХХК-ийн өргөдлийг хүлээн авч бүртгэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгуулах гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Кадастрын хэлтэс нь 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 104 дүгээр өргөргөөс баруун хэсгийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн тухай өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж байгаа бөгөөд 104 дүгээр өргөргөөс зүүн хэсгийн талбайд өргөдөл одоогоор хүлээн аваагүй байгаа болно. Энэ талаар Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй олгох үүднээс нутаг дэвсгэрийн баруун хагас буюу 104 дүгээр өргөргөөс баруун хэсэгт хамаарагдах 9 сая га талбайд эхний ээлжинд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талаар Уул уурхайн сайдын байгуулсан ажлын хэсэг асуудлыг боловсруулж 2014 оны 12 дугаар сарын 28, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэрэг холбогдох байгууллагуудад удаа дараа танилцуулж чиглэл авч ажилласан. 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газраас хэвлэлийн бага хурал хийж 104 дүгээр өргөргөөс баруун хэсгийн талбайд тусгай зөвшөөрлийг олгохоор олон нийтэд зарлан мэдээлсэн. Энэ нь захиргааны акт болно. Иймд "Ц к" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч байх үед зүүн хэсгийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан тул өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 759 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.25-д тус тус заасныг баримтлан "Ц к" ХХК-ийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан ... Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг, Тал нэртэй газарт 2451 гектар талбайд тусгай зөвшөөрөл хүссэн "Ц к" ХХК-ийн өргөдлийг хүлээн авч бүртгэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: 1. Тус компани нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д зааснаар "...ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх" , Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т "харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах", 7.1.6-д "өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх" үүрэгтэй гэж заасан байхад дээрх нийтлэг үүргээ хариуцагч биелүүлээгүй нь хууль бус гэж үзэн мэтгэлцсэн. Гэтэл шүүх ""Ц к"" ХХК-ийн гаргасан өргөдлийг бүртгэх нь тусгай зөвшөөрөл хүсэгч бусад этгээдүүдийн Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар түрүүлж өргөдөл гарган шийдвэрлүүлэх тэгш боломжийг хязгаарлана гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, манай компани нь хариуцагч Ашигт малтмалын газрыг хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх журам зөрчсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх зөвхөн өргөдлийг шийдвэрлэх зохицуулалтад хамааруулан Ашигт малтмалын тухай хуулийн 10, 11-р зүйлийн холбогдох заалт болон 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг баримтлан шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг баримтлан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Хариуцагч Ашигт малтмалын газар нь анхнаасаа тус компанийн гаргасан өргөдлийг цахимаар хүлээн авч, VРМ төхөөрөмж буюу өргөдлийн дугаар олгох бүртгэлийн системд нэвтрэх эрхийг төлбөртэйгээр олгож, үйлчилгээний хөлс 250.000 төгрөг төлөхийг шаардан, улмаар бичгийн хэлбэрээр өргөдлөө гаргах хугацааг зааснаар Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах боломжийг бүрдүүлсэн атлаа өргөдлийг хүлээн авч, бүртгэхтэй холбоотой Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1-т заасан ажиллагааг гүйцэтгээгүй эс үйлдэхүй нь өөрөө дээрх хуулийн заалтуудтай нийцэхгүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан бөгөөд зөвхөн өргөдлийг шийдвэрлэхтэй холбоотой 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

2. 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн "Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох" тухай 239 дүгээр тогтоолын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах эрх нээгдсэн. Тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийн талбай нь дээрх тогтоолоор батлагдсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох солбицолд хамаарч байгаа.

Нөгөөтэйгүүр хавтаст хэрэгт авагдсан Уул уурхайн яамнаас Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр бэлтгэсэн "Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бэлтгэл ажил"-ын танилцуулга болон Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны 2 дугаар тэмдэглэлд "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Ашигт малтмалын газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Уул уурхайн сайд Р.Жигжид Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бэлтгэл ажлын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох системийг олон нийтэд танилцуулах сургалт, сурталчилгаа зохион байгуулахыг Уул уурхайн сайд Р.Жигжидэд даалгав", мөн "...нутаг дэвсгэрийн баруун хагас буюу уртрагийн 104 дүгээр хагасаас баруун тийших хэсэгт хамаарагдах 9 сая га талбайд эхний ээлжинд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөж байна" гэсэн байна. Гэтэл шүүх нутаг дэвсгэрийн 104 дүгээр уртрагийн баруун хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг эхний ээлжинд сонирхогч хуулийн этгээдүүдээс авахаар шийдвэрлэсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн шүүх нэг талаас нутаг дэвсгэрийн 104 дүгээр уртрагаас баруун хэсгийн талбайд тусгай зөвшөөрөл олгохоор төрийн захиргааны байгууллагаас гаргасан аливаа тушаал, шийдвэр байгаа эсэх, нөгөө талаас манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурьдсан солбицолд сонирхогч этгээдээс тухайн цаг хугацаанд өргөдөл өгч болохгүй, хориглож байгаа талаар шийдвэр, мэдээлэл гарсан эсэхийг тодруулахгүйгээр хэргийг эцэслэн шийдсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д "Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ" гэсэн заалттай нийцэхгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 759 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, Ашигт малтмалын тухай хуулийг зөв хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь Манай компанийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт Тал нэртэй газрын 2451 гектар талбайд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүрээн авч бүртгэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараас дүгнэхэд Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн, ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэн, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг хуулийн дагуу зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайдад үүрэг болгосон, түүнчлэн Уул, уурхайн сайд нь Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах бүрэн эрх хэрэгжүүлнэ гэж заасны дагуу Засгийн газрын дээрх 239 дүгээр тогтоолоор тогтоосон талбайгаас эхний ээлжинд нутаг дэвсгэрийн баруун тал буюу 104 дүгээр уртрагийн баруун талд тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/85 дугаар албан бичгээр хүргүүлсэн тусгай зөвшөөрөл олгох бэлтгэл ажлын тухай холбогдох танилцуулгаар тогтоогдож байна.

Гэтэл "Ц к" ХХК нь дээрх талбайд бус харин тухайн үед өргөдөл хүлээн авч эхлээгүй байсан зүүн хэсэгт өргөдлөө гаргасан нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно, 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан шаардлага хангасан өргөдлийг хүлээн авч он, сар, өдөр, цаг минутыг тэмдэглэх, тухайн өдөр хамгийн түрүүнд болон сүүлд өгсөн өргөдөлд тусгай тэмдэглэл хийх, түрүүлж ирүүлсэн өргөдлийн талбайтай давхцаж байгаа эсэх шүүлт хийх зэрэг үйл ажиллагааг захиргааны байгууллага явуулахаар заажээ. Үүнээс үзвэл тусгай зөвшөөрлийг олгох эсэхийг шийдвэрлэхэд шаардлага хангасан өргөдлийн бүртгэгдсэн хугацаа онцгой ач холбогдолтой байна.

Нэхэмжлэгч нь захиргааны байгууллагаас олгож эхлээгүй байгаа талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан байх тул уг өргөдлийг дээрх хуулийн 19.1-д заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл бүртгэдэг дэвтэрт бүртгэж, хуульд заасан ажиллагаа хийх өргөдөл гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь захиргааны байгууллагаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд бусад хуулийн этгээдтэй тэгш эрхтэйгээр, шударгаар оролцох ёстой тул Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулсан харилцаа нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд үүсэхээргүй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо Тус компани нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь ... нийтлэг үүргээ биелүүлээгүй нь хууль бус гэж үзэн мэтгэлцсэн. Гэтэл шүүх "Ц к" ХХК-ийн гаргасан өргөдлийг бүртгэх нь тусгай зөвшөөрөл хүсэгч бусад этгээдүүдийн Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар түрүүлж өргөдөл гарган шийдвэрлүүлэх тэгш боломжийг хязгаарлана гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна гэсэн үндэслэлийг дурьдаж байгаа боловч ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгэснээр давуу эрх үүсэх тул зөвхөн өргөдөлдөө хариу аваад дуусгавар болох, хойшид хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж гаргасан эсэх талаар маргаан үүсэхгүй гэж дүгнэх боломжгүй. Энэ талаар анхан шатны шүүх Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно гэж зааснаар нэхэмжлэгч "Ц к" ХХК-ийн дээрх талбайд түрүүлж өгсөн өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрхийг зөрчөөгүй, харин ч 104 дүгээр уртрагийн баруун хэсгийн 9 сая га талбайд эхний ээлжинд хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хүлээн авах талаар нийтэд мэдээлсэн атлаа уртрагийн 104 дүгээр градусаас зүүн хэсгийн талбайд "Ц к" ХХК-ийн гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгэх нь тусгай зөвшөөрөл хүсэгч бусад этгээдүүдийн Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар түрүүлж өргөдөл гарган шийдвэрлүүлэх тэгш боломжийг хязгаарлах юм гэж үндэслэлтэй зөв дүгнэсэн байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 759 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР