Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2019/00566

 

М.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/01984 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2349 дүгээр магадлалтай

М.Агийн нэхэмжлэлтэй,

Ц.А, Б.Г нарт холбогдох

“Зээлийн гэрээ”-ний үүрэгт 35 508 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Ц.Аын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Ц.А, хариуцагчийн өмгөөлөгч Э.Халиун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Ц.Атай 2014 онд хуучин Мобикомын хажууд байрлах Чингэлтэй дүүргийн 5-р хороо, 11 дүгээр байрны 2-р орцны 16 тоотод лам багшийн өргөөнд анх танилцсан байдаг. /сардаа 6 удаа ном уншдаг байсан бөгөөд маш олон хүн суудаг байсан/ нэхэмжлэгч, хариуцагч нар нь лам багшийн өргөөнд тааралдах бүртээ үе үе ойр зуурын юм ярилцдаг болсон бөгөөд нэг өдөр хариуцагч Ц.А нь “Надад мөнгө хэрэгтэй байна. Хүүтэй мөнгө зээлдүүлээч” гэж нэхэмжлэгчээс гуйсан байдаг. Тэр үед хариуцагч Ц.А нь Тэнгис кино театрын хажууд ресторан, Төв Гандантэгчлэн хийдийн урд шашны дэлгүүр ажиллуулдаг байсан тул нэхэмжлэгч эргүүлээд төлчих байх гэж итгэн 8,0 сая төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй тэдэнд зээлдүүлэхээр ярилцаж тохиролцсон байдаг. Гэвч тухайн үед нэхэмжлэгч өөрийнхөө эгч болон найздаа мөнгөө зээлдүүлсэн байсан тул бэлэн 8,0 сая төгрөг байгаагүй, зээлдүүлсэн мөнгөө буцаан авахад хугацаа хэрэгтэй байсан байдаг. Гэтэл хариуцагч Ц.А нь 2014.10.16-ны өдөр гэнэт нэхэмжлэгч рүү утсаар залгаж 8,0 сая төгрөг өнөөдөр хэрэгтэй байна, зээлдүүлээч гэсэн тул нэхэмжлэгч өөртөө байсан 5,0 сая төгрөг дээр ажлын эгч болох В. Мөнхтуяагаас 3,0 сая төгрөг зээлж аван нийт 8,0 сая төгрөг болгон бүрдүүлсэн байдаг бөгөөд эдгээр нь энэхүү нэхэмжлэлд хавсаргаж шүүхэд өгсөн ХААН банкны дансны хуулгаар нотлогддог. Ингээд 2014.10.16-ны өдөр нэхэмжлэгч нь хариуцагч нартай хамт Сонгинохайрхан дүүргийн Саппород байрлах Бармон барилгын 2-р давхарт суудаг Ж.Мөнхцэцэг (нотариатчын тамганы дугаар 338) нотариатч дээр очиж 8,0 сая төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй, 2015.10.16-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлдүүлэх зээлийн гэрээг зээлдэгч Ц.А, Б.Г нартай байгуулж уг гэрээг нотариатчаар гэрчлүүлж Бармон барилгын гадаа зогсож байсан Ц.А, Б.Г нарын эзэмшлийн Тоёота Прадо маркийн автомашинд сууж 4 боодол (тус бүр нь 100 ширхэгтэй) 20 000-тын дэвсгэртийг тоолж Ц.А, түүний нөхөр болох Б.Г нарт бэлнээр хүлээлгэн өгч зээлдүүлсэн байдаг.

2015.10.17-ны өдөр нэхэмжлэгчийн хүнээс авах байсан мөнгө түүний ХААН банкны 5003346949 тоот дансанд шилжиж орж ирсэн тул ажлынхаа эгч В.Мөнхтуяад түүнээс өмнө зээлж авсан 3,0 сая төгрөгийг нь эргүүлэн өгсөн байдаг. Хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу cap бүр төлбөл зохих зээл, хүүгийн төлбөрөө хугацаа хэтрүүлэх, хойшлуулах, төлөхгүй байх зэргээр гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байсан боловч нэхэмжлэгч хариуцагч нарыг төлнө гэж итгэсээр өнөөдрийг хүрсэн байдаг. Нэг өдөр хариуцагч Ц.А нэхэмжлэгч рүү утсаар залгаж БНХАУлс руу явах хэрэгтэй байна. Нэмж 2,0 сая төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлээч гэж дахин гуйсан байдаг. Улмаар нэхэмжлэгч нь өөрийн ээж Чойрогын Мантайсүрэнгээс дээрх 2,0 сая төгрөгийг зээлдүүлэхийг гуйсан байдаг бөгөөд Ч.Мантайсүрэн гуай өөрийн ХААН банкны 5122014690 дугаарын дансны үлдэгдэлийг өөрийн 5990124512 тоот данс руу шилжүүлгийн гүйлгээ хийн хааж, 2,0 сая төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн байдаг. Энэхүү үйл баримт нь нэхэмжлэлд хавсаргаж хүргүүлсэн Ч.Мантайсүрэнгийн ХААН банкны дансны хуулгаар нотлогдоно.

Ингээд нэхэмжлэгч нь өөрийн ээж Ч.Мантайсүрэнгээс зээлж авсан 2,0 сая төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэйгээр өөрийнхөө ажлын үүдэн дээр 2015.01.26-ны өдөр хариуцагч нарт бэлнээр хүлээлгэн өгч зээлдүүлсэн бөгөөд хариуцагч нар гарын үсэг зурж уг мөнгийг хүлээж авсан байдаг. Зээлийн гэрээний дагуу хариуцагч нар нь 8 сая төгрөгийн зээлийн хүүг cap бүрийн 16-ны өдөр, 2,0 сая төгрөгийн зээлийн хүүг cap бүрийн 26-ны өдөр нэхэмжлэгчид төлөх ёстой байсан. Гэтэл 8,0 сая төгрөгийг 2014.11.16-2017.08.16-ны өдрийг хүртэл 34 cap ашигласны зээлийн хүү 27 200 000 төгрөгөөс 1 500 000 төгрөгт бурхан, 4 сая 900 мянган төгрөгийг бэлнээр, 300 000 төгрөгийг нэхэмжлэгчийн ХААН банкны 5003346949 тоот данс руу бэлэн бусаар шилжүүлж мөнгөөр болон эд хөрөнгөөр нийт 6 сая 700 мянган төгрөгийг зээлийн хүүнд төлж, үүнээс хойш ямар ч төлбөр өнөөдрийг хүртэл огт төлөөгүй байна.

Мөн 2015.01.26-ны өдөр зээлж авсан 2,0 сая төгрөгийг 2015.02.26-2017.08.26-ны өдрийг хүртэл 31 cap ашигласны зээлийн хүү 6 200 000 төгрөгөөс нэхэмжлэгчийн ХААН банкны 5003346949 тоот дансаар 150 000 + 250 000+100 000 = 500 000 төгрөг төлж, 297 000 төгрөгт бараа (хүнс) тооцож өгсөн, мөн 7 хувааж 465 000 төгрөг төлсөн, улмаар зээлийн хүүнд нийт 1 262 000 төгрөг төлж, үүнээс хойш ямар ч төлбөр төлөөгүй байна.

Нэхэмжлэгч нь зээлдүүлсэн мөнгөө, хүүгийн хамт буцаан төлөх талаар хариуцагч нарын утас руу нь удаа дараа залгаж шаардаж байсан боловч удахгүй төлнө гэж худлаа хэлэх эсхүл уурладаг, эцэстээ утсаа ч авахаа больсон байдаг. Хамгийн сүүлд нэхэмжлэгч нь өөрийн ээж Ч.Мантайсүрэн, найз н.Өлзийбат (гэрч нар) нарын хамт 2017.08.31-ний өдөр хариуцагч нартай биечлэн уулзахад хариуцагч Б.Г “Удахгүй цалингийн зээл аваад төлнө, аавынхаа хурдан морийг зараад төлнө” гэж хэлсэн байдаг бол, харин Ц.А нь 2017.08.31-ний өдөр нэхэмжлэгчид хандан “Би М.Агаас 2014.10.16-ны өдөр 8 сая төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн. Уг мөнгөний xүү болох 6 сая 400 мянган төгрөгийг төлсөн, үлдсэн өнөөдрийнх хүртэл хүүг төлөөгүй. Мөн М.Агаас өөрөөс нь 2,0 сая төгрөгийг 2015.01.26-ны өдөр сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Үүнээс төлсөн хүү нь 1 262 000 төгрөгийг төлсөн.Үлдсэн хүүг төлөөгүй нь үнэн болно. Мөн үндсэн зээл болох 10,0 сая төгрөгийг төлөөгүй нь үнэн болно” гэсэн агуулгатай нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, түүнийг ойрын хугацаанд биелүүлэх баталгааг нэхэмжлэгч М.Ад бичгээр гаргаж өгсөн байдаг.

Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь 2017.08.31-ний өдөр нэхэмжлэгчид хандаж түүнээс дээр дурдсан зээлүүдийг зээлж авсан бөгөөд зээлийн хүүнд тодорхой хэмжээний төлбөр төлсөн, үндсэн зээлээс төлөлт хийгээгүй, үндсэн зээл болон түүний хуримтлагдсан хүүг М.Ад ойрын хугацаанд төлж барагдуулахаа баталж зөвшөөрсөн байдаг. Хариуцагч нар нь нэхэмжлэгчээс зээлж авсан дээр дурьдсан мөнгөө, хүүгийн хамт өнөөдрийг хүртэл буцаан төлөхөөс зайлсхийж нэхэмжлэгчийг хохироосоор байна.

Иймд хариуцагч Ц.А, Б.Г нараас 2014.10.16-ны өдөр зээлдүүлсэн 8,0 сая төгрөг, түүний хүүгийн үлдэгдэл төлбөр 20 500 000 төгрөг, нийт 28 500 000 төгрөг, мөн 2015.01.26-ны өдөр зээлдүүлсэн 2 000 000 төгрөг, түүний хүүгийн үлдэгдэл төлбөр 4 938 000 төгрөг, нийт 6 938 000 төгрөг, бүгд 35 438 000 төгрөгийг гаргуулах, хариуцагчийг эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гаргуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг гаргуулах, Нийт 35 508 200 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Гйн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Ц.А  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 10 дугаар сарын 16-нд байгуулагдсан зээлийн гэрээнд заасан хүүг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу багасгах хүсэлтэй байна.Ц.А 2014 онд хоолны газар ажиллуулан бизнес эрхэлдэг байсан бөгөөд тухайн үед мөнгөний шаардлага гаран М.Агаас 8 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаатай зээлж, зээлийн гэрээг байгуулсан. Тус гэрээгээ 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нотариатаар баталгаажуулсан. Ц.А нь cap бүр 800 000 төгрөг буюу зээлийн хүүг чадан ядан төлж, 1 500 000 төгрөгийн үнэтэй бурхан, дансаар 300 000 төгрөг, нийт 6 700 000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Өндөр хүүтэй зээлийн уршигаар Ц.Аын бизнес дампуурч, тогтсон ажилгүй, тогтмол орлогогүй байгаагийн улмаас өрөө төлж чадахгүй, эдийн засгийн хүнд хямралд ороод байна. Талуудын хооронд 2014 онд зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд 2014 оны 10 сард Монгол банкны зээлийн хүүгийн мэдээлэлд цалингийн зээлийн жилийн хүү 14.4-27,6 хувь, бизнесийн зээлийн жилийн хүү 21,6-33 хувь хүртэл байсан байна. Түүнчлэн, өнөөдрийн байдлаар Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн дундаж хүү нь сарын 3.5-4.5 хувийн хооронд байна. Гэтэл дээрх зээлийн гэрээнд заасан сарын 10 хувийн хүү нь жилийн 120 хувийн хүүтэй буюу зээлсэн 8 000 000 төгрөг нь 17 600 000 төгрөг болж өсгөсөн нь мөнгө хүүлэх үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлтэйгээс гадна иргэн Ц.Аын төлсөн 6 700 000 төгрөг зөвхөн зээлийн хүүнд гэж тооцон үндсэн зээл болох 8 000 000 төгрөгөөс хасч тооцолгүйгээр нэхэмжилсэн нь үндэслэлгүй зээлийн эргэн төлөлтийн график гаргаагүй нь нотлох баримтаар тогтоогддог. Мөн зээлийн гэрээ 1 жилийн хугацаатай байхад нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх өдрөөр хүүг тооцож нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгийг нэхэмжилсэн байна. Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасан сарын 10 хувийн хүү нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасан хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасны дагуу Ц.Ад дээрх зээлийн гэрээний хүү нь илт хохиролтой байх тул шүүх зээлийн хүүг дээр дурдсан зах зээлийн дундаж үзүүлэлтийн дагуу багасган шийдвэрлэж өгнө үү. Мөн 2 000 000 төгрөгийг зээлдүүлэхдээ Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү авах эрхээ алдсан. Уг зээлийн төлбөрөөс 1 262 000 төгрөгийг буцааж төлсөн үлдэх хэсгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/01984 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.А, Б.Г нараас 11 638 000 төгрөгийг гаргуулж М.Ад олгож, үлдэх 23 870 200 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335 491 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.А, Б.Г нараас 201 158 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2349 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/01984 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111 238 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: М.Агийн нэхэмжлэлтэй Ц.Ад холбогдох иргэний хэрэгт холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 01984 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2349 дугаартай магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай.

Магадлалын хянавал хэсэгт “Хариуцагч нарын өмгөөлөгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дах хэсэгт зааснаар шүүх хүүг зах зээлийн дундаж үзүүлэлтээр тогтоох үндэслэлтэй гэх тайлбартаа ИХШХШТХ-ийн 25-р зүйлийн 25.2.2-т заасныг нотолж чадаагүй, ИХ-ийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргийг хэн алинаас нь шаардах эрхтэй...” гэж дүгнэсэн байна.

ИХ-ийн 282.2 дахь заалтаас харвал, уг заалтын гол урьдчилсан нөхцөл нь гэрээнд заасан хүүгийн хэмжээ нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, өдөр тутмын амьдралын харилцаанд жишиг болж тогтсон хэм хэмжээнээс хэтэрсэн байх явдал юм. Өөрөөр хэлбэл, тухайн зээлийн хүүгийн хувь нь илт шударга бус өндрөөр тогтоосон явдал юм. Маргаан бүхий зээлийн гэрээний сарын хүү 10 хувь байгаа нь 2014 оны байдлаар Монгол банкны зээлийн хүүгийн мэдээлэлд цалингийн зээлийн жилийн хүү 14.4-27.6 хувь, бизнесийн зээлийн жилийн хүү 21.6-33 хувь хүртэл байснаас хэт өндөр байна. Энэ мэдээллүүд нь Монгол банкны вэб сайтад нийтэд нээлттэй мэдээлэл байдаг бөгөөд үүнийг давхар нотлох шаардлага байхгүй болов уу. Учир нь сарын хүү бол хэт өндөр хүүгийн хэмжээнд орж байгаа нь ойлгомжтой байна. Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн дундаж хүү нь сарын 3.5-4.5 хувийн хүүтэй байна.

Иймд ББСБ-ын дундаж хүү болох сарын 4.5 хувиар тооцоолол хийвэл 8 000 000 *4.5=360 000,            360 000*12 сард=4 320 000 төгрөг, үндсэн зээл 8 000 000 төгрөг+4 320 000=12 320 000 төгрөг, 12 320 000-6 700 000=5 620 000 төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд үлдэх 6 018 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байгаа болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй.

Нэхэмжлэгч Ц.А болон Б.Г нарыг хариуцагчаар татсан боловч нэхэмжлэлийн шаардлагын үүргийг буюу Ц.Ааас хэдэн төгрөгийг гаргуулах, Б.Ггаас хэдэн төгрөгийг гаргуулах талаар шүүх тодруулж асуугаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодруулж дурдаагүй байна. Нөгөөтэйгүүр Ц.А нь авсан зээлээ 100 хувь буцаан төлөх тухай хариу тайлбар болон шүүхэд мэтгэлцэж байхад илэрхийлсэн. М.Агийн нэхэмжлэл, гэрчийн мэдүүлэг зэрэгт Ц.Ад зээлдүүлсэн Ц.Ааас нэхэмжилсэн гэж мэдэгдсэн байдаг. Иймд Б.Гг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М.А нь Ц.А, Б.Г нарт холбогдуулан “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 35 508 200 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, зээлийн хүүгийн хэмжээ илт их байгаа нь зээлдэгчид хохиролтой байна гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч нараас 11 638 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23 870 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Зээлдэгч Ц.А, Б.Г нар нь 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр М.Агаас 8 000 000 төгрөгийг нэг жилийн хугацаатай, сарын 10%-ийн хүүтэйгээр, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 2 000 000 төгрөгийг тус тус зээлсэн, гэрээний хугацаанд 8 000 000 төгрөгийн гэрээний үүрэгт 6 700 000 төгрөгийг, 2 000 000 төгрөгийн гэрээний үүрэгт 1 262 000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч М.А гэрээний үүргийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцож 8 000 000 төгрөгийн зээл, тус зээлийг 34 сар ашигласан хугацааны хүүгийн үлдэгдэл төлбөр 20 500 000 төгрөг, 2 000 000 төгрөгийн үндсэн зээл, тус зээлийг 31 сар ашигласны үлдэгдэл төлбөрийн хүүнд 4 938 000 төгрөг, нийт 35 438 000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн байна.

Шүүх талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, хэргийн оролцогчоос гаргаж хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн байна.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй, хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй  бол хүү авах эрхээ алдана. 

Зохигч 8 000 000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулсан, 2 000 000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч гэрээний талаар маргаагүй байна.

2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 8 000 000 төгрөгийн зээлийн гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлон, хүсэл зоригоо хуулийн хүрээнд чөлөөтэй илэрхийлж, гэрээнд гарын үсгээ зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т зааснаар хэлцэл хүчин төгөлдөр, гэрээний талуудын чөлөөт байдалд нийцсэн гэж үзнэ.

Иймд шүүх 8 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг гэрээнд заасан хугацаа, хүүг тооцож, төлөх ёстой төлбөрөөс төлсөн төлбөрийг хасч, үлдэх төлбөрийг гаргуулахаар, 2 000 000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул төлсөн төлбөрийг хасч үлдэх төлбөрийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1. дэх заалтад нийцсэн байна.

Зээлийн гэрээнд зээлийн хүүг сарын 10%-иар тохиролцсон нь харьцангуй өндөр хувиар хүүг тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байх боловч зээлдэгч нь зээлийг 2014 онд нэг жилийн хугацаатай авсан, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд буюу 2018 он хүртэлх хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй, шүүх зээлийн хүүг гэрээний хугацаагаар тооцсон тул хүүгийн хэмжээг хариуцагч нарт илт хохиролтой тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна.

Хариуцагч Б.Г нь зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан, зээлдүүлэгч нь түүнийг хариуцагчаар татаж, нэхэмжлэлийг хамтран хариуцуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1. дэх заалтыг зөрчөөгүй байх тул “...зээлийн хүү банкны болон хадгаламж зээлийн хоршооны зээлээс хэт өндөр, илтэд хохиролтой тогтоогдсон,  ...Б.Г нь хариуцагч биш...” гэх үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан  хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/01984 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2349 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Ц.Аын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ц.Ааас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111 250 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            П.ЗОЛЗАЯА          

                                    ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД