Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 65

 

Б.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                            Я.Туул

Шүүгчид                                         Ц.Амаржаргал

                                                       Б.Манлайбаатар                            

Прокурор                                       Д.Энхтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Н.Баярмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж шийдвэрлэсэн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 194 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ын О-т холбогдох эрүүгийн 1818003210181 тоот, 166/2018/0180/Э индекстэй 1 хавтас хэргийг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д- овогт Б-ын О- /РД: **********/, урьд ял шийтгэлгүй,

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Б.О- нь 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 16:50 цагт Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, ХААН банк дотор иргэн Х.О-ийн өөрийнхөө дансанд хийлгүүлэхээр өгсөн 160.000 төгрөгийг өөр хүний дансанд шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 194 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Д- овогт Б-ын О-ыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Шүүгдэгч Б.О- нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х.О- нь санал гомдолгүй, нэхэмжпэх зүйлгүй болохыг дурдаж,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.О-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.О-т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Б.О-ыг 6 сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр... шийдвэрлэжээ.

Прокурор Д.Энхтуяа давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ:

“...Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд, Б.О-ыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Б.О-ыг 6 сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлж шийдвэрлэснийг эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь хугацаа зааж ялаас чөлөөлөх тухай ойлголт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д хуульчлагдаагүй байхад анхан шатны шүүх шүүгдэгчийг 6 сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр зохих өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Д.Энхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“... Хугацаа зааж ялаас чөлөөлөх тухай ойлголт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т хуульчлагдаагүй байхад анхан шатны шүүх шүүгдэгчид 6 сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Хорих ялаас чөлөөлж шийдвэрлэх гэж байх ёстой учраас анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Прокурорын эсэргүүцэлтэй санал нэг байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүх Б.О-т холбогдох хэрэг бүрэн тогтоогдож нотлогдсон тул эрүүгийн хариуцлага ногдуулах, ийнхүү ногдуулахдаа шүүгдэгч нь түнхний мултрал оношоор хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан, бага насны хүүхэдтэй, эрхэлсэн ажилгүй, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Энхтуяа “...шүүгдэгч Б.О-ыг 6 сарын хугацаагаар ялаас чөлөөлсөн нь  эрүүгийн хууль буруу хэрэглэсэн” гэж үзээд эсэргүүцэл бичжээ.

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Б.О-т холбогдох хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд шүүгдэгчийн үйлдсэн хэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон бөгөөд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл зэргийг харгалзан үзээд оногдуулсан хорих ялаас чөлөөлсөн нь үндэслэлтэй боловч 6 сарын хугацаагаар ялаас чөлөөлсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагыг хангаагүй байна.

Тухайлбал: Анхан шатны шүүх шүүгдэгч Б.О-ыг 6 сарын хугацаагаар ялаас чөлөөлсөн нь 6 сарын дараа шүүхээс оногдуулсан ялыг биелүүлэхээр ойлгогдож байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд ...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх ...ялаас чөлөөлөхдөө ямар нэгэн хугацаа тогтоогүй байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5-д  зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 194 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг:

“5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 06 сарын хохих ялаас чөлөөлсүгэй” гэж өөрчлөлт оруулж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

 

 

                                                    ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                        ШҮҮГЧИД                                        Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                 Б.МАНЛАЙБААТАР