Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2014/0724/З |
Дугаар | 221/МА2016/0040 |
Огноо | 2016-01-07 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2016/0040
Т.Б, Ч.Б нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, гуравдагч этгээд Д.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.О, Б.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 615 дугаар шийдвэрт гуравдагч этгээд Д.Г, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Т.Б, Ч.Б нарын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 12-ний өдрийн 59 дүгээр захирамжийн иргэн С.Х, мөн оны 06 дугаар сарын 22-ний өдрийн 274 дүгээр захирамжийн иргэн Д.Гд холбогдох хэсгийн нэхэмжлэгчдийн барьсан "О" дэлгүүрийн газартай давхцал бүхий хэсгийг тус тус хүчингүй болгуулах гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Маргаан бүхий уг газрыг анх С.Х дүүргийн Засаг даргын 2010 оны 59 тоот захирамжаар 16 дугаар хороо, Туулын 4 дүгээр гудамжинд худалдаа, үйлчилгээний зориулалтаар 70 м2 газрыг 5 жилийн хугацаатай газар эзэмшүүлэхээр олгогдсон ба 2010 оны 274 тоот захирамжаар Д.Гд нэр шилжигдэн үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаатай олгон, гэрээ байгуулагдсан байна. Дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас лавлагаа гаргаж өгөхийг хүссэн боловч газар эзэмших эрхийн гэрчилгээ нэхэмжлэгч нарт байхгүй байна. Газрын тухай хуулийн 27.1, 27.3 27.4 заалтын дагуу газар эзэмших, ашиглах эрхтэй гэж нэхэмжлэгч иргэдийг үзэхээргүй байх тул Газрын тухай хуулийн 31.3-т заасны дагуу бусдын эзэмшил, ашиглаж байгаа газартай давхцсан байдлаар газрыг эзэмшүүлээгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн С.Хаас Д.Гд шилжүүлэн олгосон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд С.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: С.Хын нэр дээр анх 2009 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн Засаг даргын 163 дугаар захирамжаар 600 м2 талбай бүхий Орхоны 14 тоот хаягт газар эзэмших гэрчилгээ гаргасан. Энэ андуурсан болохыг тэр дор нь тухайн үед өргөдөл өгч залруулсан болно. Анх газар хүссэн өргөдлийг харахад л тодорхой болно. Анх өргөдөл өгөхдөө "Амарбаясгалант" дэлгүүрийн нэр дээр газар хүссэн өргөдөл байгаа. Газрын алба дараа, дараагийн захирамжуудаар зөрчлийг арилгасан хаягт газар эзэмших гэрчилгээ гаргасан. Энэ андуурсан болохыг тэр дор нь тухайн үед өргөдөл өгч залруулсан болно. Анх газар хүссэн өргөдлийг харахад л тодорхой болно. Анх өргөдөл өгөхдөө "Амарбаясгалант" дэлгүүрийн нэр дээр газар хүссэн өргөдөл байгаа. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Д.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.Г миний бие Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 4 дүгээр гудамжинд 70 м2 газрын хууль ёсны эзэмшигч нь билээ. Иргэн Т.Б, Ч.Б нар нь тухайн газрыг эзэмшиж, ашиглах зөвшөөрөлгүй ба Баянгол дүүргийн Газрын алба болон Д.Г надтай ямар ч гэрээ хийгээгүй, бас тухайн иргэдийн нэр дээр газрын харилцаа үүсгэгдээгүй байгаа юм. Энэ тухайгаа нэхэмжлэгч нар сайтар мэдэж байгаа бөгөөд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд өгсөн хариу тайлбартаа бичсэн билээ. Иймээс иргэн Д.Г миний эзэмшиж байгаа тус газар нь хэн нэгэн хүний хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан газартай давхцал үүсээгүй тул дээрх иргэдийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 615 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б, Т.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тулцэцэг нарын гаргасан нэхэмжлэлийг хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 59 дүгээр захирамжийн иргэн С.Х, мөн оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 274 дүгээр захирамжийн иргэн Д.Гд холбогдох хэсгийн нэхэмжлэгчдийн барьсан ""О"" дэлгүүрийн газартай давхцал бүхий хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд Д.Г давж заалдах гомдолдоо: ...Уг тогтоолд: Хэдийгээр нэхэмжлэгчдийн газар эзэмших эрх нь Газрын тухай хуульд заасны дагуу үүсээгүй ч 2002 оноос хойш барьж, тодорхой хэмжээнд дүүргийн газрын албатай гэрээ байгуулан олон жилийн турш үйл ажиллагаа явуулсан барилгын "О" дэлгүүрийн хэсгийг гуравдагч этгээд нарт нэмэгдүүлэн эзэмшүүлсэн гэжээ.
Үүнээс харахад 1. Нэхэмжлэгчдийн газар эзэмших ашиглах эрх нь Газрын тухай хуулийн 27.1 газрыг энэ хуульд заасан зориулалт хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3-т нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ аваагүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэсэн заалтуудын дагуу эрх нь үүсгээгүй гэж дүгнэсэн байна.
2. 2002 оноос хойш тодорхой хэмжээнд дүүргийн газрын албатай гэрээ байгуулсан гэжээ. Нэгэнт нэг зүйлийн талаар 2 өөр дүгнэлт хийж байгаа нь баримтыг буруу үнэлсэн шийдвэрлэсэн байна.
Адис гэх дэлгүүр нь бидний маргаан бүхий газарт огт хамааралгүй 19 м.кв газар юм. Уг дэлгүүр нь 2002 оноос хойш хог хаягдлын мөнгө болон газар ашигласны төлбөрийг 19 м.кв тооцон актаар төлсөн байдаг. Гэтэл бидний энэ газартай маргаан үүсгээгүй учир бидэнд огт хамаагүй билээ.
Харин маргаан бүхий "О" гэх дэлгүүр нь 19 м.кв талбайд /хог хаягдлын гэрээтэй/ хамаардаггүй буюу миний эзэмшиж байгаа газартай давхцсан байгаа.
Хүсэлт гаргасан газар нь бусдын газартай давхцаагүй гэсэн шаардлагыг миний хувьд зөрчөөгүй. Манай ээж С.Х ба Д.Г би 2009 ба 2010 онуудад газар эзэмших, нэр шилжүүлэн авах хүсэлтүүдээ гаргаж, зохих журмын дагуу гэрээ, гэрчилгээтэй болсон. Адис дэлгүүрийн хувьд 2015 онд буюу энэ онд 6-р сарын үед хүсэлтээ гаргасан /гэхдээ энэ газар нь миний эзэмшиж байгаа газарт огт хамааралгүй газар гэдгийг удаа дараа хэлж байсан./ Иймээс хуулийн дагуу хүсэлт гаргасан анхдагч нь би юм.
Мөн тушаал дээрх үндэслэл дээр гуравдагч этгээд Д.Ггийн гаргаж өгсөн фото зураг нь тухайн үед уг газар нь хоосон байсныг батлах бөгөөд энэ нь 2002 он гэхэд одоогийн үйл ажиллагаа явуулж буй дэлгүүр баригдсныг нотлож байна гэжээ. Энэ зураг нь 1999 оны зураг бөгөөд би энэ зургаар хан нь үйл ажиллагаа явуулж буйнхаа хувьд анхдагч болох вэ гэдгийг зорьсон баримт юм.
Ингээд дүгнэхэд: -Үйл ажиллагаа явуулж эхлэсний хувьд анхдагч,
-хүсэлтээ журмын дагуу гаргасны хувьд анхдагч
-гэрээ, гэрчилгээтэй хүний хувьд анхдагч,
-газрын төлбөрийг бүрэн гүйцэд төлсний хувьд шударга ёсонд нийцсэн учир уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Шүүхийн шийдвэр үндэслэл муутайн тухайд:
Нэхэмжлэгч Батчимэг нь 19 м.кв ашиглагч гэж үзэж байгаатай маргахгүй /Жич: энэ нэхэмжлэгч нь одоогоор 19 м.кв газрын хог хаягдал төлдөг ба 19 м.кв газрын төлбөрийг газрын албанд төлдөг гэх боловч бодитоор 58 м.кв газрыг ашиглаж байна./ Энэ нь шударга ёсонд нийцнэ гэдэгтэй санал нийлэхгүй байна.
Нэхэмжлэгч Баасансүрэн 20 м.кв газрыг ашиглагч, эзэмшигч гэж үзэхгүй байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 19 м.кв талбай нь 2002 оноос хойш ашиглагдаж ирсэн ба тодорхой хэмжээний төлбөр төлсөн гэх уг газар нь Баасансүрэнд огт хамааралгүй газар болно.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 615 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ :
Гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Гандантэгчилэн хийдийн орчимд Д.Г нь Амарбаясгалант дэлгүүрийг, Т.Б нь Адис дэлгүүрийг, Ч.Б нь "О" дэлгүүрийг тус тус ажиллуулдаг байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, мөн зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заажээ. Нэхэмжлэгч Д.Ггийн /ээж С.Х/ тухайд хэдийгээр хамгийн анх өөрийн дэлгүүрийг барьсан боловч анх Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 59 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн дагуу дэлгүүрийн доорх 53 м.кв газраа эзэмших эрхтэй болсон байна. Тодруулбал, 2010 оны 2 сарын 12-ны өдрийг хүртэл хэн аль нь хуулийн хүчин төгөлдөр Засаг даргын захирамж, гэрчилгээ, гэрээгүй тус тусын дэлгүүр байрлах газраа эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байжээ.
Иргэн С.Х 2010 оны 2 сард газар эзэмших эрхтэй болсоны дараа мөн оны 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 274 дүгээр захирамжаар өөрийн газар эзэмших эрхээ охин Д.Гд шилжүүлсэн байна. Ийнхүү шилжүүлэхдээ хариуцагчийн зүгээс сайтар тодруулж тогтоолгүй, маргаан бүхий актаар С.Хын эзэмшиж байсан 53 м.кв газрыг охин Д.Гд нь 70 м.кв болгон нэмэгдүүлж, улмаар шилжүүлэн эзэмшүүлсэн нь буруу болжээ.
Ийнхүү 17 м.кв-аар нэмэгдүүлэн эзэмшүүлсэнээс болж одоогийн ""О"" дэлгүүр байрлах хэсэгтэй давхцалтай болж улмаар маргаан гарах үндэслэл болжээ.
Гэтэл бодит байдал дээр С.Х /охин Д.Г/ нь 70 м.кв биш 53 м.кв газар эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байсан болох нь иргэн Т.Халтарын Нийслэлийн Газрын албанд 2009 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан "...Гандан хийдийн төв хаалганы зүүн урд хэсэгт орших Амарбаясгалант шашны эд зүйлсийн дэлгүүрийг миний бие 11 жилийн турш ажиллуулж ирлээ. Иймээс ...уг газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж өгнө үү" гэсэн иргэн Д.Ггийн Баянгол дүүргийн Газрын албанд 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гаргасан "...төрсөн ээж С.Хын нэр дээр эзэмшиж байсан ... Амарбаясгалант дэлгүүрийн худалдаа, үйлчилгээний зориулалтаар ашиглаж буй 53 м.кв талбай бүхий газрыг шилжүүлэн авсан тул ...гэрчилгээ олгож тусална уу" гэсэн өргөдлүүд, Т.Халтар, Д.Г нарын хооронд байгуулсан 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-нд газрын хэмжээг 53 м.кв гэж, мөн 1-р хавтаст хэргийн /цаашид хх гэх/ 72 дахь талд авагдсан "Бориг тэс" ХХК-аар хийлгүүлсэн газрын байршлын кадастрын зурагт 53 м.кв гэж тус тус бичигдсэн, дэлгүүрийн доорх газрын хэмжээ 53 м.кв болохыг Д.Г шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн төдийгүй шүүхийн үзлэгээр хийсэн хэмжилт зэргээр тогтоогджээ. Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд бодит байдалд гуравдагч этгээд Т.Халтар "Амарбаясгалант" дэлгүүрийн доорх газрыг эзэмшиж байснаас бус чанх хойд талд нь залгаа орших ""О"" дэлгүүртэй ямар ч хамааралгүй буюу уг дэлгүүрийн доорх газрыг өмнө нь эзэмшиж байгаагүй гэж дүгнэхээр байна.
Харин Д.Ггийн дээрх өргөдөлд "...өмнө орхигдсон өөрийн эзэмшиж байгаа 17 м.кв газрыг нэмж эзэмших эрх олгож өгнө үү" гэсэн байдаг ч маргаж байгаа газрыг урьд нь эзэмшиж байсан гэх байдал нотлох баримтаар тогтоогдоогүй.
"О" болон Адис гэх дэлгүүр нь одоо ч үйл ажиллагаа явуулж байгаа боловч Газрын тухай хуульд заасан хүчин төгөлдөр гэрээ, гэрчилгээгүй, тэдэнд газар нэгэн адил эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Засаг даргын захирамж гараагүй байгаа нь тэдний барилгаа барьж дэлгүүрээр ашиглаж байгаа газрыг хүсэлт гаргасан хэн ч эзэмших эрхтэй гэсэн ойлголт биш юм.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 615 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Д.Г, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд Д.Ггийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР