Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 54

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

Улсын яллагч Р.Батнасан,

Хохирогч М.Хандмаа,

Шүүгдэгч Б.Баянбаатар, Н.Сандуй нар, тэдгээрийн өмгөөлөгч Д.Дашдорж /ҮД: 2090/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Болдбаатар овогтой Баянбаатарт,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Насанбат овогтой Сандуйд тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625020743 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой /1-р анги төгссөн/, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, өвөг эцэг, эх, ах, эгч нарын хамт, Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо Цэргийн хотхоны 356в тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Бат овогт Болдбаатарын Баянбаатар, РД: ТГ93072617,

 

   Монгол улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, дулааны тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхоны 464 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Насанбатын Сандуй, РД: ИЮ89110273,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

            Шүүгдэгч Б.Баянбаатар нь 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангай хотхоны орчимд М.Хандмааг “хүүхэдтэй уулзуулахгүй гэж хэллээ” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Н.Сандуйтай бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёл урлагийн их сургуулийн орчимд иргэн Ш.Цэцэгсайханы халааснаас Самсунг галакси нөүт-2 маркийн гар утсыг хулгайлж, бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан.

 

Шүүгдэгч Н.Сандуй нь Б.Баянбаатартай бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёл урлагийн их сургуулийн орчимд иргэн Ш.Цэцэгсайханы халааснаас Самсунг галакси нөүт-2 маркийн гар утсыг хулгайлж, бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Баянбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Хандмаа бид хоёр хамт явж байгаад би хүүхэдтэйгээ уулзая гэхэд уулзуулахгүй гэхээр нь 2 удаа алгадсан. Харин хулгайн хэргийн хувьд Соёл урлагийн их сургуулийн дэргэд явж байхдаа Н.Сандуйг утсаар ярьж байх хойгуур би нэг хүний халаасанд гар утас байхаар нь авчихсан юм…” гэв.

 

Шүүгдэгч Б.Баянбаатар нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...би 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Сандуйтай уулзаад бид хоёр 1 шил архи уусан. Тэгээд явж байгаад Соёл урлагийн их сургуулийн тэр хавьд явж байхад гудамжинд явж байсан нэг хүний халаасанд гар утас байхаар нь би хулгайлчихсан юм. Тэгээд Сандуйтай хамт явж байгаад Чингис зочид буудлын урд талын байрны голд явж байхад энгийн хувцастай цагдаа ирээд бид хоёрыг барьсан юм... 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Оюунболд Хандмаа бид хоёрыг хэрэлдээд байхаар уурлаад бид хоёрыг машинаас буу гээд 3-р сургуулийн хойд талын Хангай хотхоны урд талын зам дээр буулгасан...Оюунболдын машинаас буугаад дахин хэрэлдээд байхаар нь би Хандмааг хүүхэдтэй уулзуулчих гэтэл уулзуулахгүй гэхээр нь би барьж аваад 2 алгадаад яваад өгсөн. 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр би Хандмааг дагаж яваад хаана амьдарч байгааг нь мэдсэн. Тэгээд би гэрт нь ороод хүүхдээ авъя гэхэд Хандмаа өгөхгүй гээд байхаар нь би нүүрэн тус газар нь цохисон, 2 удаа алгадсан. Тэгэхэд Хандмаа цагдаа дуудлаа гэхээр нь би гараад зугтаасан...” гэсэн мэдүүлэг. /хх 40-42, 47, 92-101 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Н.Сандуй нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Баянбаатар бид хоёр уулзаад явж байхад Баянбаатар хүний халааснаас гар утас хулгайлсан байсан. Энэ талаар би мэдээгүй явж байгаад энгийн хувцастай цагдаа нарт баригдаад явсан. Тэгсэн Баянбаатар нь манай эхнэр цагдаад өргөдөл өгсөн байгаа болохоор чи даачих гэж надаас гуйсан. Тэгээд би хэргийг нь даах гээд очтол эрүүгийн хэрэг үүснэ, чи яахаараа хулгай хийдэг юм бэ гээд цагдаа зодсон. Тэгэхээр нь би айгаад “би гар утас аваагүй, Баянбаатар авсан” гэх мэдүүлэг өгсөн. Мөн надаас гар утас хураагдсан гэдэг бол худлаа юм. Харин энгийн хувцастай цагдаа нар Баянбаатараас гар утсыг хураасан боловч Сандуйгаас хураасан гэж бичсэн…” гэв.

Шүүгдэгч Н.Сандуй нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 12 цагт найз Б.Баянбаатартай Гандантэгчилэн хийдийн автобусны буудал дээр утсаар яриад бид хоёр уулзаад архи уух болоод тэндээсээ яваад нэг шил Ерөөл архи авч Баянбүрдийн орчим байрны орцонд авсан архиа бид хоёр хуваажуусан. Тэгээд 14 цагийн үед Соёл урлагийн их сургуулийн урдаас баруун тийш 5-р сургууль руу явах замд 4-5 эмэгтэй хүмүүсийн араас бид хоёр дагаж яваад Б.Баянбаатар гэнэт эргээд буцаад миний өөдөөс ирсэн. Тэгэхэд нь би утас авчихсан уу гэж асуусан. Б.Баянбаатар аваагүй гээд бид хоёр Скай их дэлгүүрийн орчим явж байгаад энгийн хувцастай цагдаагийн ажилтанд баригдаад биедээ үзлэг хийлгэхэд утас Б.Баянбаатараас гарсан...бид хоёр мөнгө олох зорилгоор хулгай хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх 102-103, 105-106 дугаар хуудас/

Хохирогч М.Хандмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянбаатартай уулзаад бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд хуурай ахынхаа машинд сууж яваад “Хангай” хотхоны дэргэд очиж машин дотор нилээн зодолдсон. Тэгээд зодолдож явж байгаад “Хангай” хотхоны ойролцоо буугаад хоорондоо нилээн маргалдаад нэг танихгүй хүн гарч ирээд бид хоёрыг салгаад цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирээд намайг авч явсан. Баянбаатар хүүхэдтэй уулзуулсангүй гээд миний нүүр хэсэгт цохиж хамар муруйсан, нүүр хавдсан, хоёр нүд хөхөрсөн, гар болон гуя хөхөрсөн байсан. Хохирлын баримт байгаа боловч авч ирээгүй. Учир нь шүүгдэгч Баянбаатараас хохирол нэхэмжилсэн ч төлбөрын чадваргүй гэдгийг нь мэдэж байгаа. Иймд гомдол, саналгүй гэв.

 

Хохирогч М.Хандмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр би хамтран амьдрагч хүүхдийн аав Болдбаатарын Баянбаатарын хамт 7 буудалд байх Б.Баянбаатарын эгчийн гэрээс 13 цагийн үед гараад Б.Баянбаатар нь таньдаг ахтайгаа уулзана гээд явсан. ... Тэгээд сансарын Баянцээлийн юнителийн гадаа машин зогсож байснаас эхлээд намайг гарандаа асаагуур илүү гаргаж бариад миний толгой нүүр лүү цохисон. Тэгтэл Оюунболд ах машинаа хөдөлгөөд явсан. Оюунболд тэр үед Баянбаатарыг болиоч гэж хэлсэн. Тэгтэл болихгүй намайг нүүр лүү гараараа ч тэр асаагуураар ч тэр удаа дараа цохиод л яваад байсан тэгтэл Оюунболд ах машинаараа яваад 3-р сургуулийн баруун талд очсон. Тэгээд би машинаас буугаад Оюунболд ахын утсаар 102 луу цагдаа дуудсан. Тэгтэл тэр цагдаа дуудсан гэж уурлаад машинд суулгасан. Тэгээд 7 буудал руу Баянбаатарын эгчийнх рүү явж байтал замдаа үргэлжлүүлээд л зодоод байсан. Тэгтэл Оюунболд ах та хоёр буу би харилаа гэж хэлээд Баянбаатар бид хоёрыг Хангай хотхоны урд талын зам дээр буулгасан. Тэгээд буутал Баянбаатар намайг газарт унагаад зодоод эхэлсэн. Тэгэхээр нь би өмнөөс нь цохитол намайг дахин зодоод байсан. Би зугтах гээд гүйхэд араас барьж аваад л зодоод байсан. Тэгтэл нэг танихгүй ах ирээд Баянбаатарыг боль гээд салгаад цагдаад дуудлага өгсөн. 2015 оны 7 дугаар сарын 11-ний орой 20 цагийн үед Баянбаатар гэрт танихгүй залуугийн хамт орж ирээд охин Цасчихэрийг авч явах гэсэн тэгэхээр нь би миний хүүхдийг өг гэж хэлсэн. Тэгэхэд Баянбаатар чи ямар овоо гичий вэ гээд намайг багалзуурдсан. Тэгээд миний толгой, нүд хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгээд хамт явсан залуу нь салгаад аваад гарсан...” гэсэн мэдүүлэг /хх 20-21, 43 дугаар хуудас/,

 

Хохирогч Ш.Цэцэгсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 14 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Соёл урлагийн их сургуулийн урдаас баруун тийш явж байгаад Хулан хоолны газар хүрэх хооронд куртикний баруун талын халаасанд байсан гар утсаа хулгайд алдсан. Тэгээд хамт явсан найзынхаа гар утсаар гар утас руугаа залгасан холбогдох боломжгүй байсан. Би тухайн үед нөхөр рүүгээ утсаа алдчихлаа гэж хэлээд байж байтал 30 орчим минутын дараа манай нөхөр эргээд залгаад дүү Нямцэцэг лүү ярь цагдаагаас гар утсаа алдсан уу гэж асууж байна гээд тэгээд би Цагдаагийн дугаарыг аваад холбогдоод цагдаагийн газар очиж өргөдлөө өгсөн. Миний утас Самсунг галакси ноте-2 маркийн хар саарал өнгийн корпустай, ар талын тагны буланд цуурчихсан гар утас байсан. Ягаан өнгийн утасны гэртэй байсан...” гэсэн мэдүүлэг,  /хх 68 дугаар хуудас/

Гэрч Д.Үүлэнсолонго мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би найз Цэцэгсайхантайгаа хичээлийн завсарлагаанаар Соёл урлагийн их сургуулийн урдаас баруун тийш Хулан хоолны газар ороод хувцсаа тайлаад суух үед манай найз Цэцэгсайхан гар утсаа алдсанаа мэдээд миний утсаар залгасан утас нь холбогдох боломжгүй байсан. Тэгээд нөхөр рүүгээ залгаад ярьж байсан. Удалгүй 30 орчим минутын дараа нөхөр нь залгаад цагдаагаас ярьж байна утсаа ирж ав гэж байна одоо цагдаагийн газар руу явлаа гэсэн мэдүүлэг, /хх 69 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн үзлэг хийсэн дүгнэлт ¹3674

 

1. М.Хандмаагийн биед зүүн нүдний доод зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ /хх 29 дүгээр хуудас/

 

Эд зүйлийн үнэлгээ: “...“самсунг галакси нөүт-2” загварын гар утас – 300.000 төгрөг...” гэжээ. /хх 63 дугаар хуудас/

 

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 65-66 дугаар хуудас/

Шүүгдэгч Н.Сандуйгаас гаргасан тайлбар /хх-ийн 104 дүгээр хуудас/

 

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 107,123 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 108,124 дугаар хуудас/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлох баримт /хх 26, 110-115 дугаар хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /хх 126-127/, прокурорын тэмдэглэл /хх 133 дугаар хуудас/, ял өөрчилж сонсгох тухай тогтоол /хх 137/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч Б.Баянбаатар нь 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангай” хотхоны орчимд гэр бүлийн харилцаатай байсан М.Хандмааг “хүүхэдтэй уулзуулахгүй гэж хэлж зовоолоо” гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Баянбаатарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч М.Хандмаагийн мэдүүлэг,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн үзлэг хийсэн дүгнэлт ¹3674 хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Б.Баянбаатар Н.Сандуй нар бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёл урлагийн их сургуулийн орчимд иргэн Ш.Цэцэгсайханы халааснаас “Самсунг галакси нөүт-2” маркийн гар утсыг хулгайлж бусдад 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Баянбаатарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүгдэгч Н.Сандуйн мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ш.Сайханцэцэг, гэрч Д.Үүлэнсолонго нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тэдгээрийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Баянбаатарт бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар, мөн шүүгдэгч Н.Сандуйтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Сандуйг шүүгдэгч Б.Баянбаатартай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 Шүүхээс шүүгдэгч Б.Баянбаатар, Н.Сандуй нарт ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлээ буцаан өгч, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгасан, шүүгдэгч Б.Баянбаатар нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан хөнгөрүүлэн үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж дүгнэлээ.

 

Б.Баянбаатар, Н.Сандуй нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тэдний нэр дээр ямар нэг хөрөнгө байгаа болох нь баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй байна. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Ш.Цэцэгсайханд учирсан хохирол буцаан төлөгдсөн, хохирогч М.Хандмаагаас “шүүгдэгч Б.Баянбаатараас нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Сандуй цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Баянбаатарын цагдан хоригдсон 96 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн  283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Бат овогт Болдбаатарын Баянбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Н.Сандуйтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Боржигон овогт Насанбатын Сандуйг Б.Баянбаатартай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Бат овогт Болдбаатарын Баянбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар,

 

Шүүгдэгч Боржигон овогт Насанбатын Сандуйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар, тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Баянбаатарт оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Баянбаатар, Н.Сандуй нарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баянбаатарын цагдан хоригдсон 96 /ерэн зургаан/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Н.Сандуй нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Баянбаатар, Н.Сандуй нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баянбаатарт оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Н.Сандуйд оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэн харгалзаж, тэнсэгдсэн ялтан Б.Баянбаатар, Н.Сандуй нарын засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Баянбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Баянбаатар, Н.Сандуй нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДУЛАМСҮРЭН