Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 406

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Гомдол гаргагч: Б с ХХК

Хариуцагч: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Э.А

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Э.Аын Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 00******* тоот шийтгэлийн хуудсаар 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийн торгууль оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, хариуцагч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Б с ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Э болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан, шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо:

“Манай компани нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Зайсан толгойн хөшөөний зүүн талд иргэн Ц.М, Ц.Б, Э.С нарын эзэмшил газар дээр баригдсан худалдаа үйлчилгээний зориулалттай барилга, объектыг 2017 оны 3 дугаар сарын 01-нээс өмчлөгч иргэн Ц.Б, Э.С нартай түрээсийн гэрээ байгуулан Ч******* супермаркет дэлгүүрийг ажиллуулж байна.

Супермаркет дэлгүүр нь уурын зуухаар халаалт авдаг бөгөөд түрээсийн гэрээнд түрээслүүлэгч нь барилгын ердийн элэгдлийн улмаас үүссэн эвдрэл, гэмтэл болон барилгын тоног төхөөрөмжийн гэмтлийн бүх засвар, үйлчилгээг хариуцах үүргийг хүлээж ирсэн.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч Э.А хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж иргэн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийг ялгаж салгалгүй түрээслэгч Б с ХХК-ийн нэр дээр торгууль оногдуулахаар шийдвэр гаргасан нь түрээслүүлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн зөрчилд манай компани 1.500.000 төгрөгийн торгууль төлж, эдийн засаг, санхүүгийн хохирол хүлээхэд хүрч байна.

Манай компани “Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай” Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13/01 тоот мэдэгдлийг хүлээн авч дээрхи зөрчилд иргэн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийг ялгаж салгалгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасныг хянаж ,зөв зүйтэй шийдвэрлэж өгөх талаар Улсын ерөнхий прокурорын газарт 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 019/021 тоот албан бичгээр хүсэлт гаргасан боловч Улсын ерөнхий поркурорын газраас 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 13/585 тоот албан бичгээр Прокурорын мэдэгдэлд гомдол гаргахгүй болно гэсэн хариу авсан.

Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч Э.Атой зөрчилд оногдуулсан арга хэмжээг өөрчлөх, зөвтгөх талаар компаний удирдлагын зүгээс 2 удаа амаар хүсэлт тавьсан боловч шийдвэртэй хариу өгөөгүй тул 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 019/085 тоот албан бичгээр хүсэлт гаргасан болно.” гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж буй Б с ХХК-ийн Ч******* худалдааны төвд иргэний гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалт хийж, шалгалтаар тухайн байгууллагын уурын зуух нүүрс түлж,  2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас утаанд хэмжилт хийж хэмжилтийн дүнгээр 7162 мг/м3/СО угаарын хий/ 1.4 дахин их,Тоосонцор TSP 3417 мг/м3 5.6 дахин их зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарсан, уурын зууханд үнс баригч тавиагүй байгаа нь тогтоогдсон тул Агаарын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дах заалт, Зөрчлийн тухай хуулийн 7.4 дугаар зүйлийн 5 дах хэсгийг зөрчсөн зөрчлийг үндэслэн тус байгууллагад 1.500.000 мянган төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ оногдуулсан.

...Нэхэмжлэгчтэй ярилцаж ойлголцсон. Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь 3 иргэний нэр дээр гарсан байна. Үүнтэй холбогдуулаад барилга байгууламжийг ашиглалтад хүлээж авсан улсын комисс энэ барилга дээр ажиллаагүй юм байна. Улсын комисс ажиллаагүй тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахгүй. Маргаж байгаа асуудал нь Б с ХХК-д шийтгэврийн хуудсаар 1.500.000 /нэг сая таван зуун мянган төгрөг/-ийн торгуул оногдуулсан.

Тухайн үед намайг хяналт шалгалт хийж байх явцад байгаагүй баримтууд гарч ирсэн. Тухайн үед Б******* ХХК-ийн нэр дээр бичиг баримтууд байгаа гэж ойлгоод Б с ХХК-д шийтгэлийн хуудас бичигдсэн. Гэтэл бичиг баримтууд нь байгууллагын нэр дээр биш иргэний нэр дээр байна. Гомдол гаргагчтай энэ талаар ярилцсан. Албан ёсоор ашиглалтад хүлээж аваагүй гэрчилгээ  олгогдоогүй зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээ 3 хүний нэр дээр байсан. Барилга барих зураг төсөл мөн иргэн дээр гарсан гэдэг баримтаа нэхэмжлэгч манайд ирүүлэх хэрэгтэй. Эдгээр баримтууд ирсэн тохиолдолд шийтгэлийн хуудсыг өөрчлөх боломжтой.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Б с ХХК нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Э.А холбогдуулан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Э.Аын Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 00******* тоот шийтгэлийн хуудсаар 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийн торгууль оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг тус шүүхэд гаргажээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Э.Аын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 00******* тоот шийтгэлийн хуудсаар Б с ХХК-ийг “ашиглалтын уурын зуух шүүлтүүргүй ... Агаарын тухай хууль тогтоомж зөрчсөн...” гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 1.500.000 төгрөгийн шийтгэл ногдуулсан.

Гомдол гаргагчаас уг актыг эс зөвшөөрч “тус компани нь иргэн Ц.М*******, Ц.Б, Э.С нарын эзэмшил газар дээр баригдсан худалдаа үйлчилгээний зориулалттай барилга, объектыг өмчлөгч нартай түрээсийн гэрээ байгуулан Ч******* супермаркет дэлгүүрийг ажиллуулсан. Уг дэлгүүр нь уурын зуухаар халаалт авдаг ... түрээслүүлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн зөрчил байтал манай компанид шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй...” гэж, хариуцагчаас “...Ч******* супермаркет төвийн уурын зууханд Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас утаанд хэмжилт хийж, хэмжилтийн дүнгээр зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарсан, уурын зууханд нэмэлт тоног төхөөрөмж үнс баригч тавиагүй тул шийтгэл ногдуулсан ...” гэж тус тус тайлбарлан маргажээ.

Агаарын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Агаар хамгаалах шаардлага хангаагүй техник, технологи нэвтрүүлэх, материал, бодис, бүтээгдэхүүнийг хэрэглэх, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл ашиглахыг хориглоно”, Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Агаарт гаргах бохирдуулах бодис, физикийн сөрөг нөлөөллийг багасгах, цэвэрлэх, хянах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглах журам зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан байна.

Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ч******* худалдааны төвийн уурын зуухнаас гарч буй утаанд хэмжилт хийж хэмжилтийн дүнгээр 7162 мг/м3 /СО угаарын хий/ 1.4 дахин, тоосонцор TSP 3417 мг/м3 5.6 дахин тус тус зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарсан, уурын зууханд үнс баригч тавиагүй  болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын хэмжилтийн дүнгийн хуудсаар тогтоогджээ.

 Гомдол гаргагчаас “...утааны хэмжилтийн дүнтэй маргаагүй, харин түрээсийн гэрээний үндсэн дээр Ч******* худалдааны төвд ашиглуулж байгаа” талаар гомдолдоо тайлбарлан, Ц.Б, Э.С нартай байгуулсан түрээсийн гэрээ, 2015/*******, 2015/*******, 2015/******* дугаар бүхий тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг хавсарган ирүүлсэн,

Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан “... хяналт шалгалт хийх явцад байгаагүй баримтууд шүүхэд ирсэн байна. ...Тухайн үед Б с ХХК-ийн нэр дээр бичиг баримтууд байгаа гэж ойлгоод тус компанид шийтгэлийн хуудас бичигдсэн. ... барилга барих зураг төсөл мөн иргэний нэр дээр гарсан талаар баримтыг гомдол гаргагч ирүүлэх шаардлагатай. Эдгээр баримтууд ирсэн тохиолдолд шийтгэлийн хуудсыг өөрчлөх боломжтой... ” гэсэн тайлбар гаргасантай холбогдуулан шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэв.

Тодруулбал, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Э.Аын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 00******* тоот шийтгэлийн хуудсыг дахин шинээр акт гаргах хүртэл энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хоёр сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Хариуцагчаас шүүхийн шийдвэрт заасан хугацаанд хэргийн нөхцөл байдлыг тодруулж, шинээр акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1, Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Э.Аын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 00******* тоот шийтгэлийн хуудсыг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-т заасны дагуу тогтоосон хугацаанд эрх бүхий албан тушаалтан шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий акт хүчингүй болох бөгөөд дахин шинээр акт гаргах хоёр сарын хугацаа нь энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоологдохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.АДЪЯАСҮРЭН