Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 508

 

 

 

 

 

 

 

 

 

“Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/00076 тоот дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Эрмүүн санаа” ХХК-д холбогдох,

Үндсэн зээл 900 000 000 төгрөг, зээлийн хүү 143 740 105 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12 395 833 төгрөг, нийт 1 056 135 938 гаргуулах тухай иргэний хэргийг,

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн,

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Уртнасан

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Нямдорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч А.Уртнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрмүүнсанаа” ХХК нь Капитрон банк ХХК-тай 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 3053-11/165 тоот Зээлийн гэрээ байгуулан 1 000 000 000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 7.0 хувийн хүүтэйгээр авсан. Зээлийг жуулчны баазын төслийн санхүүжилтэд зориулан олгосон бөгөөд зээлийн барьцаанд:

1. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Оргил хотхоны 2-5 тоотод орших, 244 м.кв талбайтай хувийн орон сууц (улсын бүртгэлийн № Ү-2206005887, гэрчилгээний № 000113140)-ыг барьцаалж 3053-11/165 тоот Зээлийн барьцааны гэрээ;

2. Баянзүрх дүүргийн нутаг, Богдхан уулын ДЦГ, Төр хурахын аманд байрлах 596.23 м.кв талбайтай зочид буудлын барилга, 258.88 м.кв талбайтай рестораны барилга, 8 ханатай 3 холбоо люкс гэр Хүннү хаус  1 ш, 12 ханатай 2 холбоо хагас люкс гэр Хүннү хаус 4 ш, 5 ханатай дан энгийн гэр Хүннү хаус 12 ширхэгийг барьцаалж 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 3053-13/24 тоот “Ирээдүйд бий болох хөрөнгийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулсан.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хавсралтаар зээл, хүүгийн эргэн төлөлтийн хуваарийг баталсан боловч гэрээг мөрдөх явцад зээлдэгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн нэмэлт гэрээгээр зээл, хүүгийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн тохирсон. Гэтэл зээлдэгч “Эрмүүнсанаа” ХХК нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн бөгөөд банкны зүгээс 277 тоот албан бичгээр хүргүүлсэн мэдэгдэл, шаардлагыг өнөөг хүртэл биелүүлэхгүй байгаа нь Зээлийн гэрээний 2.1.10, 4.4, 10.2.2 дахь зүйлүүдэд заасан үндэслэлийг бүрдүүлээд байна. Нэхэмжпэгч Капитрон банк нь хариуцагч “Эрмүүнсанаа” ХХК-ийн хаягаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2914 тоотоор нэхэмжлэл гаргасан боловч- тус компанийн захирал, үүсгэн байгуулагч Б.Аззаяа нь бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй гэсэн үндэслэлээр 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 101/Ш32015/039156 тоот захирамжаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар банк мөн шүүхэд хандан хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаснаар 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрээр “Эрмүүнсанаа“ ХХК болон үүсгэн байгуулагч Б.Аззаяаг эрэн сурвалжлахаар шийдвэрлэж, Тахарын Ерөнхий газраас эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэн Б.Аззаяаг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын 9 дүгээр байрны 28 тоотод оршин суугаа болохыг тогтоосон болно. Иймд Иргэний хуулийн 225, 284, 451 дүгээр зүйлүүдийг баримтлан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт өнөөдрийн байдлаар Үндсэн зээл: 900 000 000 төгрөг, зээлийн хүү 143 740 105 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12 395 833 төгрөг, нийт 1 056 135 938 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5 349 701 төгрөгийн хамт нэхэмжилж байгааг хянан үзэж, зээлдэгчээс төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Эрмүүн санаа” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй гэж манай компанийн зүгээс үзэж байгаа болно. Учир нь тус хуулийн этгээдүүдийн хооронд 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 3053-11/165 тоот зээлийн гэрээ байгуулагдан 1 000 000 000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй, төсөл хэрэгжүүлэх зорилгоор авсан гэж байгаа боловч бодит байдад дээр дээрх. хэмжээний зээл нь манай компанийн дансанд орж ирээгүй болно. Иргэний хууль болон Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зүйл заалтаар зээл нь зээлдэгчийн дансанд гүйлгээ хийж хүлээн авснаар зээл авсан болон олгосон гэж үзэхээр хуульчлагдсан байдаг гэтэл дээрх гэрээнд заасан 1 000 000 000 төгрөгийн зээлийн тодорхой хэсэг нь манай дансанд орж ирсэн гэдгийг банк өөрөө сайн мэдэж байгаа. Үүнийг мэдсээр байж ийнхүү шүүхэд бодит бус зээлийн төлбөр, мөн түүнд хуримтлагдсан гэх хүүний төлбөр бас нэмэгдүүлсэн хүүг манайхаас гаргуулах гэж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлд гэрээг хугацаанаас өмнө цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж байгаа боловч Иргэний хуульд заасны дагуу бидэнд гэрээг цуцлаж байгаа талаар мэдэгдсэн нэг ч баримт байхгүй, үүнийг бид мэдээгүй байхад гэнэт шүүхэд өгч байгаа нь хууль бус болсон гэж үзнэ. Өөрийн татгалзлыг нотлох баримтуудыг хуульд заасны дагуу шүүхэд гаргаж өгөхийг хүсэж байгаа боловч ихэнх баримтууд нь банкинд байгаа тул бид гаргаж өгөх боломжгүй байгааг анхааран үзнэ үү. Дэлгэрэнгүй тайлбарыг мэргэжлийн хуульчийн туслалцаа, зөвлөгөөг авсаны үндсэн дээр гаргаж өгөх эрх болон боломжоор хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Нямдорж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлөөлөгчгүйгээр хурал явахад татгалзах зүйлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн тайлбарыг төлөөлөгчөөр дамжуулж өгсөн. Анхнаасаа нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй байдаг. 3ахирлын үүрэг гүйцэтгэгч Ариунаа нэхэмжпэл гаргасан байдаг. Нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэхээ нотлоогүй. Учир нь гэрчилгээнд бичилт хийгдээгүй. Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-дахь хэсэгт зааснаар Монгол банкны ерөнхийлөгчтэй зөвшилцөж томилсон байх ёстой. Гэтэл ингэж томилоогүй байдаг тул эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Мөн татгалзсан захирамж дээр байгаа үндэслэлээр анх хураамж төлөхдөө “Эрмүүн санаа” ХХК-ийн данснаас төлсөн. Нэхэмжлэгч нь уг дансыг банкны данс авлага бүртгэдэг гэсэн боловч энийг нотолсон баримт байхгүй. Энэ данс нь банк эзэмшдэг данс гэсэн баримт байхгүй. Нэхэмжлэгч үүнийгээ нотлоогүй. Зохигчид зээлийн гэрээг 5 жилээр байгуулсан. 2016 оны 04 дүгээр сарын 06-нд нэхэмжлэл гаргасан. Гэтэл гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сард дуусах ёстой байсан. Иргэний хуулийн 206 дугаар зүйлд зааснаар үүргийг тогтоосон хугацаанд гүйцэтгэнэ гэдэг. Гэрээг нэг талын санаачлагаар цуцлахдаа хариуцагчид мэдэгдээгүй. Гэтэл Иргэний хуульд зааснаар гэрээг нэг талаас цуцалж байгаа бол санал гаргасан нь биш хүргүүлсэн тал нь цуцлах хугацааг тогтоодог. Иргэний хуулийн 208 дугаар зүйлд хууль ба гэрэээнд заасан хугацаанд үүргийг гүйцэтгэнэ гэдэг. Хуваарь зөрчигдсөн нь гэрээний үүргийг биелүүлээгүй гэж үзэхгүй. Гэрээний үндсэн хугацаа нь өөр байгаа. Гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 06-нд цуцалж байгаа бол хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэх эрхгүй. Гэрээг цуцалсанаар Иргэний хуулийн 452 дугаар зүйлд зааснаар нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхээ алдаж байна. Тэмдэгтийн хураамж төлсөн гэх дансаа манай данс гэж байгаа боловч гэрчилгээн дээрээ алга байна. Шинэээр өгсөн гэрчилгээний хуулбараар нэхэмжлэл гаргах үед Ариунаа нь итгэмжпэлгүйгээр төлөөлөх эрхгүй байсан байна. Зээлийн гэрээний дагуу зээл олгосон бөгөөд эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж байсан талаар маргаангүй гэжээ

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Эрмүүн санаа” ХХК-иас 1 038 218 856 94 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 917 081 06 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1-дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, нэхэмжлэгчээс 247 535 төгрөг, хариуцагчаас 5 349 044 төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Нямдорж давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “...хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна..." шаардлагад нийцсэнгүй. Учир нь: Нэхэмжлэгч Капитрон банк ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “Эрмүүнсанаа” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардсан нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т “...нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас челөөлүүлэх тухай хүсэлт ..: хавсаргана” гэсэн заалтыг зөрчин “Эрмүүн санаа” ХХК-ийн ВА3053001557010019 тоот данснаас 5 349 701 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд шилжүүлжээ.

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтад гүйлгээний утга, төлбөрийн хэмжээ, төлсөн хүний нэр, төлбөр хийсэн хугацаа зэрэг мэдээлэл тодорхой тусгагдсан байхыг хууль шаарддаг бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Мемориалын баримтаас үзэхэд Капитрон банкны данснаас улсын тэмдэгтийн хураамж төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн нь тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д “...энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал..." нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан заалтыг анхан шатны шүүх зөрчжээ.

Улмаар нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 05 дугаар сарын 06, 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдрүүдэд нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг мөн л дээрх маягаар шилжүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлаагүй юм.

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь “Эрмүүн санаа” ХХК-ийг зээлийн гэрээний үүрэг зөрчсөн тул гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардан шүүхэд 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул энэ өдрөөр гэрээг цуцалсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хойш 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл зээлийн гэрээний хугацаа нь банкны зүгээс цуцлах хүртэл 3 жил 10 сар 8 хоног болсон  байна. 

Зээл олгосон өдрөөс хойш хүүг тооцоход 3 жилд 210 000 000 төгрөг, 10 сарын хувьд 58 333 000 төгрөг, 8 хоногт 1 536 000 төгрөг, нийт 269 866 000 төгрөгийн хүүг тооцох ёстой байхад анхан шатны шүүх “Капитрон банк” ХХК-ийг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан өдрөөр гэрээг цуцлагдсан гэж үзэн 313 965 000 төгрөгийн хүү тооцож хэргийг шийдвэрлэсэн нь хуульд үл нийцнэ.

“Эрмүүн санаа” ХХК нь зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд 1 269 866 000 төгрөг төлөх ёстойгоос 275 746 143 төгрөгийг төлсөн тул анхан шатны шүүх үндэслэлгүйгээр 44 000 000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэн үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Ариунаа давж заалдах гомдолдоо: “...Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1 038 350 105 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, улмаар үндсэн зээл 900 000 000 төгрөг, зээлийн хүүнд 143 740 105 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 12 395 833 төгрөг, нийт 1 056 135 938 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

“Капитрон банк” ХХК нь анх 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хуулиар олгогдсон нэхэмжлэгчийн эрхийн дагуу шүүх хурал товлогдох бүрийд буюу нийт дөрвөн удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн юм.

Тухайлбал 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 1 094 198 438 төгрөгийг нэхэмжилсэн.

Гэтэл нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг анхан шатны шүүх “улсын тэмдэгтийн хураамжийн зарим хэсгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн дансанд тушаасан нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзан шүүх хуралдааныг 2 хоногоор хойшлуулсан юм.

Улмаар 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дахин нэмэгдүүлж улсын тэмдэгтийн хураамжийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн дансанд бүрэн тушаасан баримтын хамт гарган өгсөн боловч “Капитрон банк” ХХК нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтаар уг хураамжийг хариуцагч “Эрмүүн санаа” ХХК-ийн нэрээр авлага үүсгэж тушаасан байх тул нэхэмжлэгчийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй юм” гэсэн үндэслэлээр мөн л хүлээн авахаас татгалзаж гомдол гаргах эрхгүйгээр захирамж гаргасан. Гэтэл 02-ны өдрийн шүүх хуралдаанаар гаргасан 101/11132016/00448 тоот захирамжид дээр дурдсан 2 үндэслэлийг хоёуланг нь дурдсан байсан ба 04-ний өдрийн захирамжийг өнөөг болтол бичигдэж гараагүй, хуулийн ямар зүйл заалтыг баримтлан гомдол гаргах эрхгүй захирамж гаргаснаа тайлбарлаагүй байна.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийг төлөхдөө тухайн хариуцагчийн нэр дээр авлага үүсгэн бүртгэж, хэрэг шийдвэрлэгдсэний дараа шүүхийн шийдвэрийг үндэслэн тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгосон тохиолдолд банкны зардлаар хаах, эсвэл хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд авлагад бүртгэлтэй хэвээр үлдээдэг тухай тайлбарласан боловч шүүх тайлбарыг хүлээн аваагүй болно.

Ингэснээр шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг дутуу тодорхойлж, улмаар шүүхийн шийдвэр буруу гарах үндэслэл бүрджээ.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч нь 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээг цуцалсан байх тул...” гэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болжээ.

...Энэ тухай анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчийн асуултад хариулахдаа тодорхой тайлбарласан бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч энэ талаар маргаагүй, “...хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг буцаана уу.” гэж маргасан болно. Гэтэл шүүхийн шийдвэрт зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр зээлийн гэрээг цуцалсанд тооцож тухайн өдрөөс хойш тооцогдсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

...Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5.3 дугаар зүйлд “Зээлдэгч нь зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг гэрээний Хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу тухай бүр төлнө.”, 4.9-д “Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд, Хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөгдөөгүй үндсэн өрийн үлдэгдлээс өр үүссэн өдрөөс эхлэн үндсэн хүүг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож авна” гэж заасан. Харин зээлийн гэрээ буюу зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээний Хавсралт 1-ээр баталсан Зээлийн эргэн төлөлтийн хуваариар зээлийн үндсэн хүүг сар бүрийн 12-ны өдөрт, үндсэн зээлийг 2014 оны 06 дугаар сарын 12, 09 дүгээр сарын 12, 2015 оны 06 дугаар сарын 12, 09 дүгээр сарын 12, 2016 оны 06 дугаар сарын 12, 10 дугаар сарын 12-ны өдөр тус бүр 150 000 000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр талууд тохирсон.

Гэтэл Иргэний хуулийн 452 дугаар зүйлд “зээлийг эргүүлэн төлөх үндсэн хугацаа” гэсэн ойлголт байхгүй бөгөөд “гэрээнд заасан хугацаа” гэж заасан, мөн “гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно.” гэж зохицуулснаар гэрээнд оролцогч талууд өөрсдөө харилцан тохиролцож зээлийг хэсэгчлэн эргүүлэн төлөх хугацаа, нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцлийг тогтоох эрхтэйгээр заасан байна.

Дээрх зохицуулалтын дагуу талууд харилцан тохиролцож гэрээ байгуулахдаа гэрээний хавсралтын дагуу зээлийг хэсэгчлэн эргүүлэн төлөх, төлөхгүй бол төлөгдөөгүй өрийн үлдэгдэлд тооцогдох үндсэн хүүгийн 20 хувиар тооцон нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохиролцсоныг шүүх дүгнээгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч “Эрмүүн санаа” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 1 094 198 438 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь “Эрмүүн санаа” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 038 350 105 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж үндсэн зээл 900 000 000 төгрөг, зээлийн хүү 143 740 105 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12 395 833 төгрөг, нийт 1 056 135 938 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр №3053-11/165 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, 1 000 000 000 төгрөгийг жилийн 7 хувийн хувийн хүүтэй, жилийн 1.4 хувийн нэмэгдүүлсэн хүүтэй, 60 сарын хугацаатай олгосон бөгөөд зээлдэгчийн хүсэлтээр 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дээрх зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ хийж, үүргийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулахаар хариуцагч нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7-р хэсэг, Оргил хотхоны 2-5 тоот, 244 м.кв талбай бүхий хувийн орон сууц, Баянзүрх дүүрэг, Богдхан уулын ДЦГ, Төр хурахын аманд байрлах 596.23 м.кв талбай бүхий зочид буудлын барилга, 258.88 м.кв талбай бүхий рестораны барилга, 8 ханатай 3 холбоо люкс гэр Хүннү хаус 1 ширхэг, 12 ханатай 2 холбоо хагас люкс гэр Хүннү хаус 4 ширхэг, 5 ханатай дан энгийн гэр Хүннү хаус 12 ширхэг гэрүүдийг барьцаалж “Ирээдүйд бий болох үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулсан болох нь хэрэгт авагдсан дээрх гэрээнүүд, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мемориалын баримт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 9-18, 49, 50, 171-176/

 

Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.

Харин шүүх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2101 дугаартай шийдвэр гарснаар Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрх үүссэн гэж дүгнэсэн нь буруу болжээ.

Учир нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дууссан байх тул шүүх тухайлан гэрээ цуцлах талаар шийдвэрлэх шаардлагагүй, зээлийн гэрээний дагуу хариуцагчаас төлөгдөх үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож гаргах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

            Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн тооцооллын талаар талууд маргаагүй бөгөөд зээлийн гэрээний 4.9 дэх хэсэгт зээлийн эргэн төлөгдөх хуваарь зөрчигдөн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг 20 хувь байхаар тусгасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг болох зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй юм.

            Иймд хариуцагч “Эрмүүн санаа” ХХК-иас үндсэн зээл 900 000 000 төгрөг, зээлийн хүү 143 740 105 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12 395 833 төгрөг, нийт 1 056 135 938 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцнэ.

            Анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, мөн оны 01 дүгээр сарын 04-ний өдрүүдэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг тус тус хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

            Хариуцагчийн өмгөөлөгч Д.Нямдорж нь давж заалдах гомдолдоо “...нэхэмжлэгч Капитрон банк ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг “Эрмүүн санаа” ХХК-ийн данснаас 5 349 701 төгрөгийг шилжүүлсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн...” гэжээ.

 

            Хэрэгт авагдсан мемориалын баримтаас үзэхэд 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 260 303 0349 дугаар данс руу 5 349 701 төгрөгийг “Капитрон банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид шилжүүлсэн байх ба н.Мөнх-Од гарын үсэг зурж, Капитрон банкны ажилтны тэмдэг дарагдсан байгаа нь “Эрмүүн санаа” ХХК-ийн данснаас улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/00076 тоот дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “...1 038 218 856,94 төгрөг...” гэснийг “...1 056 135 938 төгрөг...” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...5 349 044 төгрөг...” гэснийг “...5 438 630 төгрөг...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437 848 төгрөгийг буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                А.МӨНХЗУЛ

 

                            ШҮҮГЧИД                                                  Г.ДАВААДОРЖ

 

                                                                                               Д.ЦОГТСАЙХАН