Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 1604

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Т.Наранцогт даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Энхтайвны өргөн чөлөө ЭТНО, “Пийс таур” барилга, 7-705 тоотод байрлах Вишнфанд ББСБ-ийн хүсэлттэй,

 

Ням-Осор овогтой Цэцэгдарийг эрэн сурвалжлах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, шүүх хуралдааны нарын бичгийн даргаар З.Баярцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч “Вишнфанд” ББСБ-ын Төв албаны Тусгай активын ажилтан Б.Оюунбилэг шүүхэд гаргасан хүсэлтэдээ: Иргэн Ням-Осор овогтой Цэцэгдарь нь 2016 оны 03-р сарын 22-ны өдөр ВишнФанд ББСБ-н Улаанбаатар-1 салбараас 10121874 тоот зээлийн гэрээ байгуулан 30.000.000 төгрөгийн зээлийг Эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 36 сарын хугацаатай сарын 3,5 %-н хүүтэй зээлж авсан. Н.Цэцэгдарь анх зээл авсан БЗД-ын 25-р хороо 13-р хороолол 100/2-ын 41 тоот хаяг дээр байхгүй мөн 99106648 дугаартай утсаа авдаггүй. Хамтран зээлдэгч нөхөр нь Нармөнх овогтой Лхагвасүрэн нь Хаан банкинд ажилладаг ч ажил дээр уулзах гээд очихоор, хамт ажилдаг хүмүүс нь байхгүй гээд уулзуулдаггүй. Эхий үед нөхөр нь утсаа аваад Засгийн газараас их хэмжээний мөнгө авна тэгээд төлнө гэдэг байсан бол одоо бүүр утсаа авахаа больсон. Баянзүрх дүүрэг, Сонгинохайрхан дүүрэгт хаяг өгсөн ч тус хаягууд нь түрээсийн хаяг, одоо тэр хаягандаа оршин суудаггүй. Зээлдэгч Н.Цэцэгдарь нь үндсэн зээл 24.521.839, зээлийн хүү 4.806.280, нэмэгдүүлсэн хүү 20.951 төгрөг, нотиаратын хөлс 21.400 нийт 29.370.471 төгрөгний төлбөртэй байна. Н.Цэцэгдарийн бас 1 хаяг болох БЗД- ын 18-р хороо 13-р хороолол 27/3 1207 тоот хаягаар нэхэмжилэл гаргасан боловч худлаа хаяг өгсөн байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Вишнфанд ББСБ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Цэцэгдарийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргажээ.

 

Хэрэгт авагдсан 2016 оны 03-р сарын 22-ны өдөр /ЗГ/ 10121874 тоот зээлийн гэрээнээс үзэхэд Н.Цэцэгдарь нь Вишнфанд ББСБ-тай 30,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул уг гэрээний үүрэг шаардсан Вишнфанд ББСБ-ны нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

 “Вишнфанд” ББСБ нь Н.Цэцэгдариас зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардах зорилгоор түүний оршин суугаа хаяг болох иргэний үнэмлэхэнд тэмдэглэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 3-р хороо, бага наран 5 гудамж 1-1 тоот хаягаар эрж хайх ажиллагаа хийсэн, тус хаягаар харьяаллын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдохгүй байна.

Тодруулбал, Шүүх иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн эрэн сурвалжлах үндэслэлийг тодорхойлж, эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргах тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасан. Н.Цэцэгдарийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа нь нотлогдохгүй, эрэн сурвалжилах үндэслэл тодорхойлогдохгүй байна.

 

Иймд Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  Н.Цэцэгдарь нь Сонгинохайрхан дүүрэг, 3-р хороо, бага наран 5 гудамж 1-1 тоот хаягаа өөрчлөн, одоо хаана байгаа газар нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байгаа нөхцөл тогтоогдохгүй,  хүсэлт гаргагчийн төлөөлөгч Төв албаны Тусгай активын ажилтан Б.Оюунбилэг хуульд заасан харъяаллын дагуу С.Гэрэлмааг эрэн сурвалжлах хүсэлт гаргасныг хүлээн авах үндэсгүй, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэсгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Н.Цэцэгдарийг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт  хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14  хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.НАРАНЦОГТ